Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01033

 

“Баянгол мед” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03814 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1144 дүгээр магадлалтай,

“Баянгол мед” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ц.Мишка, П.Батбилэг нарт холбогдох

Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Мишка нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамжинд орших 010876 тоот гэрчилгээтэй, 18644312530054 нэгж талбарын дугаартай 450 м.кв талбай бүхий газар эзэмшдэг бөгөөд тухайн газар дээрээ барилга барих үүднээс П.Батбилэгтэй 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан. Ц.Мишка нь барилга барих хөрөнгөгүйн улмаас тухайн газар дээр барилга барих, баригдсан барилгыг хуваан өмчлөх, хуваан өмчилж байгаа хэмжээгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах талаар манай компанитай харилцан тохиролцож, эрх шилжүүлэх гэрээг 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Ц.Мишка, П.Батбилэг нар нь тэдгээрийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалж, оронд нь эрх шилжүүлэх гэрээний дагуу “Баянгол мед” ХХК, “Баянмонхор констракшн” ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээг 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу “Баянгол мед” ХХК болон “Баянмонхор констракшн” ХХК нар хөрөнгө оруулалт хийж, барилгыг барьж, зоорийн давхрыг тавь, тавин хувиар, 1, 2, 5, 6, 9, 10 дугаар давхрыг “Баянгол мед” ХХК, 3, 4, 7, 8, 11, 12 дугаар давхрыг “Баянмонхор констракшн” ХХК өмчлөхөөр тус тус харилцан тохиролцсон. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Баянгол мед” ХХК барилгын ажилтай холбоотойгоор 744 587 256 төгрөгийн хөрөнгө оруулсан. Гэтэл Ц.Мишка, П.Батбилэг нар нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Баянгол мед” ХХК-ийн өмчлөлийн 900 000 000 төгрөгийн үнэ бүхий дуусаагүй барилгын 900 м.кв талбай бүхий хэсгийг 80 000 000 төгрөгөөр худалдан авахаар орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус тусдаа өмчлөх эрхийг ноцтой зөрчөөд байна. Уг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу огт төлбөр хийгдэж байгаагүй. Иймд Ц.Мишка, П.Батбилэг нар нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийн тулд “Баянгол мед” ХХК-ийн өмчлөлийн 900 000 000 төгрөгийн үнэ бүхий дуусаагүй барилгын 900 м.кв талбай бүхий хэсгийг 80 000 000 төгрөгөөр худалдсан мэтээр хуурамч гэрээ байгуулсан нь бодитоор хийгдээгүй дүр үзүүлсэн гэрээ байх тул 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Батбилэг шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Мишка нь П.Батбилэгийг гэрээгээр халхавчилж залилан мэхэлсэн гэж анх Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гомдол гаргасны дагуу П.Батбилэгт холбогдуулж 201301023085 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ч Ц.Мишка нь өмгөөлөгчийн хамт Улсын ерөнхий прокурорт гаргасан гомдлыг үндэслэж, Улсын ерөнхий прокурорын орлогч прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №1/11 тоот хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай тогтоолоор эрүүгийн хэргийг сэргээж шалгасан. Уг хэрэгт Ц.Мишка нь хохирогчоор тогтоогдон, оролцож байгаад 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. “Баянгол мед” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ц.Мишка, П.Батбилэг нарын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044057 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн №000222502 тоот гэрчилгээ олгосныг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага бүхий захиргааны хэрэгт Ц.Мишка, П.Батбилэг нар гуравдагч этгээдээр татагдан оролцох явцад 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах иргэний хэрэг үүссэн үндэслэлээр захиргааны хэргийг түдгэлзүүлсэн. Ц.Мишка нь Ц.Батбилэгтэй анх ярилцаж, тохирсон бүх л зүйл, гэрээ, хэлцлээсээ буцаж, хуульд заасан байж болох бүхий л арга хэрэгслээр эрүү, иргэн, захиргааны журмаар өргөдөл, гомдол гаргаж, П.Батбилэг нь хохироосон мэтээр жүжиглэж байгаа үйлдлээс болж П.Батбилэг болон орон сууц захиалагчид, тухайн орон сууцыг барихад зориулж, барилгын бараа материал нийлүүлсэн бэлтгэн нийлүүлэгч нарыг давхар хохироож, энэхүү маргаан 3 жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Нэхэмжлэгч нь гэр бүлийн компани бөгөөд нэхэмжлэлд гарын үсэг зурсан компанийн гүйцэтгэх захирал С.Буянт нь хариуцагч гэж бичсэн Ц.Мишкагийн төрсөн охин. Ц.Мишка нь анх П.Батбилэгт барилга барих зөвшөөрөлтэй, хоосон газарт хөрөнгө оруулж, орон сууцны барилга барихыг санал болгосон, явцын дунд мөн Ц.Мишкагийн санал болгосноор “Баянгол мед” ХХК-ийг барилга барихад оролцуулсан. Гэтэл одоо бүгд нийлж, нэг бол хохирогч, нэг бол нэхэмжлэгч, гуравдагч этгээд, эцэст нь нэгийгээ хариуцагч болгож, шаардлага гаргаж байгаа нь үндэслэл муутай гэж үзэж байна. Бодитоор хийгдээгүй дүр үзүүлсэн гэрээ гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Орон сууц худалдах-худалдан авах гэрээг үндэслээд улсын бүртгэл хийгдээд, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцлоо гэхэд улсын бүртгэл өнөөдрийг хүртэл хугацаанд хүчинтэй байгаа. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Мишка шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Мишка би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13880/, Токиогийн гудамжинд орших, №010876 тоот гэрчилгээтэй, 18644312530054 нэгж талбарын дугаар бүхий 450 м.кв талбайтай газар эзэмшдэг бөгөөд тухайн газар дээрээ барилга барих үүднээс П.Батбилэгтэй 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан. Надад барилга барих хөрөнгө байхгүйн улмаас тухайн газар дээр барилга барих, баригдсан барилгыг хуваан өмчлөх, хуваан өмчилж байгаа хэмжээгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах талаар “Баянгол мед” ХХК-тай харилцан тохиролцож, эрх шилжүүлэх гэрээг 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу П.Батбилэгтэй байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалж, оронд нь эрх шилжүүлэх гэрээний дагуу “Баянгол мед” ХХК, “Баянмонхор констракшн” ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээг 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Гэрээний дагуу “Баянгол мед” ХХК болон “Баянмонхор констракшн” ХХК нар хөрөнгө оруулалт хийж, барилгыг барьж, зоорийн давхрыг тавь, тавин хувиар, 1, 2, 5, 6, 9, 10 дугаар давхрыг “Баянгол мед” ХХК, 3, 4, 7, 8, 11, 12 дугаар давхрыг “Баянмонхор констракшн” ХХК өмчлөхөөр тус тус харилцан тохиролцсон. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Баянгол мед” ХХК барилгын ажилтай холбоотойгоор 744 587 256 төгрөгийн хөрөнгө оруулсан нь үнэн болно. Миний бие П.Батбилэгтэй 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 900 000 000 төгрөгийн үнэ бүхий дуусаагүй барилгын 900 м.кв талбай бүхий хэсгийг 80 000 000 төгрөгөөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулж, тус тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан бөгөөд жинхэнэ өмчлөгч болох “Баянгол мед” ХХК болон “Баянмонхор констракшн” ХХК-д огт мэдэгдээгүй болно. 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгөө тусдаа салгаж бүртгүүлэхийн тулд хуурамчаар гэрээ хийсэн болж, нотариатаар батлуулан бүртгэлийн байгууллагад өгсөн бөгөөд гэрээний дагуу огт төлбөр хийгдээгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03814 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.8.-д заасныг баримтлан хариуцагч П.Батбилэг, Ц.Мишка нарт холбогдуулан гаргасан 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч “Баянгол мед” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1144 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03814 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хэлцлийг талууд ноцтой төөрөгдөн, хууран мэхэлж болон хүч хэрэглэж хийсэн” гэсэн үндэслэлүүдийг тодорхойлж, үүнийгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр яриагүй зүйлийг зохиож нэмж бичин түүндээ дүгнэлт хийгээд байгаа нь хууль ёсны үндэслэл бүхий байх зохицуулалтад нийцэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа тохиолдолд шүүх шаардлагыг тодруулах, холбогдох баримт шаардлагатай гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-т заасны дагуу шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломж байсан ч шүүх нэхэмжлэгчийн зөрчигдөж буй эрхийг нь хамгаалахгүй чирэгдүүлж, хохироосон шийдвэр гаргалаа. Учир нь хариуцагч нар нь 45 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгад өмчлөх эрхийн гэрчилгээ авсан хэдий ч хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нэхэмжлэгч компаниас санхүүжилт хийж хөрөнгө оруулан улмаар барилгын гүйцэтгэл нэмэгдэн Иргэний хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө нийлж холилдон нэхэмжлэгч хамтран өмчлөгч болсон хуулийн зохицуулалтыг хэрэглэсэнгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний 2.3-т заасны дагуу өмчлөхөөр тохиролцсон байхад хөрөнгө оруулалт хийгээгүй 2 иргэн нэг нь нөгөөдөө зарсан мэтээр хэлцэл хийсэн нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан. Мөн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагадаа гэрээний дагуу нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж дурдаад байхад гэрээг дүгнээгүй нь хэрэгт ач холбогдолтой баримтыг үнэлээгүй, шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн. Шийдвэр нь 2 өөр утга агуулгатай тул ойлгомжгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “П.Батбилэг нь хэлцлийн үндсэн дээр 900 м.кв талбай бүхий дуусаагүй орон сууцыг Ц.Мишкад шилжүүлснийг хөрөнгө оруулалтын гэрээний 2.3-т заасан “Баянгол мед” ХХК-ийн эзэмших 1, 2, 5, 6, 9, 10 дугаар давхруудыг худалдсан, мөн өмчлөх, эзэмших эрхийг зөрчсөн, гэрээг дүгнэх боломжгүй болгосон гэж үзэхээргүй байна” гэснээс үзэхэд хөрөнгө оруулалтын гэрээг дүгнээд байгаа юм шиг мөртлөө дараагийн өгүүлбэртээ “хэрэгт авагдсан хөрөнгө оруулалтын гэрээг дүгнээгүйг дурдах нь зүйтэй” гэж 2 өөр дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна. Хэрвээ шүүх хөрөнгө оруулалтын гэрээг дүгнэсэн бол П.Батбилэг, Ц.Мишка нарын хооронд байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тодорхой. Ц.Мишка, П.Батбилэг нар нь хөрөнгө оруулалт хийгээгүй байж мөн бусад компаниудын хөрөнгө холилдсон барилгыг нэг нь нөгөөдөө зарж худалдах эрхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу компаниудаас барилгад хөрөнгө оруулснаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамжинд орших талбайд баригдаж буй барилга нь “Баянгол мед” ХХК болон “Баянмонхор”ХХК-уудын хөрөнгө болсон. Компанийн хөрөнгийг захиран зарцуулах эрх Ц.Мишка болон П.Батбилэг нарын хэнд нь байхгүй байхад тус 2 иргэн нь Компанийн тухай хуулийг зөрчин дур мэдэн орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуучин төгөлдөр бус байх хэлцэл юм. Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр “Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбогдох бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид гэрээгээр тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Гэтэл 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь 80 000 000 төгрөгийг хүлээж аваагүй, худалдан авагч нь гэрээний дагуу бодиттойгоор хөрөнгө хүлээж аваагүйгээ хэн аль нь хүлээн зөвшөөрдөг. Нөгөөтэйгүүр компанийн хөрөнгө оруулалт хийгдсэн 900 м.кв талбай нь хэзээ ч 80 000 000 төгрөгөөр үнэлэгдэхээргүй хөрөнгө байсан нь тодорхой юм. Үүнээс дүгнэхэд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлэх хэлцэл гэж үзэхээр байна. Хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргасан 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ бол 2 иргэн дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, түүнийгээ барьцаанд тавьж зээл авах зорилгоор компанийн эрх ашгийг уландаа гишгэж хууль зөрчин, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4., 56.5., 56.6.-д заасан үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь хуулийн дагуу талууд шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх хуулийн зохицуулалт байдаг учир шаардлага гаргах боломжгүй. Нөгөө талаар хүчин төгөлдөр бус хэлцэлд заасан 80 000 000 төгрөгийг талууд өгөлцөж авалцаагүй учир буцаан шилжүүлэх зүйл байхгүй. Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн хавтас хэрэгт өгсөн хэрэгт ач холбогдол бүхий 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хөрөнгө оруулалтын гэрээг дүгнэж, нэхэмжлэгч компанийн хөрөнгө холилдож, гэрээний дагуу өмчлөх эрхтэй компанийн зөрчигдсөн эрхийг хамгаалан шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Баянгол мед” ХХК нь хариуцагч Ц.Мишка, П.Батбилэг нарт холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл  гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөрийнх нь зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж тодорхойлжээ. Нэхэмжлэлийн эдгээр үндэслэлээс үзвэл нхэхэмжлэлийн шаардлага нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах бус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох агуулгатай байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Баянгол мед” ХХК, “Баянмонхор констракшн” ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу талууд хөрөнгө оруулж 12 давхар барилга барих, гэрээнд заасан давхар бүхий барилгын хэсгийг талууд хувааж авахаар тохирсон байх ба Ц.Мишка, П.Батбилэг нарын нэр дээр 1 800 м.кв талбайтай 45 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг өмчлөх эрх бүртгэгдсэн байна. /хх-5, 6/ Үүний дараа буюу 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ц.Мишка болон П.Батбилэг нарын хооронд 900 м.кв талбайг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, дээрх гэрээний дагуу П.Батбилэгийн нэр дээр өмчлөх эрх шилжсэн үйл баримтыг зохигчид маргаагүй байна. /хх-4/,

Нэхэмжлэгчийн зүгээс худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэхдээ энэ хэлцлийн цаана барилга барих хамтран ажиллах гэрээ байгаа, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг салгаж тусад нь бүртгүүлэхийн тулд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, өөрөөсөө 744 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан, 900 000 000 төгрөгөөр үнэлэгдэх барилгын хэсгийг 80 000 000 төгрөгөөр худалдах үндэслэл байхгүй гэж тайлбарласан байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Баянгол мед” ХХК болон “Баянмонхор констракшн” ХХК-ийн хооронд хийгдсэн хамтран ажиллах гэрээнд тулгуурласан байна. Мөн хамтран ажиллах гэрээнээс үүдэж, нэхэмжлэгч нь уг гэрээний үр дүнд бий болох эд хөрөнгийг өмчлөх эрх бүхий этгээд байхад өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хэлцэл байгуулсан, худалдах-худалдан авах хэлцэл байгуулснаар түүний өмчлөх эрх зөрчигдсөн гэж сонирхогч этгээдийн хувьд нэхэмжлэл гаргасан агуулгатай байна.

“Баянгол мед” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэлбэрийн хувьд тодорхой боловч агуулгын хувьд өөр гэрээ буюу хамтран ажиллах гэрээнд тулгуурласан  байдалд  шүүх  дүгнэлт өгөөгүй, тодруулаагүй нь буруу болжээ.  

 Хариуцагч П.Батбилэг хариу тайлбартаа “Ц.Мишка нь анх ярилцаж тохирсон, хэлцлээсээ буцаж, эрүү, иргэн, захиргааны журмаар гомдол гаргаж, үүнээс болж орон сууц захиалагч, материал нийлүүлэгч нарыг давхар хохироож байна. Ц.Мишка нь анх барилга барих зөвшөөрөлтэй хоосон газар дээр хөрөнгө оруулж барилга барихыг санал болгосон, явцын дунд Ц.Мишкагийн санал болгосноор “Баянгол мед” ХХК-ийг оролцуулсан, тус компанийг үүсгэн байгуулагч нь Ц.Мишкагийн төрсөн охин С.Буянт бөгөөд гэр бүлийн компани,...” гэж, /хх-24/, шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Бидний хооронд хэд хэдэн хөрөнгө оруулалтын болон хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Бүх асуудлыг дан ганц цаасыг судалж шийдэх нь бодит байдалд нийцэхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Мишкагийн төрсөн охин, ашиг сонирхлын асуудал байна. Барилгын гүйцэтгэл 80 хувьтай байгаа, 20 хувиа 2 сарын хугацаанд барьж дуусна. Барилгын асуудлаа дуусгаад 50, 50 хувиар асуудлаа шийдэж болох уу гэж хэлсэн. Миний үйлчлүүлэгч энэ саналыг хүлээн авсан...” /хх-44-46/ гэсэн тайлбар гаргаснаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад заасан худалдах-худалдан авах хэлцлийн талаар бус хамтран ажиллах гэрээг үндэслэн маргасан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний талаар маргаж мэтгэлцсэн байхад үр дагавар нь худалдах-худалдан авах хэлцлийн хүчин төгөлдөр эсэхийг шийдвэрлэх үндэслэлгүй юм. Шүүх энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах  шаардлагатай байжээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсвэл зохих ёсоор биелүүлээгүй нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх бөгөөд шүүх Ц.Мишкаг хариуцагч мөн эсэх талаар дүгнээгүй нь буруу байна. Нэхэмжлэгч “Баянгол мед” ХХК-ийн нэхэмжлэл, хариуцагч Ц.Мишкагийн хариу тайлбараас үзэхэд хамтран ажиллах гэрээний дагуу барилгад 744 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан, 900 000 000 төгрөгийн үнэтэй барилгын хэсгийг  80 000 000 төгрөгөөр худалдах үндэслэлгүй, өмчлөх эрхийн гэрчилгээг салгаж бүртгүүлэхийн тулд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэсэн адил тайлбар, үндэслэл гаргаснаас үзэхэд нэг ашиг сонирхолтой, нэг этгээд гэж үзэж болохоор байна.

Иймд маргааны үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжгүй нөхцөлд эрх зүйн асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03814 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1144 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Баянгол мед” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 558 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР                                    

                                     ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА