Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2016/0563

 

 

 

 

 

                                                                        

2016 оны 8 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2016/0563

Улаанбаатар хот

 

Иргэн Д.Баярмаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Д.Баярмаагийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсгийг баримтлан Д.Баярмаагийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Эрдэнэд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулан нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  нэхэмжлэгч Д.Баярмаагийн ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 2.497.803 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Монгол Улсын Засгийн газрын 425 дугаар тогтоолд хүн амын, тоо, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын тоог харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоосон бөгөөд энэхүү тогтоолтой уялдуулан Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамж гарч, бүх сумдын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинээр баталсан. Энэ захирамжаар манай сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог 20 байхаар баталсан. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс бүтэц орон тоо цомхтгох 2 ажлын байрыг цохон нэрлэсэн албан тоотууд ирсэн. Эдгээр албан тооттой танилцаад Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ж.Мөнхцэцэгтэй өөрийн биеэр очиж уулзаад, хэрвээ орон тоо цомхтгохоор бол 2015 оны хүн амын статистик тоон мэдээ албан ёсоор гарсны дараа цомхтгоно. Одоогоор хүн амын тоо эцэслэн гараагүй тул 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 2 орон тоог цомхтгоогүй гэж хэлсэн бөгөөд 2016 оны ... сарын ... өдөр ирсэн албан бичигт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум нь албан ёсоор 18.648 хүн амтай гэж тоологдсон тул тус сумын Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын Засгийн газрын 425 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж ажиллах албан бичиг ирсэн. Сумын Засаг дарга тус албан бичгийг хэрэгжүүлж ажиллах цохолт хийж, надад өгсөн.

Би Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 425 дугаар тогтоол болон аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/404 дүгээр захирамж болон Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс ирүүлсэн албан бичгүүдэд үндэслэн шийдвэр гаргасан. Мөн нэг хүний орон тоог цомхтгоогүй, 2 орон тоо цомхтгосон. Миний бие 2 орон тоогоо цомхтголгүй авч үлдэхээр хөөцөлдсөн боловч чадаагүй. Бусад сумууд 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн мөн адил нийгмийн ажилтан, мал эмнэлэг үржлийн тасгийн 1 мэргэжилтнээ цомхтгосон.

Мөн Д.Баярмаа нь 1. Тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч биш.

2. Тус байгууллагад олон жил ажиллаж байгаа боловч төрийн албаны сонгон шалгаруулалт зарлалгүй, сул орон тоон дээр ажиллаж байсан тухайд нь би сайн мэдэхгүй байна. Учир нь би энэ ажлыг 2014 оны 08 дугаар сард хүлээж авсан.

3. Тус ажлын байран дээр сул орон тооны захиалга өгч Төрийн албаны сонгон шалгаруулалт явуулахад 2 дугаар байрт орсон. Төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад 1 дүгээр байрт орсон хүнийг ажилд нь томилж, тангараг өргүүлдэг.

4. Бусад бүх сумдад тухайн орон тоо цомхтгогдсон.

5. Өөр ажилд шилжүүлэн ажиллуулах орон тоо байхгүй” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Баярмаа  “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд буцааж томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар тус сумын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Баярмааг бүтэц, орон тооны цомхтголтой холбогдуулан  2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Д.Баярмаа нь ажлаас чөлөөлөгдөх үедээ 4 сартай жирэмсэн байсан нь нотлох баримтаар тогтоогдсон, хариуцагч Д.Баярмааг 2 сартай жирэмсэн байх үеийг мэдэж байсан гэж шүүх хуралдаанд тайлбарласнаас үзэхэд захиргааны байгуулллага Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарт зохих дүгнэлтийг хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчсөн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан ямар нэгэн зөрчил гаргаагүй болох нь нотлогдож байна гэж үзсэн зөв байна. Давж заалдах журмаар хэргийг хянахад хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн бичилт оновчтой биш, хуулийн зохих зүйл заалтыг зөв баримтлаагүй байх тул  өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Мөн анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж байгаа бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1, 70.2.4-т заасныг удирдлага болгох ёстой болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож,  Д.Баярмааг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай” гэж, 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Баярмаагийн ажилгүй байсан хугацааны цалин 2.497.803 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Д.Баярмаад олгохыг даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР