Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 433

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

ОӨУБЕГ-т холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Г.Банзрагч

                                                   Х.Батсүрэн

                                                  Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                        Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:          Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санрайз таун, 40И байрны 44 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065907 дугаартай, гэрчилгээний 000367453 дугаартай 90 м.кв талбай бүхий орон сууцны БГ15/31 тоот барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0316 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0440 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, гуравдагч этгээд “Капитал континент инвестмент ББСБ” ХХК-ийн өмгөөлөгч С.Отгонжаргал, С.Ууганбаяр нар,

Нэхэмжлэгч Б.Б-, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0316 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санрайз тауны 40И байрны 44 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220406590 дугаартай, 000367453 тоот гэрчилгээтэй, 90 м.кв талбай бүхий орон сууцанд БГ15/31 тоот Барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0440 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0316 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Б.Б-, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0316 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2018/0440 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу хэрэглэн тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглээгүй гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбарын хүрээнд эрх зүйн талаас нь зөв дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зааснаар “...маргаан бүхий бүртгэлийг хийхэд хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-ийн эхлэл хэсэгт заасан “...барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр гаргах шаардлагыг хангаагүй гэж маргаж буй нь үндэслэл бүхий мэт боловч энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс хуулийн 28.2.1-28.2.3-т заасан баримт бичгийг буюу холбогдох барьцааны гэрээ, барьцаалбарыг үндэслэн бүртгэл хийсэн бүртгэгчийг буруутгаж, бүртгэлийг хүчингүй болгуулах боломжгүй байна…” гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болжээ.

6. Учир нь “Капитал Континент Инвестмент ББСБ” ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Н.Санжаад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг миний бие олж мэдсэн бөгөөд тухайн хэргийн хариуцагч Н.Санжаа мөн надтай утсаар ярьж энэ талаар мэдэгдсэн. Энэ үеэс эхлэн миний эд хөрөнгөнд зээлдэгч, зээлдүүлэгч нар хууль бусаар халдах гэж байгааг, түүнчлэн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн газраас лавлагаа авснаар олж мэдсэн байхад нэхэмжлэгч Б.Б- нь анхнаасаа мэдэж байсан гэж дүгнэх боломжгүй юм.

7. Нөгөө талаар “Капитал Континент Инвестмент ББСБ” ХХК нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “Барьцааны гэрээ”-ний дагуу “Барьцаа хөрөнгө”-өөр хангуулахаар шаардаж эхэлснээр миний хуулиар олгогдсон эд хөрөнгөө өмчлөх, захиран зарцуулах хууль ёсны эрх ашиг, сонирхол шууд хөндөгдөж байхад шүүхээс илт үндэслэлгүй дүгнэлтийг хийлээ.

8. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “...гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ...”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг “...Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид “ипотек” гэх/-г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ...” мөн хуулийн 28.2 дэх хэсэгт “...Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараах баримт бичгийг хавсаргана...” гэж тус тус заасан. Хуулийн энэ шаардлагын хүрээнд нэхэмжлэгч өөрийн биеэр 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуулийн дагуу “Барьцааны гэрээ”-г бүртгүүлэх талаар огт мэдүүлэг гаргаагүй, энэ нь нэхэмжлэгчийн болон барьцаалуулагч нарын хүсэл зоригийн илэрхийлэл биш байхад нэхэмжлэгч нь өөрөө мэдүүлэг гаргасан мэтээр хуурамч мэдээлэл, түүнд зурсан Б.Б- гэх гарын үсэг бүхий мэдүүлгийг үндэслэн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан буюу улсын бүртгэгч “Барьцааны гэрээ”-г бүртгэж баталгаажуулсан үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа тул захиргааны актыг хүчингүй болгох боломжтой гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар Б.Б- гэх агуулга бүхий гарын үсэгтэй мэдүүлгийн хүрээнд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “...бүртгэл үнэн зөв байх..:”, мөн 5.2 дэх хэсэгт “...бүртгэл нэгдсэн байх..." гэсэн бүртгэлийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдөж байхад шүүхээс маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байгааг анхаарч үзнэ үү.

9. Нөгөө талаар давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...шүүх гарын үсгийг шинжлүүлэхээр шинжээч томилсон байх бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 681 дүгээр шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч, маргаагүй 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ, барьцаа гэрээн дэх монгол бичгээр бичигдсэн гарын үсгийг харьцуулах загвараар ирүүлсэн түүний гарын үсэгтэй тохироогүй гэж дүгнэсэн байх тул шүүхийг шинжээчийн дүгнэлтийг үнэлгээгүй гэж буруутгах боломжгүй...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байх бөгөөд баримтад тулгуурлаагүй гэж үзнэ.

10. Учир нь шинжээчийн дүгнэлтээр барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлд зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч Б.Б-ийн гарын үсэг биш байна гэж үзсэн бөгөөд тухайн нэхэмжлэгчийн өмнөөс зээлдэгч Н.Санжаа өөрөө очиж мэдүүлэг бөглөж гарын үсэг зурсан талаарх баримт, тодорхойлолт хэрэгт авагдсан байхад уг баримтуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай байна.

11. Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.1-т “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлгийг өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын бүртгэгч хүлээн авч, мэдүүлэгт хүлээн авсан тэмдэг дарж, хуудсыг дугаарлан, огноо, цаг, минутыг бичиж, мэдээллийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна...” гэж заасныг зөрчиж бүртгэл хийсэн гэж үзнэ. Мөн журмын 7 дугаар зүйлийн 7.8-т "...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасны дагуу барьцааны гэрээг бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа “мэдүүлэг гаргагч” гэсэн хэсэгт өмчлөгчийн тухай мэдээллийг бичиж, "мэдүүлэг гаргасан” гэсэн хэсэгт барьцаалагч, барьцаалуулагч нар гарын үсгээ зурна, хэрэв хуулийн этгээдийн хувьд төлөөлөгч нь гарын үсгээ зурсан байна..." гэсэн заалтууд зөрчигдсөн байхад улсын бүртгэгч бүртгэл хийсэн нь илт хууль бус байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

12. Иймд, Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

14. Нэхэмжлэгч Б.Б- болон “Капитал Континент Инвестмент” ББСБ-ын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгийн барьцаа”-ний гэрээг бүртгэсэн хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх...”, 28 дугаар зүйлийн 5-д “...28.2-т заасан эрхийг барьцаалбараар гэрчлэн нотолж болно” гэж заасныг зөрчөөгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

15. Нэхэмжлэгч Б.Б- нь “Капитал Континент Инвестмент” ББСБ болон иргэн Н.Санжаа нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан ”Зээлийн гэрээ”-нд хамтран зээлдэгч болохоо илэрхийлж гарын үсгээ зурсан, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Санрайз таун” 40И байрны 44 тоот 90 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалахаар “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг “Капитал Континент Инвестмент” ББСБ-тай байгуулж, барьцааны гэрээ болон барьцаалбарт өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсгээ зурсан” үйл баримтуудын тухайд маргаагүй.

16. Харин Б.Б- нь захиргааны хэргийн шүүхэд “...миний бие өөрийн биеэр мэдүүлэг гаргаагүй, ...энэ нь миний хүсэл зориг байгаагүй, ...гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэнэ...” гэх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг зөрчсөн...” гэж барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар, хариуцагч нь “...зээл болон барьцааны гэрээнд гарын үсгээ зурж, бүртгэлийг хүлээн зөвшөөрсөн, ...хамтарсан мэдүүлэггүйгээр бүртгэх зохицуулалт байгаа, ...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй...” гэж тус тус маргажээ.

17. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д барьцааны эрхийг барьцаалбараар гэрчлэн нотолж болохоор заасан тул энэ тохиолдолд барьцаалагч болон барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлэг зайлшгүй шаардлагагүй болохыг шүүхүүд зөв дүгнэсэн байна.

18. Мөн дээрх хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2-т заасан үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй байх тул “...миний гарын үсэг биш, ...мэдүүлэг гаргаагүй...” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь маргаж буй бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. 

19. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргааны үйл баримтад хамаарах Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0316 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0440 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                      Л.АТАРЦЭЦЭГ