| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 188/2019/0289/Э |
| Дугаар | 283 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 283
Н.Б-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн өмгөөлөгч Н.Тэрбиш, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаар магадлалтай, Н.Б-т холбогдох 1838006420381 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Н-н Б.
Н.Б- нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд иргэн З.Г-н зүүн нүд рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг 2 жил 1 сар хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-аас 506,273 төгрөг гаргуулж хохирогч Э.Г-т олгож, хохирогч Э.Г нь цаашид гарах эмчилгээний зардал, 18,583,879 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн дараах үндэслэл байна.
Өмгөөлөгч би ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг, тогтоох хэсэгтэй маргаагүй бөгөөд зөвхөн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” эрх зүйн үндэслэл байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэх үед хохирогч нь 20,390,152 төгрөгийн хохирол нэхэмжилсэн хэдий ч шүүхийн шийдвэрээр нотлох баримтын хэмжээнд 1,806,273 төгрөгийн хохирлыг тогтоосон. Үүнээс 1,300,000 төгрөгийг мөрдөн байцаах шатанд төлсөн, бусад баримт нь эргэлзээтэй, нотлогдохгүй байсан учир шүүхийн шийдвэр гарах үед төлөгдөөгүй байсан. Өмгөөлөгч миний бие шүүх хурлын үед гэм буруу буюу зөвхөн хүний эрүүл мэндэд “хүнд” хохирол, хор уршиг учруулсан үйлдлийн хувьд маргахгүй байгаа ч хохирлын асуудлыг шүүхээс шийдвэрлүүлэх, хэрвээ шүүгдэгчийн төлсөн хохирлоос илүү хэмжээгээр шүүхээс тогтоовол завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд анхан шатны шүүхээс нэгэнт шүүгдэгч хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно” гэж заасны дагуу энэ зүйлийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г шүүх хуралдааны явцад бүрэн тогтоогоогүй байна. Мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан боловч шүүхээс шүүх хуралдааныг завсарлуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Үүний улмаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан ял хөнгөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй болгосон.
Тиймээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл 506,273 төгрөгийг хохирогчид төлж, давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж шүүгдэгчид хорих ялыг дахин оногдуулахдаа түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэх, хорих ангийн дэглэмийг өөрчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн боловч тус шүүхээс мөн хуулийг хэрэглээгүй, анхан шатны шүүхийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг арилгаагүй бөгөөд шүүхээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд “хохирлоо төлсөн байхаас гадна хор уршиг арилаагүй” байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Дээрх хуулийн зохицуулалтад хор уршгийн шинж чанар гэснээс хор уршиг арилгасан байхыг шаардаагүй. Гэтэл шүүхээс хор уршиг сэтгэл санаа, бусад зүйлээс дэмжээгүй гэсэн нь хуульд байхгүй зүйлээр дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Энэхүү буруу жишиг нь цаашид гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа шүүгдэгч, хохирогчийн хүссэн нотлох баримтын шаардлага хангаагүй бүх хохирлыг бүрэн төлсөн тохиолдолд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөлөх, чөлөөлөх” эрх зүйн зохицуулалтыг хэрэглэх боломж олгож, харин гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогчийн амаар нэхэмжилсэн бүх хохирлыг төлөөгүй маргаж байгаа шүүгдэгч дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй болж хохирох” нөхцөлийг бүрдүүлж байна.
Иймд шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг багасгаж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Н.Тэрбиш хэлсэн саналдаа “Шүүх хуралдаан дээр хохирол төлүүлэх зорилгоор хурлыг завсарлуулах хүсэлт гаргахад анхан шатны шүүх хүлээж авалгүй үргэлжлүүлсэн. Хохирогчийн хувьд хамгийн гол эрхтэн болох нүд нь сохорч хараагүй болсон. Анхан шатны шүүхээс нүдний хагалгаанд орсон зардал буюу 1,800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, цаашид гарах зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, шүүхээс оноосон ял тохирсон, шүүхээс гэмт хэргийн хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын хамгийн доод хэмжээг оногдуулсан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Н.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Н.Б- 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан иргэн З.Г-н зүүн нүд рүү өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Н.Б-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоож шийдвэрлэжээ.
Түүнчлэн, анхан болон давж заалдах шатны шүүх Н.Б-ийг хохирогч З.Г-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулиар тогтоосон хэм хэмжээ, түүний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх” талаарх зохицуулалт нь заавал хэрэгжих шинжтэй шүүхэд үүрэг хүлээлгэсэн заалт биш тул тухайн хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй болно.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэнгийн “шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг багасгаж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, ...хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор дүгнэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН