| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 240/2017/0083/Э |
| Дугаар | 282 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 282
Ж.Б, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 353 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 918 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 558 дугаар тогтоолтой, Ж.Б-, Т.Б- нарт холбогдох 201724000294 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээ-Марал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй “***” кино театрт сантехникч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, С овогт Ж-ны Б,
2. Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээ-Марал суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Т-н Б.
1. Ж.Б- нь 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Био комбинатын замд *** УБА дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан "... механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.3-д заасан ...жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”... гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас бусдыг мөргөж, явган зорчигч Б.Х-н эрүүл мэндэд нь хүнд хохирол, Л.Г-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
2. Т.Б- нь дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, Т.Б-г мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар Ж.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 8 сар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-г 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
Ж.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Т.Б-д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Т.Б-г мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн ...” гэснийг “Т.Б-г мөрдөн шалгах ажиллагааны үед “... автомашиныг Ч.Лхамдорж жолоодож явсан ...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн ...” гэж, тогтоох хэсгийн 2, 6 дахь заалтуудад "... Т.Б-г 1 жилийн хугацаагаар эрх ...” гэснийг “... Т.Б-г нийгмийн ажилтнаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар...” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар Ж.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 8 сар хорих ялаар, ...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар Ж.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жил 8 сар хорих ялаар, ...” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээн шүүгдэгч Т.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Т.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалтыг нэмж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас шүүгдэгч Т.Б-д торгох ял оногдуулсан, уг ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон, торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдсэн 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар, хохирогч Л.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн” гэж дүгнэн 01 дүгээр дүгнэлт гаргажээ.
Монгол Улсын Их хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “шүүгдэгчийн ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулах тухай” холбогдох заалтуудад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ялыг хүндрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээгүй болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ...” шинэ нөхцөл илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болж байна.
Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулсан магадлалын заалтыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн. Дүгнэлтээ дэмжиж байна” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг бол хууль дээдлэх ёсны зарчим бөгөөд энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил хамаарна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль дээдлэх буюу тухайн ажиллагаа хууль ёсны байх зарчим нь хэрэглэгдэж буй хэм хэмжээ хуулийн хүчин төгөлдөр байхаас гадна Үндсэн хуульд нийцсэн байх агуулгыг илэрхийлдэг. Хэрэв шүүхийн хэрэглэсэн хуулийн тодорхой хэм хэмжээ Үндсэн хуулийн холбогдох заалт, түүний агуулга, үзэл санааг зөрчсөн болох нь тогтоогдвол уг хэм хэмжээнд тулгуурласан шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь хүчингүйд тооцох эрх зүйн хэм хэмжээний хүчин чадлын эрэмбэ, шатлалын суурь зарчим үйлчилдэг.
Давж заалдах болон хяналтын шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ доод шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн ял, хариуцлагыг хүндрүүлж болох эрх хэмжээг олгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хуульд нийцээгүй хэмээн Үндсэн Хуулийн Цэц шийдвэрлэснийг хууль тогтоогч хүлээн авч тухайн заалтуудыг хүчингүй болгосноор урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн хувьд өмнө дурдсан суурь зарчмыг хэрэгжүүлэх асуудлыг хянан үзвэл зохих нөхцөл, шаардлага үүсчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтыг хэрэглэх хязгаар нь тухайн үед хүчин төгөлдөр хуулийн үйлчлэлээр хязгаарлагдах зохицуулалттай тул материаллаг хуулийн хэм хэмжээний нэгэн адил буцаан хэрэглэгдэх ёстой эсэх асуудал нь тухайн хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын онцлогоос хамаарч өөр өөр байдлаар тайлбарлагдаж, хэрэглэгдэж болохыг эрх зүйн гүн ухаан, онолын хүрээнд хүлээн зөвшөөрдөг байна.
Тодруулбал, материаллаг болон процессын хэм хэмжээ өөр, өөр харилцааг зохицуулдаг, хоорондоо ялгаатай болох нь ойлгомжтой хэдий ч зарим тохиолдолд тэдний зохицуулалтын хил хязгаар давхцаж, холимог шинжийг агуулж байдаг. Түүнчлэн мөн чанарын хувьд процессын гэж ойлгогдож болох хэм хэмжээг материаллаг хуулийн хэм хэмжээ болгон тодорхойлдог, зарим үед эсрэгээр тодорхойлох тохиолдол гарч болох тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэдгээрийг харилцан уялдаатай байдлаар тайлбарлаж, хэрэглэх боломжтой байдаг.
Дээр дурдсан агуулгын үүднээс авч үзвэл материаллаг хууль нь гэм буруу болон ял шийтгэлийг хийсвэр түвшинд буюу “зарчмын хувьд” тодорхойлж байдаг бөгөөд харин процессын хэм хэмжээний тусламжтайгаар дээрх ойлголт нь тодорхой хүний хувьд бодит гэм буруу, бодит ял болж хэрэгжиж байдаг тул уг процессын зарим хэм хэмжээ нь дангаараа эрх зүйн шууд үр дагавар үүсгэдэггүй, гагцхүү эрүүгийн ял, хариуцлагын төрөл, хэмжээг тогтоох нөхцөл болдог, энэ нь эцсийн дүндээ тухайн хэм хэмжээний холимог шинж чанарыг илэрхийлж байна гэж дүгнэж болох юм.
Ийнхүү ойлгох аваас, Үндсэн Хууль зөрчсөн үндэслэлээр тодорхой процессын хэм хэмжээ хүчингүй болсонтой шууд холбоотойгоор эрүүгийн ял, хариуцлагыг хүндрүүлсэн дээд шатны шүүхийн шийдвэр нь эрх зүйн үр дагаврын хувьд хүний эрхийг дордуулсан, хууль ёсны байх зарчимд нийцээгүй шийдвэр болж хувирах тул үүнийг зөвтгөн өөрчлөх нь Үндсэн хууль төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн нийтлэг зарчмууд болох хуулиар тогтоогоогүй бол гэмт хэрэгт тооцохгүй байх “nullum crimen sine lege”, үүнтэй харилцан ижил агуулгаар илэрхийлдэг хуулиар тогтоогоогүй бол ял шийтгэлгүй байх "nullum poena sine lege", түүнчлэн хууль буцаан хэрэглэх “ex post facto” зэрэг зарчмуудын агуулга, үзэл санаанд нийцнэ.
Иймд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэлийн бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор, шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан ялыг давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр хүндрүүлж тогтоосон заалтуудыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, уг тогтоолоор шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан ялыг хүндрүүлж тогтоосон өөрчлөлтөнд хамаарч буй Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 918 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 558 дугаар тогтоолын холбогдох заалт, хэсгүүдийг тус тус хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН