Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/03475

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 24 181/ШШ2024/03475

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 116-25 тоотод бүртгэлтэй ч, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Тавантолгой тосгонд байрлах, Г ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 4 дүгээр баг, Өгөөмөр 5, 6 тоотод бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимп гудамж 12/1, Очир төв, 4 давхар, 402а хаягт байрлах, У ХХК /РД:/,

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 4 дүгээр баг, Өгөөмөр цэций хороолол, 5 дугаар байр, 6 тоотод бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Номун виллаж хотхон 100/7 дугаар байр 14 тоотод оршин суух, Г овогт Ч Б /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 167,312,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаар гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М,

Хариуцагч Ч.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө,

Хариуцагч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь У ХХК, Ч.Б нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үнэ 111,541,600 төгрөг, алданги 55,770,800 төгрөг, нийт 167,312,400 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: У ХХК болон Г ХХК нар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г/102 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ-г байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. 2019 оны сүүлээр У ХХК үйл ажиллагаагаа явуулахгүй болж Г ХХК-ийн колонкоос дизель түлш авахаа зогсоосон. Үүний дараагаар төлбөрийн нийт үлдэгдэл болон алдангийг гэрээний дагуу тооцоолон хариуцагч талд мэдэгдсэн. Захирал Ч.Б тухайн үед төлбөрийг алдангитай удаахгүй барагдуулна, хүнээс авах мөнгөн авлагаа авахаар бүгдийг төлж барагдуулна гэж байсан боловч өнөөг хүртэл төлөөгүй. Энэ гэрээнээс өмнө хариуцагч Г ХХК-ийн захирал С.М гэрээгээр ажиллаж байсан Өсөх говь ХХК-тай түлш худалдан авах гэрээтэй байсан. Уг гэрээнийхээ дагуу төлбөрөө бүрэн төлөөгүй байсан тул 2018 онд гэрээ байгуулсан ч шатахуун нийлүүлээгүй байсан. Гэрээний хавсралтад огноог техникийн алдаа гаргаж буруу бичсэн байсан. 2019 оны 5 дугаар сарын 03-нд 20.000 литр, 5 дугаар сарын 08-нд 31.080 литр, 2019 оны 9 дүгээр сарын 12-нд 4.000 литр нийт гурван удаагийн 55.080 литр дизель түлш авсан. Ч.Б захирлын хэлсэн машинд шатахууныг ачуулсан. Энэ тухай харилцсан мэссэнжерт байгаа. Гоё меридиан ХХК, Эрдэнэ цэций хайрхан ХХК нартай манайх гэрээ байгуулаагүй, зөвхөн Ч.Б хэлсэн машинд шатахууныг ачуулсан тул хариуцагч өөрөө худалдсан хүмүүстэйгээ тооцоог хийх ёстой. Манайд 20.000.000 төгрөгийг дансаар төлсөн. Сүүлд 9.000 литр түлшийг хариуцагчаас 18.810.000 төгрөгт тооцон авсан. Энэ мөнгийг алдангид тооцон авсан. Иймд үндсэн үнэ 111.541.600 төгрөг, алданги 55.770.800 төгрөг, нийт 167.312.400 төгрөгийг У ХХК болон түүний захирал Ч.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч У ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Нэхэмжлэгч Г ХХК-нийн гаргасан нэхэмжлэл бодит үнэнд нийцээгүй, тодорхой бус. Тухайлбал: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан У ХХК Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх Г/102 тоот гэрээний дагуу 55080 литр түлш авсан гэж байгаа нь үнэнд нийцэхгүй зүйл байна. Манай компани тэр колонкоос 55.080 литр түлш авсан зүйл байхгүй. Мөн ямар нэгэн төлбөр хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан зүйл байхгүй. Ямар ч тодорхой биш үндэслэлгүй төлбөрийг, алдангийн хамт манайхаас нэхэмжилж байна. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Уг гэрээ тухайн өдрөө зурагдаагүй, сүүлд 2019 оны 7 дугаар сард гарын үсэг хүчээр зуруулсан байдаг. Мөн гэрээнд литр тутамд хэдэн төгрөг гэдгийг ч тусгаагүй, цаг хугацааны хувьд ч гэрээ, гэрээний хавсралт дах огноо таарахгүй байгаа. Үүнээс гадна нэхэмжилж байгаа 55.080 литр түлшний 20.000 литр түлшийг Гое меридиан ХХК авч ашигласан. Мөн Эрдэнэ цэций хайрхан ХХК-ийн захирал н.Амгалан гучин мянган литр түлшийг авсан. Н.Амгалан гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрөө авсан, төлбөрөөс 20.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх мөнгийг төлнө гэдгээ мэдүүлсэн. Иймд аваагүй түлшний мөнгийг гаргуулахаар шаардаж байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ч.Б захирлаас түлшний мөнгө өгнө, авна гэж чат бичсэн асуудал Өсөх говь ХХК-ийн төлбөртэй холбоотой асуудал. Харин энэ гэрээний дагуу Г ХХК-д төлнө гэж зөвшөөрсөн зүйл биш. Сүүлд авсан гэх 4.000 литр түлшийг компани аваагүй, тухайн ажилтан өөрөө хувьдаа авсан гэж үзэж байна. Компанийн тайлан тооцоонд ч тусгагдаагүй гэдгийг гэрч мэдүүлсэн, мөн ажилтан компанийг төлөөлөх эрхгүй этгээд. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Ч.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний дагуу 55.080 литр түлш Ч.Б нийлүүлсэн зүйл байхгүй. Ч.Б Таван толгойн нүүрсний аман дээр байрлах клонкоос түлш авсан юм байхгүй. У ХХК-тай хамтран ажиллаж байсан Гое меридиан ХХК 20 тонн түлшийг тус компаниас авсан байсан ч түүний дараахан 9 тонн түлшийг нэхэмжлэгч өөрөө буцаан авсан байдаг. Энэ талаар Эрдэнэ цэций хайрхан ХХК-ны захирал н.Амгалан гэдэг хүн авсан түлшнийхээ төлбөрийг төлж байсан дансны хуулга байдаг. С.Мөнхчимэг өөрөө н.Амгалантай холбогдож төлбөр мөнгөө авч байсан. Энэ талаараа буюу түлшний төлбөр н.Амгалангаас авсан талаараа мөн өөрөө ярьж Язгууртны говь компани руу шилжүүлсэн 9 тонн түлш зэргээ тооцолгүй Ч.Баатараас үндэслэлгүй 55000 литр түлшний төлбөр нэхэмжилж байгаа нь шударга бус байна. Ч.Баатараас төлбөр тооцоо хийсэн, төлбөрийн үлдэгдэл зөвшөөрсөн зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

4. Хариуцагч У ХХК-иас Г ХХК-д холбогдуулан хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Манай компани одоогийн Г ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М өмнө нягтлангаар ажиллаж байсан Өсөх говь ХХК-тай 2018 онд дизель түлш нийлүүлэх гэрээгээр түлш авдаг байсан. Тэр үеэс С.М мэдэх болсон. С.М хувиараа манай компанитай 2019 оны эхээр холбогдож Би тусдаа Г гэдэг компаниар үйл ажиллагаа явуулж байгаа. Өмнө нь асуудалгүй хамтарч ажилладаг байсан учир найдвартай түлш нийлүүлнэ, түлш шатахуун байвал надтай холбогдоорой гэж захиралтай ярьсан байсан. Энэ үед Эрдэнэ цэций хайрхан ХХК-ийн захирал н.Амгалан түлш асуухад хэлж өгсөн. Гео Медириан ХХК-ийн захирал н.Ундрах түлш асууж холбогдоход нь Г ХХК-д хэлж өгсөн. Н.Ундрахад 20 тонн түлш өгчхөөрэй тооцоог нь удахгүй хийчих байх гэж манай компаниас С.М хэлсэн байдаг. Хэсэг хугацааны дараа 2019 оны намар С.Мөнхчимэг манай компани руу холбогдож санхүүгийн шалгалт ирэх гээд байна, мөн хөрөнгө оруулалт татах гэж байгаа Эрдэнэ цэций хайрхан ХХК-ийн 30 тонн болон Гео Меридиан ХХК-ийн 20 тонн түлшний асуудлыг нэгтгээд нэг гэрээ болгож шалгалтын хүмүүст харуулах хэрэгтэй байна. Бодитой гэрээ байхгүй бол болохгүй байна, гэрээнд гарын үсэг зураад өгчих гэсэн. Тухайн үед манайх аваагүй юм чинь гарын үсэг зурахгүй, манайд хамааралгүй гэж тайлбарлаж байсан. Харин ч 9 тонн түлш танайх авсан байгаа гэдгийг нь хэлэхэд хүлээн зөвшөөрөөд дараа нь хэдүүлээ алданги тооцохгүй учраа олчихно шүү дээ гэж байсан. Гэрээ хийхгүй гэхэд захирал Ч.Б аав н.Чинбат руу холбогдож танай хүү чинь гэрээнд гарын үсэг зурж өгөөгүй байна. Би шалгалт санхүүгийн асуудалд орох гээд байна. Гэрээнд зүгээр л гарын үсэг зураад өгчих, энэ гэрээ бол ач холбогдолгүй алданги нэхэхгүй, хөрөнгө оруулах хүмүүст харуулах зүйл гэж хэлж өдөр шөнөгүй утасдах, шалах байдлаар шахалт дарамт үзүүлсээр хүчээр гарын үсэг зуруулах болсон байдаг.

Захирал Ч.Б Өмнөговь аймагт байхгүй байгаагаа хэлэхэд байгаа газар чинь яваад очъё гарын үсэг хурдан зураад өг гээд утсаар болон ааваар нь дамжуулан дарамт үүсгэж Улаанбаатар хотод 3 хороололд С.М өөрийн дүү н.Өнөболд, н.Сараа гэх 2 хүнийг явуулж бэлдсэн гэрээ хэд хэдэн хуудас дээр гарын үсэг зуруулсан байдаг. Тухайн үед захиралд компанийн тамга байгаагүй. Дараа нь тамгаа дараад өгчих гэж С.М дүү нараа өдөр шөнөгүй захирлын гэрийнх нь гадаа байлгаж дагуулсан, орсон гарсан газарт нь салахгүй дагаад байсан учир аргагүйн эрхэнд Өмнөговиос компанийн тамгыг ааваараа авч ирүүлж гэрээн дээр дарж өгсөн байгаа. Энэ мэтчилэн С.М тухайн үед ил далд дарамт шахалт үзүүлэн, гэрээний хугацааг нөхөж бичин гарын үсэг зуруулсан шалтгаан нь гэрээгүйгээр өөрөө Эрдэнэ цэций хайрхан ХХК-ийн захирал н.Амгаланд өгсөн 30 тонн түлш болон аман хэлцлээр Гео меридиан ХХК-д өгсөн 20 тонн түлшний алдангийг манай компаниар төлүүлэх гэсэн далд санаа байсан гэдгийг сүүлд шүүхэд хандахад нь мэдсэн. Үүнээс үзэхэд Г ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М хүч хэрэглэх замаар гэрээнд нөхөж буюу 2019 оны 8 дугаар сард өөрийн дүү нараар дарамтлуулан гарын үсэг зуруулсан. Алданги төлүүлэх далд санаа зорилготой хүчээр хийсэн үйлдэл байх тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлүүдийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №102 тоот гэрээний зарим хэсэг буюу 5.1 дэх заалтыг хүч хэрэглэж хийсэн, хүчин төгөлдөр бусд тооцож 5.1 дэх заалтын дагуу нэхэмжилсэн алданги 55.770.800 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Сөрөг нэхэмжлэлд 2019 оны намар С.Мөнхчимэг манай компани руу холбогдож санхүүгийн шалгалт ирэх гээд байна, мөн хөрөнгө оруулалт татах гэж байгаа Эрдэнэ цэций хайрхан ХХК-ийн 30 тонн болон Гео Меридиан ХХК-ийн 20 тонн түлшний асуудлыг нэгтгээд нэг гэрээ болгож шалгалтын хүмүүст харуулах хэрэгтэй байна. Бодитой гэрээ байхгүй бол болохгүй байна, гэрээнд гарын үсэг зураад өгчих гэсэн гэж ямар ч ор үндэслэлгүй худал зүйл бичсэн байна. Эрдэнэ Цэций хайрхан ХХК-тай Өсөх говь ХХК түлш нийлүүлэх тусдаа гэрээ байгуулан хамтарч ажиллаж байсан. Гео меридиан ХХК гэдэг компанийг огт мэдэхгүй анх удаа сонсож байна. Тухайн үед санхүүгийн ямар нэгэн шалгалт ирж байгаагүй. Энд Говийн шигтгээ ХХК нь Эрдэнэ цэций хайрхан ХХК-д 30 тн, Гео меридиан ХХК-д 20 тн түлш өгсөн мэт бичсэн байгаа нь ор үндэсгүй худал зүйл бөгөөд эдгээр компаниудтай ямар нэг төлбөр тооцоо байхгүй болно. У ХХК-д Улаанбаатар хотоос 20,000 л түлш олгосныг У ХХК-ийн захирал Ч.Б өөрөө Эрдэнэ цэций хайрхан ХХК-д хэдэн төгрөг нэмээд ашиг олох зорилгоор н.Амгаланд олгосон, танд үнэнээ хэлээгүйд мөн хугацаа хэтрэлт гаргаж байгаадаа уучлалт гуйж, сүүлд нь надад ярьж байсан. 2019 оны 7 дугаар сарын 02-ны байдлаар У ХХК-ийн захирал Ч.Баатартай тооцоо нийлж тооцооны үлдэгдлийн баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулсан байхад 2019 оны намар гэрээнд гарын үсэг зуруулсан гэж үндэслэлгүй тайлбар хийж байна. Алданги тооцохгүй, дараа нь учраа олчихно гэж хэзээ ч хэлж байгаагүй, ийм яриа болж байгаагүй. Уугуул хишигтэн групп ХХК-ийн захирал Ч.Б өрөө төлөхийг шаардаж удаа дараа уулзаж утсаар холбогдох бүрд одоо удахгүй төлнө Эрдэнэ цэций хайрхан ХХК-ийн захирал н.Амгалангаас би авлагатай, түүнийг авч танд төлөх ёстой юм, та н.Амгалан захирал руу залгаж хэлж өгөөч гэж гуйсны дагуу би н.Амгалантай холбогдож асуухад Амгалан: би Ч.Б багахан хэмжээний өглөг байгаа нь үнэн, удаахгүй төлнө Баатар танайхаас түлш авч манайд өгсөн юм уу? Одоо мэдэж байна гэх яриа болсон ба үүний дараа Эрдэнэ цэций хайрхан ХХК-ийн захирал н.Амгалан У ХХК-ийн нэрийн өмнөөс манайд 20.000.000 төгрөг төлсөн ба энэ нь У ХХК-н Говийн шигтгээ ХХК-д төлөх төлбөрөөс хасагдсан ба нэхэмжлэлийн шаардлагад ороогүй болно.

Ч.Б анхандаа буюу өр үүссэнээс хойш 5, 6 сарын хугацаанд холбоо барьж тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж уулзаж байсан ба сүүлийн 1 жил гаруй хугацаанд утсаа, цахим хаягаа блоклох, зугтаах, хаана байгаагаа нууцлах зэргээр холбоо тасарсан тул Ч.Б аав болох н.Чинбатад яаралтай надтай холбогдооч гэж дамжуулж өгөөч мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тухайгаа хэлсэн.

У ХХК-н Г ХХК-д гүйцэтгээгүй үүргийн үндсэн өрийн дүн 111.541.600 төгрөг, сар бүр дүгнэгдэх гэрээний алданги тухайн өдрөөр 118.244.844 төгрөгийн өр үүссэнээс У ХХК-н төлсөн 9000 литр түлшний үнэ болох 18.810.000 төгрөг болон У ХХК-н нэрийн өмнөөс н.Амгалангийн төлсөн 20.000.000 төгрөг төлөгдөх алдангийн дүнгээс хасагдаж 79.434.844 төгрөгийн алдангийн өр үлдсэн болно.

Түлш нийлүүлэх гэрээ байгуулах, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги тооцохоор ярьж тохироод гарын үсэг зурах үед харин Ч.Б нь зурахгүй хойшлуулаад байсан. Тухайлбал, тухайн үед миний бие Ч.Б итгээд гэрээгээ word файлаар нь мэйлээр явуулаад хэвлэж аваад гарын үсэг зураад буцаагаад явуулаарай гэхэд за гээд хэвлээд гарын үсэг зураад явуулсан байсан. Уг гэрээг хянаж үзэхэд гэрээний 5.1 дэх заалтад алдангийг хоног тутамд гэсний хоног гэснийг хассан байсан. Үүнийг мэдээд залруулж гарын үсэг зуруулсан. Гарын үсэг зуруулахдаа айлгаж сүрдүүлсэн, дарамталсан, хүчээр гарын үсэг зуруулсан зүйлгүй. Уг заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол сүүлд нөхөж гарын үсэг зурахгүй, түлш авахгүй байх байсан. Гэрээний заалтуудыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулахаар тохиролцож түлш авчхаад гарын үсэг зурахгүй байсан нь мөн төлбөрөө төлөхгүй нэхэмжлэлд огт хамааралгүй этгээдүүдийг хамаатай болгон энэхүү тайлбартаа бичсэн байгаа зэрэг нь харин ч төлбөр гүйцэтгэх үүргээс санаатайгаар зайлсхийх, залилах гэмт хэргийн шинжтэй байгаа юм. Тиймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

6. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С.Мөнхчимэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банк ХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хүсэлт, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Г/102 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний хуулбар, дизель түлш олгосон жагсаалтын хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хүсэлт, Г ХХК шинэ толгойт агуулахаас шатахуун худалдан авсан баримт, төлбөр тооцооны дэлгэрэнгүй задаргаа, фейсбүүк чатаар харилцсан захидал, Хаан банкны дансны хуулга, гэрээний хавсралт зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

7. Хариуцагчаас Төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зарлагын баримт, Хаан банкны дансны хуулга хуулбараар, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн түлшний орлогын тооцоо, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн оффисын талбайн түрээсийн гэрээ, хороон засаг даргын тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

8. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр У ХХК /РД:3628043/-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, У ХХК /РД:3628043/-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс У ХХК /РД:3628043/-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, У ХХК /РД:3628043/-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, Өсөх говь ХХК-иас Сугирын Мөнхчимэг /РД:КК80021009/ ажиллаж байсан эсэх, хэзээнээс хэзээ хүртэл ямар ажил эрхэлж байсан болох, Өсөх говь ХХК болон У ХХК /хуулийн этгээдийн регистр:3628043, гүйцэтгэх захирал Ч.Б/ нарын хооронд 2017-2019 оны хооронд шатахуун түлш худалдах худалдан авахаар тохиролцсон гэрээ хэлцэл байгуулагдаж байсан эсэх, хэрэв байгуулагдсан бол хэзээ хэзээ байгуулагдсан, уг гэрээг баримтаар ирүүлэх, У ХХК /захирал Ч.Б/ нартай төлбөр тооцооны үлдэгдэл одоо бий эсэх, хэрэв үлдэгдэл бий бол хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй болох, хэрэв төлбөр тооцоо бүрэн дууссан бол хамгийн сүүлд төлбөрийг хэзээ хэрхэн ямар байдлаар төлж дуусгасан болох лавлагааг, Маргаанд хамаарах 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд танай зүгээс У ХХК /захирал Ч.Б/-д түлш шатахуун худалдсан зүйл бий эсэх, хэрэв нийлүүлсэн бол хэзээ хэчнээн тонн, хэдэн төгрөгийн түлш нийлүүлсэн болох, түүнчлэн уг нийлүүлсэн түлшний төлбөрийн үлдэгдэл бий эсэх, хэрэв тооцоо дууссан бол хамгийн сүүлд хэрхэн төлж дуусгасан талаарх лавлагааг холбогдох баримтуудын хамт, 2019 оноос хойших хугацаанд С М /РД:/-р дамжуулан УХХК /захирал Ч.Б/-иас төлбөр нэхэмжилсэн зүйл бий эсэх, байгаа бол энэ тухай дэлгэрэнгүй тайлбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу түлшийг хариуцагчийн нэрлэсэн этгээдэд өгсөн тул үнийг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нар дараах байдлаар татгалзлын үндэслэлээ тайлбарласан. Үүнд: Гэрээг хүчээр сүүлд нөхөн зуруулсан, гэрээний дагуу шатахууныг хүлээн аваагүй, өөр этгээдэд хүлээлгэн өгсөн тул төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Нэхэмжлэгч гэрээг хүч хэрэглэж дарамтлуулсны үндсэн дээр зуруулсан тул гэрээний 5.1-д заасан заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж тайлбарласан. Шүүх хуралдаанд тусгай зөвшөөрөлгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж үндэслэлээ тодорхойлсон.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг гэрээнд хүч хэрэглэж зуруулаагүй, сүүлд зуруулсан боловч анх гэрээ байгуулагдах үед цахимаар хариуцагчид төслийг явуулсан байсан гэж тайлбарласан бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй гэсэн.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. Зохигчийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №Г/102 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдаж, худалдагч нь чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлэх, ийнхүү нийлүүлэхдээ бүтээгдэхүүний төрөл, тоо, хэмжээ, үнийг шинэчлэн тохиролцож гэрээний нэмэлтээр эсвэл тооцоо нийлсэн актаар баталгаажуулах, худалдан авагч нь тухайн сардаа худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж, дараа сарын 15-ны өдөр багтаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

8. Талууд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд У ХХК нь Г ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 111,952,036 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлж, тооцоо нийлсэн акт үйлджээ.

 

9. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, түлшийг хүлээн авсан буюу үнийг төлөх үүрэгтэй эсэх талаар маргасан.

 

10. Зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх боловч гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

11. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.10.17-д зааснаар бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардана.

12. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээгээр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцсон байх боловч энэ төрлийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ.

 

13. Иймд нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээг үндэслэн шаардах эрхгүй.

 

14. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.

 

15. Нэхэмжлэгч гэрээний дагуу 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 20,000 литр, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 31,080 литр, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 4,000 литр түлшийг хариуцагчид нийлүүлсэн гэж тайлбарласан.

 

16. Шүүх хуралдаанд хариуцагчаас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 20,000 литр түлшийг хүлээж авсан талаар маргахгүй гэсэн тайлбарыг анх гаргасан.

 

17. Талуудын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч нь нэхэмжлэгчид 111,952,036 төгрөгийн өглөгтэй, үүнээс 103,181,600 төгрөг нь 51,080 литр түлшний үнэ /1 литр 2020 төгрөг/, 8,770,436 төгрөг нь алданги гэж нэхэмжлэгчээс тайлбарласныг хариуцагч үгүйсгэж, маргаагүй.

 

18. Хариуцагч нь 51,080 /20,000+31,080/ литр түлш хүлээн авсан болох нь гэрч Н.Сарангэрэлийн Баатар 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр залгаад Мөнхчимэг эгч чамд хэлсэн үү гээд 20 тонн түлш НИК дээрээс ачуулаад падаан дээр гарын үсэг зуруулаад над руу зургийн дараад явуулчих гэж хэлсэн. Мөнхчимэг эгч Баатарт туслах зорилгоор 50 тооныг билүү 100 тонн түлш өгөх гээд байгаа юмаа гээд чи агуулах дээр очоод ачуулаад падаан дээр гарын үсэг зуруулаад авчих гэж хэлсэн. Тэгээд падааныг зуруулаад Баатар руу чатаар зургийн явуулсан, Баатар баярлалаа гэж хариу хэлсэн гэх мэдүүлэг, гэрч Н.Амгалангийн Уугуул хишигтэний өмнөөс гэж тодотгож, 15 сая, 5 саяар 2 удаа төлсөн, Би дүү нартайгаа ярилцаад дүү нар Баатартай ярилцсан. Говийн шигтгээтэй бол огт яриагүй. Говийн шигтгээ, Уугуул хишигтэн хоёрын хоорондын үнийг би мэдэхгүй. Уугуул хишигтэн бодвол хэдэн төгрөг манайд өгөхдөө нэмсэн байх гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

 

19. Хэрэгт авагдсан 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Дизель түлш олгосон жагсаалтаар 4,000 литр түлшийг Г ХХК-иас У ХХК-д хүлээлгэн өгсөн байх бөгөөд уг баримтад гарын үсэг зурсан Наранцэцэг нь У ХХК-ийн ажилтан гэсэн тайлбарыг хариуцагчаас гаргасан.

 

20. Иймд хариуцагч нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нийлүүлсэн 20,000 литр түлшний үнэ 40,400,000 төгрөг /нэгж үнэ 2,020₮/, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нийлүүлсэн 31,080 литр түлшний үнэ 62,781,600 төгрөг /нэгж үнэ 2,020₮/, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нийлүүлсэн 4,000 литр түлшний үнэ 8,360,000 төгрөг /нэгж үнэ 2,090₮/, нийт 55,080 литр түлшний үнэ 111,541,600 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

21. Нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 9,000 литр түлшийг 18,810,000 төгрөгт тооцож, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгийг дансаар, нийт 38,810,000 төгрөгийг хариуцагчаас хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн.

 

22. Зохигчийн хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус тул хариуцагчаас төлөгдсөн дээрх төлбөрийг алдангид тооцох, алданги шаардах үндэслэлгүй тул 38,810,000 төгрөгийг 111,541,600 төгрөгөөс хасаж, үлдэх 72,731,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 94,580,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

23. Хариуцагчийн зүгээс 9,000 литр түлшийг нэгж үнэ 2,200 төгрөгөөр, улмаар 19,800,000 төгрөгийн түлш буцаан авсан гэж тайлбарлаж хэргийн 65-67 дах талд авагдсан баримтуудыг ирүүлсэн боловч уг баримтууд нэхэмжлэгчид бус харин У ХХК-иас Эзора майнинг ХХК, Язгууртны говь ХХК-д түлш хүлээлгэн өгсөн зарлагын баримт, тооцооны хуудас байна.

 

24. Нэхэмжлэгчээс У ХХК-ийн захирал Ч.Б хамтран хариуцагчаар тодорхойлсон хэдий ч хэргийн баримтаар хуулийн этгээдүүдийн хооронд харилцаа үүссэн тул Ч.Б иргэний хувиар шаардах үндэслэлгүй, түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

25. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаар гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлээ шүүх хуралдаанд нэхэмжлэгч тусгай зөвшөөрөлгүй тул хэлцэл хүчин төгөлдөр бус гэсэн агуулгаар тодорхойлсон ба энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хангана.

 

26. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 144/ШЗ2021/00107 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан байх тул тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй. Мөн хуульд зааснаар хураамжийг хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан зохигчийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан №Г/102 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт У ХХК-иас 72,731,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 94,580,800 төгрөг болон хариуцагч Ч.Б холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 994,512 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас төлсөн 436,804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 521,608 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 436,804 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 144/ШЗ2021/00118 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ