Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 114/2018/0016/З |
Дугаар | 421 |
Огноо | 2018-10-31 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 421
Г.Г-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргын
Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговор, хохирлыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0455 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: Г.Г,
Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А нар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г-ийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговор, хохирлыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0455 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Г.Г нь Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ээлжийн амралтаа авсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа орох байсан боловч сураг чимээгүй байсаар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ирсэн. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажилладаг Х.Х аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Т-д цалингүй чөлөө хүссэн Г.Г-ийн гарын үсэггүй өргөдлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын бичээчид өгсөн байсан. Г.Г-ийн өргөдлийг бичээч хүлээн аваад аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан Х.О-д хүлээлгэн өгсөн.
4. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд өргөдөл, гомдолд тавигдах шаардлагын 1-д “Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно” гэж зохицуулсан байхад Г.Г-ийн өргөдөлд өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гарын үсэг зураагүй байсан. Хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно” гэж заасны дагуу Г.Г-ийн асуудлыг шийдвэрлэхээр холбоо барих боломжгүй утас нь холбогдохгүй байсаар Г.Г нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ирсэн. Ажилдаа ирснээс хойш 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Х.О Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд өргөдөл, гомдолд тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр өргөдлийг Г.Г-д буцааж өгсөн нь хуулийн дагуу шийдвэрлэсэн болно.
5. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Э нь тухайн үед удирдлагын академид суралцаж байсан тухай баримт хавтаст хэрэгт байгаа. Тамгын газрын дарга суралцаж байх хугацаанд төрийн албаны ажил тасралтгүй явагдана гэсэн үндэслэлээр Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга П.Б үүрэгт ажлыг нь гүйцэтгэж байсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Аймаг, ... Засаг даргын ажлын алба Тамгын газар байх...”, 33.4-т “Аймаг, ...Тамгын газрын дарга ... Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө”, 33.5-д “Аймаг ... Засаг даргын Тамгын газрын дарга ... эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж...” гэж заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга өөрийн харьяа хэлтэс, тасгийн мэргэжилтнүүдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэдэг ба аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны А/83 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 5.7-д “ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд өөрөө болон хэлтсийн даргаараа дамжуулж Тамгын газрын даргад нэг хоногийн дотор мэдэгдэнэ”, 6.1-д “албан хаагчдын ... ажлын 3-аас дээш өдрийн цалинтай чөлөөг Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар олгоно” гэж заасан байхад Г.Г нь улс төрийн албан тушаалтан аймгийн Засаг даргын орлогчид чөлөө авах өргөдлөө өгсөн нь өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болсон нь тогтоогдож байгаа болно.
6. Магадлалд нэхэмжлэгч “...өргөдлийг шийдвэрлэхээр тойрч байгаа талаар, 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөө олгогдож байгаа талаар хамт ажилладаг хүмүүс мэдээлсэн, А.Т дарга хүргэн ахад өргөдлийг шийдвэрлэж байгаа гэж хэлсэн байсан” гэсэн тухайд. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалын төсөлтэй танилцаад 5 хэлтсийн дарга нар зөвшөөрөх, эс зөвшөөрөх талаар санал өгч, саналаа гарын үсгээр баталгаажуулдаг. Гэтэл нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэх талаар тушаалын төсөл гараагүй, хэлтсийн дарга нарт танилцуулагдаагүй.
7. Дээрх ажиллагаа хийгдсэн эсэхийг Засаг даргын орлогч А.Т, Х.О, Н нараас тайлбар авах, шаардлагатай гэсэн бусад ажиллагааг хийх гэсэн тухайд. Засаг даргын орлогч А.Т нь улс төрийн албан тушаалтан, аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй тул өргөдөлд ямар нэг цохолт хийгээгүй ба Г.Г-ийн хүргэн ахад өргөдлийг шийдвэрлэж байгаа гэж хэлээгүй, хүргэн ах нь ч уулзаагүй гэж Засаг даргын орлогч албан ёсоор мэдэгдсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Ц, мэргэжилтэн Б.Э, Г.Г, М.Н нар оролцсон хурлаар мэргэжилтэн Г.Г шалтгаангүйгээр ажил тасалсан тухай асуудлыг хэлэлцсэн 43 дугаар хурлын тэмдэглэлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзээд сахилгын арга хэмжээ ногдуулахаар Тамгын газрын даргад уламжилсан байна.
8. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын газрын даргын өрөөнд Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Г.Г-ийн сахилгын зөрчлийг хянан хэлэлцсэн тухай хурлын тэмдэглэлд тус хэлтсийн дарга Н.Ц “Г.Г нь ээлжийн амралтаа дуусгаад чөлөө авах талаар надад болон Тамгын газрын даргад мэдэгдээгүй, албан ёсны шийдвэр гараагүй байхад ажил орхиж явах ёсгүй. Иймд миний бие сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байна” гэж хэлсэн тэмдэглэлээс үзэхэд Г.Г нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болохыг тогтоосон байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн мэргэжилтэн Х.О нь жирэмсэн хүний оронд түр ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн, Норовсүрэн гэдэг хүн аймгийн Засаг даргын Тамгын газарт ажилладаггүй. Хэрвээ 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа орохгүй, чөлөө авах шаардлагатай байсан бол аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад өргөдлөө өгч, асуудлаа шийдвэрлүүлээд Солонгос Улс руу явах байсан. Үүнээс үзэхэд Г.Г нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ээлжийн амралтаа авч Солонгос Улсад очих, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буцаж ирэх тийзээ Монгол Улсад байхдаа аваад явсан нь ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орохгүй гэж урьдчилан төлөвлөж явсан нь үүгээр нотлогдож байна.
9. Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд Г.Г нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5.8.в-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжийн амралт хэтрүүлсэн тохиолдолд ажил тасалсанд тооцно”, 9.2.б-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар ажил тасалсан тохиолдолд сахилгын ноцтой зөрчил гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-ыг үндэслэн ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулна” гэж зохицуулсан заалтуудыг зөрчсөн тул нотлох баримтан дээр үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/92 дугаар тушаалаар Г.Г-г төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болно. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0455 дугаар магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Анхан шатны шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
11. Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийн чөлөө хүссэн өргөдөл шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэхийг бүрэн гүйцэд тодруулах шаардлагатай байхад анхан шатны нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байна.
12. Давж заалдах шатны шүүхээс тодруулах шаардлагатай гэж үзсэн “нэхэмжлэгчийн чөлөө хүссэн өргөдлийг шийдвэрлэх ажиллагаа хэрхэн хийгдсэн нь” /нэхэмжлэгч хүсэлтээ хэзээ, хэнд, яаж өгсөн, түүнд нь хэн, хэзээ ямар хариу өгсөн гэдэг нь/ хэрэгт цугларсан буюу магадлалд заасан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаагаас гадна “нэхэмжлэгчийн өргөдлийг захиргааны байгууллага 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан атлаа ямар учраас 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр буцаасан, Тамгын газрын дарга нь тухайн үед удирдлагын академид суралцахаар явсан эсэх, нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэхээр тойрч байгаа талаар, 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөө олгосон эсэх...” -ийг тодруулах, холбогдох нотлох баримт цуглуулах нь уг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.
13. Учир нь, нэхэмжлэгч Г.Г нь Засаг даргын орлогч А.Т-д хандаж 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу ээлжийн амралт дууссан өдрөөс хойш 1 сарын 15 хоногийн цалингүй чөлөө хүссэн өргөдлийг хүргэн ахаараа дамжуулан өгсөн, түүний өргөдлийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүртгэж, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр буцаасан, мөн нэхэмжлэгчээс “2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр чөлөөний хугацаа дуусгаж, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа орохоор ирэхэд миний чөлөө хүссэн хүсэлтийн талаар ямар нэгэн шийдвэр гараагүй, надад чөлөө олгосон эсэх нь тодорхойгүй байсан учир холбогдох хүмүүстэй уулзсан...” гэсэн тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч нь түүний чөлөө хүссэн өргөдлийг эрх бүхий этгээдээс хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байхад ээлжийн амралтын хугацаа дуусахад ажилдаа ороогүй болох нь тодорхой байна.
14. Ийнхүү эрх бүхий этгээдээс чөлөө олгох зөвшөөрөл олгоогүй буюу олгосон эсэх нь тодорхойгүй, асуудлыг шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгч нь дур мэдэн “өөртөө чөлөө олгон” ээлжийн амралт дууссанаас хойш 1 сар 18 хоногийн дараа ажилдаа ирж байгаа нь Засаг даргын Тамгын газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.8.В-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр захиргааны чөлөө, ээлжийн амралт, албан томилолтын хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ажил тасалсанд тооцно” гэх зөрчлийг гаргасан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд мөн журмын 9.2.Б-д заасны дагуу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар ажил тасалсан тохиолдолд төрийн захиргааны албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 26.1, 26.1.3-ыг үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулна” гэсний дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, иймд маргаан бүхий акт хууль ёсны талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
15. Хэдийгээр нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан байгууллагын дотоод журамд зааснаар 3 сар хүртэл цалингүй чөлөө авах боломжтой ч чөлөө олгох эсэх, ямар хугацаанд олгох нь захиргааны эрх хэмжээнд хамаарах учир нэхэмжлэгчийн хувьд эрх бүхий этгээдээс асуудлыг шийдвэрлээгүй байсан ч заавал эдлэхээр шаардах эрх биш юм.
16. Иймд, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих...” үүрэгтэй, харин энэхүү үүргээ биелүүлээгүйн төлөө хүлээлгэж буй хариуцлагын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг /Тодорхойлох хэсгийн 3-9/ хангах үндэслэлтэй байна.
16. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0455 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ