Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 432

 

“З” ОНӨААТҮГ-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны

дарга Н.Т-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн

ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:      Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:         Л.Атарцэцэг

                        Х.Батсүрэн

                        Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: ““З” ОНӨААТҮГ-ын ажилтны “Э” Үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, бүртгэлийг хүчингүй болгуулах”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: ““З” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны болон ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус Н.Т-ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох, үйл ажиллагааг нь зогсоон, бүртгэлээс хасахыг даалгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0339 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0444 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Н.Т, өмгөөлөгч Т.Б,

Гуравдагч этгээд: өмгөөлөгч Н.Б нар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, гуравдагч этгээд “З” ОНӨААТҮГ-ын ажилтны “Э” Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0339 дүгээр шийдвэрээр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан “З” ОНӨААТҮГ-ын ажилтны “Э” Үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэл, “З” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны болон ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус Н.Т-ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох, үйл ажиллагааг нь зогсоон, бүртгэлээс хасахыг даалгуулах тухай гуравдагч этгээд Ц.А-ын бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0444 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0339 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол

3. Шүүх “...З ОНӨААТҮГ-ын ажилтны “Э” Үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлт, түүнд хавсарган ирүүлсэн бичиг баримт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шалгуурыг хангасан, энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй гэж бүртгэсэн хариуцагчийн уг бүртгэл хууль зөрчөөгүй...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4. Учир нь, “Э” Үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлт, түүнд хавсарган ирүүлсэн бичиг баримт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасанчлан бүрэн байвал бүртгэнэ гэсэн ойлголт биш юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 9.1.1, 9.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.3-т заасны дагуу уг ирүүлсэн хүсэлт, баримт бичгүүдийг хянан шалгаж, нягтлаад бүртгэх эсэх асуудлаа шийдвэрлэх ёстой. Хуулийн этгээдийн хувийн хэрэгт “З” ОНӨААТҮГ-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны мэдээлэл бүрэн байхад давхардаж давхцсан мэдээллийг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн ойлгомжгүй хурлын тэмдэглэл, хурлын тогтоолуудад анхаарлаа хандуулж, дүгнэлт хийгээгүй нь улсын бүртгэгчийн алдаа гэж үзэж байна.

5. УБ-3 маягт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оноосон нэрийн баталгаажуулалтын хуудас, гишүүдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэл, гишүүдийн төлөөлөгчдийн хурлын 01, 02, 03 дугаар тогтоол, дүрэм, иргэний үнэмлэхний хуулбар гэсэн барммтууд л бүрэн байвал бүртгэж болно гэсэн хандлагаар хандаж, бүртгэсэн бүртгэлийг хууль бус гэж нэхэмжлэгч талаас маргасан байтал хянан шалгах асуудлыг захиргааны хэргийн шүүх авч хэлэлцэхгүй гэж үзсэн нь үнэхээр ойлгомжгүй байна.

6.1. Ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо, “Э” Үйлдвэрчний эвлэлийн хороо хоёрын хаяг ижил.

6.2. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Э” Үйлдвэрчний эвлэлийн хороонд гэрчилгээг яагаад дахин олгосон нь тодорхойгүй.

6.3. Хавтаст хэргийн 43, “З” ОНӨААТҮГ-ын Автобус 1 дүгээр баазын нийт ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот тогтоолоор “...Автобус 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлаас тогтоох нь: Шинээр Ц.А-ыг Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар зөвшөөрсүгэй. /Яагаад автобус 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо... 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нь Н.Т байсан, одоо ч байгаа/

6.4. Хавтаст хэргийн 44, ...автобус 1 дүгээр баазын нийт ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 01 тоот тогтоол. ...Автобус 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлаас тогтоох нь: 1. С.Д-г “Э” Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаас чөлөөлсүгэй. /яагаад 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлаас “Э” Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг чөлөөлөх тогтоол гаргасан/

6.5. Хавтаст хэргийн 46, “З” 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хурлын тэмдэглэлд автобус 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хурлаас “Э” Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Д-г чөлөөлсөн мөртлөө 401 хүний санал буюу 84,6 хувийн саналаар А-г ...1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгосон нь бүр ч ойлгомжгүй.

6.6. Хавтаст хэргийн 51, ...“Э” Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн сонгох бүх гишүүдийн хурлын тогтоол гэсэн мөртлөө ирцийн бүртгэл харагдаж байгаа.

6.7. Хавтаст хэргийн 75, УБ-03 маягт. Энэ маягтын эрхлэх үйл ажиллагааны чиглэл хэсэгт: ...ажилтны автобус 1 дүгээр баазын “Э” Үйлдвэрчний эвлэлийн хорооны ажилтны хөдөлмөрлөх эрхийг хамгаалах... гэсэн нь үнэхээр ойлгомжгүй. /1 дүгээр бааз дотроо эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулсан ч юм шиг./

7. Автобус 1 дүгээр баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороотой “Э” Үйлдвэрчний эвлэлийн хороо нь утга авцалдаагүйгээр холилдсон тогтоол шийдвэр, хурлын тэмдэглэл бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн байдаг. 1 бааз дотроо “Э”-ээ байгуулаад байгаа ч юм шиг, эсвэл 3 баазыг хамарсан нийт ажилтны хүрээнд байгуулаад байгаа ч юм шиг, тэгсэн мөртлөө 1 дүгээр баазтай л ганцхан холбоотойгоор тогтоол шийдвэрээ гаргачихсан ийм бичиг баримт ирүүлсэн байхад улсын бүртгэгч бүртгэж, гэрчилгээ, тамга тэмдэг олгосон нь хууль зөрчсөн болно. Уг нь бол Автобус 1 дүгээр баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо нь бие даасан үйл ажиллагаа явуулдаг, 2013 онд байгуулагдсан, үүсгэн байгуулагчаар нь Н.Т өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа, татан буугдаагүй болох нь хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтаар маш тодорхой харагдаж байгаа болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдол

8. “З” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны болон Автобус 1 баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар Н.Т-ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Тухайлбал, Н.Т-ыг Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар бүртгүүлэхээр бүрдүүлж өгсөн баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгсөн. Уг баримтыг нягтлан үзвэл 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “З” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний хорооны төлөөлөгчдийн хурлын 02 дугаар тогтоол гарч Н.Т-г өмнө нь сонгосон атлаа 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хорооны гишүүдийн хурал хийсэн гэх баримтыг бүртгэлийн байгууллагад гаргаж өгчээ. Энэ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, 19.1.3-т заасан нөхцлийг бий болгож байхад бүртгэлийн байгууллага өөрчлөлтийг бүртгэж авсан байна. Захиргааны байгууллагын энэхүү алдаатай шийдвэрт шүүх дүгнэлт хийж, Н.Т-г даргаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох тухай бие даасан шаардлагыг хангах үндэслэлтэй юм.

9. Ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо холбогдох хууль, дүрэм журмыг зөрчиж байгаа эсэх талаар дүгнэлт хийх нь захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэсэн нь үндэслэлгүй. Захиргааны байгууллагын аливаа шийдвэр буюу акт нь хууль зөрчсөн байвал захиргааны хэргийн шүүх уг акт нь ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн талаар зохих дүгнэлт хийсний үндсэн дээр түүнийг хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болохыг тогтоох, мөн уг актыг залруулахыг захиргааны байгууллагад даалгах шийдвэр гаргадаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь уг акт хэрхэн хууль зөрчсөн талаарх дүгнэлтэд үндэслэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.

10. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1, 5.2-т зааснаар Үйлдвэрчний эвлэл нь улсын бүртгэлд бүртгүүлж байж Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4-т заасан хуулийн этгээдийн эрх эдлэнэ. Ингэхдээ үүсгэн байгуулах баримт бичиг буюу дүрмийг заавал бүртгүүлэх ёстой. Мөн Иргэний хуулийн 26.1-д Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно, 26.6-т Ашгийн төлөө бус хуулийн этгээд өөрийн дүрэм болон үүсгэн байгуулсан бусад баримт бичигт заасан зорилгод нийцэх үйл ажиллагаа явуулна гэж тус тус заасан нь Үйлдвэрчний эвлэл заавал өөрийн дүрэмтэй байх хуулийн шаардлага тавигдаж байна.

11. “З” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон Автобус 1 баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нь өөрийн дүрэмгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль тогтоомж зөрчиж буй хэрэг бөгөөд үүнийг мэдсээр байж хариуцагч нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан арга хэмжээг авахгүй байх тул уг үндэслэлээр шүүх энэ хоёр үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг нь зогсоон, улсын бүртгэлээс хасахыг хариуцагчид даалгуулах шаардлагыг хангах үндэслэлтэй.

12. Гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн талаар шүүх зохих дүгнэлтийг хийсэнгүй. Нэхэмжлэгч нь ийнхүү хууль бусаар даргаар сонгогдсон, өөрийн гэсэн дүрэмгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчиж байгаа бөгөөд ийн хууль бус байгууллагад “З” ОНӨААТҮГ-ын ажилчдыг элсүүлэн, тэдний эрх ашгийг хамгаална хэмээн татвар авч буй нь манай байгууллагын үндсэн зорилго болох ажилчдын эрх ашгийг хамгаалах эрхийг хөндөж байна. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн шийдэл зөв боловч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

14.  Учир нь, гуравдагч этгээд “Э” Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ““З” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны болон ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус Н.Т-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох, үйл ажиллагааг нь зогсоон, бүртгэлээс хасахыг даалгуулах” гэсэн бие даасан шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэсэн /хэрэгсэхгүй болгосон/ нь буруу, зүй нь бие даасан шаардлагын зарим хэсэг буюу “ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох, үйл ажиллагааг нь зогсоон, бүртгэлээс хасахыг даалгуулах” шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзах ёстой байжээ.

15. Тодруулбал, ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалган тогтоох, үйл ажиллагааг нь зогсоох үүрэг хариуцагч улсын бүртгэлийн байгууллагад хамааралгүй тул энэхүү нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх боломжгүй юм. Тиймээс маргаж буй асуудлаар хэргийн оролцогчид иргэний, эсхүл эрүүгийн журмаар шийдвэрлүүлэх боломжийг хангах үүднээс энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзах байжээ.

16. Харин нэхэмжлэгчийн маргаж буй улсын бүртгэлүүд нь хууль ёсны бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

17. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн дагуу нэг байгууллагад хоёр, түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байх боломжтой /Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2/ бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар “иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй” тул “З” ОНӨААТҮГ-ын ажилчид өөрсдийн хөдөлмөрлөх эрхээ хамгаалах зорилгоор хэдэн ч үйлдвэрчний эвлэл байгуулах эрхтэй бөгөөд тухайн эвлэлд элсэх, эсхүл эвлэлийн гишүүнээс гарах эсэх нь тэдгээр ажилчдын буюу гишүүдийн эрхийн асуудал юм.

18. Иймд, гуравдагч этгээдээс “Э” Үйлдвэрчний эвлэлийг бүртгүүлэх, бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахаар улсын бүртгэлд ирүүлсэн хүсэлт, түүнд хавсаргасан бичиг баримтууд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шаардлагыг хангасан тул 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, хариуцагчийг “хуулийн этгээдийн хувийн хэрэгт “З” ОНӨААТҮГ-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны мэдээлэл бүрэн байхад давхардаж давхцсан мэдээллийг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, ойлгомжгүй хурлын тэмдэглэл, хурлын тогтоолуудыг анхаараагүй” гэсэн утгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-7-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

19. Гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдолд “З” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны болон ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус Н.Т-г бүртгүүлэхдээ зөрүүтэй баримт өгсөн гэж маргаж байгаа ч уг бүртгэлийн улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь яаж зөрчигдсөн, бүртгэл хүчингүй болсноор түүний ямар эрх нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй тул бие даасан шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй талаарх шүүхүүдийн дүгнэлт хуульд нийцсэн, иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-д заасан гомдлыг хангах боломжгүй.

20. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үлдэх хэсгийг энэ тогтоолын Үндэслэх хэсгийн 14, 15-д зааснаар хүлээн авахаас татгалзах ёстой гэж дүгнэсэн тул уг шаардлагад холбогдох гомдлын үндэслэлд хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй ч гуравдагч этгээдийн зүгээс Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийг үндэслэж маргаж байгаа тул энэхүү хуулийн үндэслэлд тайлбар хийх нь зүйтэй байна.

21. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 45 дугаар зүйлд “Үйлдвэрчний эвлэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон өөрийн дүрмийг зөрчсөн нь шүүхээр тогтоогдож, энэ нь түүний үйл ажиллагааг зогсоох үндэслэл болохоор байвал улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүнийг улсын бүртгэлээс хасна” гэсэн зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь тухайн үйлдвэрчний эвлэлийн хууль бус үйл ажиллагаа нь шүүхээр тогтоогдсон байхыг шаардаж байна. Харин захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар тэгш эрхийн үндсэн дээр үүсгэн байгуулагдсан үйлдвэрчний эвлэлүүдийн хоорондын маргааныг шийдвэрлэхгүй, тодруулбал үйлдвэрчний эвлэлийн байгууллага хууль зөрчсөн эсэхийг хянахгүй юм. Иймээс энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 9-12-т заасан гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

22. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0339 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0444 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох, үйл ажиллагааг нь зогсоон, бүртгэлээс хасахыг даалгуулах...”, “...бүхэлд нь...” гэснийг хасч, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “З” ОНӨААТҮГ-ын ажилтны “Э” Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.А-ын ““З” ОНӨААТҮГ-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох, үйл ажиллагааг нь зогсоон, бүртгэлээс хасахыг даалгуулах” тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмж, “2”, “3” дахь заалтын дугаарыг “3”, “4” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүрийн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ