Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 268

 

Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1375 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1081 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 96 дугаар тогтоолтой, Д.Б-т холбогдох 1806065401491 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт, ял шийтгүүлж байгаагүй, З овогт Д-н Б.

Д.Б- нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр *** иргэн Д.С-н гэрээс 42 инчийн “ТСЛ” загварын зурагт, МNВС хүлээн авагч төхөөрөмж хулгайлж 280,000 төгрөг,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, *** иргэн Д.Ч-ы гэрээс “Дөл” нэртэй зуух, загвар нь тодорхойгүй “хөлдөөгч” хулгайлж 160,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Б-ийг хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Д.Б-т 1 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Д.Б-т 1 жил хорих ял шийтгэсүгэй" гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Д.Б-ийг 2 жил хорих ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-т оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдпүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-т оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайхан, С.Батдэлгэр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэрийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх 2 жил хорих ял болгон хүндрүүлэн өөрчилж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14, Арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн” гэж 01 дүгээр дүгнэлт гаргажээ. Монгол Улсын Их хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “шүүгдэгчийн ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулах тухай” холбогдох заалтуудад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ялыг хүндрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээгүй болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан...” шинэ нөхцөл илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болж байна. Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулсан магадлалын заалтыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн. Дүгнэлтээ дэмжиж байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг бол хууль дээдлэх ёсны зарчим бөгөөд энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил хамаарна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль дээдлэх буюу тухайн ажиллагаа хууль ёсны байх зарчим нь хэрэглэгдэж буй хэм хэмжээ хуулийн хүчин төгөлдөр байхаас гадна Үндсэн хуульд нийцсэн байх агуулгыг илэрхийлдэг. Хэрэв шүүхийн хэрэглэсэн хуулийн тодорхой хэм хэмжээ  Үндсэн хуулийн холбогдох заалт, түүний агуулга, үзэл санааг зөрчсөн болох нь тогтоогдвол уг хэм хэмжээнд тулгуурласан шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь хүчингүйд тооцох эрх зүйн хэм хэмжээний хүчин чадлын эрэмбэ, шатлалын суурь зарчим үйлчилдэг болно.    

Давж заалдах болон хяналтын шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ доод шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн ял, хариуцлагыг хүндрүүлж болох эрх хэмжээг олгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хуульд нийцээгүй хэмээн Үндсэн Хуулийн Цэц шийдвэрлэснийг хууль тогтоогч хүлээн авч тухайн заалтуудыг хүчингүй болгосноор урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн хувьд өмнө дурдсан суурь зарчмыг хэрэгжүүлэх асуудлыг хянан үзвэл зохих нөхцөл, шаардлага үүсчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтыг хэрэглэх хязгаар нь тухайн үед хүчин төгөлдөр хуулийн үйлчлэлээр хязгаарлагдах зохицуулалттай тул материаллаг хуулийн хэм хэмжээний нэгэн адил буцаан хэрэглэгдэх эсэх нь тухайн хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын онцлогоос хамаарч өөр өөр байдлаар тайлбарлагдаж, хэрэглэгдэж болохыг эрх зүйн онолын хүрээнд хүлээн зөвшөөрдөг байна.  

Тодруулбал, материаллаг болон процессын хэм хэмжээ өөр, өөр харилцааг зохицуулдаг, хоорондоо ялгаатай болох нь ойлгомжтой хэдий ч зарим тохиолдолд тэдний зохицуулалтын хил хязгаар давхцаж, холимог шинжийг агуулж байдаг. Түүнчлэн мөн чанарын хувьд процессын гэж ойлгогдож болох хэм хэмжээг материаллаг хуулийн хэм хэмжээ болгон тодорхойлдог, зарим үед эсрэгээр тодорхойлох тохиолдол гарч болох тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэдгээрийг харилцан уялдаатай байдлаар тайлбарлаж, хэрэглэх боломжтой  байдаг.

Дээр дурдсан агуулгын үүднээс авч үзвэл материаллаг хууль нь гэм буруу болон ял шийтгэлийг хийсвэр түвшинд буюу “зарчмын хувьд” тодорхойлж байдаг бөгөөд харин процессын хэм хэмжээний тусламжтайгаар дээрх ойлголт нь тодорхой хүний хувьд бодит гэм буруу, бодит ял болж хэрэгжиж байдаг тул уг процессын зарим хэм хэмжээ нь дангаараа эрх зүйн шууд үр дагавар үүсгэдэггүй, гагцхүү эрүүгийн ял, хариуцлагын төрөл, хэмжээг тогтоох нөхцөл болдог,  энэ нь эцсийн дүндээ тухайн хэм хэмжээний холимог шинж чанарыг илэрхийлж байна гэж дүгнэж болох юм.           

Ийнхүү ойлгох аваас, Үндсэн Хууль зөрчсөн үндэслэлээр тодорхой процессын хэм хэмжээ хүчингүй болсонтой шууд холбоотойгоор эрүүгийн ял, хариуцлагыг хүндрүүлсэн дээд шатны шүүхийн шийдвэр нь эрх зүйн үр дагаврын хувьд хүний эрхийг дордуулсан, хууль ёсны байх зарчимд нийцээгүй шийдвэр болж хувирах тул үүнийг зөвтгөн өөрчлөх нь Үндсэн хууль төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн нийтлэг зарчмууд болох хуулиар тогтоогоогүй бол гэмт хэрэгт тооцохгүй байх “nullum crimen sine lege”, үүнтэй харилцан ижил агуулгаар илэрхийлдэг хуулиар тогтоогоогүй бол ял шийтгэлгүй байх "nullum poena sine lege", түүнчлэн хууль буцаан хэрэглэх  “ex post facto” зэрэг зарчмуудын агуулга, үзэл санаанд нийцнэ.

Иймд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэлийн бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Б-т оногдуулсан ялыг давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр хүндрүүлж тогтоосон заалтуудыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1375 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Д.Б-т оногдуулсан ялыг хүндрүүлж тогтоосон өөрчлөлтөнд хамаарч буй Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1081 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 96 дугаар тогтоолын холбогдох заалт, хэсгүүдийг тус тус хүчингүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН