Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 218/МА2020/00013

 

 Дундговь аймгийн ******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 139/ШШ2020/00224 тоот шийдвэртэй,

Дундговь аймгийн ******* нэхэмжлэлтэй ******* ХХК-нд хариуцагдах татварын өр, төлбөрт 197317178 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь 2018 оны Ашигт малтмалын нөөц ашигласны тайлан болон агаарын бохирдлын төлбөрийн тайлангаар тайлагнасан нийт 308,143,110 төгрөгийн өрөөс 110,825,932 төгрөгийг төлж, үлдэгдэл 197,317,178 төгрөгийн татварын өр үүссэн байна. Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх тайлагнах эцсийн хугацаа адил байна гэж заасны дагуу тухайн төрлийн татварын тайлан гаргах хуульд заасан хугацаанд ногдох татвараа төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт жилийн эцсийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор татварын албанд тушаана, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлосон түүхий нүүрсэнд ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд төлнө" гэж заасны дагуу татварын тайлангаа тушааж, ногдсон татвараа төлсөн байх үүрэгтэй боловч одоог хүртэл татварын өрийг төлж төсөвт төвлөрүүлээгүй байна.

Иймд тус компани нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт ...хуулиар ногдуулсан албан татвар төлөх, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэж заасны дагуу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нийт 197317178 төгрөгийн албан татварыг гаргуулан төсөвт төвлөрүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага хариуцагчаас 2018 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан болон агаарын төлбөрийн тайлангийн татварын өр, төлбөрт нийт 197317178 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Монгол Улсын үндсэн хууль болон татварын ерөнхий хуульд заасны дагуу шүүхэд татварын өрийг уг компаниар төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын өрийн төлбөр болох 197317178 төгрөгийг барагдуулахыг тус компанийн захирал болон нягтлан бодогчтой сард 2-3 удаа холбогдож, ярьж хэлдэг байсан. Тухайн үед манайх өр төлбөрийн асуудал байхгүй, хугацаанд нь төлнө гэж ярьдаг байсан. Ингээд татварын өрөө өгөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн татварын өр нь борлуулалтаар хийсэн тайлангаар гарчихсан өр учраас тухайн үедээ өөрийн үүргээ биелүүлээд cap болгоны дараа хуулийн хугацаандаа төлөлт хийгээд явсан бол уг өр энэ хүртлээ өсөхгүй байсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид уг татварын өрийг төлөхөөс татгалзахгүй, төлөхгүй гэж маргалдсан зүйл байхгүй. Гагцхүү нэхэмжлэгчтэй төлөх хугацааны хувьд л санал нийлэхгүй байгаа юм. Манай уурхай 2019 онд хоёулаа ажиллаагүй учраас санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан. Компанийн данс хаагаад олон cap болсон. Бид нар нүүрсний уурхайгаас өөр ажил эрхэлдэггүй учраас нүүрсээ борлуулж байж татварын өрийг төлөх боломжтой. Иймд тодорхой хэмжээнд төлөх хугацааг харж үзнэ үү гэсэн хүсэлтэй байна гэв.

 

Анхан шатны шүүх:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 50 дугаар зүйлийн 50.1.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас татварын өр төлбөрт 197317178 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дундговь аймгийн Татварын *******т олгож,

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дундговь аймгийн Татварын ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас 1144535 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Компанийн үйл ажиллагаа 2019 оноос хойш зогссон тул Татварын ерөнхий хуулийн 53.1-т Доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсэж татвар төлөгч татварын өрийг төлөх боломжгүй болох нь тогтоогдсон бол...татвар төлөх хугацааг 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж хөнгөлөлт үзүүлж болно гэж, 53.1.3-т татвар төлөгч эрхэлж байгаа үйл ажиллагаагаа зогсоосон гэж, 53.2-т Татвар төлөгч энэ хуулийн 53.1-д заасан хөнгөлөлтийн хугацаанд татварын өрийг төлөх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл үүссэн тохиолдолд... татварын алба хугацааг дахин сунгаж болно. Сунгах хугацаа нь анхны хөнгөлөлтийг оруулан нийт 2 жилээс илүүгүй байна" гэж тус тус заасны дагуу бидний татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хойшлуулах үндэслэлтэй байсан. Бид энэ тухай нэхэмжлэгч татварын *******т бичгээр хүсэлт гаргаж байсан. Манай компанийн үйл ажиллагаа 2019 оноос зогссон болохыг нэхэмжлэгчийн зүгээс ч мэдэж байгаа, маргахгүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэгч нь манай компаниас татварын өрийг нэхэмжлэх хугацаа нь болоогүй тул татварын өрийг гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Манай компани нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт оффистой. Бид анх шүүхээс холбогдох үед ч энэ талаар шүүхэд хэлж, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд энэ тухай тэмдэглэгдсэн тул компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд гаргаж өгч байсан. Дундговь аймаг дахь уурхайн ажил 2019 оноос зогссон тул тэнд үйл ажиллагаа явуулдаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргахаар заасан байна. Иймд нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байхад харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан байна. Үүнтэй холбоотой шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсвэл хуулийн 20.1.2-т заасны дагуу хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй байсан. Иймд хэргийн харьяаллыг зөвтгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гомдолд үндэслэн хэргийг хянав.

Сум дундын шүүхийн 2020 оны 3 сарын 25-ны өдрийн 139/ШШ2020/00224 тоот шийдвэр нь зохигч талуудын чөлөөт байдал болон тэдний хүсэл зоригийнхоо дагуу шүүхэд хандаж гаргасан тайлбарт үндэслэн гарсан, тэдний эрх ашгийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, шүүхээс хэрэглэх ёстой хуулийг зөв сонгон тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгч Дундговь аймгийн Татварын ******* нь ******* ХХК-аас татварын өр төлбөрт 197312128 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь шүүхэд хандан татварын өр төлбөрийг төлөхөөс татгалзахгүй, маргалдах зүйлгүй гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх талуудын тайлбарт үндэслэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн шаардаж буй өр төлбөр нь нүүрсний борлуулалтаар хийсэн тайлангаас гарсан өр болохыг талууд хүлээн зөвшөөрсөн нь үндэстэй бөгөөд өр төлбөрийн асуудлаар хэн аль нь маргаан үүсгээгүй хүлээн зөвшөөрсөн байдалд үндэслэн шийдсэн нь үндэстэй.

Анхан шатны шүүхээс Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтуудад үндэслэн дүгнэлт хийж шийдвэрлэснийг үндэстэй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хариуцагч талын зүгээс давж заалдах шатны шүүхэд хандан татвар төлөх хугацааны асуудлаар хянуулахаар шүүхийн шийдвэрийг давж заалдсан байх бөгөөд татварын өр төлөх хугацааг сунгах, хойшлуулах үндэслэлийг анхан шатны шүүхэд гаргаж, тавиагүйгээс гадна, дээрхи асуудлаар татварын байгууллага болон ******* ХХК нь хоорондоо харилцан зөвшилцөж шийдвэрлэх асуудал байсан нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтаар тодорхойлогдож байна.

Хариуцагч талын зүгээс шүүхийг нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн гэж гомдол гаргасан байх бөгөөд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хариуцагч хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг газрын шүүхэд гаргах боломжтойгоор зохицуулжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 139/ШШ2020/00224 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1144535.89 /нэг сая нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуун гучин таван төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ш.ТӨМӨРБААТАР