Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, Равжихын 8-11 тоотод оршин суух Сүндэв овогт С.Д /РД:ЗК68111101/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо, Нуурын 9-р гудамжны 10 тоотод оршин суух Боржигон овогт М.Ст холбогдох

Газар өмчлөгчөөр тогтоолгох, газар өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ц, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагч М.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2006 онд О.О, М.С нар хот руу шилжих гээд хашаа, газраа зарна гэж сонсоод очиж уулзтал 1500000 төгрөгөөр зарна гэхээр нь худалдаж авахаар аман тохиолцож тухайн үед 1475000 төгрөг, нэг хонь өгч өмчлөлийн газрыг худалдаж авсан юм. Үүнээс хойш манайх өнөөдрийг хүртэл Сайнцагаан сумын 5-р баг, Равжихын 8-11 тоот хашаанд амьдарч байна. Тухайн үед газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх талаар О, С нартай ярилцахад удахгүй шилжүүлж өгнө гэсэн... Иймээс Сайнцагаан сумын 5-р баг, Равжихын 8-11 тоот хаягт байршилтай газрын өмчлөгчөөр С.Д намайг тогтоож, М.Саас Сайнцагаан сумын 5-р баг, Равжихын 8-11 тоот хаягт байршилтай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж  оролцож байна гэв.

 

Хариуцагч М.С шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Миний бие Дтай хашааны наймаа хийсэн. Мөнгийг нь 2 хувааж авсан. 1475000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 1 хонины махтай авсан.... Одоо хашаагаа зарахгүй. Харин Дд мөнгийг нь өгнө гэв.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Д нь газар өмчлөгчөөр тогтоолгох, газар өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хариуцагч М.С нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч С.Д, хариуцагч М.С нар 2006 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Равжихийн 8-11 тоот хаягт орших 840 м.зв талбай бүхий газрыг 1500000 төгрөгөөр тооцож аман хэлбэрийн худалдах худалдан авах гэрээг хийсэн болох нь талуудын гаргасан тайлбараар нотлогдож байна. Худалдагч тал 1475000  төгрөгийг бэлнээр, 1 хонины махтай өгсөн, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж  тайлбарлаж байх боловч хариуцагч талаас 1475000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан, харин хонины махыг үнэгүй авсан тул төлбөр бүрэн төлөгдөөгүй гэж маргаж байна.

Маргаан бүхий газар нь О.О, М.С, С.Энарын өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд өмчлөгч О.Огийн өмчлөх эрхийг М.С нь өвийн журмаар өмчлөх эрх үүссэн байна. /хэргийн 52-57-р хуудас/

Дундговь аймгийн Засаг даргын 2005 оны 319 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг О.Од өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, өмчлөгч нар 2007 оны 06 сарын 22 өдөр Улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхээ бүртгүүлж газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.  /хэргийн 28, 57-р хуудас/

 Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх тул  маргаан бүхий газрыг талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед /2006 онд/ эзэмших эрхийн гэрчилгээгээр О.О эзэмшиж байсан гэж үзэх нь зүйтэй.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх аливаа гэрээг бичгиин хэлбэрээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагатай байх бөгөөд талууд дээрхи шаардлагыг хангасан гэрээ байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д зааснаар  талуудын хооронд хэлцэл хийгдээгүй, нэхэмжлэгч С.Дд  Сайнцагаан сумын 5-р баг Равжихийн 8-11 тоот хаягт орших  газартай холбоотой шаардах эрх үүсээгүй байна гэж үзлээ.

            Иймд газар өмчлөгчөөр тогтоолгох, газар өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.С.Дгийн нэхэмжлэлтэй М.Ст холбогдох газар өмчлөгчөөр тогтоолгож, газар өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.Б