Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0598

 

М.Одонхүүгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч М.Одонхүү, түүний өмгөөлөгч А.Түвшинтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дүгээр сарын 19-ний өдрийн 527 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Одонхүүгийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 527 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17, 63 дугаар зүйлийн 63.1, 63.3, 63.4, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг тус тус  баримтлан иргэн М.Одонхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/34 дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн 01 дүгээр тогтоолыг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хуралдан гаргасан. Гэтэл иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн гаргасан 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгох шүүх хуралд иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид бид оролцоогүй. Захиргааны хэргийн шүүх ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх үүрэгтэй гэсэн байхад шүүх хариуцагчаас ээлжит бус хуралдааныг хуралдуулахаар гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хүчин төгөлдөр 01 дүгээр тогтоолыг шаардан авч бүрдүүлээгүй байна. 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн иргэдийн Нийтийн ээлжит бус хуралд хорооны 85 иргэн 76 хувийн ирцтэй оролцсон, 65  иргэн буюу 76.5 хувиар Засаг дарга М.Одонхүүг “хангалтгүй” гэж дүгнэн огцруулах саналыг дэмжсэн. Гэхдээ тэмдэглэл дээр хэлбэржүүлэхдээ олонхи гэж хэлбэржсэн байна. Энэ хурлын тэмдэглэлийг хэлбэржүүлэх асуудал нь хувь тавих, олонхи гэж хэлбэржсэн нь тухайн 02 дугаар тогтоол  гарахад эрх зүйн чиглэлд нөлөөлөхгүй юм. Хорооны Засаг дарга М.Одонхүү нь 2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх жагсаалтанд /иргэдийн эрэмбэлсэн саналд тусгагдаагүй/ ажил болох сагсны шит, талбайг хорооны хашаанд 67 сая төгрөгөөр хийлгэсэн ба энэ сагсны шит нь ашиглагдахгүй байгаад иргэд бухимдалтай санал гомдол их ирүүлж байгаа тул Засаг даргын энэ ажлын талаар тайланг иргэд сонсохыг шаардсан. Иргэдийн Нийтийн ээлжит бус хуралдаанаас Засаг дарга М.Одонхүүгийн ажлын үр дүнг хэлэлцэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй “хангалтгүй” гэж дүгнэн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит бус хуралдааны 02 дугаар тогтоолыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хүргүүлсэн болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаан хянан шийдвэрлүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/34 дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

          Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны  05 дугаар сарын 03-ны өдрийн Б/34 дүгээр захирамжийн үндэслэл болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоол Монгол Улсын Захиргаа захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх  хэсэгт заасантай нийцээгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Тодруулбал,

Шүүх Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг хамтран хариуцагчаар татаж, хариу тайлбар болон нотлох баримт гаргах хугацаа тогтоон удаа дараа боломж олгон шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба хариуцагч нотлох баримтаа ирүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно”, 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасантай нийцэж байх тул Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын ээлжит бус хуралдааныг хуралдуулах тогтоол гаргаагүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх хуралд иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид бид оролцоогүй, иргэдийн Нийтийн Хурлын ээлжит бус хуралдааныг хуралдуулах тухай 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоол гаргасныг шүүх нотлох баримтаар шаардаж аваагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд тус хорооны 85 иргэн оролцсоноос хэд нь М.Одонхүүг огцруулах санал өгсөн болох нь хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй, хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэл ойлгомжгүй, төгсгөл хэсэг нь байхгүй байх тул Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэх шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Засаг дарга М.Одонхүүг 76.5 хувиар “хангалтгүй” гэж дүгнэн огцруулах саналыг дэмжсэнийг хурлын тэмдэглэл дээр олонхи гэж хэлбэржүүлэн, энэ нь тухайн 02 дугаар тогтоолын эрх зүйн чиглэлд нөлөөлөхгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.   

Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ээлжит бус хуралдаан зарласан шалтгаан нь М.Одонхүүг дүүргийн Засаг дарга ажлаас чөлөөлсөн талаар зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн иргэдийн маргаанаас үүдэж М.Одонхүүг ажлаа өгөхийг шаардсан хэсэг бүлэг иргэдийн ээлжит бус хуралдаан хуралдуулахыг шаардсан шаардлагад үндэслэсэн байх ба Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Одонхүүг ажлаас чөлөөлсөн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/21 дүгээр захирамжаа 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/33 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол  өөрөө, ...өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасныг баримтлан хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул ээлжит бус хуралдаан зарласан шалтгаан арилсан гэж үзнэ.

Гэтэл нэхэмжлэгч М.Одонхүүд хуралдааны товоо мэдэгдээгүй, тэрээр 2015 оны ажлын тайлангаа тавиагүй байхад түүний ажлын тайланг хэлэлцэж “Хангалтгүй” үнэлгээ өгсөн нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т “баг, хорооны Засаг даргын тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт дүгнэлт  өгөх” гэж заасныг зөрчжээ.

Дээр дурсанаар хуульд нийцээгүй Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоол, түүнд үндэслэн гарсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны  05 дугаар сарын 03-ны өдрийн Б/34 дүгээр захирамжийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                     ШҮҮГЧ                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН   

                                     ШҮҮГЧ                                                   Э.ХАЛИУНБАЯР  

                                     ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН