Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/01252

 

 

Г.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01025  дугаар шийдвэртэй

Г.Эгийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Сэдэд, Д.Цэцэгмаа

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/397 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бүртгэлийн 16251442 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, гуравдагч этгээд Д.Сэдэд, Д.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.Эгаас 114 000 000 төгрөг гаргуулж Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгож, Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол 30 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлээр байрыг албадан дуудлага худалдаагаар борлуулж 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 54 500 000 төгрөгөөр борлуулсан. Дээрх байрыг өөрийн сайн дураар чөлөөлж түлхүүрийг шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаярт хүлээлгэн өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай Б/397 тоот тогтоолоор дуусгавар болж хэргийн материал хаагдсан. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаяр нь дуудаж дээрхи шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тогтоолыг хүчингүй болгох дэд дарга Э.Дүүрэнцэнгэлийн тогтоолыг танилцуулж үлдэгдэл 60 100 000 төгрөг төлөх мэдэгдэл гардуулсан. Хүчингүй болгох тогтоол нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 69 тоот тогтоол байсан. 2 өрөө орон сууцаар нэхэмжлэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэсэн бөгөөд уг байраар төлбөрийг бүхэлд нь дуусгавар болгож дахин төлбөр гаргуулахгүй шийдвэрлэнэ гэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надад итгүүлэн үнэмшүүлсэн тул элдэв маргаан, үнэлгээний талаар гомдол гаргаагүй, гуравдагч этгээд Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар нь мөн энэ талаар маргаан байхгүй байрыг аваад болно гэсэн тул төрийн албаны шийдвэрт итгэж өөрийн байрыг суллан өгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож тус албаны 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 5/397 тоот тогтоол гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэсэн зохицуулалт байна. Хуулинд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр ажиллагааг дуусгавар болгож шийдвэр гаргасныг өөр ямар нэгэн албан тушаалтан хүчингүй болгох зохицуулалт байхгүй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Б/397 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бүртгэлийн 16251442 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1165 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 998 дугаар тогтоолоор Г.Эгаас 114 700 000 төгрөг гаргуулж Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 10 дугаар байр 30 тоот 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу хоёр талаас хүсэлт гаргаж, талууд харилцан тохиролцож шинжээч томилсон. Шинжээчийн үнэлгээгээр анхны дуудлага худалдаагаар оруулсан боловч худалдан борлуулагдаагүй тул 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаагаар 54 500 000 төгрөгөөр иргэн М.Гантулга худалдан авсан бөгөөд орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгсөн. Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон 54 500 000 төгрөгөөс Г.Эгийн цалингийн суутгалаар 4 500 000 төгрөгийг төлбөр авагч Д.Сэдэдийн дансанд шилжүүлсэн байсан тул 50 000 000 төгрөгийг төлбөр авагч Д.Сэдэдийн дансанд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлж, 4 500 000 төгрөгийг төлбөр төлөгч Г.Эгийн дансанд шилжүүлсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 5/397 тогтоолоор дуусгавар болгож гүйцэтгэх баримт бичгийг хаасан. Дууссан тогтоолыг төлбөр авагч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргаснаар газрын дэд дарга хошууч Э.Дүүрэнцэнгэлийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 69 дугаартай тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Саруулын үйлдсэн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 5/397 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тогтоолыг хүчингүй болгосон тул төлбөр төлөгч Г.Эд энэ тухай мэдэгдсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрийг дээд байгууллага мэргэжлийн удирдлагын газрын дарга процесс хариуцсан газрын дэд дарга гэх хүмүүс хүчингүй болгох эрхтэй. Төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа боловч хөрөнгөөс дутуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг үргэлжлүүлэн явуулна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд Д.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцыг дуудлага худалдаанд оруулж М.Гантулга гэдэг хүн худалдаж авсан. Гэтэл Г.Э байрыг суллаж өгөхгүй удаж 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр суллаж өгсөн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах, үлдэгдэл төлбөрийг гаргуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасан. Үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 69 тоот тогтоолоор 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай 5/397 тогтоолыг хүчингүйд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулахыг шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаярт даалгах тухай тогтоол гаргасан. Төлбөр төлөгч Г.Э шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс удаа дараа зайлсхийж, ажиллагааг удаашруулж байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой тул нэхэмжлэгч Г.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Сэдэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Э шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т заасан журмыг зөрчиж захирамж гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан бол уг шаардлагыг хангасан нөхцөлд шүүх хүлээн авч хэлэлцэнэ гэж заасныг мөн зөрчсөн. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах арга хэмжээний талаар гомдол гаргасан нь тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх, эсвэл үүсгэсэн арга хэмжээг цуцлах үндэслэл болохгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.11 дэх хэсэгт цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх хүлээн авахгүй гэх заалтыг зөрчиж тус шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гаргасан нь хуулийг зөрчсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 271 дүгээр зүйлийн 271.2.1-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/397 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бүртгэлийн 16251442 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэгч Г.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 102/ШЗ2019/14119 шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдлаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2655 дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулж нэхэмжлэгч Г.Эгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байр 30 тоот Ү-2205003900 дугаартай 2 өрөө орон сууцаар төлбөрийг бүхэлд нь дуусгавар болгож дахин төлбөр гаргуулахгүй шийдвэрлэнэ гэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Эд итгүүлэн үнэмшүүлсэн тул тэрээр элдэв маргаан үнэлгээний талаар гомдол гаргаагүй, гуравдагч этгээд Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар нь мөн энэ талаар маргаан байхгүй байрыг аваад болно гэсэн тул төрийн албаны шийдвэрт итгэж нэхэмжлэгч Г.Э нь өөрийн байрыг суллан өгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож тус албаны 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 5/397 тоот тогтоол гарсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтыг анхаарч үзэн дүгнэлт хийлгүй, нотлох баримтыг дутуу үнэлж, нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийг зөрчсөн. Төлбөр авагч болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн тайлбар хүсэлтээр нэхэмжлэгч Г.Э нь ямар нэгэн маргаангүйгээр төлбөрийг дуусгавар болгоно гэсэн амлалтад хууртаж эцэстээ гуравдагч этгээдүүд дахин гомдол гаргаж ажиллагааг сэргээснээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хохирч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн  шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.   

Нэхэмжлэгч Г.Э нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/397 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хэвээр үлдээх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бүртгэлийн 16251442 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 102/ШШ2016/02655 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр Г.Эгаас 114 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгож, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол 10 дугаар байр 30 тоот 29 мкв 2 өрөө орон сууцыг албадан худалдаж барьцаа хөрөнгөөр хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан байна. /хх.15-17/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан “Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа”-ны 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлд үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгч Г.Эгийн өмчлөлийн Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол 10 дугаар байр 30 тоот 29 м.кв 2 өрөө орон сууц 54 500 000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримт тогтоогджээ. /хх.19-21/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-оор төлбөр төлөгч Г.Эд холбогдох бүртгэлийн 16251442 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, уг тогтоолд төлбөр авагч Д.Сэдэд гомдол гаргаснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 69 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15/397 тоот тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг даалгасан байна. /хх.22-23, 58/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлийг заажээ.

Төлбөр төлөгч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 102/ШШ2016/02655 дугаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заагдсан төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заалттай нийцээгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн, төлбөр авагч төлбөр авахаас татгалзсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Г.Э нь өөрийн байрыг суллан өгсөн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 5/397 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байхад анхан шатны шүүх дээрх үйл баримтыг анхаарч үзэн дүгнэлт хийлгүй, нотлох баримтыг дутуу үнэлж, нэг талыг барьж шийдвэрлэсэн” гэсэн үндэслэл заасныг хангах боломжгүй болно.

Харин нэхэмжлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5/397 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоолыг хэвээр үлдээх гэсэн агуулга нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 69 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагын үндэслэл байх тул тусгайлан заасан шаардлага гэж үзэхгүй бөгөөд энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.