Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2018/0159/з |
Дугаар | 422 |
Огноо | 2018-10-31 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 422
О.Г-ийн нэхэмжлэлтэй,
ОӨУБЕГ-т холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “...Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах, 42.6 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах”
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0344 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0425 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн Ц.Ган-Од нар,
Гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн төлөөлөгч Л.Ариунаа хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0344 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, 14 дүгээр зүйлийн 14.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.8-д заасныг тус тус баримтлан О.Г-ийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах 42.6 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг Капитрон банкны өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051561 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, Оросоогийн Гэрэлмааг дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0425 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0344 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн төлөөлөгч Л.Ариунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0425 дугаар магадлалыг эс хүлээн зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хяналтын гомдлыг гаргаж байна.
4. “Капитрон банк” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051561 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоот хаягт байршилтай 42.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр огт байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр байгаа бөгөөд харин гуравдагч этгээдийн өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй.
5. Нэхэмжлэгчийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаар шийдвэрээр Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 276 тоот албан бичгээрээ нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр бүртгэх боломжгүй тухайгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь тус албан бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтээ 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 17/03 тоот тогтоолоор буцаасан. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 276 тоот албан бичигт 11 сарын дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан нь Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахдаа хугацаа сэргээх хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгч дээрх хуулийн заалтыг зөрчсөн талаар шат шатны шүүхэд хэлж, гомдол гаргаж байсан боловч огт дүгнэлт хийлгүй орхигдуулсаар байна.
6. Улсын бүртгэлийн байгууллагын актад 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн дотор дээд шатны байгууллагад гомдол гаргаж, гомдлыг шийдвэрлэсэн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрсөн, эсхүл гомдлыг шийдвэрлээгүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан боловч 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хууль зөрчигдөхөд хүргэсэн байна. Захиргааны Ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүхэд нэхэмжлэгч огт гаргаж өгөөгүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг зөрчин захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчиж байна.
7. Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0344 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0425 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай” гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
9. Нэхэмжлэгч О.Г Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах, 42.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/00357 дугаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагджээ.
10. Мөн дээрх шүүхийн шийдвэр гарахаас өмнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоот хаягт байршилтай 42.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Г.Отгонцэцэгийг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэж, 000282346 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, Г.Отгонцэцэг болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг үндэслэн уг орон сууцыг 2015 онд “Капитрон банк”-ны өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн зэрэг үйл баримтад хамааралтай нотлох баримтууд хэрэгт байна.
11. Нэхэмжлэгч нь дээрх бүртгэлүүдтэй маргаагүй, харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах, 42.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан байхад шүүх уг байрыг Капитрон банк ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ...асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөнийг давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
12. Үүнээс гадна нэхэмжлэгч нь иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгэхийг даалгахыг хүссэн, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “..өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй...” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байна.
13. Харин гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК нь “...нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах, 42.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр байгаа болохоос түүнийг манай өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах, 42.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шийдвэр байхгүй...” маргажээ.
14. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад маргаж буй орон сууцны байршлыг “3” болон “4” дүгээр хороололд байрлал бүхий гэж өөр өөр бичигдсэн байгаа, энэ талаар хэргийн оролцогч маргаж байгааг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхой болгохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүйг анхан шатны шүүх анхаараагүй, ”...бүртгэлийн дугаар давхцаагүй...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
15. Тодруулбал, байршлын тухайд ийм зөрүүтэй байхад “Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах, 42.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нөхцөлд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэхээр байгааг нэхэмжлэгчээс тодруулалгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй байгааг шүүх анхаараагүй нь буруу болжээ.
16. Дээрх нөхцөл байдлын улмаас хяналтын шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
17. Иймд, шүүх магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэж, хэргийг хянан шийдвэрлэх нь зөв байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0425 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Капитрон банкны гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ