Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 20

 

                                         “Эх тонж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хатанбаатар, В.Энхтамир нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 505 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0640 дүгээр магадлалтай, “Эх тонж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 505 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “Эх тонж” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/270 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0640 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2,...” гэснийг “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4,...” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 409 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 21.2.3, 21.5.3, 33.1.1, 61.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн шийдвэр үзэж маргаан бүхий актаар хүчингүй болгосон. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжаар “ашигт малтмал, уурхайн эдэлбэр газрын хайгуулын лицензийн зөвшөөрөл хүссэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд” гэсэн жагсаалт баталж Ашигт малтмалын тухай хуулийн 19.3, 19.4-т заасан тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн саналаа хүргүүлсний дотор “Эко групп” ХХК багтсан бөгөөд энэ нь “Эко групп” ХХК-д газар эзэмших эрх олгосон шийдвэр биш, харин Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах ашигт малтмал эрэх хайх харилцааг үүсгэхэд санал өгсөн баримт бичиг байхад газар ашиглах эрхтэй мэтээр үзэж “Эко групп” ХХК-ийн газрын зориулалт өөрчлүүлэх хүсэлтийг үндэслэн нэр бүхий компаниудад шилжүүлэн эзэмшүүлсэн нь хууль бус юм. Тус асуудлаар анхан шатны шүүхийн шийдвэрт “2008 оноос Туул голын сав газарт элс, хайрганы олборлолтыг хориглосны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар шилжүүлэн эзэмшүүлжээ” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлсэн, Газрын тухай хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/270 дугаар захирамжийн нэг үндэслэл болох Газрын тухай хуулийн 33.4 буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд эзэмшүүлсэн гэх үндэслэлийг шалгаагүй, нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй байна. Анхан шатны шүүх уг асуудал дээр огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, давж заалдах шатны шүүх тус захирамжийн үндэслэл болсон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлийг “урьд өмнө ийм зөрчил байж л байсан” гэж дүгнэсэн байгаа нь шүүх Газрын тухай хуулийн 33.4 буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Мөн 2012 онд С.Гантулга нь “Эх тонж” ХХК-ийн захирал асан Бямбадоржоос компанийг төлөөлөх эрх авсны үндсэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулсан тухай баримт хэрэгт авагдсан бөгөөд 2011 онд захирал Бямбажав нас барсанаар уг итгэмжлэлийн хугацаа Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.3-т зааснаар дуусгавар болсон байхыг шүүх анхаарч үзээгүй. 2012 онд “Эко групп” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр 2009 оны 244 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэл гарган, шүүх шалгах явцад “Эх тонж” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгох чиглэл өгөгдсөн гэх боловч “Эх тонж” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж тухайн актад нэхэмжлэл гаргаж байгаагүй, мөн чиглэл өгсөн гэх албан бичгийг хариуцагчийн зүгээс өгөөгүй Нийслэлийн Газрын албанаас өгсөн зэргийг харгалзан үзээгүй байна. Хэдийгээр Газрын асуудал эрхэлсэн байгууллагаас  чиглэл өгсөн гэх боловч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах үүргээ биелүүлээгүй байна. Иймд, Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/270 дугаар захирамжийг гаргасан нь хууль тогтоомжид нийцсэн тул анхан  болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                                              ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 180 дугаар захирамжаар “Эко групп” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Сонсголон орчимд 165 га газрыг хайгуулын талбайн зориулалтаар ашиглах эрх олгож, улмаар  2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжаар 48 га газрыг ашигт малтмалын ашиглалт хийх /хайрга, карьер/ зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн байна.

“Эко групп” ХХК  дээрх 48 га газраас 8 га-г “Эх тонж” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 409 дүгээр захирамжаар “Эх тонж” ХХК-д тус дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон орчимд байрлах 8 га газрыг шилжүүлэн эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Нэхэмжлэгч “Эх тонж” ХХК 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар захирамжаар эзэмших эрхийг 5 жилээр сунгасан боловч үүнийг “хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд эзэмшүүлсэн” гэж Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/270 дугаар захирамжаар хүчингүй болгожээ.

Хэрэг авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий, эсхүл хотын суурьшлын бүсийн сүлжээнд холбогдохоор төлөвлөсөн болох нь тогтоогдоогүй байна.

Түүнчлэн бусдын эзэмшил, ашиглалтад 2002 оноос хойш байсан газрыг “Эх тонж” ХХК 2008 онд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу шилжүүлэн авсан, эрх бүхий этгээдээс зөвшөөрч, эзэмших эрхийн гэрчилгээ олгосны үндсэн дээр эзэмшиж байгаа газрыг “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Учир нь, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрх шилжүүлэх харилцаанд иргэн, хуулийн этгээдэд анх газар эзэмшүүлэх харилцааг зохицуулсан Газрын тухай хуулийн  33 дугаар зүйлийн 33.1-д заасан зохицуулалт хамааралгүй юм.

Мөн дээр дурдсанчлан эрх бүхий этгээд маргаан бүхий газрыг эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрлийг аж ахуйн нэгжид 2002 оноос хойш олгож ирсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар захирамж нь шинээр газар эзэмшүүлж, ашиглуулсан бус, харин уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр байхад үүнийг “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн” гэж хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлсэн асуудлыг шүүх шалган тогтоогоогүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй, энэ үйл баримттай холбогдуулан “...энэ талаарх баримтыг хариуцагч гаргаж өгөх бүрэн боломжтой байсан..., анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0640 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                              ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН