Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 431

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй, Орон сууц,

нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар хотын

Захирагчийн ажлын албанд тус тус холбогдох 

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:      Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:         Л.Атарцэцэг

                        Х.Батсүрэн

                        Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот тогтоолын Д.Д-д холбогдох хэсгийн 3 өрөө гэснийг 2 жижиг өрөө буюу А, В өрөөг өмчлүүлэх гэж өөрчлөх, 0038177 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23-15 тоот байрны 1 том өрөө болох Б өрөөг Д.Б-д ордерийг олгож, өмчлүүлэхийг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0331 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0437 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Б.О,

Гуравдагч этгээд: Э.Б, Э.Ж нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Б.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0331 дүгээр шийдвэрээр: Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 121 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд холбогдуулан гаргасан “...Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот тогтоолын Д.Д-д холбогдох хэсгийн 3 өрөө гэснийг 2 жижиг өрөө буюу А, В өрөөг өмчлүүлэх гэж өөрчлөх, 0038177 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23-15 тоот байрны 1 том өрөө болох Б өрөөг Д.Б-д ордерийг олгож, өмчлүүлэхийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгах” шаардлага бүхий Д.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0437 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0331 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Б.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлээ “Орон сууц хувьчлах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар хууль ёсоор эзэмшиж байгаа сууц өрөөгөө хувьчлан авах иргэд эзэмшиж байгаа сууц өрөөгөө хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах тухай товчоонд гаргаж уг эрхээ хэрэгжүүлэхээр байна” гэжээ. Орон сууц хувьчлах тухай хуульд орон сууцыг хувьчлан авах талаар нарийвчлан зохицуулсан бөгөөд дээрх хэсэгт заасан өргөдлийг хэдийд гаргах талаар хуульчлаагүй, хугацаа заагаагүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд түүнд өмчлүүлэхгүй байх талаар зохицуулаагүй, өөрөөр хэлбэл хууль ёсны ззэмшигч нь дээрх эрхээ хэдийд ч хэрэгжүүлж болохоор байгаа. Д.Б-ын тухайд тэрээр орон сууц хувьчлах товчоонд хүсэлт гаргасан бөгөөд орон сууц хувьчлах товчоо нь дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй, шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг бичгээр өгсөн бөгөөд дээрх бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан, үүнээс үзвэл Д.Б нь орон сууцны товчоонд хандаж өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн.

4. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцыг Д.Б-д өмчлүүлэхийг даалгах түүний хууль зүйн үндэслэл нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг ордерийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй гэснийг үндэслэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. 1997 оны шүүхийн шийдвэр өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан бөгөөд уг шүүхийн шийдвэрээр тэрээр хууль ёсны эзэмшигч бөгөөд Орон сууц хувьчлах тухай хуульд заасны дагуу өөрт ногдох хэсгээ хувьчлан авах эрхтэй байна.

5. Гэтэл шүүх дүгнэхдээ хариуцагч захиргааны байгууллага 1997 оны шүүхийн шийдвэрийг мэдээгүй гэж тайлбарлаж байхаас гадна уг иргэний хэрэгт ямар нэг байдлаар оролцоогүй байх тул Д.Д-ийн гаргасан өргөдлийг үндэслэн түүнд маргаан бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг олгосон захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна гэжээ. Дээрх нөхцөл байдалд орон сууц хувьчлах товчоо маргаан бүхий 3 өрөө орон сууцыг 2 хүн эрхийн бичиг буюу ордероор эзэмшдэг гэдгийг мэддэг, мэдэх боломжтой, өөрөөр хэлбэл Д.Б болон Д.Д нар нь 2 ордертой байсан, уг ордерийг хариуцагч байгууллага өөрөө олгосон болох нь хэрэгт авагдсан Д.Д болон Д.Б нарын ордероор тогтоогдож байна.

6. Иймээс хариуцагч байгууллага нь маргаан бүхий 3 өрөө орон сууц нь 2 хүний эзэмшилд байдаг гэдгийг мэдсээр байж Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т “Нэг гэр бүл амьдрахад зориулагдсан сууцыг Монгол Улсын хэд хэдэн гэр бүл сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр эзэмшиж байгаа бол гэр бүл тус бүр өөрийн эзэмшиж байгаа өрөө болон тухайн сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хувьчлан авах эрхтэй”, 11 дүгээр зүйлийн 3-т “орон сууц эзэмших эрхийн бичиг ордероор орон сууц хөлслөх гэрээ болон орон сууц эзэмшигчийн гэр бүлийн гишүүдийн иргэний бичиг баримт бүртгэл түүнчлэн сууцны хөлс төлөлтийг шалгаж зөрчлийг арилгуулах” гэснийг тус тус зөрчиж, нэг эзэмшигч болох Д.Д-д маргаан бүхий 3 өрөө орон сууцыг бүхэлд нь өмчлүүлсэн нь Орон сууц хувьчлах тухай хуульд нийцээгүй юм.

7. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж байх ба шүүх хэрэгт авагдсан хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлээгүй, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага нь өөрөө эзэмшигч нарт 2 ордер олгосон атлаа нэг эзэмшигчийн хууль ёсны эрхийг зөрчиж, Д.Д-д бүхэлд нь орон сууцыг хувьчилсан нь Орон сууц хувьчлах тухай хуулийг зөрчсөн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа юм. Түүнчлэн мэдээгүй байх нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

8. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

10. Нэхэмжлэгч Д.Б-аас Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд холбогдуулан “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот тогтоолын Д.Д-д холбогдох хэсгийн 3 өрөө гэснийг 2 жижиг өрөө буюу А, В өрөөг өмчлүүлэх гэж өөрчлөх, 0038177 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23-15 тоот байрны 1 том өрөө болох Б өрөөг Д.Б-д ордерийг олгож, өмчлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 29 дүгээр шийдвэрийг дурджээ.

11. Гэвч Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 29 дүгээр шийдвэрээр дээрх байрны А.В өрөөг Д.Д-д, Б өрөө буюу том өрөөг Д.Б-д эзэмшүүлж шинээр тус бүрт нь ордер олгохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Орон сууцны хэлтэст үүрэг болгож шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бус, харин эзэмших эрхийг тогтоож, уг эрхийг баталгаажуулсан ордер олгохыг хариуцагчид даалгасан тул уг шийдвэр нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг өөрчилж, нэхэмжлэгчид өмчлүүлэхийг даалгах үндэслэл болохгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

12. Мөн, Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Хувьчлах орон сууцыг эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд сууцаа хувьчлан авах эрхтэй”; 12 дугаар зүйлийн 1/-д зааснаар хууль ёсоор эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах иргэн орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээ, иргэний бичиг баримтаа ямар нэг зөрчилгүй байлгах; 2/сууцныхаа хөлсийг бүрэн төлсөн байх зэрэг үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/-ийн дагуу сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн эзэмшигч сууц хувьчлан авах тухай өргөдлийг холбогдох байгууллагад гаргахаар заажээ.

13. Гэтэл нэхэмжлэгчид маргаж буй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23-15 тоот байрны 1 том өрөө болох Б өрөөг эзэмших эрхийн ордер байхгүй, өөрөөр хэлбэл, тэрээр Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 29 дүгээр шийдвэрийн дагуу эзэмших эрхээ баталгаажуулаагүй /эрх бүхий этгээдэд хандаж ордер гаргуулаагүй/, ордерийн зөрчлөө арилгаагүй, 1998 оноос хойш тухайн байрандаа амьдарч байгаагүй, энэ утгаараа сууцныхаа хөлсийг бүрэн төлөх зэрэг хуульд заасан үүргийг биелүүлж байсан эсэх нь тодорхойгүй, мөн орон сууцыг хувьчлан авах тухай хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж байгаагүй учир хариуцагчийг буруутгаж, маргаан бүхий шийдвэр, эс үйлдэхгүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцны өөрт ногдох хэсгээ хувьчлан авах эрхтэй, хариуцагч зөрчлийг арилгуулах үүрэгтэй байсан, иймд шүүх нотлох баримтыг бүрэн шинжлээгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн утгатай /Тодорхойлох хэсгийн 4-7/ хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

14. Хэдийгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 123 дугаар тогтоолоор “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 716 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх боловч ямар ч хэргийн тухайд /эрүү, иргэн, захиргааны/ хөөн хэлэлцэх хугацаа ач холбогдолтой байдгийг дурдах нь зүйтэй. Энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгч нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 29 дүгээр шийдвэр гарснаас хойш эзэмших эрхээ баталгаажуулахаар хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй атлаа 20 жилийн дараа миний эрхийг эдлүүлсэнгүй хэмээн хариуцагчийг буруутган маргаж байгааг зөвтгөх боломжгүй тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-т заасан нэхэмжлэгчийн гомдол нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохооргүй байна.

15. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0331 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0437 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ