Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 218/МА2020/00015

 

Г.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 139/ШШ2020/00321 тоот шийдвэртэй,

Г.Ггийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам

Нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 1970 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, энэ жил 50 настай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Цагдаагийн байгууллагад тасралтгүй 32 жил ажиллаж байгаа. ...2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хэрэг бүртгэх хэсэг, тасгийн дарга, 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд дарга, ...2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс одоог хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн ...эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар ажилласанд тооцно” гэж заасан нь Цагдаагийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангаж, алба хаасан хугацааг өсгөн нэмэгдүүлэхээр болсон юм. Дээрх Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт хамрагдах ажлын байр /албан тушаал/-ын жагсаалтыг Цагдаагийн Ерөнхий газрын даргын Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/825 дугаартай албан бичгийн 4 дэх хэсэгт “Жижүүрийн алба”-д ажилласан Ёс журмын тасаг, хэсгийн дарга гэж заасан байна.

Би 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хэрэг бүртгэх хэсэг, тасгийн даргаар, 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар нийт 10 жил 8 сар 28 хоног ажилласан. Ийнхүү ажиллах хугацаандаа Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст 24 цагаар үүрэг гүйцэтгэх жижүүрийн албаны бүрэлдэхүүнд “Ёс журмын эргүүл” гэсэн томилгоотойгоор ажил үүрэг гүйцэтгэж ирсэн. Иймд намайг Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хэрэг бүртгэх хэсэг, тасгийн даргаар, 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар ажиллаж байх хугацаандаа “жижүүрийн алба”-нд ерөнхий эргүүл, ёс журмын эргүүлээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Цагдаагийн алба хаагчийн албадан эрүүлжүүлэх саатуулах байр...эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар ажилласанд тооцож байхаар хуульд шинэ заалт орсон. Л.Г нь 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хэрэг бүртгэх хэсэг, тасгийн даргаар, 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар нийт 10 жил 8 сар 28 хоног ажилласан. Ийнхүү ажиллах хугацаандаа Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст 24 цагаар үүрэг гүйцэтгэх жижүүрийн албаны бүрэлдэхүүнд “Ёс журмын эргүүл” гэсэн томилгоотойгоор ажил үүрэг гүйцэтгэж ирсэн. Дундговь аймгийн Цагдаагийн газраас баримт гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан ч 2002-2009 оны баримтууд хадгалах хугацаа нь дуусч устгагдсан байгаа. Ер нь ёс журмын эргүүл нь өдөр болгон гардаг биш, тус цагдаагийн хэлтсийн дарга томилдог ажил байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

 Анхан шатны шүүх:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баяуд овогт Лхамын Гг 2010 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар ажиллаж байх хугацаандаа тус цагдаагийн хэлтэст ёс журмын эргүүлээр ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 2002 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар ажиллаж байх хугацаандаа “жижүүрийн алба”-нд ерөнхий эргүүл, ёс журмын эргүүлээр ажилласан байдлыг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

  1. 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Л.Г нь Дундговь аймгийн цагдаагийн хэлтэст 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2007 оны 05 сарын 25-ныг хүртэл Хэрэг бүртгэх хэсэг, тасгийн даргаар, 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар ажиллах хугацаандаа “жижүүрийн албан”-нд ёс журмын эргүүлээр ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс Л.Гг 2002.10.03-наас 2007.05.25-ныг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэх хэсэг, тасгийн даргаар, 2017.05.25-наас 2009.12.31-нийг хүртэл Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар ажиллах хугацаандаа "жижүүрийн алба”-нд ёс журмын эргүүлээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь:

Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт "Цагдаагийн алба хаагчийн ... эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцно” гэж заасан нь цагдаагийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангаж, алба хаасан хугацааг өсгөн нэмэгдүүлэхээр болсон юм.

Дээрх Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт хамрагдах ажлын байр /албан тушаал/-ын жагсаалтыг Цагдаагийн ерөнхий газрын даргын Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/825 дугаартай албан бичгээр Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт заасан ажлын байр, албан тушаалын жагсаалтыг гаргасан байна /хх-22-26-р тал/

Дээрх жагсаалтын 5 дахь хэсэгт “Жижүүрийн алба”-д ажилласан Ёс журмын тасаг, хэсгийн дарга гэж заасан.

Засгийн газрын 1994 оны 104 дүгэзр тогтоолоор батлагдсан “Цагдаагийн хүрээний дүрэм"-ийн 13-т "Цагдаагийн хүрээний ёс журам сахиулах эргүүлийг хүрээний дарга томилно”, 15-т “Аймагт цаг үеийн шаардлагаар хэрэгцээтэй газруудад ёс журам сахиулах эргүүл томилон ажиллуулна" гэж, Цагдаагийн хүрээний удирдах албан тушаалтнуудын эрх хэмжээ, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 351 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код101/-ын “Дотоод албаны дүрэм”-ын 101.6-д зааснаар “Байгууллагын хариуцлагатай эргүүл, жижүүрийг өдөр тутам томилж үүрэгжүүлэх” гэсэн дагуу Л.Г нь хэрэг бүртгэх тасгийн дарга болон дэд даргаар ажиллах хугацаандаа албан тушаалынхаа хувьд Дундговь аймгийн цагдаагийн хэлтэст 24 цагаар үүрэг гүйцэтгэх жижүүрийн албаны бүрэлдэхүүнд “Ёс журмын эргүүл” гэсэн томилгоотойгоор ажил үүрэг гүйцэтгэж ирсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Дундговь аймгийн Цагдаагийн газрын 2020.02.03-ны өдрийн 37/284 тоот албан бичиг / xx-5-p тал/, Цагдаагийн Ерөнхий Газрын төв архивын 2019.11.15-ны өдрийн 2310/1898 тоот лавлагаа, ЦЕГ-ын даргын ажилд томилох, чөлөөлөх тушаалууд /хх-53-57-р тал/, Дундговь аймгийн Цагдаагийн газрын 2020.04.22-ны өдрийн 37/1222 тоот албан бичиг, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын “Эргүүл жижүүрийн хуваарь”, “Ёс журам сахиулах эргүүлийн рапорт” /хх-б4-79-р тал/, гэрч X.Ганболд Б.Тувшинбаатар нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Харин Дундговь аймгийн Цагдаагийн газрын 2020.04.22-ны өдрийн 37/1222 тоот албан бичиг “...2010 оноос өмнөх баримтууд тус архивт байхгүй, хадгалагдах хугацааны дагуу устгагдсан” гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн бөгөөд 2010 оноос өмнөх Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын “Эргүүл жижүүрийн хуваарь". “Ёс журам сахиулах эргүүлийн рапорт” архивын хадгалах хугацааны дагуу устгагдсан болох нь дээрх албан бичгээр нотлогдож байна.

Гэрч Х.Ганболдын “Ёс журмын эргүүлийн үүргийг ахлах албан тушаалтан болон тасгийн дарга нар гүйцэтгэдэг байсан. Л.Г нь 2002 онд хэрэг бүртгэх тасгийн дарга болсон цаг үеэсээ хойш тасралтгүйгээр тухайн үеийн газар хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу ёс журмын эргүүл хийдэг байсан. Сард дундажаар 10 удаа ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилладаг байсан” гэж, Гэрч Б.Түвшинбаатар “Тасгийн дарга, хэсгийн дарга, ахлахууд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу ёс журмын эргүүлийн үүргийг гүйцэтгэж, тухайн өдрийн эргүүл, жижүүрүүдэд хяналт тавьж, өөрийн биеэр үүрэг чиглэл өгч хонож ажилладаг байсан. Л.Г нь 2002 оноос 2013 он хүртэл тасралтгүй ёс журмын эргүүлээр ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн байхад үйл явдлыг дан ганц гэрч нарын мэдүүлгээр тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй гэж үзэж байна.

Учир нь гэрчүүдийн мэдүүлэг эргэлзээгүй, зөрүүгүй байх бөгөөд гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, мэдүүлгийг үгүйсгэж байгаа нотлох баримт байхгүй байхад мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна

Ёс журмын тасаг, хэсгийн дарга, ёс журмын ахлах зохицуулагч, ёс журам сахиулах ажил хариуцсан ахлах байцаагч гэсэн албан тушаал орон нутгийн Цагдаагийн хэлтэс, газарт байдаггүй, тасгийн дарга, хэсгийн дарга, ахлахууд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу ёс журмын эргүүлээр ажилладаг байсан тул Л.Г нь хэрэг бүртгэх тасгийн дарга, хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар ажиллах хугацаандаа “жижүүрийн албан”-нд ёс журмын эргүүлээр албан тушаалынхаа хувьд ажиллаж байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг, ажилд томилсон, чөлөөлсөн тушаал зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Иймээс Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 24-ний өдрийн 139/ШШ2020/00321 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасан зарчмыг баримтлан бүхэлд нь хянан үзэв.

Сум дундын шүүхийн 2020 оны 4 сарын 24-ний 139/ШШ2020/00321 тоот шийдвэр нь нэхэмжлэлд дурьдсан үйл баримтанд үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитой үнэн зөв дүгнэлгүйгээр шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч Л.Г нь 2002 оны 10 сарын 03-ны өдрөөс 2007 оны 5 сарын 25-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэх хэсэг, тасгийн дарга, 2007 оны 5 сарын 25-ны өдрөөс 2013 оны 7 сарын 1-ний өдөр хүртэл мөн цагдаагийн хэлтэст Хүний нөөц сургалт хариуцсан дэд даргаар ажиллаж байсан 10 жил 8 сар 28 хоногийн хугацаандаа 24 цагаар жижүүрийн үүрэг гүйцэтгэж ёс журмын эргүүл гэсэн томилгоотойгоор ажил үүрэг гүйцэтгэж байсан учир энэ хугацаанд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан болохыг тогтоож өгнө үү гэж шаарджээ.

Анхан шатны шүүх энэхүү шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ. Шүүхийн энэ шийдвэрлэлт учир дутагдалтай байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд Л.Г нь хэрэг бүртгэх тасаг хэлтсийн дарга болон Цагдаагийн дэд даргаар 10 жил 8 сар 28 хоног ажилласан нь тодорхой байна. Энэ хугацаанд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байснаа тогтоолгох шалтгаан нь тодорхойгүй, ямар хугацаагаар жижүүрийн үүрэг гүйцэтгэснээ нотлоогүй, тодорхой нотлох баримт байхгүй хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс харахад ажилласан бүх хугацаанд жижүүрийн үүрэг гүйцэтгэснээр тогтоолгохоор шаардсан мэт харагдаж байна. Ийм байдлаар ажилласан байдал тогтоох нь бодит үнэнд нийцэхгүй нь ойлгомжтой бөгөөд шүүх 2010 оноос хойшхи ажилласан хугацааны туршид жижүүрийн үүрэг гүйцэтгэснээр тогтоож шийдвэрлэж байгаа байдал нь ойлгомжгүй үндэстэй биш шийдвэрлэлт болжээ.

Нэхэмжлэгч нь ажил үүрэг гүйцэтгэж байсан нь тодорхой байхад ямар эрхийн актад үндэслэн давхар ажилласан байдал тогтоож байгаа талаараа шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

Цагдаагийн тухай хуулийн 86 дугаар зүйлийг хэрэглэн төрийн тусгай албан хаагчийн эрх ашгийг хангах нь тухайн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг. Энэ хамгаалалт баталгааг эдлэх эрх нь нэн түрүүнд жижүүрийн үүргийг гүйцэтгэх үүрэг бүхий томилогдсон албан хаагч байх ёстой.

Ёс журмын эргүүлийн ажлыг удирдах үүрэг эрх бүхий цагдаагийн удирдах албан тушаалтанд байгаа ч энэ нь шууд жижүүр, эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн болон, эсвэл хяналт тавьсан аль нь болох талаар тодруулж, чухам ямар хугацаагаар энэ үүргийг гүйцэтгэсэн болохоо нотолж шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. Цагдаагийн удирдах албан тушаалтан жижүүрийн үүрэг гүйцэтгэснээр тогтоолгох гэж буй асуудлын хууль зүйн үндэслэл нь юу болох, хөдөлмөрийн хуулинд заагдсан ажил хавсарсан, орлон гүйцэтгэсэн зэрэгт хамаарч байгаа гэх үндэслэл байна уу гэдгийг ч харах ёстой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Цагдаагийн дээд шатны байгууллагаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн бичигт дурьдсаны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэл хэргийн баримтаас харагдаж байх бөгөөд энд дурьдагдсан асуудал шүүх харьяалан шийдвэрлэх асуудал мөн эсэх нь ч тодорхой биш байна. Шүүх хууль буруу хэрэглэж асуудлыг шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрлэлт нь эргэлзээтэй, үндэслэлтэй биш байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 139/ШШ2020/00321 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                               Т.БЯМБАЖАВ

  

                                                                     Ш.ТӨМӨРБААТАР