Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 218/МА2020/00008

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2020/00137 тоот шийдвэртэй,

Ц.Өн нэхэмжлэлтэй Ж.Бд хариуцагдах 4882000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам

Хариуцагч *******

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.ийн хүргэн Ж.Бы тоот дансанд 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 4,882,000 төгрөгийг шилжүүлсэн. Намайг сүлжээнд элсүүлж байгаа гэсэн боловч сүлжээнд элсүүлээгүй, надад нэг ч төгрөг орж ирээгүй. Би Ж.Бтай анх ярьж тохирсон асуудал байхгүй. Д.Цд нь манай хүргэний данс руу шилжүүлчих гэсний дагуу би мөнгөө шилжүүлсэн..., Ж.Бны данс руу мөнгө шилжүүлсэн нь үнэн бөгөөд Ж.Б нь миний шилжүүлсэн мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж үзэж байгаа тул Ж.Баас 4882000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч Ц.Ө нь Ж.Баас 4882000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ энэ талаар тодорхой дурдсан байгаа учраас хариуцагч Ж.Баас 4882000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сард анх энэ маргаан эхэлсэн. Манай хадам ээж Д.Цийн нэрээр шүүхэд нэхэмжлэл өгсөн. Тухайн үедээ тус мөнгө нь Д.Цийн дансаар ороогүй гээд намайг хариуцагчаар татсан. Би энэ талаар хариу тайлбартаа тодорхой бичсэн байгаа юм. 2018 оны 02 дугаар сарын сүүлээр би мөнгөө өсгөх зорилгоор Стэнфорд сүлжээнд эхнэр Б.Т www.stamford-market.com гэсэн хаягт бүртгүүлэн 2009 доллар худалдан авч элссэн юм. Тэр үедээ уг компанид ажилладаг Баттулга гэдэг залуу манай аймагт ирээд бидэнд сургалт мэдээлэл хийж байсан. 2018 оны 04 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Стэнфорд компани нь урамшуулал зарласан гээд маш олон хүн доллар худалдаж авах гэсэн эрэлттэй байсан үе бөгөөд энэхүү урамшуулал нь 04 дүгээр сарын 06-ны дотор дуусахаар байсан. Өмнөх орсон хүмүүс нь бага доллар нь олдохгүй байна гэдэг зүйл яригдаж байсан. Манай хадам ээж дээд талынхаа спонсор хүндээ хэлсэн юм билээ. Бүртгээд өгөөч гэсэн чинь нөгөө хүн нь би өөрөө 10 долларын хөрөнгө оруулалт хийнэ гээд тухайн мөнгөө өсгөсөн. Бид хоёр руу яриад та хоёр тэр групп чатад нь байдаг. Тэнд байдаг хүмүүсээс доллар цуглуулаад өгөөч гэхээр нь Ө гэж хүнийг Стенфорд гэдэг компанид нь бүртгүүлээд е-майл хаяг нээж өгч иргэний үнэмлэхнийх нь зургийг явуулж 2000 доллараар бүртгүүлсэн. Намайг ажил дээр байж байтал Ц.Ө хүүтэйгээ ирээд би мөнгө зэргийг шилжүүлж чадахгүй хүүдээ заалгуулъя гээд ирсэн. Тухайн үедээ олон улсын картны данс нээчих юм бол доллараа авч болох юм байна гэсэн групп чатын мэдээлэл байсан бөгөөд энэ мэдээлэл нь Стэнфорд сүлжээний сайт устсан учраас орж болохоо байсан. Би Ө гуайг өмнө нь таньдаггүй байсан, ийм байдал үүсгэнэ гэж бодож байгаагүй. Манай хадам ээжтэй хамт таксинд явдаг хүн байсан юм билээ. Тухайн үед таксины зогсоол дээр хамт таксинд явдаг хүн нь утсаараа мөнгө олж болдог гэдэг талаар ярьж байхад нь Ц.Ө гуай та хоёр юу ярьж байгаа юм гээд асуухад ийм зүйл байгаа юм. 7 хоног бүр доллар орж ирдэг юм гэхэд Ц.Ө гуай өөрөө сонирхоод би хөрөнгө оруулья гэсэн зүйл хэлсэн юм билээ. Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч өөрөө ч 100, 200 доллар орж ирдэг байсан. Сүүлдээ орж ирэхээ больсон гэсэн зүйл ярьсан байдаг. Ц.Ө нь нэхэмжлэлдээ миний шилжүүлсэн мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж худал гүтгэсэн үйлдэл гаргасан байна, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Л овогт Жы Баас 4882000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т овогт Цын Өд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 93062 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ж.Б давж заалдах гомдолдоо:

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2020/00137 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Уг шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Ж.Б надаас 4882000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүх шийдвэртээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд болон маргааны үйл баримтанд хууль зүйн бодит дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь:

Хариуцагч Ж.Б миний бие энэхүү Стэнфорд гэх хөрөнгө оруулалтын компанид ямарч; бүртгэлгүй бөгөөд хадам ээж Д Цйн чи компьютэр дээр сайн ажилладаг, 2000 доллараар Ц.Ө гэдэг хүний хөрөнгө оруулалтыг хийгээд өгөөч гэсний дагуу нэхэмжлэгч Ц.Өын херөнгө оруулалтын долларыг цуглуулж, түүний иргэний үнэмлэхээр уг Стэнфорд гэх хөрөнгө оруулалтын компанид бүртгүүлэн, 1112546 гэсэн хэрэглэгчийн кодоор нь 2000.18 долларын хөрөнгө оруулалт хийж өгсөн асуудал байдаг. Доллар цуглуулахдаа тухайн Стэнфорд гэх хөрөнгө оруулалтын компанид бүртгүүлсэн, хөрөнгө оруулалт хийсэн, сургалтуудад сууж хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байсан хүмүүсийн тухайн үед /Stamford Bsfttulqa/ гэсэн фасебүүк мэссзнжер группээр хүмүүстэй холбогдож, 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-ны өдөр нэр бүхий 5 хүнрүү уг мөнгийг шилжүүлэн Ц.Өын Стэнфорд гэх хөрөнгө оруулалтын компанид 2000.18 долларын хөрөнгө оруулалт хийсэн нь /хаврын урамшуулал 400 доллар нэмэгдэж нийт 2400.18 доллар /Д.Б, Д.Ц нарын гэрчийн мэдүүлэг болон үзлэг хийлгэсэн и-мэйл хаягаар батлагддаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гэрчээр Э.У, Д.Ө, Х.Г, Э.С, Б.Т нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэрч Д Ө 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр .... тоот данснаас 1 удаагийн гүйлгээгээр 1260792 төгрөгийг орж ирсэн гэж, гэрч Б.Т Ц.Ө нь 1112546 гэсэн кодтой элссэн гэж, гэрч Д.Б Ц.Ө 2000 долларын хөрөнгө оруулапт хийсэн, хөрөнгө оруулалтын код нь 1112546 гэж тус тус мэдүүлсэн байдаг. Мөн хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Ц.Ө нь Б.Б, Д.Ц нарын бүтцэд 1112546 гэсэн кодтойгоор элссэн болох нь нотлогддог. Хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, маргааны үйл баримтад бодит дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч нь Стамфорд гэх хөрөнгө оруулалтын компанид элссэн болох нь тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр болсон Ц.Өын нэхэмжлэлтэй, Д.Цэд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд Ц.Өын өгсөн "эхлээд нэг хоёр зуун доллар орж ирэхээр нь урамшиж байсан, сүүлдээ алга болсон" гэх тайлбараар нотлогддог, мөн нэхэмжлэгчийн сүлжээнд элссэн эсэхээ сайн мэдээгүй гэх тайлбар нь үүгээр үгүйсгэгддэг. Гэтэл шүүх зохигчдын хооронд ямар нэг хэлцэл, гэрээний үүргийн харилцаа үүсээгүй, хариуцагч өөрийн тайлбарыг нотлоогүй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүх шийдвэртээ хавтаст хэргийн 29-32-р хуудсанд авагдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлэх боломжгүй болно гэж дүгнэжээ. Хариуцагч талаас хавтаст хэргийн 29-32-р хуудсанд авагдсан хариуцагч миний B j гэх facebook хаягаас H N гэдэг хүнтэй нэхэмжпэгч Ц.Өын хөрөнгө оруулалтыг бүрдүулэх доллар цуглуулах талаар болон нэхэмжлэгчийн 1112546 дугаар кодыг явуулсан зурвас бүхий баримтанд үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасныг шүүх 2019 оны 09 дүгээр сарин 16-ны өдрийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүх хуралдаанаас өмнө хүсэлт гаргаагүй тул хүсэлтээ дэмжээгүй гэж үзэн маргааны гол баримт болох баримтанд үзлэг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж хариуцагч миний эрх зүйн байдлыг маань дордуулж, нотлох баримт бүрдүүлэх, бэхжүүлэх эрхийг маань ноцтой зөрчиж уг хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг гомдолд дурьдсан үндэслэлд хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарсан, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэглэх ёстой хуулийг үндэслэлтэйгээр тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгчийн зүгээс 4882000 төгрөг гаргуулахаар шаардсан бол хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Шүүхийн энэ шийдвэрлэлт үндэслэлтэй байна.

4882000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Өт хариуцагчийн дансанд хийсэн, хариуцагч Ж.Б уг мөнгө дансанд нь орсныг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй.

Харин Ж.Б Стенфорд гэх сүлжээний гишүүн болсон учраас Ц.Ө мөнгө шилжүүлсэн гэж тайлбарладаг бол Ц.Өын зүгээс намайг сүлжээнд элсүүлж байгаа гэсэн боловч элсүүлсэн зүйл байхгүй, энэ талаар Ж.Бтай ярьж тохирсон зүйл байхгүй гэж шүүхэд тайлбарлажээ.

Ц.Өыг СтенФорд сүлжээнд нэгдэн орж, СтенФорд ХХК-тай эрх зүйн харилцаанд орсон гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн нь үндэстэй байна.

Хариуцагч Ж.Б нь Ц.Өын шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу зарцуулсан, түүний санаа зорилгын дагуу үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэстэй гарсан гэж үзэж хэвээр үлдээхээр тогтов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2020/00137 тоот шийдвэрийг хэвээр үлдээгүй.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ш.ТӨМӨРБААТАР