Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/01251

 

Я.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар , Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00994  дугаар шийдвэртэй

Я.Цийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Дд холбогдох  худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн, хариуцагчийн итэгмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дулмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Ц нь БНХАУ-ын иргэн, Эрээн хотод оршин суудаг. Я.Ц нь сантехник, угсралтын Боорчи ХХК-иас авлагатаа авсан Хан-Уул дүүргийн 15-р хороо, Туул гол гудамж, 48 айлын орон сууцнаас 45.09 м.кв 2 өрөө байр, 31.88 м.кв 1 өрөө нийт 2 байрыг 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Г.Д нь 100 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Г.Д нь төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний дотор төлж дуусгахаар баталгаа гаргасан. Гэтэл энэ хугацаанд байрны төлбөр бүрэн төлөгдөөгүй, 2016 оны 12 дугаар сарын 2-ны үед 30 000 000 төгрөгийг төлж, үлдэх 70 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ноос өмнө төлнө, хугацаандаа төлөхгүй бол хүү төлнө гэж тохирсон. Үүнээс хойш Я.Ц, Г.Д нарын тооцоогоор 12 000 000 төгрөг төлсөн. Иймд Г.Дгаас 58 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д, түүний нөхөр Батдэлгэр, Я.Ц нар эртний танилууд юм. 2015 оны 7 дугаар сард Я.Ц нь би “Боорчи” ХХК-иас авлагаа авч чадахгүй байна, надад 100 000 000 төгрөгийн байр өгсөн, ашиглалтад орохоор нь зараад мөнгийг нь өгөөрэй гэсэн. 2015 оны 08 дугаар сард “Комфорт” ХХК нь Багахангай дүүрэгт цэвэрлэх байгууламж барьж байсан, тэр ажлыг н.Батдэлгэрээр хийлгэж ажлын хөлсийг тухайн байрны мөнгөнд суутгахаар тохиролцсон байдаг. Гэтэл явцын дунд Я.Ц мөнгөө нэхээд байсан болохоор 45 000 000 төгрөг өгч, 55 000 000 төгрөгийн тооцоо үлдсэн. н.Батдэлгэрийн ажлын хөлс 118 848 000 төгрөгийг Я.Ц авсан. Харин н.Батдэлгэр 118 848 000 төгрөгнөөс 55 000 000 төгрөгийг хасаад 63 848 000 төгрөгийг авах ёстой гэдэг. Иймд нэхэмжилж байгаа 58 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гомбын Долгормаагаас 58 000 000 /тавин найман сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Ядамын Цолмонцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дулмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус хэргийн үндэслэх хэсэгт Г.Долгомаа нь “Боорчи” ХХК-тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах худалдан авах гэрээ” байгуулсан байна гэж дүгнэсэн атлаа Я.Ц, Г.Д нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан нь нотлогдоогүй, гэрээний үүрэг шаардах эрхгүй мэтээр дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэл тодорхойгүй гэж үзэж байна. Талууд 40 хувийн гүйцэтгэлтэй баригдаж буй орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон бөгөөд энэхүү хэлцлийг хуулиар хориглоогүй мөн түүнчлэн нэхэмжлэгч Я.Ц нь “Боорчи” ХХК-иас арилжааны гэрээний дагуу олж авсан дээрх хөрөнгийг шаардах эрхээ Г.Д шилжүүлсэн эрх зүйн харилцааг шүүх ойлгоогүй, хэрэгт авагдсан баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Хариуцагчийн нөхөр гэрч Г.Батдэлгэр мэдүүлэгтээ “...Байрыг зараад мөнгийг нь өгье гэж шилжүүлж авсан” гэж мэдүүлсээр атал “Байрыг ашиглалтад орохоор зараад мөнгийг нь өгөөрэй” гэсэн мэтээр өөрийн дураар мушгин гуйвуулж, илт нэхэмжлэгч талд ашигтайгаар тайлбарласан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хариуцагч тал тухайн байрыг хүлээж авсан талаар шүүх хуралдааны явцад хариуцагчийн нөхөр гэрч Г.Батдэлгэр мэдүүлэгтээ хариуцагчийн төлөөлөгч Д.Ононбаяр тайлбартаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх талуудын маргаанаас хальсан дүгнэлт хийж орон сууцны барилга баригдсан эсэхийг тодруулаагүй нь нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй гэж огт үндэслэлгүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн. Мөн шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан “Боорчи” ХХК болон Я.Ц нарын хоорондын төлбөр тооцоо, тооцоо нийлсэн баримтууд нь энэ хэрэгтэй холбоогүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч нь “Боорчи” ХХК-иас авлагатай талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь зөв үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх  хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. 

Нэхэмжлэгч Я.Ц нь хариуцагч Г.Дд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 58 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч Я.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“Боорчи” ХХК-иас өр авлагадаа Хан-Уул дүүргийн 15-р хороо, Туул гол гудамж, баригдаж байгаа 48 айлын орон сууцнаас 45.09 м.кв 2 өрөө байр, 31.88 м.кв 1 өрөө нийт 2 байрыг өр төлбөртөө тооцож авсан, уг орон сууцуудыг Г.Дд 100 000 000 төгрөгөөр худалдсан, хариуцагч байрны үнээс 58 000 000 төгрөгийг төлөөгүй” гэж тайлбарласан байна. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Боорчи” ХХК, Г.Д нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 02/115 тоот “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдсан. Уг гэрээгээр талууд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гудамж 60А байрны 39 тоот, 2 өрөө 45.09  м.кв орон сууцыг 60 000 000 төгрөгөөр, 03/115 тоот гэрээгээр Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Туул гудамж 60А байрны 40 тоот, 1 өрөө 31.88 м.кв орон сууцыг  40 000 000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцжээ. /хх.7-10/

Хэргийн 11 дүгээр талд Г.Д нь БНХАУ-ын иргэн Я.Цийн “Боорчи” ХХК-аас авлагад авсан нийт гүйцэтгэлийн 40% нь хийгдсэн ашиглалтад ороогүй байрнаас 1 өрөө байрыг 40 000 000 төгрөг, 2 өрөө байрыг 60 000 000 төгрөгт тооцож 100 000 000 төгрөгийн байрны гэрээ өөрийн нэр дээр шилжүүлж авсан бөгөөд тооцоог 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хийж дуусгана гэсэн, мөн хариуцагчийн нөхөр Ш.Батдэлгэрийн 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө 100 000 000 төгрөг өгнө. Хугацаанд нь өгч чадахгүй бол хүүний 30 000 000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл 70 000 000 төгрөг, бэлэн өгсөн 30 000 000 төгрөг гэсэн тодорхойлолт зэрэг бичгийн баримтууд авагдсан байна. /хх.12/

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, Я.Ц маргааны зүйл болж буй орон сууцыг захиран зарцуулах эрхтэй байсан, уг байруудыг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний үнийг хариуцагчаас шаардах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

Хэрэгт “Боорчи” ХХК, Я.Ц нарын хоорондын төлбөр тооцоо, тооцоо нийлсэн баримт, зарлагын баримтууд авагдсан байх бөгөөд уг баримтуудаар нэхэмжлэгч Я.Ц “Боорчи” ХХК-иас өр авлагадаа орон сууц авч, хариуцагчид худалдсан болох нь нотлогдохгүй, уг баримтуудыг энэ хэрэгт хамааралтай баримт гэж үзэхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх.40-43, 46-51/

Түүнчлэн “Боорчи” ХХК иргэн Ц.Баярсайхан, Х.Оргил нартай 2015 оны 8 дугаар сарын 21, 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулан Г.Дд худалдсан орон сууцыг худалдсан үйл баримт тогтоогдсон байна.

Сүхбаатар дүүргийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01649 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр Х.Оргил дээрх нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан байх бөгөөд “Боорчи” ХХК-аас 60 000 000 төгрөгийг гаргуулж Х.Оргилд олгож, Х.Оргилын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр авагджээ. /хх.53-55/

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.