Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2021/00805

 

    Г.Энхзаяагийн нэхэмжлэлтэй 

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01025 дугаар шийдвэр

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1252 дугаар магадлалтай,

 Г.Энхзаяагийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.06.17-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, 2019.05.01-ний өдрийн 5/397 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бүртгэлийн 16251442 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох тухай иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Сэдэд, Д.Цэцэгмаа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч Г.Энхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.Энхзаяагаас 114,000,000 төгрөг гаргуулж Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгож, Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол 30 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлээр байрыг албадан дуудлага худалдаагаар борлуулж 2018.07.06-ны өдөр 54,500,000 төгрөгөөр борлуулсан. Дээрх байрыг өөрийн сайн дураар чөлөөлж түлхүүрийг шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаярт хүлээлгэн өгсөн. 2019.05.01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай Б/397 тоот тогтоолоор дуусгавар болж хэргийн материал хаагдсан. Гэтэл 2019.09.04-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаяр нь дуудаж дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тогтоолыг хүчингүй болгох дэд дарга Э.Дүүрэнцэнгэлийн тогтоолыг танилцуулж үлдэгдэл 60,100,000 төгрөг төлөх мэдэгдэл гардуулсан. Хүчингүй болгох тогтоол нь 2019.06.17-ны өдрийн 69 тоот тогтоол байсан. 2 өрөө орон сууцаар нэхэмжлэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэсэн бөгөөд уг байраар төлбөрийг бүхэлд нь дуусгавар болгож дахин төлбөр гаргуулахгүй шийдвэрлэнэ гэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надад итгүүлэн үнэмшүүлсэн тул элдэв маргаан, үнэлгээний талаар гомдол гаргаагүй, гуравдагч этгээд Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар нь мөн энэ талаар маргаан байхгүй байрыг аваад болно гэсэн тул төрийн албаны шийдвэрт итгэж өөрийн байрыг суллан өгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож тус албаны 2019.05.01-ний өдрийн 5/397 тоот тогтоол гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэсэн зохицуулалт байна. Хуулинд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр ажиллагааг дуусгавар болгож шийдвэр гаргасныг өөр ямар нэгэн албан тушаалтан хүчингүй болгох зохицуулалт байхгүй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.06.17-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, 2019.05.01-ний өдрийн Б/397 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бүртгэлийн 16251442 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016.06.15-ны өдрийн 1165 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2016.10.06-ны өдрийн 998 дугаар тогтоолоор Г.Энхзаяагаас 114,700,000 төгрөг гаргуулж Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 10 дугаар байр 30 тоот 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу хоёр талаас хүсэлт гаргаж, талууд харилцан тохиролцож шинжээч томилсон. Шинжээчийн үнэлгээгээр анхны дуудлага худалдаагаар оруулсан боловч худалдан борлуулагдаагүй тул 2018.07.06-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаагаар 54,500,000 төгрөгөөр иргэн М.Гантулга худалдан авсан бөгөөд орон сууцыг 2019.05.01-ний өдөр хүлээлгэн өгсөн. Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон 54,500,000 төгрөгөөс Г.Энхзаяагийн цалингийн суутгалаар 4,500,000 төгрөгийг төлбөр авагч Д.Сэдэдийн дансанд шилжүүлсэн байсан тул 50,000,000 төгрөгийг төлбөр авагч Д.Сэдэдийн дансанд 2019.04.29-ний өдөр шилжүүлж, 4,500,000 төгрөгийг төлбөр төлөгч Г.Энхзаяагийн дансанд шилжүүлсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2019.05.01-ний өдрийн 5/397 тогтоолоор дуусгавар болгож гүйцэтгэх баримт бичгийг хаасан. Дууссан тогтоолыг төлбөр авагч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар 2019.05.03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргаснаар газрын дэд дарга хошууч Э.Дүүрэнцэнгэлийн 2019.06.17-ны өдрийн 69 дугаартай тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Саруулын үйлдсэн 2019.05.01-ний өдрийн 5/397 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тогтоолыг хүчингүй болгосон тул төлбөр төлөгч Г.Энхзаяад энэ тухай мэдэгдсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрийг дээд байгууллага мэргэжлийн удирдлагын газрын дарга процесс хариуцсан газрын дэд дарга гэх хүмүүс хүчингүй болгох эрхтэй. Төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа боловч хөрөнгөөс дутуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг үргэлжлүүлэн явуулна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 Гуравдагч этгээд Д.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцыг дуудлага худалдаанд оруулж М.Гантулга гэдэг хүн худалдаж авсан. Гэтэл Г.Энхзаяа байрыг суллаж өгөхгүй удаж 2019.04.29-ний өдөр суллаж өгсөн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах, үлдэгдэл төлбөрийг гаргуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасан. Үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга 2019.06.17-ны өдрийн 69 тоот тогтоолоор 2019.05.01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай 5/397 тогтоолыг хүчингүйд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулахыг шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаярт даалгах тухай тогтоол гаргасан. Төлбөр төлөгч Г.Энхзаяа шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс удаа дараа зайлсхийж, ажиллагааг удаашруулж байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой тул нэхэмжлэгч Г.Энхзаяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Гуравдагч этгээд Д.Сэдэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Энхзаяа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т заасан журмыг зөрчиж захирамж гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан бол уг шаардлагыг хангасан нөхцөлд шүүх хүлээн авч хэлэлцэнэ гэж заасныг мөн зөрчсөн. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах арга хэмжээний талаар гомдол гаргасан нь тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх, эсвэл үүсгэсэн арга хэмжээг цуцлах үндэслэл болохгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.11 дэх хэсэгт цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх хүлээн авахгүй гэх заалтыг зөрчиж тус шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гаргасан нь хуулийг зөрчсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 102/ШШ2020/01025 дугаар шийдвэрээр : Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 271 дүгээр зүйлийн 271.2.1-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/397 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бүртгэлийн 16251442 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэгч Г.Энхзаяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 102/ШЗ2019/14119 шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.12-ны өдрийн 1252 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 102/ШШ2020/01025 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 271 дүгээр зүйлийн 271.2.1-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.06.17-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бүртгэлийн 16251442 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэгч Г.Энхзаяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Монгол улсад даган мөрдөж байгаа хууль болох ШШГТХ-ийн 29 дүгээр зүйлд зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэсэн хуулийн зохицуулалт байна. ... Төлбөр авагч болон НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгчийн тайлбар хүсэлтээр нэхэмжлэгч Г.Энхзаяа нь ямар нэгэн маргаагүйгээр төлбөрийг дуусгавар болгоно гэсэн амлалтад хууртаж эцэстээ гуравдагч этгээдүүд дахин гомдол гаргаж ажиллагааг сэргээснээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хохирч байна. ... Шүүх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх үндсэн шаардлагыг хангаагүй байна. Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Г.Энхзаяа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.06.17-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, 2019.05.01-ний өдрийн 5/397 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бүртгэлийн 16251442 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанд, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар нэхэмжлэгч төлбөрийг төлж дуусгаагүй байгаа гэсэн агуулгаар хариуцагчийг дэмжсэн тайлбар гаргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргалын шүүх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх үндсэн шаардлагыг хангаагүй гэсэн агуулгыг гомдолд тусгажээ.

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.01-ний өдрийн 102/ШШ2016/02655 дугаар шийдвэрээр Г.Энхзаяагаас 114,000,000 төгрөг гаргуулж Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт олгох, Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол 30 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заажээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх бөгөөд сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагааг явуулах юм.

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч нар төлбөрийг сайн дураараа төлөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж дээрх барьцааны хөрөнгөнд албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж улмаар 2-дахь дуудлага худалдаагаар 54,500,00 төгрөгөөр хөрөнгө худалдан борлогдсон, 2019.05.01-ний өдрийн 5/397 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон боловч төлбөр төлөгдөж бүрэн дуусаагүй гэсэн үндэслэлээр төлбөр авагч нар гомдол гаргаж, 2019.06.17-ны өдрийн 69 тоот тогтоолоор өмнөх дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, гүйцэтгэх ажиллагааг сэргээж явуулсан үйл баримтууд хэргийн 22, 23, 58 дугаар талд авагдсан баримтаар тогтоогджээ.

 Төлбөр төлөгч Г.Энхзаяа шүүхийн шийдвэрийн дагуу 114,000,000 төгрөгийг төлбөр авагч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарт төлөх үүрэгтэй бөгөөд дээрх хөрөнгө 54,500,00 төгрөгөөр худалдан борлогдсон орон сууцны үнээс 50,000,000 төгрөг, цалингийн суутгалаар 4,500,000 төгрөг төлснөөс өөрөөр төлбөр төлсөн баримтгүй тул үүрэг бүрэн дуусаагүй гэж үзнэ.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан төлбөр бүрэн төлөгдөж дууссан, гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох үндэслэл тогтоогдохгүй байгаа тул энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журам зөрчөөгүй байна.

 Нэхэмжлэгч 2019.05.01-ний өдрийн 5/397 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хэвээр үлдээх гэсэн шаардлага гаргасан нь уг гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан 2019.06.17-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгох шаардлагын үндэслэл гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 Дээрх үндэслэлээр тус шүүх шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг зөрчөөгүй байна.

 Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1252 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЦОЛМОН

                                                     ШҮҮГЧИД                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ