Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 218/МА2020/00017

 

 

******* банкны Дундговь салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 139/ШШ2020/00413 тоот шийдвэртэй,

******* банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй ******* ХХК, ******* нарт хариуцагдах үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 23480005 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулалгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 23480005 төгрөгийг ******* ХХК, ******* нараас гаргуулж өгнө үү. Төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Төв ХХК-ийн захирлаар 2015 оноос хойш ажиллаж байгаа. Жуулчны бааз дээрээ бизнесийн зориулалтаар ******* банкнаас зээл авсан. Зээл жуулчны баазын үйл ажиллагаанд бүрэн зарцуулагдсан. Миний хувьд бизнесийн үйл ажиллагаа доголдоод зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хамтран зээлдэгч Б.Г нь тухайн зээлийг банкны нөхцөл шаардлагын дагуу гарын үсэг зурсан. Хамтран зээлдэгчийн хувьд уг зээлнээс өөртөө зарцуулсан зүйл байхгүй. Зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүрсэн учраас хамтран зээлдэгчээс Б.Гийг чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Төв ХХК нь ганц миний эзэмшлийн компани. Б.Гийн зүгээс компанид хувьцаа эзэмшдэггүй. Үйл ажиллагаанаас нь хувь хүртдэггүй гэв.

 

Хариуцагч Б.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй. Өмнөх шүүх хуралдаан дээр уг зээлийг аваагүй тул төлөх боломжгүй тухай хүсэлтээ өгсөн. Төв ХХК-д хувьцаа эзэмшдэггүй. Энэ зээлийг бүхэлд нь Төв ХХК-д зарцуулсан тул Төв ХХК-с зээлийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Зээл төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

 

Анхан шатны шүүх:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ******* ХХК-наас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 23480005 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХХК-нд олгож, хариуцагч *******ээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч ******* ХХК зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 23480005 төгрөгийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд төлбөрийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, ******* тоот хаягт орших ******* улсын бүртгэлийн дугаартай 1189,3 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, ******* тоот хаягт орших ******* улсын бүртгэлийн дугаартай, 586 м.кв талбай бүхий хувийн сууц зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны Дундговь салбараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 275350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 139/ШШ2020/00413 дугаар шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талын зүгээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад "... хариуцагч Б.Гээс зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж заасныг эс зөвшөөрч дараах агуулга, үндэслэлээр гомдол гаргаж байна.

******* Банкны Дундговь сапбар 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Төв ХХК, ******* нартай 1190012727 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт банк, эрх бүхий хуулийн хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээг бичгээр байгуулна, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт бичгээр байгуулахаар хуульд заасан гэрээний хувьд талууд баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасны дагуу Зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангасан байдлаар байгуулсан.

Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 3.3.1-т Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн энэ Гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэхийг зөвшөөрч байна", 3.3.4-т Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчтэй адил эрх, үүрэгтэй байна" гэж хамтран үүрэг гүйцэтгэгчийн уг зээлийн харилцаанд хүлээх үүргийн талаар тусгасан байна. Хариуцагч ******* нь гэрээний нөхцөлтэй уншиж танилцан, өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсгээ зурсан тул гэрээнээс үүссэн аливаа эрх, үүргийг биечлэн хариуцах үүрэгтэй юм.

Зээлийн гэрээний зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид болох бөгөөд хууль болон талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хүлээх үүргийн хэмжээг тодорхойлоогүй байх тул банкны хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн шаардах эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Зээлийн гэрээний үүрэг нь үл хуваагдах шинж бүхий, хамтран хариуцах үүрэгт хамаарах тул хариуцагч нарт хуваарилан нэхэмжлэх боломжгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч нар зээлийн төлбөрийг бүхэлд нь төлж дуусгах хүртэл банкны шаардах эрх хэвээр хадгалагдана. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн 1 үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг бөгөөд банкны хувьд нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүрэгт 23,480,005 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах гэж нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байхад анхан шатны шүүхээс хамтран үүрэг гүйцэтгэгч ******* тухайн зээлийг өөртөө авч ашиглаагүй, зээлийг Төв боржигонтур ХХК-ийн дансанд шилжүүлсэн, ******* ХХК-ийн захирал зээлийн төлбөрийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн зэрэг үндэслэлээр хамтран үүрэг гүйцэтгэгч *******ээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйл болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт Тухайн зээлийн харилцааны үндсэн оролцогч нь Төв ХХК байх бөгөөд хариуцагч компанид ******* нь хувьцаа эзэмшдэггүй болох нь, Төв ХХК нь зээлийг жижиг бизнесийн зориулалтаар зээлсэн...., мөн хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг байх хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Төв ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч талд олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ" гэжээ. Тухайн зээлийн үндсэн зээлдэгч нь хуулийн этгээд байгаа тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч нь заавал тухайн компанид хувьцаа эзэмшдэг байна гэсэн хуулийн шаардлага байхгүй болно. Хуулиар хориглоогүй асуудлын хувьд талууд харилцан тохиролцож, хариуцагч ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр тус зээлийн харилцаанд оролцохоо илэрхийлж, зээлийн гэрээний 3.3.1-т заасны дагуу хариуцагч Төв ХХК-ийн зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэхийг зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан байтал анхан шатны шүүхээс хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг гэсэн зээлийн харилцаанд хамааралгүй хуулийн ерөнхий зохицуулалтыг иш татаж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зохицуулалтыг үгүйсгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэхүү шийдвэрээрээ анхан шатны шүүхийн шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг зөрчиж, гэрээний чөлөөт байдлын зарчимд халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрхээс үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран хариуцагч *******ээс нэхэмжлэлийн шаардлагыг хамтад нь хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө гэж заасны дагуу гомдлыг зөвхөн хамтран хариуцагч болох *******ийг зээлийн гэрээний үүргээс үндэслэлгүй чөлөөлсөнд холбогдуулан гаргасан, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхойлох боломжгүй байх тул улсын тэмдэгтийн хураамжийг 70200 төгрөгөөр тооцож төлсөн болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран хариуцагч *******ээс нэхэмжлэлийн шаардлагыг хамтад нь хангуулахыг хүссэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлсон, Иргэний хуулийн зохих зүйл, заалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн №1190012727 тоот зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 23,480,005 төгрөг гаргуулах, зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Сайнцагаан сумын 5-р баг, ******* тоот хаягт орших ******* улсын бүртгэлийн дугаартай 1189,3 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, ******* тоот хаягт орших ******* улсын бүртгэлийн дугаартай, 586 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, *******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 000426869 гэрчилгээний дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, ******* тоот байршилтай 131 мкв талбайтай 3 өрөө өвлийн сууц зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* компанид хувьцаа эзэмшдэггүй, зээлийг төлөх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан, харин хариуцагч ******* ХХК-ны төлөөлөгч ******* зээлийг жуулчны баазын үйл ажиллагаанд зарцуулсан, бизнесийн үйл ажиллагаа доголдоод зээлээ төлж чадахгүйд хүрсэн, хамтран зээлдэгчийн хувьд банкны шаардлагын дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, түүнийг зээл төлөлтөөс чөлөөлж өгнө үү?, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээнээс үзвэл, зээлдэгч ******* ХХК-д үндсэн хөрөнгийн зориулалтаар зээлийг олгосон байх бөгөөд зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 23,480,005 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нь уг зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд *******ийг зээлдэгчийн хувиар хариуцагчаар татан оролцуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагадаа 23,480,005 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү? гэжээ. Шүүх ийнхүү ******* ХХК-иас гаргуулахыг шаардсан хэмжээ хүрээнд нь шийдвэрлэсэн байна гэж үзэв.

Зээл олгох, зээл төлүүлэх ажиллагааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ гэж зохицуулжээ.

Дээрх зээлийн гэрээ нь зээлдүүлэгч банк зээлдэгч ******* ХХК-д үндсэн хөрөнгийн зориулалтаар олгосон болохыг нотолж байна.

Хариуцагч нар зээлийн гэрээнд банкны шаардлагын дагуу ******* гарын үсэг зурсан гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан талуудын гэрээний чөлөөт байдлын зарчмын үүднээс Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлсон нэг этгээдийн хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хэлцэл зөвхөн хуульд зааснаар эсхүл харилцан тохиролцсоноор нөгөө этгээдэд эрх, үүрэг үүсгэх боловч тохиролцоо нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх нь хууль ёсны зарчимд нийцэх ёстой.

Дээр дурдсан нөхцөл байдал, эрх зүйн хэм хэмжээгээр ******* ХХК-ны үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэх *******т хариуцуулах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг хуулийн зохицуулалттай тул компаний үүргийг ******* хүлээхгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн хамтран үүрэг гүйцэтгэгчээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэж давж заалдах гомдолд дурдсан боловч *******ийн банкны зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр тусгагдсанаа мэдэж, ойлгосон байдал нь зээлдэгчийн гэрээний үүргийг хариуцах үндэслэл болохгүй тул *******ээс №1190012727 тоот зээлийн гэрээний үүргийг шаардах нь  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хамтран хариуцагч *******т ногдох нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхойлох боломжгүй гэсэн үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн байх бөгөөд Иргэний хуулийн 242.11-д заасан хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байхаар хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэгч бүрийн хүлээх үүргийн талаар өөрсдөө тодорхойлоогүй, тодорхойлох боломжгүй нөхцлөө нотлоогүй байх бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд *******т холбогдох шаардлагад дүгнэлт хийж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 139/ШШ2020/00413 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ