Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 218/МА2020/00003

 

 *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 139/ШШ2020/00001 дугаар шийдвэртэй,

*******гийн нэхэмжлэлтэй *******т хариуцагдах газар өмчлөгчөөр тогтоолгох, газар өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2006 онд *******, ******* нар хот руу шилжих гээд хашаа, газраа зарна гэж сонсоод ирж уулзтал 1500000 төгрөгөөр зарна гэхээр нь худалдаж авахаар амаар тохиролцож тухайн үед 1475000 төгрөг, нэг хонь өгч өмчлөлийн газрыг худалдаж авсан юм. Үүнээс хойш манайх өнөөдрийг хүртэл Сайнцагаан сумын 5-р баг, ******* тоот хашаанд амьдарч байна. Тухайн үед газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх талаар *******, ******* нартай ярилцахад удахгүй шилжүүлж өгнө гэсэн. Иймээс Сайнцагаан сумын 5-р баг, ******* тоот хаягт байршилтай газрын өмчлөгчөөр ******* намайг тогтоож, *******аас Сайнцагаан сумын 5-р баг, ******* тоот хаягт байршилтай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Миний бие *******тай хашааны наймаа хийсэн. Мөнгийг нь 2 хувааж авсан. 1475000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 1 хонины махтай авсан. Одоо хашаагаа зарахгүй. Харин *******д мөнгийг нь өгнө гэв.

 

Анхан шатны шүүх:

*******гийн нэхэмжлэлтэй *******т холбогдох газар өмчлөгчөөр тогтоолгож, газар өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 139/ШШ2020/00001 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна, Үүнд:

Нэхэмжлэгч ******* нь О.******* болон ******* нартай 2006 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, ******* тоот хаягт байршилтай 840 м.кв газрыг 1.500.000 төгрөгөөр тооцож аман хэлбэрээр худалдах, худалдан авах гэрээг хийснээс өнөөдрийг хүртэл 13 жилийн хугацаанд тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа тул Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэсэн хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч *******г газар өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн газар өмчлөгчөөр тогтоосноор газар өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлүүлэхийг даалгах боломжтой юм.

Хариуцагч өөрөө газрын гэрчилгээг шилжүүлж өгнө гэчихээд алга болчихсон бөгөөд хэдэн жилийн дараа гарч ирээд амаар хийсэн хэлцлээсээ буцаж, жудаггүй зан гаргаж байгаад хуулийн хариуцлага байх ёстой гэж үзэж байна. ******* нь тохиролцсоныхоо дагуу тухайн үед 1.475.000 төгрөг, нэг хонио өгч, газрын үнийг бүрэн төлсөн байдаг. Иймээс ******* нь гэрээний үүргээ бас биелүүлэх ёстой гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв дүгнэсэн боловч хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүйг зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч 2006 онд хариуцагч *******аас Сайнцагаан сумын 5-р баг, ******* тоот хашаа газрыг 1500000 төгрөгөөр авсан боловч гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа тул уг газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч наймаагаа буцъя гээд өмнө нь мөнгийг эргүүлж өгөхөд аваагүй. Одоо газраа зарахгүй би ганцаараа шийдэх асуудал биш байна гэж маргажээ.

Зохигчид 2006 онд хашаа, газрын наймаа хийсэн боловч тухайн үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг шилжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч шүүхэд хандах болсон талаар нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа дурдсан, ийнхүү хэлцэл хийгдсэн талаар хариуцагч маргаагүй боловч одоо үл хөдлөх хөрөнгөө зарахгүй хамтран өмчлөгч байгаа би ганцаараа шийдэхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа 2006 онд хашаа газар худалдан авах хэлцэл хийсэн, 2007 онд хариуцагчтай таарч гэрчилгээ шилжүүлэхийг шаардсан, 2019 онд хариуцагч наймаа буцна гэж 1475000 төгрөг хүнээр явуулсныг аваагүй талаар дурдсан байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.1-т газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ бичгээр гэрээ хийх хэлбэрийг хуульчилсан. Гэтэл талуудын хооронд хийсэн хэлцэл нь хуулийн дээрх шаардлагад нийцээгүй байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тодорхойлсон.

Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ хийх талаар амаар тохиролцсон боловч энэ нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийх талаар холбогдох хуулиудад заасан шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл дээрх гэрээний үндсэн шинж болох ...эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичиг худалдан авагчийн өмчлөлд шилжих талаарх хуулийн заалт биелэгдээгүй байх тул талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй талаар хуульчилсан бөгөөд хуульд заасан энэхүү эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүйгээс уг хуулийн 110 дугаар зүйлд заасан өмнөх өмчлөгчийн өмчлөх эрхийг дуусгавар болоогүй байна.

Шүүх талуудын хооронд аман хэлбэрийн худалдах худалдан авах гэрээ хийгдсэн нь нотлогдож байна гэж үзсэн атлаа Иргэний хуулийн 43.2.3-д зааснаар хэлцэл хийгдээгүй гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч маргаж буй эд хөрөнгийг өөрийн болгох талаар хуульд заасан боломжит эрхээ тухайн цаг үед нь хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан 000044884 тоот гэрчилгээгээр маргаж буй эд хөрөнгө нь одоо 3 хүний өмч байх тул Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар нэхэмжлэгч нь маргаж буй эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардах эрхгүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал ч тодорхойгүй байжээ.

Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч шийдвэрийн үндэслэл, хуулийг зөв тайлбарлан хэрэглэх зарим нэг шаардлага байгааг үндэслэн шийдвэр болон үндэслэлд өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1. 2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 139/ШШ2020/00001 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтын *******гийн гэсний өмнө Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэж нэмэлт өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ