Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 218/МА2020/00014

 

 

 *******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 139/ШШ2020/00269 тоот шийдвэртэй,

*******ы нэхэмжлэлтэй *******т хариуцагдах зээл, зээлийн хүү нийт 7660000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь 2017 оны 3 сарын 14-ний өдөр надаас мөнгө зээлж авъя гэсэн. Би тухайн үед ажилтай байсан тул өөрийн эхнэр *******г *******тэй зээлийн гэрээ байгуулаад мөнгө зээлчих гэж хэлсэн юм. Тэгээд манай эхнэр ******* *******тэй 2017 оны 3 сарын 14-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 5500000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тус зээлийн гэрээний дагуу хүүг эхний 3 cap бүрэн төлж байсан боловч хүүгийн төлөлтөө дутуу төлөх, хугацаа хэтэрч төлөх зэрэг нөхцөл байдал бий болгосоор 2019 оны 4 cap хүрсэн. Энэ хугацаанд зээлийн үндсэн мөнгө болох 5500000 төгрөгөөс огт төлөлт хийгээгүй. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөр 5500000 төгрөг, хүү 2160000, нийт 7660000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 3 сарын 14-ний өдөр *******тай гэрээ байгуулж 5500000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Үүнээс хойш зээлийн гэрээг сунгаагүй. Энэхүү гэрээний дагуу би нэхэмжпэлд хавсаргаж өгсөн барьцаат зээлийн гэрээнд тэмдэглэгдсэн нийт 6350000 төгрөг, мөн нэмж 2 удаагийн төлөлт хийж, 7 сая орчим төгрөгийг төлсөн. Анх гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан учраас надаас 1 сараас илүү хугацааны хүү нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурьдагдсан 2019 оны 5 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу би нэхэмжлэгчээс нэг ч төгрөг зээл аваагүй болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Анхан шатны шүүх:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар *******ээс зээл, зээлийн хүү нийт 7660000 төгрөг гаргуулах тухай *******ы нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.1,   57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137510 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байх тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Нэхэмжлэгч ******* нь иргэн *******гаас 2017 оны 3 сарын 14-ний өдөр 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр 5500000 төгрөг зээлсэн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна... гэсэн хэсгээс үзэхэд Нэхэмжлэгч ******* гэсэн нь тухайн хэрэгт сөрөг нэхэмжлэл байгаа мэт тодорхойгүй, ойлгомжгүй байдал бий болгосон. Тус хэрэгт хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Талуудын хооронд 2019 оны 5 сарын 16-ны өдөр 5 хувийн хүүтэйгээр 5500000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч уг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч *******аас хариуцагч *******ийн өмчлөлд мөнгө шилжүүлээгүй, зээл олгогч *******гаас 2017 оны 3 сарын 14-ний өдөр *******т зээлсэн 5500000 төгрөгийн зээлийн үлдэгдэлд талууд харилцан тохиролцож гэрээг дахин байгуулсан болох нь талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна... гэж дурдсан

Дээрхээс шүүх Зээл олгогч *******гаас 2017 оны 3 сарын 14-ний өдөр *******т зээлсэн 5500000 төгрөгийн зээлийн үлдэгдэлд талууд харилцан тохиролцож гэрээг дахин байгуулсан болох нь талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна" гэж үзсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан миний тайлбар, хариуцагчийн тайлбараар үүнийг хүлээн зөвшөөрч байгаа.

******* нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр *******гаас зээлсэн 5500000 төгрөгийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэл. Мөн хэрвээ тэрээр 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөрөө төлсөн бол 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээг байгуулахгүй байсан нь тодорхой.

Гэтэл энэ нөхцөл байдлыг шүүх үндэслэх хэсэгтээ тодорхой гаргаж ирсэн атлаа Талуудын хооронд байгуулсан 2019 оны 5 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* нь зээлдэгч *******ийн өмчлөлд гэрээний зүйл болох 5500000 төгрөгийг шилжүүлээгүй байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс зээл, зээлийн хүүг буцаан шаардах эрхгүй байна гэж үзсэн нь шүүх нотлох баримтуудын бодит үндэслэлийг үнэлж чадаагүй байгааг илэрхийлж байна.

3. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 3 сарын 14-ний өдөр зээл олгогч *******гийн *******т зээлүүлсэн мөнгө нь гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө гэж тайлбарлаж байх боловч энэ тайлбараа нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна... гэжээ.

Би шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тухайн үед би ажилтай байсан тул өөрийн эхнэр *******г *******тэй зээлийн гэрээ байгуулаад, мөнгө зээлчих гэсэн талаараа дурдсан. Улмаар 2019 оны зээлийн гэрээг *******, ******* бид гурав хамт байж байгаад тохиролцоод би зээлдүүлэгчийн хувиар гэрээг байгуулсан.

******* бид хоёр 1993 онд гэр бүл болсон. Энэ хугацаанаас хойш бий болсон бидний өмч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран өмчлөх дундын өмч гэж үзэж байна. Иймд энэ хэрэгт *******гаас *******т зээлсэн 5500000 төгрөгийн өмчлөлийн асуудлыг тодорхойлох шаардлагагүй. Хавтаст хэрэгт гэрлэлтийн гэрчилгээ авагдсан байдаг.

4. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Мөн зээл олгогч ******* хариуцагч ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 1 cap байх бөгөөд зээлдэгч ******* нь үндсэн зээл, зээлийн хүүг бүрэн төлж барагдуулсан байх тул *******тай байгуулсан гэрээг үндэслэн ******* нь зээл, зээлийн хүүг буцаан нэхэмжлэх эрхгүй байна... гэсэн.

Гэтэл хавтас хэрэгт ******* нь үндсэн зээл болох 5500000 төгрөгийг хэрхэн төлж барагдуулсан тухай баримт байхгүй. Юуг үндэслэж шүүх *******ийг үндсэн зээл, зээлийн хүүг бүрэн төлж барагдуулсан талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй, мөн ямар нотлох баримтыг үндэслэж, хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт дурдагдаагүй.

2017 оны 3 сарын 14-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний Хүү өгсөн эсэх хүснэгтэд тодорхой мөнгөн дүнгүүд бичигдсэн. Энэ бичигдсэн мөнгөн дүнгүүд нь нийлээд 6350000 төгрөг болдог. Энэ нь зээлдэгч *******ийн тус зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээгээ сунгаад хүү төлж байсан тухай баримт. Гэтэл ******* нь 2020 оны 3 сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...нийт төлөлт 6350000 төгрөг, мөн нэмж 2 удаагийн төлөлт хийж, 7 сая орчим төгрөгийг төлсөн..., мөн 2020 оны 4 сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 6350000 төгрөг төлсөн, нэмж мөнгө төлсөн боловч тэр тухай баримт байхгүй гэсэн агуулгатай юм ярьсан. Эдгээрээс үзэхэд хэрвээ 2017 оны 3 сарын 14-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ нэг сарын хугацаатай байгуулагдаад сунгагдаагүй гэж үзвэл ******* нь үндсэн зээл 5500000, зээлийн хүүнд 440000 төгрөг, нийт 5940000 төгрөг төлөх нь зүйтэй болж байна. Гэтэл ******* нь 6350000 төгрөг төлсөн, нэмж мөн мөнгө төлсөн гээд байгаа. Би *******ийн 6350000 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрч байгаа.

Гэтэл яагаад ******* нь илүү мөнгө төлсөн тухай шүүх дүгнэлт гаргаагүй. Энэ илүү мөнгөний асуудал, гэрээ хэрхэн сунгагдсан, хүүг хэрхэн төлж байсан талаар нотлох баримтуудад үндэслэж шүүх дүгнэлт хийгээгүй.

Дээрхээс үзэхэд тус шүүхийн шийдвэр нь хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг заагаагүй, тодорхойлоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг тодорхойлж чадаагүй, үнэлээгүй байна. Энэ нь миний хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөнийг хамгаалж чадаагүй, бодит байдлыг үнэлж, шударга ёсыг тогтоогүй шийдвэр гарсан гэж үзэж байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 269 дүгээр шийдвэр Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 23-ны өдрийн 139/ШШ2020/00269 тоот шийдвэртэй *******ы нэхэмжлэлтэй *******т хариуцагдах 7660000 төгрөг гаргуулахаар шаардсан иргэний хэргийг нэхэмжлэгч талын гомдлоор давж заалдах шатны шүүх хянан үзэв.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн нотлох баримт, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн хэлцэл, хэргийн нөхцөл байдал зэрэгт бодитой дүгнэлт хийгээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлээс үзэхэд маргаж буй зээлийн гэрээний зүйл болох 5500000 төгрөгийг 2017 оны 3 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн, зээлийн хугацааг сунгаж явсан, төлөлт удааширсан учраас 2019 оны 5 сарын 16-ны өдөр зээлийн гэрээг шинэчлэн байгуулснаа шүүхэд тайлбарлажээ.

Харин хариуцагч ******* нь 2017 оны 3 сарын 14-ний өдөр 5500000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээнд тэмдэглэснээр 6350000 төгрөг, нийт 7 сая орчим төгрөгийн төлөлт хийсэн. 2019 оны 5 сарын 16-ны зээлийн гэрээний дагуу би нэг ч төгрөг аваагүй гэжээ.

Анхан шатны шүүх зохигчид нь 2019 оны 5 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлээгүй байх тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Анхан шатны шүүхийн энэ шийдвэрлэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд түүнд хийгдсэн бичилт зэргээс үзэхэд зохигчид 2017 оны 3 сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 5500000 төгрөгийг *******т зээлдүүлсэн бөгөөд ******* нь зээлийн гэрээний үүрэгт сар бүр 240000-440000 төгрөгийн төлөлт хийж байжээ. Энэ нь зээлийн гэрээний хүү 8% байх гэсэн тохиролцоонд хамаарах үндэстэй байх бөгөөд сар бүрийн төлөлтийг зээлийн гэрээний сунгалт хэсэгт бичиж явжээ. Зээлийн гэрээний сунгалт хэсэгт байгаа энэ баримтанд шүүх ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна. Шүүх зөвхөн 2019 оны 5 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээнд л дүгнэлт хийж хандсанаас өөрөөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2017 оны 3 сарын 14-ний зээлийн гэрээ, түүнд хийгдсэн бичилтүүд зэрэг хэрэгт холбогдолтой бодитойгоор авагдсан нотлох баримтанд дүгнэлт хийсэнгүй нь учир дутагдалтай бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн тавьсан гомдол үндэстэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2017, 2019 онуудад зээлийн гэрээг хэрхэн ямар зорилгоор байгуулсан тухайгаа дурьдаж шүүхэд хандсан, энэ талаархи тайлбараа шүүхэд гаргажээ.

Гэрээ хэлцлийг талууд өөрсдийн хүсэл зоригийн дагуу байгуулсан зорилгоо ч тодорхойлсон, өөрөөр хэлбэл 5500000 төгрөг зээлдүүлэн, хүү төлөх, буцаан төлөх, улмаар уг зээл төлөгдөөгүй удааширсан учир дахин зээлийн гэрээг шинэчилж байгуулсан гэдэг нь нэхэмжлэгч талын тайлбараар харагдаж байна.

Уг зээлийн гэрээнүүдийг байгуулсан зохигчдын хүсэл зоригийг шүүх анхаарах ёстой.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан зүйлийг бүрэн дүүрэн бодитой авч үзэхгүйгээр зөвхөн 2019 оны 5 сард байгуулагдсан зээлийн гэрээнд анхаарч шүүх шийдвэрлэжээ.

Талуудын байгуулсан зээлийн гэрээг шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 39, 40, 43 дугаар зүйлийн 43.2 зэргийг анхаарч үзэхээс гадна, мөн хуулийн 56, 57-г хэрэглэн үндэслэж байгааг нягтлах ёстой. Энэ хэргийн зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь чухам ямар үндэслэлээр шүүх үнэлээгүй, авч хэлэлцээгүй орхисон нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн дээрхи шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх бөгөөд анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримт, нөхцөл байдалд бүрэн дүгнэлт хийгээгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Мөн анхан шатны шүүхээс хэргийг шүүхээр хэлэлцүүлэх захирамж гаргасны дараа зохигчдод хэргийн материал танилцуулах арга хэмжээг аваагүй байна.

Сум дундын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137510 төгрөгийг магадлал хүчин төгөлдөр болмогц шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 139/ШШ2020/00269 тоот шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.    Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137510 /нэг зуун гучин долоон мянга таван зуун арав/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ш.ТӨМӨРБААТАР