Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

       Нэхэмжлэгч: Есөнбулаг сумын Харзат багийн 12-20 тоотод оршин суух  *******гийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч:  Тус аймгийн *******д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулан нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 03 сарын  28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.                                                             

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Есөнбудлаг сумын ******* томилогдож ажилласан. Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 2015 онд олон нийтэд тухайн ажлын байрыг нээлтэй зарласны дагуу 2015 оны 11 дүгээр сард төрийн албаны шалгалт өгч 76 оноо авч тэнцэн ажлын байраа хадгалж үлдсэн боловч 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/11 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 2013, 2014 оны Тамгын газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг В, 2015 онд А үнэлгээтэй үнэлүүлж байсан. Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс бүх сумдын нийгмийн ажилтныг халах талаар санал ирүүл гэсэн байгаа. ******* ажил үүргийн хуваарь нь бусад сумуудын нийгмийн ажилтнуудын ажил үүргийн хуваариас тэс өөр байдаг. Бусад сумын нийгмийн ажилтнууд нь Хөдөлмөрийн хэлтэсээс явуулж байгаа төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилладаг. ******* нь Есөнбулаг сумд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 9 цэцэрлэг, 5 ерөнхий боловсролын сургууль, 3 өрхийн эрүүл мэндийн төвүүд, ахмад, бүх эрүүл мэнд, боловсролын байгуллагад хэрэгжиж байгаа 40 гаруй үндэсний хэмжээний төсөл хөтөлбөрийг хариуцаж явуулдаг ажил үүргийн хуваарьтай ажлын байр байгаа.  Дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд ажлын 3 сар 15 хоногийн цалингийн 2.110.227 төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж ажлын байрыг хадгалж үлдээхийг хүсч байна.

        Нэхэмжлэгчийн Өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* нь 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж эхэлсэн. Улмаар 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдөр ******* нь Б/11 тоот тушаалаар түүнийг ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, мөн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орон тоог цөөлөх тогтоол, мөн Говь-Алтай аймгийн Засаг даргын А/404 тоот захирамж зэргийг үндэслэн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь жирэмсэн байхад нь намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн байх тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх талаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. 2013 оны 08 дугаар сарын 07-нд тухайн ажлын байранд түр томилогдсон хэдий ч 2013 оноос 2016 оны 02 дугаар сарын 29-нийг хүртэл бараг 3 жил гарам тухайн ажлын байранд ажилласан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд нэг жил хүртэл туршилтын хугацаагаар тухайн ажлын байранд ажиллуулна гэдэг. Гэтэл энэ хүн бол бараг 3 жилийн турш туршилтын хугацаагаар үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан учир энэ хүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэж ажиллуулж байсан байна. Тухайн ажилтанг жинхлэх эсэх асуудал нь тухайн ажил олгогчдын өөрсдийн буруутай, ажилдаа хайхрамжгүй хандсан байдлаар тайлбарламаар байна. Ажлаас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр чөлөөлсөн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөх болсноо мэдэгдсэн.

        Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт нь ажлаас орон тоо хасагдсан учир ажлаас чөлөөлж байна гэсэн байдаг. Орон тоо хасагдсаныг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор тайлбарлаж өгсөн бөгөөд тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалт бүтцээс тодорхой албан тушаал ажлын байрыг байхгүй болсоныг ойлгоно гэж байгаа. Тэгэхээр ажлын байр нь хэрэгт авагдсан нотлох баримтаар ажилтны ажлыг өөр албан тушаалтанд хавсран гүйцэтгүүлж байгаа тушаалыг харахад тухайн албан тушаал алга болоогүй өөр албан тушаалтанд чиг үүргийг хадгалан ажиллаж цалин урамшуулал өгч байгаа нотлох баримт байгаа. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн бол тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөхөөс нэг сарын өмнө мэдэгдсэн байх ёстой бөгөөд үүнийг 6 хоногийн өмнө мэдэгдсэн болохыг хариуцагч болон нэхэмжлэгч хэлж байна. Ингэхээр хууль бусаар үндэслэлгүй халсан болох нь тогтоогдож байна.

        Хуурамч зүйл хийгээгүй гэж байна. Гэхдээ энэ хүний  амьдрал ахуйн асуудлыг шийдвэрлэж байгаа энэ асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг эх хувь эсхүл хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулж өгөх шаардлагатай гэж байгаа. Нэхэмжлэгч маань жирэмсэн байснаа удаа дараа хэлсэн. Энэ талаарх эмнэлгийн тодорхойлолтыг хэрэгт өгсөн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж байгаа тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.4 дэх хэсгээр орон тоо нь хасагдсан гэх байдлаар ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй юм гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтласан байгаа. Энэ заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаатай холбоотой заалт болохоос ажлаас халах үндэслэл болохгүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн албан  тушаалын чиг үүрэг хадгалагдаж байгаа бол уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ёстой гэсэн заалт байгаа. Тэгэхээр *******гийн  албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн байгаа учраас *******г ажилд нь эгүүлэн томилох нь зүйтэй.  *******г ажлаас нь чөлөөл, хас гэсэн тоот ирээгүй зүгээр саналаа явуулаач гэсэн тоот ирсэн байхад түүнд саналаа явуулаагүй гэж хариуцагч талаас тайлбар өгч байна. Мөн нэхэмжлэгчийг ******* нь дур мэдэн халсан гэдэг нь өөрийнх нь өгсөн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Нэгдүгээрт жирэмсэн хүнийг ажлаас нь халсан, дараа нь орон тоо, ажлын байрны чиг үүрэг хадгалагдаж үлдсэн байхад ажлаас халсан, мөн өөрөө саналаа ирүүл гэж байхад дур мэдэн энэ хүнийг ажлаас халсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Иймд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/11 тоот тушаал нь хууль бус учир тухайн ажлын байранд нь *******г эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг *******гийн авдаг байсан 602.922 төгрөгийн цалинг 3 сар 15 хоногоор үржүүлэн тооцоход 2.110.227 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг ажил олгогчоос гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

        Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар нь 2015 онд 22 бүтэц орон тоотой үйл ажиллагааг явуулж байсан. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр *******, удирдлагын хэлтсээс албан бичиг тоот ирж байсан. Энэ нь зөвхөн ганцхан *******г цомхотгоогүй 22 орон тооноос 20 орон тоотой ажил гэж аймгийн Засаг даргын захирамж гарсны дагуу 2 хүнийг цомхотгох асуудал болсон. *******г ажлаас цомхотгох үндэслэл нь юу вэ гэхээр Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарйн 02-ны өдрийн 427 тоот тогтоол, мөн аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/404 тоот захирамжийн дагуу тус сумын Тамгын газраас хоёр орон тоог цомхотгосон. Энэ Засгийн газрын 425 тоот тогтоолын агуулга нь тухайн нутаг  дэвсгэрт оршин сууж байгаа хүн амын тоонд харгалзуулан тухайн сумын бүтэц орон тоог баталж өгсөн байгаа. Үүнтэй холбогдуулан бүх 18 сумдын ажиллах бүтэц орон тоог албан ёсоор тоогоор баталж өгсөн бөгөөд манайд 20 орон тоо баталж өгсөн. Үүний ******* удирдлагын хэлтсээс  албан тоот ирэхээр нь *******,*******тэй өөрийн биеэр очиж уулзахад 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүмүүсээ цомхотго гэж байсан ч хүн амын завсрын тооллого 5 жилд 1 удаа болдог бөгөөд хүн амын тоог тоолж эцэслэсэн байдлаар гараагүй учраас манайх ажлаас нь гаргалгүй ажиллуулж байя гэж хэлж байсан. Яг статистик тоо эцсийн байдлаар гарсан тохиолдолд манай оршин суугчын тоо 20.000 хүрсэн тохиолдод энэ 2 орон тоог цомхотгомооргүй байна. Яагаад гэвэл аймгийн төвийн сум учраас бусад сумаас бодоход ачаалал маш их байдаг, үүнийг хойшлуулж өгөөч гэх хүсэлтийг тавьсан. Хүсэлт тавьсны дараа дарга 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 4/112 тоот албан бичгийг манайд ирүүлсэн. Тэр албан бичигт танай сумын хүн амын тоо 16.798 байна тийм учраас 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 425 тоот тогтоол, аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 404 тоот захирамжийг хэрэгжүүлж ажил гэсэн албан ёсны бичиг ирсэн. Тэр бичиг дээр мал эмнэлээг үржлийн тасгийн 1 орон тоо мөн нийгмийн ажилтны орон тоог хас гэж бичсэн байсан. Тийм учраас би өөрийн гаргасан шийдвэрийг яагаад ингэж хамгаалж байна вэ гэхээр би зөвхөн дур мэдэж шийдээгүй, би албан ёсоор хойшлуулж өгөөч гэж хүсэлт гаргасан боловч 2 орон тоог цомхотгоно гэж хэлсэн. Бусад сумдынхан бол 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлээд Засгийн газрын тогтоолоо хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ мал эмнэлэг, үржлийн тасгийн 1 орон тоо, нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний нэг орон тоог би дур мэдэж өөрөө цомхотгоогүй тул *******, удирдлагын хэлтсийн тоотод энэ хоёрыг саналаа ирүүлнэ үү гэсэн байгаа. Хэрвээ өөр албан тушаалтныг ажлаас халсан гэж үзвэл гомдол гаргах эрхтэй. Тйим учраас энэ хоёр орон тоог цомхотгосон. Хоёр хүнд хоёуланд нь 6 сарын тэтгэмжийг олгох санал тавьсан ч ******* нь гомдолтой байна гээд зөвшөөрөөгүй. Мал эмнэлэг, үржлийн тасагт ажиллаж  байсан нь тэтгэмжээ аваад ажлаасаа гарсан байгаа.

                                            

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

        Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралд хэргийн оролцогч ,нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын  мэдүүлэг, тайлбар  зэргийг үндэслэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Харзат баг 12-20 тоотод  оршин суугч *******гийн  нэхэмжлэлтэй  тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад  холбогдох 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/11 дугаар тушаалыг хүчингүй болгож нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

        аймгийн  сумын ******* нь 2016 оны 02-р сарын 29-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33-р зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.2.4, Засгийн газрын 425-р тогтоол, аймгийн Засаг даргын А/404 дүгээр захирамж зэргийг үндэслэн  Тамгын газрын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн *******г ажлаас чөлөөлжээ.

 

        Нэхэмжлэгч *******  аймгийн  сумын ******************* 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаар тус сумын Тамгын газрын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтнээр туршилтын хугацаагаар томилогдон үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан байсан байна.  2015 оны үр дүнгийн гэрээгээ Засаг даргын Тамгын газрын дарга *******эд дүгнүүлэхдээ 90.1 оноотойгоор “А”буюу “Маш сайн”  үнэлгээтэйгээр дүгнүүлж байжээ.

        2015 оны 11 дүгээр сард ****** сумын *******  “Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн “-ний ажлын байрны орон тоон дээр төрийн албаны шалгалт өгч 79 оноогоор 2-р байранд орж байсан нь өөрийн нь мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

        Монгол улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 425-р тогтоолоор “ хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын тоог харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” тогтоолын дагуу аймгийн Засаг даргын  2015 оны 12-р сарын 03-ны өдрийн А/404 дугаартай захирамжаар тус аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог 20 байхаар тогтоосон тухай захирамж гарчээ. Дээрх засгийн газрын 425-р тогтоол болон аймгийн Засаг даргын А/404 захирамж, аймгийн ******* удирдлагын хэлтсийн даргын 2016 оны 01-р сарын 26-ны өдрийн 4/112 тоотын  дагуу ****** сумын Засаг даргын 2016 оны 02-р сарын 29 –нд А/37 дугаартай захирамж гарч  сумын Засаг даргын Тамгын газар нь бүтэц орон тоог шинээр баталж 22 орон тоотой байсныг 20 орон тоо болгон өөрчилж мөн хавсралтаар баталсан байна. Засгийн газрын тогтоолын дагуу *********** дарга ****** нь 2015 оны 11-р сарын 26-ны 4/1661 тоотоор сумдын Засаг дарга нарт орон тоог 2 оор бууруулахаар мал эмнэлэг үржлийн тасгийг 2 орон тоотой болгож, нийгмийн ажилтны орон тоог хасахаар болоод энэ талаарх саналаа ирүүлэх тухай тоотыг хүргүүлж байсан нь хариуцагчийн тайлбар болон нотлох баримтаар нотлогдож байна. Үүний дагуу хариуцагч ***** сумын ******** ******* нь  2016 оны 02-р сарын 29-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн *******г бүтэц орон тооны цомхотголтой холбогдуулан ажлаас чөлөөлөх тухай  тушаал гаргажээ.

         Нэхэмжлэгч ******* нь ажлаас чөлөөлөгдөх үедээ 4 сартай жирэмсэн байсан ба энэ нь өрхийн эмнэлэгийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Хариуцагч нь *******г 2 сартай жирэмсэн байх үеийг  мэдэж байсан гэх нь шүүх хуралдааны үед өөрийн нь тайлбараар нотлогдож байна.  Хэдийгээр бүтэц орон тооны цомхотгол хийж нэхэмжлэгчийн ажлын байр хасагдаж ажлаас чөлөөлөгдсөн ч жирэмсэн эмэгтэйг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтын “ Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн заалттай зөрчилдөж байна. Мөн хуулийн 40.1.4, 40.1.5 дах заалтын ямар нэгэн зөрчил байхгүй гэдэг нь хариуцагчийн  шүүх хуралдааны тайлбараар нотлогдож байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.2.4-т зааснаар “ ... өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшилийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих ...” гэсэн заалтын дагуу ажил олгогч нь хуульд нийцүүлэн зохицуулж болохоор байна.   

        Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсгийг баримтлан *******гийн нэхэмжлэлтэй,  тус аймгийн  ***** сумын ******* *******д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулан нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хангасугай.

        2. Нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх  2497803 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

       3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

        4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

        5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.САРАНЧИМЭГ