Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 505

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох  “нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/270 тоот захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралданд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х*******, В.Э*******,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Нийслэлийн Засаг даргын “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай 2013   оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/270 тоот захирамжийг хүчингүйд тооцуулах тухай.

Тус компаний “Сонсголон Бармат” үйлдвэрийн урд байрлалтай 8 га талбай бүхий газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын А/270 дугаар захирамжийг хууль бус гэж үзэж байна.

Учир нь манай компани энэхүү газрыг анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 409 тоот захирамжийн дагуу “” ХХК-иас өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсан. Гэвч тухайн үед нийслэлээс уг газар дээр өөр бусад компаниудад давхардуулан газар олголт хийснээр бид эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, улмаар хотын захиргаа болон “” ХХК-д хандсан болно. Гэвч хотын захиргаа болон “” ХХК-ийн зүгээс асуудлыг шийдэж өгөхийн оронд газрын маргаан үүсгэсэн болно. Улмаар тэдний маргаан нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээр 2012 оны 05 дугаар сард шийдэгдэж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 387 тоот захирамжаар ******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ манай компанийн нэр дээр олгогдсон.

Харин дүүргийн Засаг даргын 387 тоот захирамжийг нийслэлийн Засаг даргын А/270 тоот захирамжаар хүчингүй болгосон болохыг бид саяхан албан ёсоор олж мэдсэн болно. Иймд энэхүү нийслэлийн Засаг даргын А/270 тоот захирамжийг хууль бус акт болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа            “Тус шүүхэд “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/270 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

“Э*******” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 409 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголонд 80000 м.кв газрыг “******* ” ХХК-иас эрх шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулаагүйгээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд эрх мэдлээ хэтрүүлэн олгосон байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/270 дугаар захирамжаар “Э*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Тус компанид Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 409 дүгээр захирамжаар ******* ХХК-иас газар эзэмших эрхийн нэр шилжүүлэн шинээр газар эзэмшүүлсэн бөгөөд энэ захирамжийг үндэслэн 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Захирал Сайнбаяр овогтой Гантулга” газар эзэмшүүлэх гэрээг газрын албатай байгуулсан байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлд тус компанийн захирлаар бүртгүүлсэн С.Б******* нь 2011 онд нас барснаас хойш буюу 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус компаний гүйцэтгэх захирал гэх С.Гантулга нь газрын албатай байгуулсан байдаг. Мөн 2013 оны 04 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргахдаа С.Гантулга гэх хүнээс Д.Цагаанхүү нь итгэмжлэл авсан байдаг ба Э******* ХХК-ийн хувьд уг газар эзэмших эрхийн талаар мэдэхгүй байх үндэсгүй юм.

“Э*******” ХХК-ийн нэхэмжлэл гаргах хугацаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд нэхэмжлэл гаргана гэж зааснаар дууссан байна.

Учир нь тус компанийн захирал нас барсны дараа одоогийн захирал Б.Э нь 2013 оны 09 сард өвлөх эрхийн гэрчилгээ авч 2013 оны 11 дүгээр сард компанийн захирлаар томилогдон эрх, үүргээ хэрэгжүүлж эхэлсэн байх бөгөөд үүнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байх тул маргаан бүхий актад гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа болон захирамж гарсныг мэдэх ердийн боломжит хугацаа өнгөрсөн байна.

Иймд “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/270 тоот захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 409, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар захирамжуудын  “Э*******” ХХК-д холбогдох заалтуудыг хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/270 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Нэг. Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны акт болох 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/270 дугаар захирамжаараа “Э*******” ХХК-д газрын тухай хуулийг зөрчин хотын суурьшлийн бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд 80000 м.кв газар эзэмшүүлсэн гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосон байна.

Анх нийслэлийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 180 дугаар захирамжаар “*******” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 165 га талбайг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд 2003 оны  09 дүгээр 25-ны өдрийн 395 дугаар захирамжаар ашигт малтмал ашиглах талбай /хайрга/ болгон эзэмшил газрын хэмжээг 48 га болгожээ.

2008 оноос Туул голын сав газарт элс, хайрганы олборлолтыг хориглосны дагуу Сонгинохайрхан дүүргийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 409 дүгээр захирамжаар “*******” ХХК-ийн эзэмшил газраас 10 га газрыг “Г*******” ХХК, 8 га газрыг “Э*******” ХХК, 7 га газрыг “Шидэт үйлс” ХХК-ийн эзэмшилд тус тус  шилжүүлсэн байна. 

Харин нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 244 дүгээр захирамжаар маргаан бүхий газартай давхцуулан нийт 22 га газарт хүлэмжийн байгууламж, ногоон зоорь байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд “*******” ХХК  нийслэлийн Засаг даргын 2009 оны 244 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байсан байна. Нийслэлийн Газрын албанаас Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд явуулсан 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 9/1876 дугаар албан бичгээр “...талууд харилцан ашигтай хувилбарыг сонгож хэрэгжүүлэх шийдвэрт хүрсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, шүүгчийн 2012 оны 165 дугаар захирамж гарсан. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар “Шидэт үйлс” ХХК болон “Э*******” ХХК-д олгогдсон газрын мэдээллийн сангийн зургийг хүргүүлэв. Тухайн газрын мэдээллийн  сангийн ******* нэгж талбарын дугаартай газарт хуваалт хийж дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж, 6 дугаар сарын 15-ны дотор эргэн хариуг мэдэгдэнэ үү” гэжээ.  

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу Сонгионохайрхан дүүргийн Засаг дарга 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар захирамжаар “Э*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан байна.   

 Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж заасны дагуу “Э*******” ХХК нь нэгж талбарын ******* дугаар бүхий газарт газар эзэмших гэрээ байгуулж, ******* дугаар гэрчилгээгээр эзэмшиж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгүүдэд газар эзэмшигчийн газар эзэмших эрх дуусгавар болох, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцлүүдийг тодорхой зааж өгсөн бөгөөд  маргаан бүхий захиргааны  актаар “Э*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалж буй үндэслэл нь хуулийн заалтад нийцэхгүй байна.

 Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу газар эзэмшигч этгээдэд сөрөг үр дагавар бүхий захиргааны акт буюу “Э*******” ХХК-ийн эрхийг хүчингүй болгож байгаа тохиолдолд хариуцагч аж ахуйн нэгжид энэ талаар мэдэгдэх үүрэгтэй байна. Гэтэл газар эзэмших эрхийг цуцалсан талаар нэхэмжлэгчид мэдээлсэн талаар нотлох баримт байхгүй  байгааг дурдах нь зүйтэй юм. 

Иймд хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь зохицуулалт бүхий хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолыг зөрчсөн нь нотлогдож байх тул  Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/270 тоот захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Хоёр. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр “Шидэт үйлс” ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/238 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий газар нь “хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт” хамаарахгүй болохыг тогтоожээ. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж  дагуу маргаан бүхий захиргааны актад дурдагдаж буй “хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар” гэх үндэслэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хууль бус, үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул дээрх үйл баримтад дахин дүгнэлт хийх шаардлагагүй болно.  

Гурав. Хариуцагчийн итггэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “маргаан бүхий актад гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна” гэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 966 дугаар захирамжаар “Э*******” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн байх тул “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдаанаар шийдвэр гаргасан болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 39 дугаар зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/270 тоот захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ТӨМӨРБАТ