Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 122

 

С.О , Ч.Б  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл, шүүгдэгч С.О ын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, Т.Баасанжаргал, Э.Тулгаа, Э.Ганбат, шүүгдэгч Ч.Б ийн өмгөөлөгч Х.Ургаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны       03 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаар магадлалтай, С.О , Ч.Б  нарт холбогдох 2020001300103 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.О ын өмгөөлөгч Т.Баасанжаргал, Ж.Хүдэрчулуун, шүүгдэгч Ч.Б ийн өмгөөлөгч Х.Ургаа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, С.О,

2.Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Ч.Б,

Шүүгдэгч С.О нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 41 дүгээр байрны 01 тоотод З.Б ыг согтууруулах ундаа хэрэглэсний улмаас биеэ хамгаалах чадваргүй байдалд орсныг нь мэдсээр байж олон тооны гэмтэл учруулан зодож онц харгис хэрцгийгээр алсан,

Шүүгдэгч Ч.Б  нь дээрх цаг хугацаанд хохирогч З.Б ыг зодуулж биедээ хавсарсан хүнд, олон тооны гэмтэл авсан байхад нь Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дүгээр хэсгийн 31.1.3-т заасан “Гэмт хэрэг зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээллэх үүрэгтэй” гэж, Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн 43.2.4-т “Хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээллэх үүрэгтэй” гэж заасан тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч С.О ыг онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, шүүгдэгч Ч.Б ийг хүнийг гэмтэл бэртэлтэй, эрүүл мэндэд нь аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгч С.О ыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Б ийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2021 оны/ 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б т оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тэдний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган үлдээж, хувцас, эд зүйл, ул мөр зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахаар шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, шүүгдэгч болон өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Шүүгдэгч С.О ын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх С.О ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн хувьд уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар С.О  нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй байхад эрүүгийн хариуцлага оногдуулсан нь илтэд нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 82, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар шүүхийн тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 125, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 188 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр даалгаж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар шүүхийн тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 125, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 188 дугаар шүүгчийн захирамжуудад хэргийн газраас хураан авсан улаан өнгийн сахиус мэт зүйлийг хэнийх болохыг тогтоох, хэрэгт авагдсан камерын бичлэгт 19 цаг 08 минут 36 секундэд орцны гэрэл 10 удаа асаж, унтарч байгааг туршилт хийж шалгах зэрэг ажиллагаа байсан. Гэтэл хэрэгт энэ дагуу хийгдсэн ажиллагаанууд нь нэр төдий хийгдэж бодит байдлыг тогтоосон нотлох баримт болж чадаагүй. Хэрэг гарсан цаг хугацааны хувьд анхан шатны шүүхэд эргэлзээ үүсэж, эргэлзээг арилгах үүднээс прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгэхээр даалгадаг боловч хэргийг шийдвэрлэхдээ анх хийж байсан дүгнэлтээсээ буцаж гэм бурууг шийдвэрлэх боломжтой гэж шийдвэрлэж байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, өөрийн дотоод итгэлтэй зөрчилдсөн шийдвэр гаргасан.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сахиус мэт зүйл болон зэс хундаганы талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх зөв гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Сахиусны хувьд хэнийх гэдгийг эргэлзээгүй тогтоогоогүй. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс шинжилгээ хийсэн нь сахиус хэнийх гэдгийг тогтоосон баримт биш, хэнийх гэдгийг нь тогтоох боломжийг хаасан байдал ч биш юм. Зэс хундага дээрээс гэрч Б.Сын алганы хээ илэрсэн нь архи тойруулснаас үүсэх боломжтой гэдэг агуулгаар хээ илэрсэн шалтгаан тогтоогдсон гэж үзсэн. Зэс аяга хүчний үйлчлэлээр үндсэн хэлбэр дүрсээ алдсан байхад гэрч Б.Сын алганы хээ илэрсэн байдалд анхаарал хандуулсангүй.

Гэрчээр мэдүүлэг өгсөн Г.Ч, М.М, Б.С, М.Т нарын мэдүүлгийг анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд гэж шийдвэрийн үндэслэл болгосон. Гэтэл эдгээр гэрчүүдээс гол гэрч болох М.М, Б.С, М.Т нар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа туйлбаргүй, гуйвсан мэдүүлгүүдийг өгсөн нь туйлын үнэн гэж үзэхэд эргэлзээ төрүүлдэг. Ийм тодорхой эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх эргэлзээ бүхий нотлох баримтуудыг харилцан нэгнээ нотолсон, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан гэв.

Шүүгдэгч С.О ын өмгөөлөгч Т.Баасанжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх дараах үндэслэл байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцохдоо шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж, нэг асуудлаар хоёр өөр байр сууринаас хандаж, илтэд нэг талыг барьсан. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэрэг гарсан цаг хугацаанд талийгаачтай хамт нэр бүхий 4 хүн (гэрчээр мэдүүлэг өгсөн М.М, Б.С, талийгаачид тусламж үзүүлээгүй гэж ял шийтгүүлсэн Ч.Б ) байсан нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгээс маш тодорхой харагддаг. Энэ байдалд анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаахдаа маш ойлгомжтой дүгнэлт хийсэн. Прокуророос талийгаачийн нас барсан цаг хугацааг тогтоохдоо 2020 оны 11 сарын 24-ний өдрийн 20 цаг 38 минут 11 секундээс 20 цаг 46 минут 51 секунд гэж тодорхойлдог ба тэр 8 минутын хугацаанд нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгддэг төдийгүй, маш их эргэлзээг бий болгодог. Энэ цаг хугацаа бол Ч.Б ийн хэрэгт мэдүүлсэн зохиомол цаг хугацаа юм.

Өмгөөлөгчийн хувьд зохиомол гэж үзэх дараах нөхцөл байдал дүрс бичлэгт бий. 19 цаг 08 минут 36 секундэд талийгаачийн гэрийн гэрэл унтраад 19 цаг          11 минут хүртэл буюу ойролцоогоор 4 минут орчим унтраалттай байсан. Яг энэ цаг хугацаанд тухайн орцны мэдрэгчтэй гэрэл 10 удаа асаж унтарсан ба энэхүү мэдрэгчийн асах хугацаа нь 25 орчим секунд байгааг анхаарах нь зүйтэй. Энэ цаг хугацааны байдлыг хэрэгт гэрч П.М мэдүүлэхдээ “...олон эрэгтэй хүмүүс пижигнээд, зодолдоод эхэлсэн ... пороро хүүхэлдэйн кино гарч байсан ...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан байгаа. Үүний дараа дүрс бичлэгийг үзэхээр хамгийн түрүүнд талийгаачийн гэрээс Б.С яарч, сандарсан байдалтай гараад үсээ янзалж, хувцсаа засаад түргэн түргэн алхаад явдаг. Удалгүй гэрч М.М гарч явдаг. Харин дараа нь М.М, Б.С нар цуварч талийгаачийн гэрт ирдэг. Б.С нь шөнө 23 цагийн үед цонхны гаднаас өнгийж хараад мөрөө арчиж цэвэрлээд буцаад явдаг зэргээс үзвэл гэрчээр мэдүүлэг өгсөн М.М, Б.С, талийгаачид тусламж үзүүлээгүй гэж ял шийтгүүлсэн Ч.Б  нар хэргийн талаар маш их зүйлийг мэдэж байгаа ба огт мэдүүлэхгүй байгаа нь ойлгомжтой байна. М.Мын мэдүүлэгт их зүйл агуулагддаг. Тухайлбал, М.Мыг буцаад талийгаачийн гэрт ороход Ч.Б  хувинтай усанд алчуур мушгиж талийгаачийн гэрийг цэвэрлэж, цусыг нь угааж байсан ба юу болсныг асуухад “талийгаач бид 2 муудалцаад” гэж хэлж байсан талаар мэдүүлдэг. Энэ юуг өгүүлээд байна вэ? Ч.Б  энэ хэрэгт огт хамааралгүй бол цусыг яагаад цэвэрлэв? Яагаад сумын захад амьдардаг Ариунболдын гэрт шөнө очиж өмдөө солих болов? Хэрэг болоход өмсөж явсан өмд хаачив? Үнэхээр С.О  талийгаачийг зодож байхыг харсан юм бол цагдаад мэдэгдэхгүй бараг 3 км орчим газар шөнөөр алхаж айлд очив? гээд маш олон асуултын хариулт орхигдож байна. Энэ бүхэн анхан болон давж заалдах шатны шүүх дээр яригдсан ба шүүх хуралдаануудын тэмдэглэлээс маш тодорхой харагдана.

Анхан шатны шүүх энэ бүх эргэлзээг арилгах үүднээс хэргийг удаа дараа прокурорт буцааж байсан ба энэ эргэлзэх үйл баримтууд огт арилаагүй, хэргийн бүрдэл хангагдаагүй байхад урьд нь хэргийг буцаахдаа хийж байсан хууль зүйн дүгнэлтээ үгүйсгэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийн үйл баримтуудын талаар хийсэн дүгнэлтээ өөрчилж, хэргийг бүрэн нотлогдсон гэж дүгнэсэн нь диспозитив зарчим алдагдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна...

Хэрэг дээр дурдсан гэрийн гэрэл унтарсны дараа орцны мэдрэгчтэй гэрэл олон удаа асаж унтарч байгаа цаг хугацаанд болсон гэж үзэх магадлал маш өндөр байгаа. Миний дурдсан олон асуултын хариулт бол Ч.Б  нь С.О ыг хамгаалаад цагдаад мэдэгдээгүй байхаас илүүтэй өөрийнхөө ул мөрийг баллаад, дамжмал эх сурвалж заах гэрч бэлтгэсэн байна. Үүнийг гэрч Б.Сын Ч.Б т хандаж “өөрөө учраа ол” гэж хэлээд явсан гэх мэдүүлэг давхар нотолж байна. Б.С, М.М нар талийгаачийг Ч.Б  зодсоныг 19 цаг 08 минутын үед бүрэн мэдсэн ба хажууд нь байсан байх магадлалтай бөгөөд уг асуудлаа өөрөө шийд гэсэн агуулгаар хэлсэн нь ойлгомжтой байна. Хэрэв С.О ыг талийгаач зодсоныг харсан, эсхүл Ч.Б ээс мэдсэн бол энэ хоёр гэрч С.О ыг хамгаалах ямар ч үндэслэлгүй, мэдэхгүй гэж мэдүүлэх шаардлага байхгүй юм.

Хэргийн газраас сахиус мэт дундаа шүртэй, улаан өнгийн утас хураагдсан. Энэ утас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны явцад олдоогүй, прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан ч шүүхэд ирүүлээгүй байсан. Гэтэл хэрэг прокурорт буцсаны дараа гарч ирж хэргийн 6 дугаар хавтасны 142 дугаар талд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/35 дугаартай прокурорын тогтоолоор эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцсон байдаг ба тухайн тогтоолд прокурор гарын үсэг зураагүй тул тогтоол гэж үзэхгүй. Энэ сахиусны талаар анхан шатны шүүх өмнө олон удаа хэнийх болохыг тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн атлаа хэргийг шийдвэрлэхдээ шал өөр байр сууринаас хандаж, хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь хууль ёсны байх зарчимд харшилж байна.

Хэргийн газрын үзлэгээр хоёр газраас үс илэрч, шинжилгээнд зориулан хураан авсан байдаг ч шинжилгээгээр талийгаачийн цээжин дээрээс хураасан        6 ширхэг үсний талаар дүгнэлт авагдаад шалан дээрээс хураагдсан илүү олон ширхэг бүхий үс ор мөргүй алга болсон. Энэ үсийг фото зургийн үзүүлэлтээс нь харвал талийгаачийн гэх үснээс нарийн, шаргалдуу өнгөтэй байдаг. Энэ бол хэрэгт хамгийн ач холбогдолтой баримт байсан бөгөөд энэ үсний талаар бүх л шүүх хуралдаан дээр хэлж сануулсаар байхад шалгаагүйг анхаарч үзэхийг хүсэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал (гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн), гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг хамгийн наад захын нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй юм.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй ба энэ гомдолд дурдсан бүх л асуудлыг нэг нэгэнгүй маш тодорхой тайлбарласан ч хууль зүйн үндэслэлгүй тайлбар хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Энэ гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон, нөхөж баршгүй хохирол учирсан явдалд маш их харамсаж байна. Гэвч гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг баттай тогтоолгүй, ганц хүний мэдүүлгээр нэг хүнд чиглүүлж шалгаад, түүндээ бат итгэсэн прокурор, мөрдөгчийн итгэл үнэмшилд автаж, хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж өмгөөлөгчийн хувьд үздэг...

С.О ын үйлдлийн талаар Ч.Б  зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг бөгөөд энэ нь өөр бусад баримтаар эргэлзээ бүхий байдлыг үүсгэнэ. Энэ эргэлзээ бүхий байдлыг бүрэн арилгахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хэргийг эхнээс нь дахин шалгахаас өөр аргагүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзэхгүйгээр ял шийтгэсэнд гомдолтой байна.

Энэ бүхний эцэст дүгнэхэд Ч.Б ийн мэдүүлэгт хэт автаад хэрэгт өөр нөхцөл байдал байгааг анхаарч үзээгүй байгаа үйл баримтыг шалгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зорилтод бүрэн нийцэх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.

Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлийн тухайд ... “С.О  нь талийгаачийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр алсан” гэм буруутай гэж дүгнэж, хуульд заасан ялыг оногдуулсан. Ингэхдээ Ч.Б ийг “Талийгаачид зохих тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас түүний амь нас хохирсон” гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтээс харахад талийгаачийн амь нас 2 удаа хохирсон гэж үзэх логик урган гарна. С.О ын үйлдлийн улмаас амь нас нь хохирсон гэж үзсэн атлаа амьд байхад нь Ч.Б ийн эс үйлдэхүйн улмаас дахин амь нас нь хохирсон байдал анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд бий болгож байна. Иймд Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна гэв.

Шүүгдэгч С.О ын өмгөөлөгч Э.Ганбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Хяналтын шатны шүүхэд гаргасан өмгөөлөгч нарын гомдлыг агуулгын хувьд дэмжиж байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу бусдын амь нас хохирсон нэг объект, нэг үйлдэлд Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь хариуцлага оногдуулах зарчмуудыг зөрчиж хоёр хүнийг шийтгэсэн. Шүүгдэгч Ч.Б ийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд С.О  амь нас хохирох бүх гэмтлийг учруулсан гэж үзвэл шүүх нотлох баримтуудад бодит дүгнэлт хийгээгүй. Хэдийгээр хохирогчид олон тооны гэмтэл учирсан боловч амь насыг нь аврах боломжтой гэмтлүүд байсныг шинжээч мэдүүлсэн. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутайд тооцож өндөр хэмжээний эрүүгийн хариуцлага оногдуулсан. С.О ын цохисон гэх үйлдэл, учирсан гэмтлийн хооронд зөрүүтэй байдлууд бий. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэв.

Шүүгдэгч С.О ын өмгөөлөгч Э.Тулгаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Гомдол гаргасан өмгөөлөгч нартай байр суурь нэг байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байдлыг хангалттай тайлбарласан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал нь мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, эд мөрийн баримтууд алга болсон байдлыг анхаарч үзээгүй. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гараагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн, хэзээ үйлдсэн, үйлдэгдэх шалтгаан нөхцөлийн талаар тайлбар хэлье. Шалтгааны тухайд гар утас алга болсонтой холбоотой. Ковид өвчний хөл хорио тогтоосон үед хэрэг гарсан газар олон хүмүүс орж гарч архи уусан ба хоорондоо маргалдсан, зодолдсон асуудал байхгүй. Зөвхөн шүүгдэгч С.О ын гар утас алга болсон шалтгаанаас болж амь хохирогчид халдсан. Тухайн гэмт хэргийг С.О  үйлдсэн гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогддог. Өмгөөлөгч Т.Баасанжаргал хэргийн газраас олдсон үс алга болсон, зарим гэрч мөрөө арилгасан гэдэг асуудлыг тайлбарлаж байна. Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн дүгнэлтээр задлан шинжилгээ хийхээс өмнө 20-24 цагийн өмнө амь хохирогч нас барсан гэдэг нь тогтоогдсон. Хэрэгт авагдсан хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад гэрчүүдийн мэдүүлэг, ялангуяа гэрч Г.Чгийн мэдүүлгээс харахад С.О  амь хохирогчийг зодсон цаг хугацаатай таардаг учир хэргийг хэн үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ч.Б ийн өмгөөлөгч Х.Ургаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг нотлогдсон гэж дүгнэсэн. Шүүгдэгч Ч.Б  нь анхнаасаа тухайн хэргийн талаар үнэн зөв мэдүүлж өөрийн гэм буруутай үйлдэлд хариуцлага хүлээхээ илэрхийлж ирсэн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг төлсөн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн        1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан нөхцөл шаардлага нь шүүгдэгч Ч.Б т тогтоогдсоор байтал анхан шатны шүүх 4 жил хорих ял шийтгэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Шүүгдэгч Ч.Б ийн үйлдсэн хэрэг нь эс үйлдэхүйгээр илэрдэг, болгоомжгүй төрлийн гэмт хэрэг юм. Иймд  Ч.Б т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч С.О ыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, шүүгдэгч Ч.Б ийг хүнийг гэмтэл бэртэлтэй, эрүүл мэндэд нь аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч С.О ын өмгөөлөгч нар хяналтын журмаар “мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, С.О  хүнийг алсан нь эргэлзээтэй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ. Анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч С.О  гэм буруугийн асуудлаар маргаж, шүүгдэгч Ч.Б  мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд нь хэд хэдэн гэрчийн мэдүүлгээр давхар нотлогддог. Тухайлбал, гэрч Б.Стай оройн 22 цаг 01 минутад уулзахдаа хохирогчийн бие эвгүйрхсэн, очиж цонхоор нь харахад талийгаач газарт хэвтэж байсныг хэлдэг. Шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс 4 удаа буцааж өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, гомдлын дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийсэн байна. Тухайлбал, орцны гэрэл 10 удаа асаж унтарсан асуудлыг туршилт хийхэд хэт мэдрэг болох нь тогтоогдсон. “Пороро хүүхэлдэйн кино гарч байх үед талийгаачийн гэрт зодоон болсон эсэх талаар гэрч П.Маас дахин мэдүүлэг авахад “Би зодолдсон эсэхийг сонсоогүй, тухайн үед эрэгтэй хүмүүсийн дуу чангараад байсан асуудлыг илэрхийлсэн” гэдэг. Сахиус мэт зүйл хэргийн газрын үзлэгийн гэрэл зургаас талийгаачийн хажууд хивсэн дээр байсан нь харагддаг. Улаан сахиуснаас цус болон биологийн ул мөр илрээгүй. Сахиусны асуудлаар өмгөөлөгч нар дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүх хуралдаан завсарлаж шийдвэр гаргахдаа үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. С.О  нь амь хохирогч З.Б ыг гар утас авсан гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь олон тооны гэмтэл учруулж алсан талаар шүүгдэгч Ч.Б  мэдүүлсэн. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг гарсны маргааш барьж эрүүлжүүлэн, үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Шүүгдэгч нарыг цагдан хоригдож байх хугацаанд гэрч нараас мэдүүлэг авсан. Гэрч Г.Ч гэрт ороход цус дусчихсан, цэвэрлэсэн байдалтай байсан, гэрч Н.Ариунболдод “Ч.Б  хэлэхдээ С.О  амь хохирогчийг зодоод байсан гэж хэлсэн” талаар мэдүүлсэн. Энэ хоёр гэрч хоорондоо уулзаагүй. Түүнчлэн гар утас алга болсны улмаас С.О  талийгаачийг зодсоныг гэрчилдэг. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч Ч.Б  гэрч нарт нөлөөлж өөрт ашигтай мэдүүлэг өгүүлсэн гэх байдал үгүйсгэгдэж байна. Гэрч нараас мэдүүлэг авах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Талийгаач З.Б ы биед учирсан гэмтлүүд, үхлийн шалтгааныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт зэргээр шүүгдэгчийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл, олон тооны гэмтлийн улмаас хохирогч нас барсан хооронд шалтгаант холбоотой болохыг тогтоосон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон ба хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нөхцөл байдал илрээгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч С.О ын өмгөөлөгч Т.Баасанжаргал, Ж.Хүдэрчулуун, шүүгдэгч Ч.Б ийн өмгөөлөгч Х.Ургаа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн шүүгдэгч С.О , Ч.Б  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоох шаардлагатай бүхий л ажиллагаа хийгдсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

2.Шүүгдэгч С.О  нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 24-ний орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 41 дүгээр байрны 01 тоотод хамт архидан согтуурч байсан гэрийн эзэн З.Б ыг “Гар утас авсан” гэх шалтгаанаар зодож их, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, хуйх, чамархайн булчин дахь цус хуралт, цээжний зүүн талын 9, 10 дугаар хавирга нугалмын хажуугийн шугамаар зөрүүгүй хугарал, цээжний баруун талын               11, 12 дугаар хавирга суганы арын шугамаар зөрүүгүй хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн ар доод хэсэгт урагдсан шарх, хуйх, чамархай, цээжинд цус хуралт, дээд, доод уруулын дотор талд язарсан шарх, нүүр, чих, хоёр гарын бугалга, шуу, цээжний урд болон ар талаар зулгаралт, цус хуралт бүхий олон тооны гэмтэл учруулж алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч С.О ын гэм буруутай үйлдэл нь хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоотой болохыг хоёр шатны шүүхээс тогтоож, хохирогчид учирсан гавлын болон цээжний хөндийн битүү гэмтлийн шинж чанар, нийт гэмтэл, шархны тоо, хэр хэмжээ, үхлийн шалтгааныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулж шаналган зовоосны улмаас үхэлд хүргэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин шүүх хохирогчийн согтолтын хүнд зэргийг биеэ хамгаалах чадваргүй байдалд тооцож хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хохирогч бие махбодь, сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлыг ойлгох ба гэмт этгээд үүнийг ухамсарлаж, хэрэг үйлдэхдээ ашигласан байхыг шаарддаг болно.

Хохирогч нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсныг шинжээчийн дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтасны 3 дахь тал/-ээр тогтоосон ба шинжээч эмч П.Гаваасүрэнгийн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтасны 232-233 дахь тал/-ээс дүгнэхэд хүнд зэргийн согтолт нь бие даан үйлдэл хийх чадварыг алдагдуулахгүй, харин үйлдлээ хянах чадвар нь биеийн онцлогоос шалтгаалж хүн бүрт харилцан адилгүй илэрдэг байна. Иймд тухайн хэргийн хувьд хохирогчийн согтолтын хүнд зэргийг дангаар нь биеэ хамгаалах чадваргүй байсны нотолгоо гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь архидан согтуурсан үед энэ гэмт хэрэг үйлдэгдсэн ба шүүгдэгч С.О  нь “хохирогч биеэ хамгаалах чадваргүй байсныг мэдсээр байж, далимдуулж” хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч З.Б ыг онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 14 жил хорих ял оногдуулахаар тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

3.Шүүгдэгч Ч.Б  нь хохирогч З.Б ыг бусдад зодуулж биедээ хавсарсан хүнд, олон тооны гэмтэл авсан байхад тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан хэрэгт гэм буруутайд тооцсон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн субъект нь хууль, тогтоомж, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр тусламж үзүүлэх, асран хамгаалах үүрэг бүхий хүн бөгөөд энэхүү үүрэг нь албаны чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр үүссэн байх ёстой. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас: 2.2.хохирогч нас барсан бол...” гэж заасан тул тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй эс үйлдэхүй нь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байхаар тус тус хуульчлагдсан гэж үзнэ.

Хууль тогтоомжоор хүлээсэн нийтлэг шинжтэй үүрэг нь дээрх гэмт хэргийн диспозиц шинжид заасан үүргийн харилцаанд хамаарахгүй тул шүүгдэгч Ч.Б ийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндээ хамгаалах талаар иргэн бүрийн нийгмийн өмнө хүлээсэн үүргийг биелүүлээгүй гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ч.Б , хохирогч З.Б  нарын хооронд асрах, туслах үүрэг үүсэх хэмжээний харилцаа холбоотой болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, хууль тогтоомжийн хүрээнд хохирогчид тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн гэж үзэх боломжгүй, шүүгдэгч С.О ын гэм буруутай үйлдэл, хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Ч.Б т холбогдох Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

4.Шүүгдэгч гэм буруутай талаар дүгнэлт хийхэд хангалттай, хүрэлцэхүйц нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Тухайлбал, шүүгдэгч С.О  нь хохирогчид ямар шалтгаанаар, хэрхэн, яаж хүч хэрэглэн халдсан талаар гэрч Ч.Б ийн өгсөн мэдүүлэг, түүнээс С.О ын үйлдлийн талаар сонссон бөгөөд энэ үед С.О  өөрөө байсан гэх гэрч Н.Ариунболдын мэдүүлэг, мөн ижил агуулгатай гэрч А.Шинэбаярын мэдүүлэг, шүүгдэгч С.О тай таарахад хоёр гар болон гадуур хүрэмний ханцуй, оймсны түрий хэсэг нь цус болсон байсныг харсан, тэрээр хохирогч руу заан “намайг тасарсан байхад утас авчихлаа” гэж хэлсэн ба энэ үйл явдал 21 цагийн орчим болсон талаар гэрч Г.Чгийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шүүх гэмт хэрэг гарсан байдал, уг хэргийг хэн үйлдсэнийг сэргээн тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Дээрх нэр бүхий гэрч нарт шүүгдэгч Ч.Б  нөлөөлж, өөрт ашигтай мэдүүлэг өгүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч С.О ын өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “... хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сахиус мэт зүйл хэнийх болохыг, зэс аяга хэлбэрээ алдсан шалтгааныг, орцны гэрэл олон удаагийн давтамжаар асаж унтарч буйг харуулсан бичлэгийн талаар, хохирогч, шүүгдэгч нартай хамт согтууруулах ундаа хэрэглэсэн гэрчүүдээс гэмт хэрэг гарсан байдлын талаар хохирогчийн хөршийн гэрчээр өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нягтлан шалгах ...” зэрэг асуудлыг шалгаж тодруулсан байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцүүлсэн нь зөв болжээ.

Иймд шүүгдэгч С.О т холбогдох хэргийн зүйлчлэлээс заримыг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбогдуулан ялд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ч.Б т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасан нэмэлт, өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, “... тогтоол, магадлалыг хүчингүй болгох ...” агуулгаар гаргасан шүүгдэгч С.О ын өмгөөлөгч Т.Баасанжаргал, Ж.Хүдэрчулуун нарын, “... ял хөнгөрүүлэх ...” агуулгаар гаргасан шүүгдэгч Ч.Б ийн өмгөөлөгч Х.Ургаа нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны    03 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаар магадлалаас шүүгдэгч Ч.Б т холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн         15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгасугай.

2.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны    03 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч С.О т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч С.О ыг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”, 2 дахь заалтыг “Шүүгдэгч С.О т Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 14 жил хорих ял шийтгэсүгэй.”, 4 дэх заалтын “... 15 жилийн ...” гэснийг “... 14 жилийн ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгдэгч С.О ын өмгөөлөгч Т.Баасанжаргал, Ж.Хүдэрчулуун, шүүгдэгч Ч.Б ийн өмгөөлөгч Х.Ургаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Ч.Б ийг хорих байгууллагаас нэн даруй сулласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

     С.БАТДЭЛГЭР

     М.ПҮРЭВСҮРЭН

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ