Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 281

 

Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дотоод явдлын яамны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар тогтоол, БНМАУ-ын дээд шүүхийн цэргийн хэрэг эрхэлсэн коллегийн хяналтын шатны шүүхийн 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 139 дүгээр магадлалтай, Д.Д-д холбогдох 3909 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1938 оны байдлааар 51 настай, Дорноговь аймгийн Ихжаргалан сумын 3 дугаар баг, ард, лам, 8 наснаас эхлэн Бага нартын хийдэд суусан, умзад, гэвхүй, тус бүр 7 жил хаасан, Д-н Д.

Д.Д- нь шашныг дэлгэрүүлж хуучин хаант засгийг байгуулж ардын засгийг устган Монголын ард түмнийг Японы колони болгох хэмээсэн зорилт бүхий гандан хүрээнд байгуулагдсан хувьсгалын эсэргүү бүлгэмд 25 /1935/ онд зүүн Чойрын хамба лам Зундуйн удирдлагаар элсэгдсэн,

Өөрийн эсэргүү бүлгэмийн хүчийг өргөтгөхийн тулд мөн хийдийн гавж лам Гандэн-Яринпил, гэвхүй Чүлтэмпунцаг, гүрэмч Д- нарын гурван этгээдийг элсүүлэн авсан,

Ардын засгаас ард олныг салгаж холдуулах зорилгоор сүсэг бишрэлийн талаар  “та нар лам нар ба бурханд сүсэгтэй байх хэрэгтэй, ингэвээс Банчин богд ирж, та нарыг жаргуулах цаг ирнэ” хэмээн эсэргүү ятгалгыг тараасан хэрэгт тус тус холбогджээ.

Дотоод явдлын яамны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссийн 1938 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар тогтоолоор нэр бүхий 37 хүн ял шийтгүүлсний дотор Д.Д- Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар “Буудах” ялаар шийтгүүлжээ.

Хяналтын шатны шүүхэд Улсын Ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Д-н Д-г улс төрийн хэрэгт холбогдуулан баривчилж, Дотоод явдлын яамны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлүүдээр буудан алах ялаар шийтгэсэн байхад Дээд Шүүхийн Цэргийн коллегийн магадлалаар Д.Д-, Г.Д нарыг 10 жил хорих ялаар шийтгүүлснийг цагаатгасан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Дотоод явдлын яамны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссын тогтоолд Овог Д, нэр Д-, нас 51, ...Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр “Буудах” ялаар шийтгэсэн байна.

2. Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын шалгах албаны 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “Улс төрийн хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн хэргийг хянаад гаргасан нэгдсэн тодорхойлолт”-ын хэрэгт шийтгүүлсэн хүмүүсийн жагсаалтын 2-т “Д овогтой Д- ...Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар хөрөнгийг хурааж буудан алах ялаар” гэсэн байна.

3. Соном овогтой Д- нарын 37 хүний хэргийг хянуулж, цагаатгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Дээд Шүүхийн Цэргийн коллегид бичсэн 3/150 тоот эсэргүүцлийн хүний нэрийн дугаарын 2-т. Д-н Д- 51 настай, ...Шүүх цаазны бичгийн 43, 47-р зүйлүүдээр Д.Д-, Г.Д нарыг 10 жил хорих, бусад 35 хүнийг буудан алж, бүх хөрөнгийг хураах ял оногдуулсан гэжээ.

Дээрх баримтуудад хийсэн үзлэгээр Д-гийн Д-г Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлүүдээр буудан алж, бүх хөрөнгийг хураах ялаар шийтгэсэн нь тогтоогдож байна. Харин С.Д- нарын 37 хүний хэргийг хянуулж, цагаатгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхийн цэргийн коллегид бичсэн 3/150 тоот эсэргүүцэлдээ 10 жил хорих ялаар шийтгүүлсэн Соном овогтой Д-, Г овогтой Д нарын нэрийг бичихдээ С.Д-гийн нэрийг Д- овогтой Д-гийн нэрээр андууран бичиж, бичиг, техникийн алдаа гаргасан, үүнээс үндэслэн Дээд шүүхийн цэргийн коллегийн магадлалаар Д- овогтой Д-г 10 жил хорих ялаар шийтгүүлсэн гэж цагаатгасан болох нь тогтоогдож байна.

Иймд Дээд шүүхийн цэргийн коллегийн магадлалын “37. Дорноговь, Хөвсгөл, 27 настай, тайж, Ц-н Л нарыг Ёнзон хамбын эсэргүү бүлэгт элссэн, гишүүн элсүүлсэн, цуурхал тараасан гэж Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар” гэсний дараа “Д.Д- гэснийг С.Д-” гэж өөрчлөлт оруулж, магадлалыг зөвтгүүлэхээр прокурорын дүгнэлт бичиж, хэргийг хамт хүргүүлсэн. Дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах нь шүүхийн эцсийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэхийг урьд мэдэгдээгүй байсан нөхцөл байдалд үндэслэн дахин хянаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой үе шат бөгөөд шүүн таслах ажиллагаагаар шударга ёсыг хэлбэрэлтгүй тогтоох чухал баталгаа болж өгдөг.

Энэ ажиллагааны зорилго нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, оролцогч нарын хууль бус ажиллагаа, шүүхэд урьд мэдэгдээгүй байсан бусад нөхцөл байдлын улмаас алдаатай гарсан шүүхийн шийдвэрийг засаж залруулах байдлаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах явдал юм.

 “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай “ Монгол Улсын хууль 1998 онд батлагдаж уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах эрүүгийн хэргүүдийн хувьд шинэ нөхцөл байдлыг үүсгэсэн нь тухайн үеийн эрүүгийн хууль тогтоомжид заасан улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэг, эрүүгийн хуульд шууд заагаагүй боловч намын эсрэг гэх хэргийг гүтгэлэг, бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл, албадлага зэрэг хууль бус аргаар зохиомлоор бүрдүүлсэн хэрэгт хууль бусаар холбогдуулж шүүх тусгай, онцгой бүрэн эрхт комиссын болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан үйл ажиллагааг улс төрийн хилс хэрэгт хамааруулан хуульчилсантай холбоотой.

Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсгийн в-д шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны “Шүүх цаазны бичиг”-ийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нь хэргийг шинэ нөхцөл байдлын улмаас сэргээн хэлэлцэх үндэслэл болох талаар заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд Д.Д-г Ёнзон хамбын эсэргүү бүлэгт элссэн, эсэргүү цуурхал тараасан гэх хэргийг үйлдсэн гэж Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлүүдээр буудан алж, бүх хөрөнгийг хураах ялаар шийтгэсэн нь тогтоогдож байна.

Харин Онцгой бүрэн эрхт комиссийн 1938 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар тогтоолоор ял шийтгүүлсэн 37 хүний хэргийг хянуулж, цагаатгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3/150 тоот эсэргүүцэл бичиж ирүүлэхдээ 10 жил хорих ял шийтгүүлсэн Соном овогтой Д-, Г овогтой Д нарын нэрийг бичихдээ С.Д-гийн нэрийг Д- овогтой Д-гийн нэртэй андууран бичиж, бичиг, техникийн алдаа гаргасан, үүнээс үндэслэн Дээд шүүхийн цэргийн коллегийн магадлалаар Д- овогтой Д-г “10 жил хорих ял” шийтгүүлсэн гэж дурдан, Онцгой бүрэн эрхт комиссын тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Магадлалаар Д.Д-д холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хэдий ч хэргийг шийдвэрлэхдээ “Буудан” алах ял шийтгүүлсэн хүнийг “10 жил хорих” ял шийтгүүлсэн гэж ташаарч шийдвэрлэснийг зөвтгөн залруулах нь зүйтэй юм.

Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, БНМАУ-ын дээд шүүхийн цэргийн хэрэг эрхэлсэн коллегийн хяналтын шатны шүүхийн магадлалд зөвтгөсөн өөрчлөлт оруулахаар хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

БНМАУ-ын дээд шүүхийн цэргийн хэрэг эрхэлсэн коллегийн хяналтын шатны шүүхийн 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 139 дүгээр магадлалын тогтоох хэсэгт Д.Д-д “Буудан алах”, С.Д-д “10 жил хорих” гэсэн өөрчлөлт оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН