Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 527

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: иргэн М.О******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал-д тус тус холбогдох.

Нэхэмжлэлийн шаардлага: ”Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/34 дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.О******* миний бие СХД-ийн 5-р хорооны Засаг даргаар 2012 оноос эхлэн ажиллаж байсан боловч СХД-ийн Засаг дарга М.Ч******* 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/21 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийг илт зөрчин намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн.

Уг захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн томилуулахаар 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлд хариуцагчийн өгсөн хариу тайлбартаа 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр танилцахад 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/33 дугаартай захирамжаар 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/21 захирамжийг хүчингүй болгосон байх боловч 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/34 дугаартай захирамжаар намайг дахин хууль бусаар огцруулсан байна.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хооронд өөрсдийн буруутай үйл ажиллагаагаа халхавчилж дүр үзүүлсэн байдлаар өмнөх хууль бус захирамжаа хүчингүй болгоод уг маргаантай асуудлаар дахин захирамж гаргаж байгаа нь илт хууль бус байна. Түүнчлэн СХД-ийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор СХД-ийн Засаг даргад ирүүлсэн санал нь мөн л хууль бус байна.

Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг хангаж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/34 дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах.” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “М.О******* нь тус дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа нийслэл дүүргээс зохион байгуулсан ажлын эсрэг үйл ажиллагааг байнга зохион байгуулж төрийн албаны хууль дүрмийг биелүүлээгүйгээс гадна удаа дараа ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа нь төрийн ажлыг үнэгүйдүүлж, гацаанд оруулсан, зөвхөн нэг намын төлөө үйлчлэгч болж, иргэдийг талцуулж ажиллаж байсан нь үүрэгт ажлаас чөлөөлөх шалтгаан болсон.

Гэвч дүүргийн Засаг даргын зүгээс М.О*******г ажлаас чөлөөлсөн тухай 2016 оны Б/21 дүгээр захирамжийг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүчингүйд тооцсон болно.

Хорооны Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хууль дүрмийн хүрээнд албан үүргээ гүйцэтгэдэг.

Албан ажлын өдөр тутмын үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын зүгээс удирдлага арга зүйгээр хангаж ажилладаг бөгөөд, ажлын үнэлэмж, хийж гүйцэтгэсэн ажлын тайланг иргэд дүгнэж үнэлэлт өгдөг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 ...Баг, хорооны Засаг даргын тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх...  заалтын дагуу 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр СХД-ийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал болж хурлаар хорооны Засаг дарга М.О*******гийн 2015 онд хийж гүйцэтгэсэн ажил, орон нутгийн хөгжлийн сангаар хийсэн ажлуудыг хэлэлцэж оролцсон иргэдийн саналыг авсан байдаг.

Иргэдээс авсан саналаар М.О*******гийн 2015 оны хийж гүйцэтгэсэн ажлыг хангалтгүй гэж дүгнэж, СХД-ийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас огцруулах тогтоолыг хүргүүлсэн албан бичгийн хүрээнд дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/34 дүгээр захирамжаар М.О*******г үүрэгт ажлаас нь огцруулсан болно” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Нарантунгалаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дүгээр зүйл 17.1.3, 17.1.4 заалтууд, иргэдийн түр зөвлөлийн шаардлагыг тус тус үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн гаргасан иргэдийн Нийтийн Хурал хуралдуулах тухай тогтоол 01-ийн дагуу, 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хуралдсан  иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас иргэдийн олонхоор Засаг дарга М.О*******г огцруулсан саналыг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Ч*******од хүргүүлсэн болно.”гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.О******* нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан  ”Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/34 дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргалаа.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М.О******* нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаар  2012 оноос томилогдон ажиллаж байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т “бүх шатны Засаг дарга”  хамаарна гэж заасны дагуу нэхэмжлэгч М.О*******гийн ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын албан тушаал нь “төрийн улс төрийн” ангилалд хамаарч байна.

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр өмнөх жилүүдэд хийсэн ажлын дүн, хөндлөнгийн хяналтын үнэлгээг танилцуулах, М.О*******гийн 2015 оны ажлын тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Улмаар тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоол гарч М.О*******гийн 2015 оны ажлын тайланг “хангалтгүй” гэж үнэлэн, Засаг даргын үүрэгт ажлаас нь огцруулах саналыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад уламжилахаар шийдвэрлэсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/34 дүгээр захирамжаараа М.О*******г үүрэг ажлаас нь огцруулсан байна.

Шүүхээс маргаан бүхий захиргааны актууд болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/34 дүгээр захирамж болон Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын  2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолыг дараах үндэслэлүүдээр хууль бус гэж дүгнэлээ. 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно” гэж заасны дагуу хорооны иргэдийн Нийтийн Хурлын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулахаар зохицуулсан байна. Гэтэл тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид хорооны Засаг даргын 2015 оны ажлын тайлан болон түүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх иргэдийн Нийтийн Хурлын ээлжит бус хурал хуралдуулах тогтоол гаргаагүй байна.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”  гэж заажээ. 

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд нийт 1770 өрх бүртгэлтэйгээс  85 иргэн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит бус хуралдаанд оролцсон гэх боловч эдгээр 85 иргэний хэд нь хорооны Засаг дарга М.О*******г огцруулах санал өгсөн нь хуралдааны тэмдэглэл дээр тэмдэглэгдээгүй байгаа нь хурал олонхийн саналаар асуудал шийдэгдсэн гэж үзэх боломжгүй тул хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Нарантунгалагийн үйлдсэн 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоол нь  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтын шаардлагыг хангаагүй байна.

3. 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын ээлжит бус хуралдаанаас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр өмнөх жилүүдэд хийсэн ажлын дүн, хөндлөнгийн хяналтын үнэлгээг иргэдэд тайлагнаагүй, М.О*******гийн 2015 оны ажлын тайланг “хангалтгүй” гэж үнэлжээ. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т ”Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж заасан хуулийн заалтыг зөрчиж нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь огцруулсан байна гэж шүүхээс үзлээ. 

 Учир нь, хуулийн дээрх заалт ёсоор хорооны Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь зохих байгууллагын дүгнэлтээр  нотлогдсон тохиолдолд огцруулах шийдвэр дүүргийн Засаг дарга гаргах үүрэгтэй. 

Түүнчлэн, М.О******* хорооны Засаг даргаар ажилласан 2015 оны үйл ажиллагааны тайлангаа тавиагүй байхад тайланг хэлэлцсэн мэт “хангалтгүй” гэж дүгнэсэн нь хууль бус юм.  

Төсвийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.3, 63.4 дэх хэсгүүдэд заасны дагуу хорооны Засаг дарга нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хороонд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаарх төсвийн төслийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх эрхтэй бөгөөд тухайн хороонд зарцуулах хөрөнгө мөнгийг хорооны Засаг дарга захиран зарцуулах эрхгүй бөгөөд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон ... төсвийн” ерөнхийлөн захирагч байна гэж заасны дагуу дүүргийн Засаг дарга дээрх захиран зарцуулах эрхийг эдэлдэг байна. Иймд “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр өмнөх жилүүдэд хийсэн ажлын дүн, хөндлөнгийн хяналтын үнэлгээг иргэдэд тайлагнаагүй” гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь бодит байдалд нийцэхгүй байна. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-т “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасны дагуу дүүргийн Засаг дарга хорооны иргэдийн Нийтийн Хурлаас хорооны Засаг даргыг огцруулахаар ирүүлсэн санал нь үндэслэлтэй эсэхийг шалгах үүрэгтэй юм. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/34 дүгээр захирамжыг гаргахдаа хууль бус, үндэслэлгүй гарсан хорооны иргэдийн Нийтийн Хурлын ээлжит бус хуралдааны тогтоолыг хүлээн авч маргаан бүхий акт гаргасан нь нэхэмжлэгч М.О*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17, 63 дугаар зүйлийн 63.1, 63.3, 63.4, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг тус тус баримтлан иргэн М.О*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/34 дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ТӨМӨРБАТ