Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/35

 

С.Банзрагчид холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг ерөнхий  шүүгч З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                                                    Д.Ганчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                       Б.Батчимэг

Хохирогчийн өмгөөлөгч                                          Ч.Эрдэнэбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           М.Энхтуяа

Шүүгдэгч                                                                    С.Банзрагч  

Нарийн бичгийн дарга                                               Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Банзрагчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч С.Банзрагчид холбогдох эрүүгийн 2121000000304 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шаргалжин овогт Сугарын Банзрагч, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг, “Баруун сүүж” гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ЙЗ87112518/

Шүүгдэгч С.Банзрагч нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг, “Баруун сүүж” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн орчимд О.Гантулгын гарт байсан ташуурыг авах зорилгоор булаацалдаж байх үедээ ташуурын үзүүр хэсгээр толгойн тус газарт нь болгоомжгүйгээр цохиж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Банзрагчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Шаргалжин овогт Сугарын Банзрагчийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Банзрагчийг 5 /тав/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Банзрагчид оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Банзрагчийн цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч С.Банзрагчаас нийт 5 400 000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо 13 дугаар хорооллын 4-110 тоотод оршин суух Боржигон овогт Батсүхийн Батчимэг /РД: ЖЮ71051909/-д олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “CD” 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч С.Банзрагчийн ЙЗ87112518 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд даруй хүргүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цагаан өнгийн металлаар бүрсэн хар өнгөтэй 1 /нэг/ ширхэг ташуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Банзрагчид буцаан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Банзрагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Банзрагч давж заалдах гомдолдоо: “Санзрагч миний бие шийтгэлийг хөнгөрүүлж багасгаж өгнө үү гэж давж заалдаж байна. Хүний амь нас хохирсон асуудалд маш их харамсаж байгаа. Яагаад ч босгож ирж чадахгүй, хохирол учруулсандаа маш их гэмшиж байгаа. Үнэхээр ийм юм болно гэж бодоогүй хүсээгүй байтал ийм юм болчихсон. Би уг нь ташуурыг нь салгаж авах гэж бодсон юм.

Шүүхээс хэргийг зүйлчилж ирсэн прокурорын яллах дүгнэлтийг зөв гэж дүгнэснийг эсэргүүцэхгүй. Миний амьдрал ерөнхийдөө хүнд. Энэ сайхан газар нутагт мал маллаж, малтай болж, ахуй амьдралаа дээшлүүлнэ гэж л эхнэр хүүхдээ дагуулж ирсэн. Гэтэл тэр бүхэн үгүй болж ялтан болж, ял шийтгүүлж 0-6 насны гурван хүүхэдтэй, таних хүнгүй тэднийгээ үлдээж байна. Эцэг эх минь өндөр настай надаас болж ижий минь тархинд нь цус харваж, хүний асрамжид орчихоод байна. Энд хэвтэрт орсон өндөр настнаас таван сартай нялх хүүхэд, эхнэр хүүхдүүдээ орхиж байгаадаа ч харамсаж байна. Энэ хэргийн улмаас учруулсан эдийн хохирол болох оршуулгын зардлыг бүрэн төлсөн, өмгөөлөгчийнх нь зардал таван сая төгрөгийг шүүхээс төл гэж шийдсэн учир түүнийг нь амьтан хүнээс гуйж зээлж аваад энэ хугацаанд төлсөн. Талийгаачийн ах нь ухаантай, ухамсартай хүн байсанадтай уулзаж харамсалтай байгаагаа хэлсэн. Бидний зүгээс өмгөөлөгчийнх нь мөнгийг төлчихвөл, гомдол нэхээд давж заалдахгүй, хуулийн дагуу хэргийг шийдэж байгаа болохоор юу хэлэх вэ. Та нар давах л байх. Гэвч бид тэгэхгүй гэсэн. Миний хувьд ар гэрт үлдэж, төрсөн газар орноосоо хол, хүн танихгүй шахам газарт үлдэж буй эхнэр хүүхэд, харвачихсан хүний асрамжид байгаа ижий нарыг минь бодож ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Банзрагчид оногдуулсан хорих хэвээр үлдээх саналтай байна. хохирол бүрэн төлөгдсөн.” гэв.

Өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Банзрагч гаргасан тайлбартаа: “Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулсан. Хохирол төлбөр төлөгдсөн. Ял хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Банзрагч нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг, “Баруун сүүж” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн үед амь хохирогч О.Гантулгын гарт байсан ташуурыг авах зорилгоор булаацалдаж байх үедээ ташуурын үзүүр хэсгээр толгойн тус газарт нь болгоомжгүйгээр цохиж, хүний амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч С.Банзрагчийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... биеийнхээ хүчээр доош нь дараад зогсож байхад талийгаач баруун гараараа миний чамархай хэсэг рүү цохисон. ... талийгаачийг баруун гараа тавингуут нь би бүх биеэрээ ташуурыг дээш нь татахад талийгаач ёо гээд доошоо суусан. ... талийгаачийг доошоо суухад нь би ташуурыг гарнаас нь авсан. Намайг ташуур гартаа барьсан байхад Түвшөө ах гарч ирээд юу болж байна вэ гээд ташуур аваад машин руу хийсэн. Тэгээд босохгүй болохоор нь эмч дуудсан. ...гэсэн мэдүүлэг, /2хх 139-140/

Гэрч Б.Буянбатын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “ ... Бүрлээч Банзрагч руу “Надаас өөр чамайг баруун аймаг руу авч явах хүн байхгүй шүү гуйлгачин минь.” гэж хэлж муудалцаж,  ... энэ хоёр буцаж гадагшаа гараад ийм зүйл болсон байсан. Би цохисныг нь хараагүй. Тухайн үед Түвшинжаргал бид хоёр гэрт асгасан хоол, данхтай цайг цэвэрлээд байж байхад ийм зүйл болсон. Гэрээс Банзрагч, бүрлээч хоёр зүгээр гарсан. Гадаа зодолдоод байхад нь Түвшинжаргал ах гараад Банзрагчийг “чи яаж байгаа юм.” гэхэд нь би араас нь гарсан. Гарахад бүрлээч сонин дуугараад хэвтэж байсан. Түвшөө ах гүйж очоод Банзрагчийн гарнаас ташуурыг нь аваад машин руу хийсэн. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 154-155/

Гэрч Г.Түвшинжаргалын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “ ... Талийгаач Банзрагчтай хамт ирэхдээ 1 литрийн шар Чингис архи авчирсан ба дүүтэйгээ ууна гээд тэр архинаас бид нар 4 хуруу уусан. Буянбат нь архи уудаггүй. ... талийгаач, Банзрагч руу дайрч хоорондоо муудалцаад савтай хоол, данхтай цай зэргийг шидсэн. Үүний өмнө талийгаач гэрээс гарч Банзрагчийн машины толийг хугалаад гадаа гайгүй болж, орж ирээд ташуур бариад гарсан. Тухайн үед хаалга хагас онгорхой байсан ба газарт байсан савтай хоолыг бариад өөр тийш тавиад хартал Банзрагч ташуур барьчихсан, талийгаач урагшаа хараад суучихсан байсан. Би гүйж гараад яаж байгаа юм бэ чи гээд ташуурыг нь аваад машин руу хийгээд, өмсөж байсан цамцаа тайлаад, толгойн дор нь хийж дэрлүүлээд цагдаад мэдэгдэж, эмнэлэг дуудсан. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 161-162/

Гэрч Ц.Оюунзулын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “ташуураар цохиулсан хүн ухаангүй, хөдлөхгүй байна.” гэсэн дуудлага ирсэн. Улмаар дуудлагыг хүлээн авч 21 цагийн орчимд дуудлага дээр ирэхэд “Баруун сүүж” гэх газарт Тоёота Приус-20 маркийн автомашины хойд зүгт баруун чихнээс нь цус гарсан, 2 нүдний зовхи хавдаж хөхөрсөн, ... хүн нас барсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх 55-56/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Би энэ хүнд гомдолтой байна. Би оршуулгын зардалд 38,0 сая төгрөг нэхэмжилсэн боловч надад дутуу мөнгө өгсөн. Миний зүгээс өмгөөлөгчийн зардал гэж тусад нь мөнгө нэхэмжлээгүй. Гэтэл шүүгдэгч нь өмгөөлөгчийн зардал нэхэмжилсэн гэж байна. Би өмгөөлөгчийнхөө мөнгийг аль хэдийн өгсөн. Шүүгдэгчээс одоо 5 400 000 төгрөг нэхэмжилж байна. Маш их гомдолтой. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 148/

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шинжээч эмч Н.Уянга гаргасан дүгнэлтийнхээ талаар тайлбарлахдаа: “Талийгаачийн биед учирсан гавал ясны хугарал нь хүчтэй цохилтын улмаас үүснэ. Гавлын баруун чамархайгаас гавлын дээд хонхороор баруун чамархайн зүүн ухархайн дээд хана гавал ясны хугарал, их тархины 2 тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсэг, бага тархины 2 тал бөмбөлгийн доод хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хажуу болон 3, 4 дүгээр ховдлын цус харвалт, баруун чамархайн хуйх, булчингийн цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний цус хуралт нь нэг удаагийн үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой. Талийгаачийн нүдэнд үүссэн цус хуралт нь тархинд үүссэн гэмтлээс үүдэлтэйгээр үүссэн ба бусад гэмтлүүд нь тус бүртээ механик үйлчлэлийн хүчин зүйлээс үүсэх боломжтой ч эдгээр гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй байна. ...” гэсэн тайлбар, /2хх 151-152/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 103 тоот дүгнэлтэд:

“1. Талийгаач О.Гантулгын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын баруун чамархайгаас гавлын дээд хонхороор баруун зүүн ухархайн дээд хана, шүүрсэм ялтас хүрсэн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсэг, бага тархины хоёр тал бөмбөлгийн доод хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт, баруун чамархайн хуйх, булчингийн цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний цус хуралт, цээж, баруун мөрний ар хэсгийн зулгаралт, баруун бугалга, тохойн хонхор, шуу, зүүн шилбэний цус хуралт зэрэг шинэ гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гавлын баруун чамархайгаас гавлын дээд хонхороор баруун зүүн ухархайн дээд хана, шүүрсэм ялтас хүрсэн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсэг, бага тархины хоёр тал бөмбөлгийн доод хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-т зааснаар баруун чамархайн хуйх, булчингийн цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний цус хуралт нь тус бүртээ, цээж, баруун мөрний ар хэсгийн зулгаралт, баруун бугалга, тохойн хонхор, шуу, зүүн шилбэний цус хуралт нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаачийн цусанд хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 2 промиль процент спиртийн алкоголь илэрсэн нь согтолтын дунд зэрэг болно.

5. Талийгаач нь 3-р бүлгийн харъяалалын цустай байна.

6. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7. Талийгаач нь гавлын баруун чамархайгаас гавлын дээд хонхороор баруун зүүн ухархайн дээд хана, шүүрсэм ялтас хүрсэн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсэг, бага тархины хоёр тал бөмбөлгийн доод хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт, баруун чамархайн хуйх, булчингийн цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлт, /1хх 94-97/  гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1хх 10/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх11-17/ мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, /1хх 18-20/  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 22-27/ С.Банзрагчийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх 76-77, 78-82 тал/ зэрэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч С.Банзрагч нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг, “Баруун сүүж” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн орчимд амь хохирогч О.Гантулгын гарт байсан ташуурыг авах зорилгоор булаацалдаж байх үедээ ташуурын үзүүр хэсгээр толгойн тус газарт нь болгоомжгүйгээр цохиж, хүний амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

“Аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байгаа нь дангаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг нотлохгүй ба хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэгт ч энэ шинж хадгалагддаг болно. Эдгээр гэмт хэргүүд нь гэм буруугийн субъектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоороо ялгагдаж хүнийг санаатай алах гэмт хэргийг шууд санаагаар үйлдэхдээ гэмт этгээд хохирогчийн үхлийг хүссэн байдаг бол шууд бус санаагаар үйлдсэн тохиолдолд хохирогчийн үхлийг чухалчлаагүй боловч үйлдлийн үр дүнд хохирогч үхэхийг мэдэж зориуд хүргэсэн байдаг. Харин хохирогчийн амь насыг хохироохыг шүүгдэгч хүсээгүйгээс гадна хэдийгээр амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй бол хайхрамжгүй хандлагаар, мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдсан бол хөнгөмсөг хандлагаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироох гэмт хэрэгт гэм буруутайд тооцдог.” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, үндэслэлтэй болсон байна.

Анхан шатны шүүх С.Банзрагчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, түүнд 5 жилийн хорих ял оногдуулан, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч О.Гантулгын  хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч С.Банзрагч энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Буянбатын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгт: “... Гантулга ах Банзрагчид хандаж “баруун аймгийн гуйлгачин минь” гэж хэлж байгаа сонсогдсон. Ингээд хоорондоо маргалдаж байгаад Гантулга ах Банзрагч гэх залууг данхаар 2, 3 удаа цохиж, дараагаар нь тогоотой хоол авч шидсэн. ... Ингээд би шал арчиж байсан бөгөөд Гантулга ах нөгөө барьж байсан ташуураа бариад гарсан бөгөөд гадаа гараад Тоёота Приус-20 маркийн машины цонх, толийг нь хагалсан маягтай, агсам тавьсан байдалтай байсан. Би гадаа яг юу болсон талаар хараагүй бөгөөд намайг гарах үед Гантулга ах Приус-20 машины зүүн хэсэгт хэвтэж байсан. ... Ямар ч байсан архи уусан байдалтай байсан учраас хоорондоо хэл амаараа муудалцаад байсан. Гантулга ах Банзрагчийг гуйлгачин, хоосон гэх мэтээр харааж хашгираад байсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 47-48/ мөн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... намайг гадаа машины дугуй сольж байхад гэр дотор Гантулга ах чанга чанга яриад байсан. Банзрагч ахад хандаад чамайг надаас өөр авах хүн байхгүй шүү, гуйлгачин, пизда минь, муу баруун аймгийн гуйлгачин энэ тэр гэж байсан. Тэгээд бархираад агсраад байх шиг байсан. ... би дугуйг нь солиод гэрлүү ортол Гантулга ах газан плиткэн дээр зүүн хатавчинд байсан дотроо багахан цайтай данхыг аваад Банзрагч ахыг 2-3 удаа цохисон. ... Тэгээд данхаа алдаад мултрангуут тогоотой хоолыг бас аваад Банзрагч ах руу шидсэн. Хажуугаар нь өнгөрөөд хойд орон дээр асгарсан. Тэр хооронд Гантулга ах муу пизда, лалар гээд орилоод чи намайг барахгүй шүү, чам шиг юмыг мэдэх юм байна, муу лалар гээд байсан. Харин Банзрагч ах болохоор Гантулга ахад би тантай муудалцахгүй, ахаа боль л доо гэж байсан. ... Тэгээд би Гантулга ахыг аваад гартал цаашаа алхаад Банзрагч ахын Приус-20 машин дээр очоод “чи муу хувхай гуйлгачин, чиний муу юмыг яасан ч яадаг юм.” гээд  цонхыг нь хагална гээд байсан. Тэгээд шууд өшиглөөд Банзрагчийн машины хоёр толийг хоёуланг нь хагалсан. ... Банзрагч ах эхлээд гарсан. Тэгсэн араас нь Гантулга ах нөгөө ташуураа бариад гарсан. ... Гараад ирсэн чинь Гантулга ах доошоо хараад уначихсан байсан. Харин ташуурыг Банзрагч гартаа барьчихсан байсан. ...” гэж /1хх 49-50/,

гэрч Г.Түвшинжаргалын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Архи ууж байх явцад Гантулга ах Банзрагчид хандаж “Банзаа чи арчаагүй хулгайч, эхнэрийнхээ салтааг эмчилж чадахгүй, саяхан мөнгө аваад явж байсан биз дээ.” гэх зэргээр хэл амаар доромжилсон тул хоорондоо маргалдаж эхэлсэн. ... Гантулга ах уурлаж гэрээс гарч гэрийн гадаа байсан Приус-20 маркийн машины 2 толийг  өшиглөж хагалчихаад буцаад орж ирэн Банзрагчид хандаж “баруун аймгийн гуйлгачин ингэж давардаг юм.” гэж хэлээд ... Ингээд дахин маргалдаж байгаад гэрт байсан мөнгөлсөн урт модон ташуурыг барин машиныг нь цохиж болзошгүй байдалтай гэрээс гарах үед Банзрагч араас нь дагаж гарсан. Би ... гэрээс гарах үед Гантулга ах гэрийн үүдэнд байсан машины урд буюу ертөнцийн зүгээр зүүн талд Гантулга ах унаж байсан бөгөөд хажууд нь Банзрагч ташуур барьчихсан зогсож байхаар нь би ташуурыг нь булаан авч машины арын суудал дээр тавьсан. ...” гэж, /1хх 38-40/

Мөн гэрч Б.Түвшинжаргалын 2021 оны 09 сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгт: “... Тэгээд худаг, ус ярьж байснаа Банзрагчийг “чи муу баруун аймгийн гуйлгачин пизда, авгайнхаа салтааг эмчилсэн мөнгөө надаас саяхан авч байсан биз дээ, энэ тэр” гээд уурлаад хашгичаад унасан. Тэгээд бас “үхэр авна гэсэн яасан пизда минь” гээд байсан. ... Гантулга Банзрагчийг загнаж байснаа Гантулга ах зүүн хатавчны тэнд байсан данхыг аваад Банзрагчийг цохисон, ... дахиад тэнд байсан тогоотой хоолыг аваад Банзрагч руу шидсэн. ... муу лалар, пизда алнаа чамайг, муу гөлөг, гуйлгачин гээд л дайраад байсан. Банзрагч харин урдаас нь юм хэлээгүй загнуулаад суугаад байсан. ... Тэгсэн Гантулга ах гадагшаа гарснаа Банзрагчийн машины хоёр толийг өшиглөөд хугалчихсан. ... ташуур авч гараад Гантулга ах машины цонхыг хагална гээд байсан. ... Приус-20 машины урд талд Гантулга ах Банзрагчид ташуураар цохиулаад унаж байсан. ...” гэж /1хх 41-42/ тус тус мэдүүлснээс үзэхэд амь хохирогч нь шүүгдэгчийг “чи муу баруун аймгийн гуйлгачин пизда, авгайнхаа салтааг эмчилсэн мөнгөө надаас саяхан авч байсан биз дээ” гэж элдэв үгээр доромжлох, данхаар толгой руу нь цохих, тогоотой хоол авч шидэх, гадаа байсан машиных нь хоёр толийг хагалах зэргээр хууль бус, зүй бус үйлдэл гаргасан нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх нөхцөл шалтгаан болсон гэж үзэхээр байна.

Шүүгдэгч С.Банзрагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 38,0 сая төгрөг төлөхөөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй гэрээ байгуулан анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө 32 600 000 төгрөг, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө 5 400 000 төгрөг, нийт 38,0 сая төгрөг төлсөн байна.

Шүүгдэгч С.Банзрагчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэрэг үйлдэж, учруулсан материаллаг хохирлыг бүрэн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 5 жилийн хорих ялыг 3 жил 6 сар болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Банзрагчийн ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүдэгч С.Банзрагчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 109 хоногийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:         

1.Шүүгдэгч С.Банзрагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26ы өдрийн 2022/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...шүүгдэгч С.Банзрагчийг 5 жилийн хорих ялаар ...” гэснийг “...шүүгдэгч С.Банзрагчийг 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтын “... 5 жилийн ...” гэснийг “... 3 жил 6 сарын ...” гэж тус тус  өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энхбат нь 2022 оны 05 дугаар сарын 26ы өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 109 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч С.Банзрагч нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл болох  5 400 000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ДОЛГОРМАА                               

ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                     З.ЭНХЦЭЦЭГ