Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 75

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Д-д  холбогдох 1816002430002 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Д нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморт сумын нутагт тус сумын иргэн З.Б-ын эзэмшлийн хүрэн зүсмийн хязаалан насны, буруу чих дээрээ гадна талаас уам имтэй, зөв хойд гуян дээрээ Р үсгэн тамгатай, доор нь сэнжтэй саран дээр дормон тамгатай алдуул адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж Увс аймгийн харьяат Г.И-т зарж 650.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би 2016 оны 09 дүгээр сард зөв талын гуян дээр сартай хас тамгатай хүрэн үрээгээ Т-н адуунд байж байгаад алдсан. 2018 оны 05 сард ирсэн байхаар нь би мотоциклтой очиж үзсэн. Тэгэхэд миний үрээ мөн байсан. Цуулбар им хийгээд, Р үсгэн тамга давхарлаад дарсан байсан. 10 дугаар сард хүмүүс адуу аваад явж байхаар нь 450.000 төгрөгөөр И гэдэг хүнд зарсан.  Намайг хөдөө явсан хойгуур Б гэдэг хүн ирээд адууг чинь аваад явсан гэхээр нь би 450.000 төгрөгийг Ховд аймгийн Чандмань сумд явж байхад дансанд нь шилжүүлсэн. Би Б-аас ямар учиртай юм бэ? гэхэд Т гэдэг хүнээс авсан, Т гэдэг хүн нь Г-с авсан гээд 3 хүн дамжаад давхар давхар тамга дарагдсан байсан. Адуунд үзлэг хийе гэхэд үзлэг хийгээгүй. Энэбиш болохоор үзлэг хийгээгүй Д зүгээр гарын үсэг зурсан гэж хэлдэг. Надад ах нь байгаа би үзлэг хийлгэе гэхээр Ховд аймагт яваад үхсэн гэсэн боловч хаана нь ямар учраас үхсэн гэдэг нь тодорхойгүй. Тэр бол үхэхээргүй адуу байссан. Э гэдэг хүн Т махан тамга дарсан гэж хэлсэн. Би махан тамга дараагүй үсэн тамга дарсан. Үүн дээр зөрүүтэй асуудал байгаа. Энэ адуу бол миний өөрийн адуу олон удаа нааш цааш ирсэн. Олон удаа гомдол гаргасан боловч миний гомдолыг хүлээж аваагүй. Б адуунд  эндүүрэл гарсан байна гэсэн өргөдөл бичиж өгсөн өөрийн гарын үсэгтэй өргөдөл байгаа. Гэтэл намайг бичүүлсэн мэтээр хэлсэн байна. Би өөрөө хохироод байна. Одоо надад ах нь байгаа шинжилгээ хийлгэе гэсэн боловч хүлээж аваагүй. Надад үнэн зөв шийдвэрлүүлбэл гомдол санал байхгүй байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч З.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг "...2018 оны 06 сарын эхээр байх миний 5 тооны адуу Хөхморьт сумын 2-р багийн нутаг Зөөхий гэх газарт байж байгаад алга болсон юм. Тэгээд эрэл хайгуул болоод олоогүй байж байтал 2018 оны 10 сарын 10-ны өдөр би Ховд аймгаас Хөхморьт суманд ирэхэд сумын харьяат Д гэх хүн Увс аймгийн харьяат И гэх залууд миний алдсан 5 адууны нэгийг нь зарсан байсан юм. ...Д-н зарсан адуу нь хүрэн зүсмийн хязаалан насны, буруу чих дээрээ гадна талаас ухна имтэй, зөв хойд гуян дээрээ Р үсгэн тамгатай, доор нь сэнжтэй саран дээр дормон тамгатай адуу байсан. Энэ адууг би Хөхморьт сумын иргэн Т гэдэг хүнээс гурван адууг 1.200 000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Би Хөхморьт сумын төвд ирээд байж байтал Увс руу адуу ачих гээд байж байхад нь би очоод үзэхэд миний алдсан хүрэн зүсмийн адуу байхаар нь та энэ адууг хаанаас авсан юм бэ гэхэд Идэр гэдэг хүн би Д-с авсан адуу гэж надад хэлэхэд би Д дээр очоод энэ миний адуу байна, та яагаад хүнд зарсан юм бэ гэхэд миний тамгатай адуу байна гээд бид хоёр маргаад би цагдаад хандлаа гэхэд тэг тэг гэсний дагуу би цагдаад хандсан юм...Намайг 2018 оны 11 сарын 24-ний өдөр Хөхморьт суманд ирчихсэн байхад Д-ийн зээ Үйтүмэн ирээд Д ах үнэнээ хүлээсэн, Б-ын адууг андуураад И гэдэг хүнд өгсөн, одоо өөрийн чинь хохирол гомдлыг барагдуулна, чи манай ахтай уулзаач гээд бид хоёр Д-ийн гэрт очтол Д за миний буруу, чиний хүрэн зүсмийн адууг төлж өгнө. Чамайг хохиролгүй болгоно. Чи надад гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгөөч гэхээр нь би өргөдөл хийж өгсөн юм. Д гэдэг хүн надад андуурал гарсан гэж бичээрэй гэхээр нь бичиж өгсөн юм.." гэх мэдүүлэг/хх-ийн 15-16-рт/,

Иргэний нэхэмжлэгч Г.И-ийн мэдүүлэг "...би өөрийн найз Б-н хамтаар 2018 оны 10 сарын 10-наас 20-ны өдрүүдэд байх Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд хувиараа адуу худалдаж авч байсан юм. Тэгж байтал өөрийгөө тухайн сумын иргэн гэж танилцуулсан Д гэх хүн надтай ирж уулзаад надад 4 настай Р үсгэн тамгатай, зөв чих урдаасаа сэтэрхий имтэй хүрэн морь 450.000 төгрөгөөр зарсан юм. Тухайн морийг Д нь надад зарахдаа хажуудаа миний танихгүй 2 эрэгтэйгийн хамт ирж өгсөн юм...Д-аас худалдаж авсан адууг 2 хоногийн дараа би Хөхморьт суманд байж байтал тухайн сумын нэг эрэгтэй хүн ирээд X Д-ийн зарсан адууг үзээд надад "энэ адуу миний адуу байна, би адуугаа авлаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Х.Д-руу залгаад болсон явдлын талаар хэлэхэд "за за наад адуугаа наад хүнд нь өгөөд явуулчих, би оронд нь чамд өөр адуу өгье" гэж хэлсэн. Тэгээд би тэр адууны эзэн гэх хүнд Х.Д-с худалдаж авсан адуугаа өгөөд явуулсан. Тэгээд Д нь тухайн явдлаас хойш 3 хоногийн дараа зарсан адууныхаа оронд надад өөрийн адуунаас халтар зүсмийн азрага барьж өгсөн...." гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-рт/,

Гэрч Р.Т-н мэдүүлэг "...2018 оны 03 дугаар сарын дундуур би З.Болдбаатарт 3 адуу зарсан. ...Би Б-т гурвуулаа Р үсгэн тамгатай, бор хээр зүсмийн 15 настай адуу 1 ширхэг, хээр зүсмийн даага 1 ширхэг, хүрэн зүсмийн шүдлэн 1 ширхэг тус тус зарж байсан. Уг хүрэн зүсмийн шүдлэнг манай сумын Г гэх хүнээс 2016 оны 1 дүгээр сарын үед би 2 гүү, 2 унагатай нь авч байсан. Миний тамганы доод талд Г-ийн тамга байгаа...Миний Б-д зарсан 3 адууны нэг мөн байна...Надаас өөр Р үсгэн тамгатай хүн байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-рт/,

Гэрч Б.Э-ны мэдүүлэг "...И-ийн худалдаж авсан адуу нь баруун талын чих ухмал имтэй, Р үсгэн тамгатай, доор бас бүдэгхэн тамгатай хүрэн зүсмийн адуу байсан. И, Д гэх хүнээс 450.000 төгрөгөөр худалдаж авсан...Бид нарыг очиж үзэхэд сумын төвийн хамгийн хойт талын Ж гэх хүний хашаанаас худалдаж авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-рт/,

Гэрч Г.Д-ын мэдүүлэг "...би 2016 оны 01 сард Товуу гэх хүнд хээр гүү унагатай болон бор гүү унагатай нь 1.500.000 төгрөгөөр зарсан...Товуу ахад зарсан 2 гүү. 2 унага миний өөрийн эзэмшлийн адуунууд юм...би энэ адууг харлаа. Тамга бол манай тамга мөн байна. Манай тамга бол сэрээтэй дормон хөлтэй саран тамга дардаг..." гэх мэдүүлэг, /хх-ийн 26-рт/,

Гэрч Д.Б-ын мэдүүлэг "...2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөхморьт сумын төв дээр даш адуу зарсан.-.тухайн адуу барун талын чих нь ухмал имтэй, Р үсгэн тамгатай доор бас бүдэгхэн тамгатай, хүрэн зүсмийн адуу байсан...намайг гэрт байж байхад хашааны үүдэнд НПих маркийн автомашинтай ирээд адуу авч байгаа хүн байна уу? нэг адуу үзүүлэх гэсэн гэхээр нь дагаж очиж үзээд худалдаж авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-рт/,

Гэрч М.Т-ийн мэдүүлэг "...2015-2018 оны хооронд Х.Д-ын нэг хээр гүү байсан юм Бусдаар би Х.Д-н адууг хариулж байсан зүйл байхгүй. Харин тэр хээр гүүнээс төрсөн 2016 оны хүрэн зүсмийн даага 2016 оны намар сараа мэдэхгүй байна зөв гуян дээрээ саран дээр хас тамгатай даага алга болсон юм. Тэгээд Х.Д бид хоёр хайгаад олоогүй юм. ...Миний сая харсан зурган дээр хүрэн зүсмийн баруун чих нь ухна имтэй, зүүн талын гуян дээрээ Р үсгэн тамгатай, доод талд нь дормон хэлтэй ширээтэй саран тамгатай адуу байна. Тамга дээр давхар дарагдсан тамга байхгүй байна. Дормон хэлтэй ширээтэй саран тамга бол Ган-Эрдэнэ ахын тамга байна. Дээд талын тамга Товуу ахын тамга байна. ...Х.Д-ын адуу биш байна. Х.Д-н тамга саран дэвсгэртэй хас тамга байдаг..." гэх мэдүүлэг /35-Зб-рт/,

Гэрч Л.Г-ийн мэдүүлэг"...Би өөрийн хувийн эзэмшлийн адуунаас 2015 онд худалдаж 2016 оны 1 дүгээр сард манай хүү Д, Т гэх хүнд хүлээлгэж өгсөн...Миний зарсан адуунуудын хоёр унага нь зүүн талын гуяндаа дормон хэлтэй ширээтэй саран тамга дарсан. ...Надад харуулж байгаа адууны тамга нь бол манай тамга мөн байна. Манай тамга бол дормон хэлтэй ширээтэй саран тамга дардаг..." гэх мэдүүлэг/хх-ийн 37-рт /,

Гэрч Х.Ж-ын мэдүүлэг"...Хүрэн зүсмийн адуу манай адуутай цуг ирсэн байсан. Манай ах Х.Д 2016 онд алдсан хүрэн морь мөн байна гэсэн. Тухайн адууг Х.Д манай хашаанд ирсэн байхад авсан. Тухайн адуу манай бор зүсмийн морьтой хамт байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 42-рт/,

Гэрч Ө.Ш-ийн мэдүүлэг "...2018 оны намар Ж намайг адуунд явахдаа миний бор морийг туугаад ирээрэй гэсэн. Тэгээд би адуунд явж байхад Хөх жавз гэх газар морь нь байж байхаар нь Ж руу залгасан чииь эхнэр нь утсыг нь авсан. Тэгэхээр нь танай бор морь энд байна тууж очих уу гэхэд туугаад ир гэж хэлсэн. Тэгээд цуг байсан хүрэн зүсмийн адуутай нь тууж очсон...Р үсгэн тамгатай байсан..." гэх мэдүүлэг, /хх 170-рт/,

Гэрч Г.Д-ын дахин өгсөн мэдүүлэг "...Тухайн 2 хөндлөнгийн гэрчүүд үзлэг хийхэд оролцсон байсан..,тухайн үед Б өөрөө хамт байлцсан. Тэгээд тамга тэдгээрийг тодруулахын тулд Б нь өөрөө норгож усалж тамгыг тодруулж өгсөн...Хөндлөнгийн гэрч оролцуулсан болохоор дуу дүрсний бичлэг хийгдээгүй юм...Тухайн асуудал болж байхад л бүртгүүлсэн урд өмнө нь алдсан талаар бүртгүүлж байгаагүй. Би илтгэх хуудас бичихдээ тухайн үед бүртгүүлсэн талаараа бичсэн юм..." гэх мэдүүлэг, /хх-ийн 187-189-рт/,

Гэрч М.Т-н дахин өгсөн мэдүүлэг "...Уг хүрэн зүсмийн унагыг 2016 оны 09 сарын орчимд тамгалсан...уг адуунд махан тамга дарсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 190-рт/,

Гэрч М.Э-ийн мэдүүлэг "...Хөхморьт сумыи хойд мод тарьсан торон дотор адууг таньж олуулах ажиллагаа хийж байхад би байсан.-.хүрэн зүсмийн адуу байсан...таньж олуулах ажилланааны тэмдэглэлд зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна...." гэх мэдуүлэг, /хх-ийн 192-рт/,

Шүүгдэгч Х.Д-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг"...2016 оны 09 дүгээр сарын сүүлээр хүрэн хондон зүсмийн даага алдсан юм. Зөв гуян дээрээ ширээтэй хас тамгатай даага алдсан юм. 2018 оны 05 сард манай дүү Ж-ын адуунд хүрэн хондон зүсмийн үрээ ирээд нийлсэн байсан юм. Тэгээд 2018 оны 10 сарын 09-ний өдөр Увс аймгаас адуу аваад явж байгаа хүмүүс манай сум дээр ирж адуу авахаар нь би Ж-ын адууг сум дээр аваад ирсэн байхаар нь би хүрэн хондон зүсмийн үрээг бариад адуу авч байгаа И гэдэг залууд 450.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд 2018 оны 10 сарын 14-ний орчимд би хөдөө явчихсан байж байтал Ховд аймгийн Чандмань суманд явж байна гээд И над руу залгаад таны зарсан үрээг чинь Б гэдэг залуу аваад явлаа. Та надаа авсан мөнгөө хий гэхээр нь би И-ийн дансанд 450.000 төгрөгийг хийсэн юм. Миний үрээний чихэнд цуулбар байхгүй. Зөв гуян дээр ширээтэй хас тамгатай үрээ байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-рт/, Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 45-рт/, зэргийг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг шүүхээс дүгнээд шүүгдэгч Х.Д нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутагт иргэн Б-ын эзэмшлийн хүрэн зүсмийн буруу чих дээрээ гадна талаас ухам имтэй, зүүн хойд гуян дээрээ “Р” үсгэн тамгатай доороо шинжтэй саран дээр дормон тамгатай алдуул адууг бсудын эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад зарж 650.000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч З.Б-ын мэдүүлэг хх15-16-рт, иргэний нэхэмжлэгч Г.И-ийн мэдүүлэг хх19-20-рт, гэрч Р.Т-ийн мэдүүлэг хх22-24-рт, гэрч Б.Э-ны мэдүүлэг хх25-рт, гэрч Г.Д-ын мэдүүлэг хх26, 29-30-рт, гэрч З.Б-ийн мэдүүлэг хх34-рт, гэрч М.Т-ийн мэдүүлэг хх35-36-рт, гэрч Л.Г-ийн мэдүүлэг хх37-38-рт, гэрч З.Ё-ын мэдүүлэг хх43-рт, гэрч Ө.Ш-ийн мэдүүлэг хх170-рт, гэрч Г.Д-ын мэдүүлэг хх187-189-рт, гэрч М.Т-өөс дахин мэдүүлэг авсан мэдүүлэг хх190-рт, гэрч М.Э-ийн мэдүүлэг хх192-рт, Х.Д, Л.Г, Р.Т нарын тамганы гэрэл зургийн үзүүлэлт, болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн  тухайн гэмт хэргийг шүүгдэгч Х.Д үйлдсэн  гэм буруутай болох нь нотлогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Х.Д-ийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Х.Д-ийг алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас 650.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч Х.Д нь иргэний нэхэмжлэгч Идэрт зарсан адууны үнэ буюу 450.000 төгрөгийг буцааж өгсөн болох нь Х.Д-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 55-56-рт/, иргэний нэмхэмжлэгч Г.И-ийн мэдүүлэг /хх 20-рт/-ээр тогтоогдож байна. Хохирогч З.Б нь өөрийн адууг буцааж авсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Д-ийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Х.Д нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Х.Д нь ам бүл дөрвүүлээ амьдардаг. Энэ хүнд торгуулийн ял шийтгэл оногдулж өгнө үү” гэх саналын  хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хэрэг тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.1 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Х.Д-*ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА