Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 321

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Л.Г-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 1970 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, энэ жил 50 настай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Цагдаагийн байгууллагад тасралтгүй 32 жил ажиллаж байгаа. ...2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хэрэг бүртгэх хэсэг, тасгийн дарга, 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд дарга, ...2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс одоог хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн ...эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар ажилласанд тооцно” гэж заасан нь Цагдаагийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангаж, алба хаасан хугацааг өсгөн нэмэгдүүлэхээр болсон юм. Дээрх Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт хамрагдах ажлын байр /албан тушаал/-ын жагсаалтыг Цагдаагийн Ерөнхий газрын даргын Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/825 дугаартай албан бичгийн 4 дэх хэсэгт “Жижүүрийн алба”-д ажилласан Ёс журмын тасаг, хэсгийн дарга гэж заасан байна.

Би 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хэрэг бүртгэх хэсэг, тасгийн даргаар, 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар нийт 10 жил 8 сар 28 хоног ажилласан. Ийнхүү ажиллах хугацаандаа Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст 24 цагаар үүрэг гүйцэтгэх жижүүрийн албаны бүрэлдэхүүнд “Ёс журмын эргүүл” гэсэн томилгоотойгоор ажил үүрэг гүйцэтгэж ирсэн. Иймд намайг Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хэрэг бүртгэх хэсэг, тасгийн даргаар, 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар ажиллаж байх хугацаандаа “жижүүрийн алба”-нд ерөнхий эргүүл, ёс журмын эргүүлээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Цагдаагийн алба хаагчийн албадан эрүүлжүүлэх саатуулах байр...эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар ажилласанд тооцож байхаар хуульд шинэ заалт орсон. Л.Г- нь 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хэрэг бүртгэх хэсэг, тасгийн даргаар, 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар нийт 10 жил 8 сар 28 хоног ажилласан. Ийнхүү ажиллах хугацаандаа Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст 24 цагаар үүрэг гүйцэтгэх жижүүрийн албаны бүрэлдэхүүнд “Ёс журмын эргүүл” гэсэн томилгоотойгоор ажил үүрэг гүйцэтгэж ирсэн. Дундговь аймгийн Цагдаагийн газраас баримт гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан ч 2002-2009 оны баримтууд хадгалах хугацаа нь дуусч устгагдсан байгаа. Ер нь ёс журмын эргүүл нь өдөр болгон гардаг биш, тус цагдаагийн хэлтсийн дарга томилдог ажил байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Г- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Л.Г- нь 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хэрэг бүртгэх хэсэг, тасгийн даргаар, 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар ажиллаж байх хугацаандаа “жижүүрийн алба”-нд ерөнхий эргүүл, ёс журмын эргүүлээр ажиллаж байсан гэх үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хэрэг бүртгэх хэсэг, тасгийн даргаар, 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар ажиллаж байх хугацаандаа ёс журмын эргүүлийн ажил үүрэг гүйцэтгэж байснаа шүүхээр тогтоолгох нь зүйтэй байна.

Хэрэгт Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын 2019.11.15-ны өдрийн 2310/1898 тоот “...Л.Г- нь /ЗЕ70031511/ 2002.10.03-ны өдрөөс Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэх хэсгийн даргаар, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2007.05.24-ний өдрийн 222 дугаар тушаалаар 2007.05.25-ны өдрөөс Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст боловсон хүчин, сургалт, арга зүйн ажил эрхэлсэн дэд даргаар...томилсон байна” гэх лавлагаа /хх-4 дүгээр тал/.

- Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын 2020.02.03-ны өдрийн 31/284 тоот “Цагдаагийн хурандаа Л.Г- /ЗЕ70031511/ нь тус аймгийн цагдаагийн хэлтэст 2002-2007 онд Хэрэг бүртгэх тасгийн дарга, 2007-2013 онд Хүний нөөц сургалт эрхэлсэн дэд даргаар ажиллах хугацаандаа 24 цагийн ёс журам сахиулах эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан болно” гэх тодорхойлолт /хх-5 дугаар тал/.

- Гэрч Б.Түвшинбаатарын “...Л.Г- нь Дундговь аймаг дахь цагдаагийн хэлтэст 1997 оноос мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 2002 оноос 2007 он хүртэл хэрэг бүртгэх тасгийн дарга, 2007 он-2013 он хүртэл хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар буюу тасгийн даргаар ажиллаж байсан. Тасгийн дарга, хэсгийн дарга, ахлахууд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу ёс журмын эргүүлийн үүргийг гүйцэтгэж тухайн өдрийн эргүүл, жижүүрүүдэд хяналт тавьж, өөрийн биеэр үүрэг чиглэл өгч хонож ажилладаг байсан. Л.Г- нь 2002 оноос 2013 он хүртэл тасралтгүй ёс журмын эргүүлээр ажилласан...” гэх мэдүүлэг /хх-34 дүгээр тал/.

- Гэрч Х.Ганболдын “...Л.Г- нь 2002 онд хэрэг бүртгэх тасгийн дарга болсон цаг үеэсээ хойш тасралтгүйгээр тухайн үеийн газар, хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу ёс журмын эргүүл хийдэг байсан. Сард дунджаар 10 удаа ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилладаг байсан. Л.Г- нь газрын дарга болох хүртлээ ёс журмын эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. Би 2009 оноос хойш 2018 он хүртэл хугацаанд тасралтгүй ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-37 дугаар тал/.

- Дундговь аймаг дахь цагдаагийн газрын 2020.04.22-ны өдрийн 31/1222 тоот албан бичгийн хавсралт болох Цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Ц.Батбаатар, Ч.Ганболд нарын баталсан эргүүл жижүүрийн хуваарьт Л.Г- 2010.10.04-ний өдөр, 2011.02.20-ны өдөр, 2011.06.05-ны өдөр, 2011.06.10-ны өдөр, 2011.12.05-ны өдөр, 2011.12.17-ны өдөр, 2012.06.09-ны өдрүүдэд эргүүлээр томилогдсон байна /хх-65-71 дүгээр тал/.

- Дундговь аймаг дахь цагдаагийн газрын ёс журам сахиулах эргүүлийн 2012.05.30-2013.01.15-ны өдрийн “...2012.06.08-ны өдөр, 2012.06.04-ний өдөр, 2012.06.20-ны өдөр, 2012.07.07-ны өдөр, 2012.07.14-ний өдөр, 2013.01.01.02-ны өдөр, 2013.02.11-ний өдрүүдэд ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн рапорт /хх-ийн 72-79 дүгээр тал/ зэрэг баримтууд хуульд заасан журмын дагуу цугларсан байна.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дээрх баримтуудаар нэхэмжлэгч нь 2010 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар ажиллаж байх хугацаандаа ёс журмын эргүүлээр ажиллаж байсан болох нь болох нь тогтоогдож байна.

Харин Л.Г-гийн 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хэрэг бүртгэх хэсэг, тасгийн даргаар ажиллаж байх хугацаандаа болон 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар ажиллаж байх хугацаандаа “жижүүрийн алба”-нд ерөнхий эргүүл, ёс журмын эргүүлээр ажиллаж байсан гэх үйл явдал нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд энэ үйл явдлыг дан ганц гэрч Х.Ганболд, Б.Түвшинбаатар нарын мэдүүлгээр тогтоох боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлуулахаар шүүхэд нэхэмжлэлийн хамт хавсаргаж өгсөн хавтаст хэргийн 6-26 дугаар хуудасны баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх үнэлэх боломжгүй баримт гэж үзсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  нэхэмжлэлийн шаардлагаас 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хэрэг бүртгэх хэсэг, тасгийн даргаар ажиллаж байх хугацаандаа болон 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар ажиллаж байх хугацаандаа “жижүүрийн алба”-нд ерөнхий эргүүл, ёс журмын эргүүлээр ажилласан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Г-г 2010 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар ажиллаж байх хугацаандаа тус цагдаагийн хэлтэст ёс журмын эргүүлээр ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хэрэг бүртгэх хэсэг, тасгийн даргаар ажиллаж байх хугацаандаа болон 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд даргаар ажиллаж байх хугацаандаа “жижүүрийн алба”-нд ерөнхий эргүүл, ёс журмын эргүүлээр ажилласан байдлыг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ