Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 224

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох татварын өр, төлбөрт 197,317,178 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дундговь аймгийн татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХХК нь 2018 оны Ашигт малтмалын нөөц  ашигласны тайлан болон агаарын бохирдлын төлбөрийн тайлангаар тайлагнасан нийт 308,143,110 төгрөгийн өрөөс 110,825,932 төгрөгийг төлж, үлдэгдэл 197,317,178 төгрөгийн татварын өр үүссэн байна. Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт “татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж заасны дагуу тухайн төрлийн татварын тайлан гаргах хуульд заасан хугацаанд ногдох татвараа төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт “ жилийн эцсийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор татварын албанд тушаана”, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлосон түүхий нүүрсэнд ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд төлнө” гэж заасны дагуу татварын тайлангаа тушааж, ногдсон татвараа төлсөн байх үүрэгтэй боловч одоог хүртэл татварын өрийг төлж төсөвт төвлөрүүлээгүй байна.

Иймд тус компани нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “...хуулиар ногдуулсан албан татвар төлөх”, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж заасны дагуу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нийт 197,317,178 төгрөгийн албан татварыг гаргуулан төсөвт төвлөрүүлэхээр нэхэмжилж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага хариуцагчаас 2018 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан болон агаарын төлбөрийн тайлангийн татварын өр, төлбөрт нийт 197,317,178 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Монгол Улсын үндсэн хууль болон татварын ерөнхий хуульд заасны дагуу шүүхэд татварын өрийг уг компаниар төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын өрийн төлбөр болох 197,317,178 төгрөгийг барагдуулахыг тус компанийн захирал болон нягтлан бодогчтой сард 2-3 удаа холбогдож, ярьж хэлдэг байсан. Тухайн үед манайх өр төлбөрийн асуудал байхгүй, хугацаанд нь төлнө гэж ярьдаг байсан. Ингээд татварын өрөө өгөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн татварын өр нь борлуулалтаар хийсэн тайлангаар гарчихсан өр учраас тухайн үедээ өөрийн үүргээ биелүүлээд сар болгоны дараа хуулийн хугацаандаа төлөлт хийгээд явсан бол уг өр энэ хүртлээ өсөхгүй байсан гэв.

Хариуцагч “Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид уг татварын өрийг төлөхөөс татгалзахгүй, төлөхгүй гэж маргалдсан зүйл байхгүй. Гагцхүү нэхэмжлэгчтэй төлөх хугацааны хувьд л санал нийлэхгүй байгаа юм. Манай уурхай 2019 онд хоёулаа ажиллаагүй учраас санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан. Компанийн данс хаагаад олон сар болсон. Бид нар нүүрсний уурхайгаас өөр ажил эрхэлдэггүй учраас нүүрсээ борлуулж байж татварын өрийг төлөх боломжтой. Иймд тодорхой хэмжээнд төлөх хугацааг харж үзнэ үү гэсэн хүсэлтэй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                  

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Дундговь аймгийн татварын хэлтэс нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан татварын өр төлбөрт 197,317,178 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Б” ХХК нь татварын өр төлбөрт 197,317,178 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг, маргахгүй ба гагцхүү төлөх хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд татварын албаны цахим системээс хэвлэсэн агаарын бохирдлын тайлан /2018 оны 4 дүгээр улирал, 2019 оны 3 дугаар улирал/, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /208 оны 4 дүгээр улирал, 2019 оны 3 дугаар улирал/, Б ХХК-ийн 2019.12.20-ны өдрийн байдлаарх өрийн судалгаагаар хариуцагч “Б” ХХК нь нийт 197,317,178 төгрөгийн татварын өртэй болох нь нотлогдож байна. /хх-5-11-р хуудас/

Татварын ерөнхий хууль /2019.03.22-ны өдрийн шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заажээ.

Иймд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “Б” ХХК-иас 197,317,178 төгрөгийг гаргуулах тухай Дундговь аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 1,144,535 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         1. Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 50 дугаар зүйлийн 50.1.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК-иас татварын өр төлбөрт 197,317,178 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дундговь аймгийн Татварын хэлтэст олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дундговь аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Б” ХХК-иас 1,144,535 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ГАНЧИМЭГ