Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/35

 

 

 

 

 

 

                                                     С.О, Ч.Б нарт

                                       холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                

Прокурор: Б.С /зайнаас цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ц /зайнаас цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.А,

Яллагдагч: С.О,

Яллагдагч С.Оын өмгөөлөгч: Т.Б, Э.Т, Э.Г /зайнаас цахимаар/,

Яллагдагч Ч.Бийн өмгөөлөгч: Э.Б /зайнаас цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/188 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Бгийн гомдлоор яллагдагч С.О, Ч.Б нарт холбогдох 2020001300103 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч: Монгол Улсын иргэн, С-ын О, 1989 оны 11 дүгээр сарын **-ний өдөр төрсөн, 33 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй, *** ресторанд тогооч ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, *** оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

 

Яллагдагч: Монгол Улсын иргэн, Ч-ын Б, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, 1984 оны 10 дугаар сарын **-ны өдөр төрсөн, 38 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, хүүхдүүдийн хамт, *** оршин суух, Улаанбаатар төмөр замын **** дэх техник үйлчилгээний газарт вагон үзэгч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч С.О нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны ** тоотод иргэн З.Быг зодож, амь биед нь хавсарсан хүнд гэмтэл, гавал тархины далд гэмтэл, цээжний хөндийн далд гэмтэл, их тархи болон бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралтууд, хуйх болон чамархайн булчин дахь цус хуралт, цээжний зүүн ард талд 9-р хавирганы нугалмын хажуугийн шугамаар зөрүүгүй хугарал, цээжний зүүн ар талд 10-р хавирганы нугалмын хажуугаар зөрүүгүй хугарал, цээжний баруун талд 11, 12-р хавирга, суганы арын шугамаар зөрүүгүй хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн ар доод дэлбэнгийн ар доод хэсэг дэх урагдсан шарх, цээжний зүүн тал дахь цус хуралт, хуйх болон чамархайн булчин дахь цус хуралт, дээд доод уруулын дотор талд язарсан шарх, нүүр, чих, хоёр гарын бугалга, шуу, цээжний урд тал, цээжний ар талаар олон тооны зулгаралтууд, цус хуралтууд бүхий олон тооны гэмтэл учруулж биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр бай, онц харгис хэрцгийгээр алсан,

 

яллагдагч Ч.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны ** тоотод иргэн З.Б-ыг С.О зодож байхад нь Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д заасан “Гэмт хэрэг зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй” гэж, мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх үүрэгтэй” гэж заасны дагуу тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх 1. ...хэрэгт гэрэл зургаар бэхжүүлэгдсэн сахиус мэт зүйл нь амь хохирогчийнх мөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс тодруулсан боловч тэрээр “...талийгаач ахынх мөн байж магадгүй, эргэлзэж байна, нарийн сайн харж байгаагүй” гэсэн мэдүүлгийг өгсөн /5хх 241, 6хх 155/ байгааг шүүхээс буцаасан ажиллагааг бүрэн хийсэн гэж үзэхгүй. 2. ...хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолоор “...шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн биед учирсан олон тооны гэмтэл нь шүүгдэгч С.Оын үйлдлийн улмаас үүсэх боломжтой эсэх, боломжтой бол хэрхэн яаж учруулсан, боломжгүй бол хэн, хэзээ учруулсныг тогтоох шаардлагатай” гэж үзсэн. Гэтэл энэ ажиллагааг шинжээчээс мэдүүлэг авснаас өөрөөр ажиллагаа хийгдээгүй байна. 3. ...яллах дүгнэлтдээ яллагдагч С.Оыг иргэн С.Быг зодож, ...олон тооны гэмтэл учруулж... алсан гэж дүгнэжээ. Гэтэл яллагдагч, амь хохирогчийг хаана нь яаж зодсоны улмаас олон тооны гэмтэл авч амь хохирсныг яллах дүгнэлтээр тогтоогоогүй байна. 4. ...яллагдагч С.О мөрдөн шалгах ажиллагаанд “гэрч М-ын мэдүүлэгт дурдсан “пороро” хүүхэлдэйн кино 2022.11.24-ний аль телевизийн сувгаар хэдэн цагт хөтөлбөрийн дагуу гарсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан /6хх 161, 162/, түүний хариуг ирээгүй гэсэн тэмдэглэл бичсэн нь ойлгомжгүй байна гэсэн үндэслэлээр яллагдагч С.О, Ч.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,

 

хэргийг прокурорт очтол яллагдагч С.От авсан барьцаа авах, яллагдагч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2, 3, 7, 8, 16 гэж дугаарласан хөлийн улны мөр /2хх 34-36/, ерөөл архины шил 1 ширхэг, үүдний хэсэгт байсан ерөөл архины шил 1 ширхэг, хүрэн өнгийн хэтэвч 1 ширхэг, шилэн сэнжтэй аяга 1 ширхэг, хар ногоон өнгийн лааз дотор нь байсан хагархай шилнүүд, Lexus гэсэн бичигтэй хар өнгийн хэтэвч 1 ширхэг, архины шилний хүзүү хэсэг 1 ширхэг, хогийн саванд байсан олон тооны шилний хагархайнууд, хараа архины шил 1 ширхэг, алтан түрүү архины шил 1 ширхэг, экс архины шил 1 ширхэг, пепси ундааны сав 1 ширхэг, сэрээ 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, Urbanik гэсэн бичигтэй “Личо”-ны ногооны шилний гадаргуугаас авсан гарын мөр 1 ширхэг /1, 2 дугаараар 1хх 171/, гал тогооны ширээн зээр байсан стаканы гадаргуугаас гарын мөр 2 ширхэг /3, 4 дугаараар 1хх 171/, Urbanik гэсэн бичигтэй өргөст хэмхний шилний гадаргуугаас гарын мөр 3 ширхэг 75, 6, 7 дугаараар /1хх 171/, кетчупний савны гадаргуугаас гарын мөр 3 ширхэг 8, 9, 10 дугаараар /хх 172/, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн фудволк 1 ширхэг, Esse /10 ширхэг/, LD /2 ширхэг/ тамхины иш 12 ширхэг, саарал өнгийн кейфгэн малгай 1 ширхэг, ногоон өнгийн жаазтай зураг 1 ширхэг болон авсан арчдас 1 ширхэг, саарал өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, улаан хүрэн өнгийн хивс 1 ширхэг, ногоон өнгийн дэвсгэр 1 ширхэг, ягаан өнгийн хөнжил 1 ширхэг, саарал өнгийн буйдангийн бүтээлэг 1 ширхэг, дэрний уут 3 ширхэг, цэнхэр өнгийн фудволк 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд зүүн талын халаасны доод хэсэгт зураасан лого бүхий дүрслэлтэй, зүүн талын өвдөг хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон өмд 1 ширхэг, хар хөх өнгийн эрэгтэй загварын дотоож 1 ширхэг, малгайтай хар өнгийн өвлийн хүрэм, юүдэнтэй холбоотой халаастай хар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн фудволк 1 ширхэг, хар болон саарал өнгийн биеийн тамирын өмд 2 ширхэг, цагаан цэнхэр өнгийн оймс 1 ширхэг, босоо захтай саарал өнгийн өвлийн куртик 1 ширхэг, улаан шаргал өнгийн Lostdoit гэсэн бичиглэлтэй цамц 1 ширхэг, хар өнгийн фудволк 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, саарал өнгийн пүүзэн гутал 1 хос, цагаан өнгийн хос оймс, хар өнгийн дотоож 1 ширхэг, юүдэнтэй хар өнгийн куртик 1 ширхэг, юүдэнтэй урдаа холбоо халаастай улаан өнгийн цамц 1 ширхэг, ногоон эрээн десант өмд 1 ширхэг, Calven clein гэсэн бичигтэй дотоож 1 ширхэг, урт түрийтэй буриад гутал 1 хос, өсгий хуруу хэсгийн хар өнгийн оруулгатай цагаан өнгийн оймс 1 хос, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, улаан өнгийн сахиус 1 ширхэг болон камерын бичлэгт үзлэг хийхдээ бэхжүүлж авсан 7 ширхэг СД зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлж,

 

Шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Б давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...1. 2022.08.01-ний өдрийн 35а дугаартай яллах дүгнэлтийн хавсралтын 6 дахь заалтын төгсгөлд “...улаан өнгийн сахиус мэт зүйлийг хэргийн хамт Сум дундын шүүхэд хүргүүлэв” гэж тусгай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сахиус мэт зүйлийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн нь тогтоогдож байна. Уг сахиустай холбогдуулан чухам ямар ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж байгаа нь тодорхойгүй байна. ...Хэрэв хохирогчийн ээжид тус сахиус мэт зүйлийг үзүүлж заавал мэдүүлэг авах шаардлагатай бол амь хохирогчийн ээж Ц.Насанцэцэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулан мэдүүлэг авч болох шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.

2. ...Хохирогчид учирсан гэмтлүүдийг тус бүрд нь нэг бүрчлэн хэрхэн, яаж учруулсныг тогтоохыг мөрдөгч болон прокурорын байгууллагад үүрэг болгож, хийж гүйцэтгэх боломжгүй зүйлийг шүүх тогтоолоор шаардсан нь үндэслэлгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтыг нэгтгэн дүгнэж харвал уг гэмтлүүдийг хэн, хэзээ учруулсан нь тогтоогдсон гэж хохирогчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. ...Хохирогчид учирсан гэмтлүүдийг хэн, хэрхэн учруулсан талаар дахин нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй, энэ талаар шүүгчийн захирамжид тусгагдсан дүгнэлт үндэслэлгүй байна.

...Анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-д заасан “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргах”-ыг хориглох гэдэг заалтын буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, шүүгчийн захирамжийн үндэслэлд шинжээчийн мэдүүлэгт Асуулт: “Ч.Бийн мэдүүлснээр шүүгдэгч С.О нь З.Быг баруун гараараа толгойн тус газарт нь нэг удаа, дээрээс нь дэвссэн гэж мэдүүлдэг энэ хүчин зүйлийн үйлчлэлээр амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд үүсэх боломжтой юу?” гэх асуултыг асууж, шинжээчээс “Ч.Бийн мэдүүлснээр шүүгдэгч С.О нь З.Быг баруун гараараа толгойн тус газарт нь нэг удаа, дээрээс нь дэвссэн гэж мэдүүлдэг энэ хүчин зүйлийн үйлчлэлээр амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд үүсэх боломжтой. Мөн үүнээс гадна гараар цохих, өшиглөх, дэвсэх, хатуу зүйл дээр унах, өвдөглөх, зууралдах, барьцалдах, ноцолдох зэрэг олон удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэх хариултыг өгсөн байна. /5хх 250/

Дээрх мэдүүлэгт тусгагдсан асуулт болон хариултаас үзэхэд шинжээч яллагдагчийн мэдүүлгийг үндэслэж асуултад хариулаагүй байна. Харин нэг нь нөгөөгөө цохисон тохиолдолд уг гэмтэл үүсэх боломжтой эсэх талаар буюу гэмтэл учрах хүчин зүйлийн талаар мэдүүлсэн байна. Шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэгт уг гэмтлүүдийг С.О цохиж учруулсан гэх агуулга огт байхгүй бөгөөд харин С.Оын цохих хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой талаар мэдүүлсэн байх тул шинжээч мэдүүлэг өгөхдөө Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-г зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл, яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг тусгахаар хуульчилсан байдаг. Анхан шатны шүүх “амь хохирогчийг хаана нь яаж зодсоны улмаас олон тооны гэмтэл авч амь хохирсныг яллах дүгнэлтээр тогтоогоогүй байна” гэж дүгнэж хуульд заагаагүй нэмэлт шаардлагыг яллах дүгнэлтэд тусгах ёстой мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид учирсан гэмтэл тус бүрийг яаж зодсоны улмаас гэдгийг тогтоох боломжгүй юм.

4. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэргийн талаар нотолбол зохих байдлыг заасан, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “пороро” нэртэй хүүхэлдэйн кино хэдэн цагт гарсан гэдэг нь хэргийн нотолбол зохих байдалд хамаарах, нотолгооны ач холбогдолтой зүйл огт биш юм. ...Гэрч П.Бын мэдүүлэгт тэрээр өмнө нь зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлгийн зөрүүгээ арилгасан, хүүхэлдэйн кино хэдэн цагт гарсан, ямар дуу чимээ хэр хугацаанд сонсогдсон талаар тодорхой мэдүүлсэн байхад тус өдөр уг хүүхэлдэйн кино хэдэн цагт гарсан гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагагүй, энэ нь нотолгооны ач холбогдолтой баримт биш учир энэ асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/188 дугаартай захирамжид тусгагдсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлүүд нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт ач холбогдолгүй, мөн зарим ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой, мөн зарим нь нэгэнт хийгдсэн биелэгдсэн ажиллагаанууд байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Б өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэл тус бүрээр нь дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж тусгасан. Гэтэл анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хэргийг удаа дараа прокурорт шилжүүлж байгаа нь энэ зорилтод нийцсэн ажиллагаа явагдахгүй байна гэж үзэж байна. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон. Хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн шүүх хуралдааныг хийх бүрэн боломжтой нөхцөл байдал харагддаг. Гэтэл анхан шатны шүүхээс биелэгдэх боломжгүй ажиллагаануудыг зааж тусгаж прокурорт буцаадаг. Мөн нотолгооны ач холбогдолгүй ажиллагаануудыг хийхийг шаардаж буцаадаг. Тодруулбал, шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал ярьдаг. Амь хохирогч Бы биед маш олон тооны шарх гэмтлүүд учирсан. Эдгээрийг тус бүрд нь, тухайлбал хавирга хугарсан, зулгарсан гэмтэл нь яг хэнийх нь, ямар үйлдлийн улмаас учирсан гэдгийг тогтоолгохоор шаарддаг. Энэ бол хэзээ ч биелэгдэх боломжгүй ажиллагаа. Дээрээс нь энэ сахиус байснаараа хэрэгт нотолгооны ямар ач холбогдолтой вэ? Ямар ч шаардлагагүй ажиллагаа хийлгэхээр удаа дараа буцааж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаан удаашралтай байна. Бусад шүүх хуралдааныг харахад хүнийг онц харгис хэрцгийгээр алсан хүмүүсийг цагдан хорьж байгаад шүүх хуралдаанд нь оролцуулдаг юм байна лээ. Үүн дээр дүгнэлт хийж өгөөрэй гэж хүсэж байна. Өмгөөлөгч нарынхаа хэлж байгаа зүйлтэй санал нэг байна.” гэв.

 

 Яллагдагч С.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Тэр сахиус минийх юм уу, Бийнх юм уу, С-ынх юмуу, М-ынх юм уу, хэнийх ч байж болно. Эсвэл амь хохирогчийнх ч байж болно. Тэрийг ерөөсөө тогтоогоогүй. Ямар нэгэн байдлаар зууралдаж байж энэ сахиус тасарч унана. Тийм учраас аль нэгнийх нь юм уу эсвэл амь хохирогчийнх юм уу гэдгийг яг бүрэн ДНК-аар ч юм уу тогтоосон юм байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “байж магадгүй, ээжээс асууя” гэсэн бүрхэг юм ярьдаг. Энийг бол анхан шатны шүүх яг тогтоо гэсэн. Ямар нэгэн байдлаар зууралдсанаас болж тэр сахиус унах учраас хэрэг эргэх боломжтой гэж үзэж байгаа.

2. Олон тооны гэмтлийн тухайд Б “намайг унтаад босоод ирэхэд нэг цохиод, нэг дэвссэн” гэж мэдүүлсэн. Яг гэрийнх нь орц руу харсан “Баян түшлэг” гэдэг дэлгүүрийн камерын бичлэг байгаа. Бийн өөрийнх нь мэдүүлж байгаагаар “Би ороод унтаад тасраад сэрсэн чинь О улангасан зодоод байхаар нь би хориод тэндээс аваад явсан” гэдэг. Тэр бол худлаа мэдүүлэг гэж үзэж байна. Камерын бичлэгтэй харьцуулаад үзэх юм бол 8 минутын дотор л болсон явдал байгаа. Б орж байгаа, намайг буцаагаад аваад гарч байгаа. Тэгэхээр 8 минутын дотор Б ороод тасарч унаад, сэрээд, би тэр хооронд амь хохирогчид 22 тооны гэмтэл учруулсан болж таарч байгаа юм. Бийн мэдүүлгээр тэгж улангасаад зодоод байсан хүн нь коридорт хүлээгээд зогсож байсан гэж байгаа. Амь хохирогч “Миний нүүр цус болчихлоо, подволк норгоод өг” гэсэн. Тэгэхээр нь нүүр амыг нь арчиж өгөөд, ус уулгаад байж байхад нь тэр хүнийг алчихъя гээд уурлаад улангасаад зодоод байсан О би бүр тайвширчихсан коридорт хүлээгээд зогсож байсан гэсэн. ... 22 тооны гэмтлийг хэдийд нь яаж учруулсан юм гэдэг нь эргэлзээтэй, тогтоогдоогүй учраас үүнийг тогтоох нь зүйтэй гэж үзсэн. ...17:00-17:30-ын хооронд пороро хүүхэлдэйн кино гарч байхад хүмүүс маргалдаад байсан гэж байгаа. Үнэхээр тэгсэн бол тэнд 5 хүн байсан. Амь хохирогчоос гадна 4 хүн байсан. Б, О, амь хохирогч, С, М. Тэгээд М, С 2 нь “бид нар юу ч мэдэхгүй, ерөөсөө зодоон цохион болоогүй” гэж мэдүүлээд байдаг. Тэр хоёроос гэрчийн мэдүүлэг аваад л явуулчихсан. 19 цаг хүртэл хамт байсан хүмүүс. Тэгэхээр амь хохирогчийн амь хохирсон цаг нь 15-19 цагийн хооронд гэж тогтоогддог. Хэрэв тэнд зодоон болсон бол С, М гэсэн гэрчүүд бүгд мэдэж байх ёстой. Тэрнээс хойш ямар ч дуу чимээ гараагүй гэж гэрч Б мэдүүлдэг. 17:00-17:30 цагийн хооронд камерын бичлэг дээр бас гэрэл унтарч байгаа. Орцны гэрэл унтраад, бас тэр айлын гэрэл унтардаг. Тэгээд С 19 цагийн үед хувцсаа янзлаад яаруу сандруу гараад явж байгаа бичлэг байдаг. Энийг ач холбогдол өгч шалгадаггүй. Бын мэдүүлэг бол холбоогүй, тогтоогдсон гэх зүйл ярьдаг. 17:00-17:30 цагийн хооронд пороро хүүхэлдэйн кино гарч байсан үнэн гэж тогтоогдох юм бол тэр үед хүмүүс маргалдах дуу чимээ гарсан гэж байгаа учраас зодоон болсон байх магадлал өндөр байгаа. Тэгэх юм бол тэнд Б, амь хохирогч бид 3 биш, С, М гэсэн 5 хүн байсан. Тэгвэл энэ хэрэг бүрэн эргэх боломжтой гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэн дахин мөрдөн байцаалтад буцааж, прокурорын зүгээс мөрдөн байцаалтын ажиллагааг нягт нямбай хийж өгнө үү.” гэв.

 

Яллагдагч С.Оын өмгөөлөгч Т.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... 1. Анхан шатны шүүх хуралдаан дээр хэд хэдэн асуудал хөндөгдөж яригдаад бүрэн дүүрэн нотлогдоогүй байгаа тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гээд удаа дараа буцсан. Хэрэг буцахдаа сахиусны асуудал яригддаг. Прокурорын зүгээс сахиусыг шүүхэд хүргүүлсэн, хүргүүлээгүй, алга болсон, алга болоогүй гэсэн асуудал яригдаад, сүүлдээ нөгөө сахиус нь солигдсон. Хэрэгт гэрэл зургаар авагдсан сахиус, одоо хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сахиус зөрүүтэй зүйл гардаг. Хэрэв сахиус алга болсон бол хэний буруутай үйл ажиллагаанаас болж, яагаад алга болсон гэдгийг зайлшгүй тогтоох шаардлагатай. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хураагдсан л бол энэ хэргийг шийдвэрлэж дуусан дуустал хэрэгтэйгээ хамт явж байх ёстой. Дундаас нь алга болсон, шүүхэд шилжүүлсэн, шилжүүлээгүй гэсэн ийм асуудал хэзээ ч байж болохгүй.

2. Пороро гэдэг хүүхэлдэй гарч байхад тухайн асуудал болсон гэж гэрч Б мэдүүлдэг. Пороро гэдэг хүүхэлдэйн кино хэзээ гарч байсан талаар Dream box телевизээс тодруулахад хариу өгөөгүй гэсэн мөрдөгчийн тэмдэглэл нь тухайн телевиз рүү явуулсан албан бичгээсээ өмнө гарсан байдаг. Цаг хугацааны хувьд зөрүүтэй.

3. Сиди бичлэгт үзлэг хийхэд талийгаачийн орцны гэрэл унтарч асаж байгаа нь камерын бичлэгт тодорхой харагддаг. 10 гаруй удаа асаж унтардаг. Гэтэл сүүлд нь мөрдөгч үзлэг хийхэд 4 болчдог. Тэр гэрэл нь хүний хөдөлгөөн болон чичиргээ мэдэрч асдаг. Өөрөөр хэлбэл орцны хаалга онгойхоор асдаг. Өмнө нь гэм буруугийн шүүх хуралдаанаас буцаасан шүүхийн тогтоолын биелэлт хангагдаагүй гэдэг үндэслэлээр буцаасан. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар тэдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой учир хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгөөч гэдэг асуудал ярьдаг. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нь бүрэн дүүрэн шалгаж тогтоосны эцэст ял халдаах эсэхээ шүүх шийдэх учраас одоогоор бол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж анхан шатны шүүх удаа дараа үзээд байгаа. Гэтэл прокурорын хувьд ёс төдий ажиллагаа хийгээд шүүхэд шилжүүлдэг. Шүүх нь энэ чинь буруу байна гээд дахиад буцаадаг. Тийм учраас давж заалдах шатны шүүхээр нэг удаа хэлэлцэгдэж байгаад би их олзуурхаж байна. Анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/188 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Үүн дээр нэмээд 1 зүйл хэлэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах хүсэлтийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргаж байна. От 4 сар гаруй хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсны дараа 11 дүгээр сард барьцаа авах байдлаар гаргасан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл О барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээ 1 ч удаа зөрчөөгүй. Шүүх, цагдаа, прокурорын дуудсан цагт байнга очиж байгаа. Тиймээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх нь үндэслэлгүй. Таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Яллагдагч С.Оын өмгөөлөгч Э.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Энэ хэрэг дээр мөрдөн байцаалтын ажиллагаа хангалтгүй байгаа. Яг л нэг үндэслэлээр прокуророос буцдаг. Шүүгчийн захирамж болон прокурорын тогтоолд заагдсан ажиллагаа хийгдээгүй. Энэ асуудал нь учир дутагдалтай. Шүүхээс хэргийг буцаахдаа заасан заалтуудаас сахиусны асуудлыг шийдвэрлэхгүй бол болохгүй. Нэг бол алга болчихдог, нэг бол утас болоод ирдэг, эсвэл давхар юмтай болоод ирдэг. Сахиусыг ач холбогдолгүй гэж дүгнэж болохгүй. Энэ маш ач холбогдолтой учраас сахиусны асуудлыг сайн тодруулах шаардлагатай. Хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулсан гэдэг асуудал яригдаж байгаа. Буянжаргалын мэдүүлгээр бол О нь амь хохирогчийн зөвхөн толгой болон нүүр хэсэг рүү өшиглөсөн гэж ярьдаг. Гэтэл мөр болон толгой хэсэг рүү өшиглөхөд тийм олон тооны гэмтэл учруулах юм уу. Хэрэв учруулах юм бол ямар хүчин зүйлийн үйлчлэлээр яаж учруулж байгаа юм гэдгийг тогтоох ёстой. Хүүхэлдэйн кино гарсан цаг хугацаа ач холбогдолтой. Хохирогч талын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Тиймээс энэ мэдүүлгийн зөрүүг арилгахын тулд хүүхэлдэйн кино гарсан цагийг тогтоох шаардлагатай. Ингэснээр тухайн гэмтэл учирсан цаг хугацааг тогтоох боломжтой гэж үзэж байна. Гэвч мөрдөгч үүн дээр хариуцлагагүй хандсан асуудал бол байдаг. Телевизэд явуулсан албан тоотоосоо өмнөх огноотой тэмдэглэлийг бичиж хэрэгт хавсаргасан байдаг. Тиймээс тухайн ажиллагааг явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн 188 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Яллагдагч С.Оын өмгөөлөгч Э.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...1. Анхан шатны шүүхийн 188 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Сахиусны асуудал яригддаг. Дан ганц эд мөрийн баримт талаасаа зөрүүтэй гэсэн утгаараа биш, харин сахиусыг тасалж гэмтээсэн юм бол ямар нөхцөл байдалд хэн тасалсан бэ? Хохирогчтой харьцсан хүн буюу нотлогдвол зохих байдал болох гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох асуудалтай тодорхой хэмжээнд хамааралтай байж болзошгүй тул нягталж шалга гэсэн санаагаар сахиусны асуудал хөндөгдөж яригддаг.

2. Хохирогчид учирсан гэмтлүүдийг нарийвчлан тогтоох, хэн учруулсныг тогтоох гэсэн асуудал яригддаг. Энэ бол нотолбол зохих асуудлын 1 хэсэг мөн. Тэдгээр нь гэрчүүдийн мэдүүлгээр давхар тогтоогдож байгаа юм уу. Шинжээчийн дүгнэлтээс дан ганц протокол уншихаас гадна хавсаргасан фото зургуудыг үзэх хэрэгтэй. Өвөрмөц шинж чанартай, тал саран буюу нум хэлбэрийн ангайсан дугариг хэлбэртэй, ирмэгтэй зүйлээр цохиход үүссэн байж болохоор ул мөрийг хадгалсан шарх чихнийх нь ард байгаа. Энэ гэмтэл нь Оыг буруутай гэж үзээд байгаа гэрчийн мэдүүлэг дээр энэ талаар огт тусгагдаагүй. Үнэхээр хараад гэрчилж байгаа бол юугаар цохисон гэдгийг нь хэлэх боломжтой. Энэ гэмтэл шархыг хэн учруулсан нь тодорхойгүй болчихоод байгаа юм. Үүнийг нарийвчлан шалгах шаардлагатай. Шинжээч мэдүүлэг өгөхдөө тодорхой багаж хэрэгслийн асуудлыг бичиж чадаагүй. Зүгээр л ерөнхий хатуу, мохоо гээд явчихдаг. Нарийвчлан ялгах боломжгүй гэмтлүүд байдаг. Жишээлбэл зулгаралт, цус хуралтыг яг тийм зүйлээс болж учирсан гэхэд хэцүү. Энэ шархны хувьд тухайн үүсгэсэн зүйлийнхээ шинж чанарыг хадгалж үлддэг онцлогтой. Тэгэхээр шархнаасаа хөөгөөд багаж хэрэгслийнхээ хэлбэр хэмжээг нь тогтоох, эд мөрийн баримтаар хураагдсан болон хэргийн газрын үзлэгээр илэрсэн нөхцөл байдалтай уялдуулж шалгах ажиллагааг дутуу хийсэн. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад зууван дугуй хэлбэртэй, хундага маягийн эд зүйлийн ирмэг нь эвдэрч гэмтсэн нөхцөл байдал байсан. Гараар биш зүйлээр цохисон шинжтэй. Гэтэл үүнийг урьд нь гарсан шүүхийн шийдвэрүүдээр нарийвчлан шалга гээд байхад шалгахгүй, тогтоох ажиллагаа хийхгүй байснаас болоод шинжээчид асуулт тавихдаа тодорхой гэм буруутай этгээдийн үйлдлийн үед үүссэн гэж шууд нэр зааж асуусан. Мөрдөгч шинжээчээс асуулт асуухдаа гэрчийн мэдүүлэг дээр үндэслэсэн. Энэ бол болно. Гэтэл шинжээч хариулахдаа бүр нэр заасан. Тийм үйлдлээр үүсэж болно гэх маягаар хариулсан. Тэгэхээр энэ бол эрх хэмжээний хувьд зөрчилдөөнтэй. Тогтоох ёсгүй асуудлын талаар шинжээч мөрдөгчийн үйлдлийг хялбарчлах маягаар мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэг нь өөрөө яллах талын нотлох баримт болж яллах дүгнэлтэд бичигдсэн. Тэгэхээр энэ бол шүүхийн шийдвэрт нөлөөлж болох сөрөг нөлөөллийн нотлох баримт байгаа. Энэ бүх ажиллагааг нэг мөр шалгаж тогтоо гэсэн үүднээс хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Ковидын нөхцөл байдал, оролцогчдын санал хүсэлт гэх мэт олон зүйлээс шалтгаалж хэрэг удааширсан. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийн нотолбол зохих асуудлуудыг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх зарчмын үүднээс хандах ёстой гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг дэмжиж, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

Яллагдагч Ч.Бийн өмгөөлөгч Э.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Бийг тухайн хэрэг дээр захиргааны байгууллагад хандаагүй гэдгээр яллах дүгнэлт үйлдэж оруулсан байсан. Хохирогч талын гаргаж байгаа гомдол нь Бийн үйлдэлтэй хамааралгүй тул ярих зүйл алга. Нэгэнт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гомдол гаргаж давж заалдах шатны шүүх хуралдаанаар орж байгаа тул хэрхэн хэлэлцэгдэх нь вэ гэдэг үүднээс оролцож байна. Тодорхой хэлэх санал бол алга. Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээд хэрэг буцсанаас хойш орцны гэрэл асаж унтарч байгаа байдалд үзлэг хийсэн. Миний бие тэр үзлэгт хамт оролцсон. Сахиусны талаар хохирогчийн ээжээс нь асуусан мэдүүлэг байдаг юм байна лээ. Мөн Сүхбаатар, Мандал нарыг асуух шаардлагатай гэж буцаасан байсан.  Энэ хүмүүсийг бол асуугаад мөрдөгч ажиллагаагаа хийсэн байсан. Ийм учраас хэрэг дээр дахин ажиллагаа хийх үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Тийм ч учраас би хэргийг шүүхэд шилжүүлэхэд гомдол болон хүсэлт, тайлбар гаргаагүй. Үүнтэй холбогдуулан Б ч мэдүүлгээ өгсөн байдаг. Иймээс миний хувьд тусгайлан гаргах саналгүй.” гэв.

 

Прокурор Б.Сэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...О, Б нарт холбогдох эрүүгийн хэрэг урьдчилсан хэлэлцүүлгээс болон гэм буруугийн шүүх хуралдаанаас хэд хэдэн удаа буцаж байсан. Шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгээд прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан дээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэсэн байр суурьтай оролцсон. Тэр байр сууриа дэмжиж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Бгийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, яллагдагч С.О, Ч.Б нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангахаар шийдвэрлэлээ.

 

1. Хавтас хэрэгт цугларсан, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж, шүүгдэгч нарын холбогдсон хэргийн бүх ажиллагааг хянахад анхан шатны шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжуудад дурдсан асуудалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хэрэгт бүрэн хийгдсэн, тэдгээр ажиллагааг явуулахдаа оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал нотлогдож, тогтоогдохгүйн гадна “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжид заасан үндэслэлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт гэрэл зургаар бэхжүүлэгдсэн сахиусны талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3012 дугаар /6 хх 148/ дүгнэлтээр тогтоогдсон байх ба дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн зангилаатай улаан өнгийн утаслаг эд зүйл дээр цус, биологийн ул мөр илрээгүй” гэж дүгнэжээ.

 

Шинжээч нь шүүхийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд байх тул түүний гаргасан шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дүгнэлтийг холбогдох оролцогчид танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэний гадна мөн хуулийн 2 дахь хэсэгт зааснаар “оролцогч шинжээчийн дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт” гаргаагүй. 

 

Нэгэнт эд зүйл дээр цус, биологийн ул мөр илрээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн анхан шатны шүүх “сахиус хэнийх болохыг шалгаж тогтоо” гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан боловч энэ ажиллагааг хийснээр хэрэгт ач холбогдолтой, нотолбол зохих ямар нөхцөл байдлыг тогтоох үндэслэлийн талаар шүүгчийн захирамжинд тодорхой заагаагүйгээс сахиустай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг нэмэлтээр хийх шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

2. Шүүгчийн захирамжийн 2 дахь үндэслэлийн тухайд: Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 04/038 дугаартай, шинжээчийн дүгнэлт /2 хх 1,2,3/, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 7-15/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаар талийгаачийн биед учирсан олон тооны гэмтлийн талаар тодорхой тусгажээ.

 

Дүгнэлтээс үзэхэд шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй түүнчлэн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүйн гадна “хэргийг прокурорт буцаах” тухай удаа дараагийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид “нэмэлт ба дахин шинжилгээ” хийлгэх талаар огт тусгаж байгаагүй мөн дүгнэлттэй холбоотой хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтгүй байх ба  шүүхийн тогтоолын дагуу мөрдөгч,  шинжээчийг гаргасан дүгнэлттэй нь холбоотой асуудлаар мэдүүлгийг авчээ.

 

Өөрөөр хэлбэл шинжээчийг энэхүү дүгнэлтээ гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасан “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дээр үндэслэн дүгнэлт  гаргах”-ыг хориглоно гэснийг зөрчиж, гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй,  харин дүгнэлт нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А.216/422 тушаалын хавсралтад заасны дагуу шинжээчээс, цогцост илэрсэн гэмтэл, өөрчлөл, лабораторийн шинжилгээний хариу болон бусад материалыг нэгтгэн үнэлж, үзсэний үндсэн дээр талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоожээ.

 

Тиймээс шүүгчийн захирамж дахь “...шүүхийн тогтоолоор хохирогчид учирсан олон тооны гэмтэл, шүүгдэгчийн үйлдлийн улмаас үүсэх боломжтой эсэх, хэрхэн яаж учруулсан, боломжгүй бол хэн, хэзээ учруулсныг тогтоох шаардлагатай гэж үзсэнийг шинжээчээс мэдүүлэг авснаас өөрөөр ажиллагаа хийгдээгүй байна, шинжээч мэдүүлэг өгөхдөө сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дээр үндэслэн дүгнэлт  гаргах хориглох гэж заасныг зөрчсөн  гэж үзсэн өмгөөлөгч Э.Гын санал үндэслэлтэй” гэснийг тус тус үндэслэлгүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх шаардлагатай гэж үзвэл шинжээч, гэрчийг шүүх хуралдаанд оролцуулан, хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийн эх сурвалжийг магадлах аргаар шалган, тухайн нотлох баримтууд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг шинжлэн судлах замаар хянаж, үнэлэн хэргийн бодит байдлыг тогтоосны эцэст,  хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

3. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба шүүх хуралдаанд улсын яллагч хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллах учир шүүхээс яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр “ хэн, талийгаачийн хаана нь яаж зодсоны улмаас олон тооны гэмтэл авч амь хохирсон” нөхцөл байдлын талаар тодруулах боломжтой. 

 

4.Энэхүү хавтаст хэрэг/6/-ийн 197-204 дугаар хуудсанд Дрийм телевизийн 7 хоногийн хөтөлбөр нотлох баримтаар авагдсан байхад шүүгчийн захирамжид “...пороро” хүүхэлдэйн кино 2022.11.24-ний аль телевизийн сувгаар хэдэн цагт хөтөлбөрийн дагуу гарсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан, түүний хариуг ирээгүй гэсэн тэмдэглэл бичсэн нь ойлгомжгүй байна” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд баримтыг тухайн хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгчийн захирамжийн энэ хэсгийг үндэслэлгүй гэж үзнэ. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/188 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Бгийн давж заалдсан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/188 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Бгийн давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дүгээр зүйлд зааснаар яллагдагч Ч.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.4, 14.6 дугаар зүйлд зааснаар яллагдагч С.От авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                    Н.БОЛОРМАА