Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00647

 

                               “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн нэхэмжлэлтэй иргэний

                                         хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00994 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1251 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 58,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэнгийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ононбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ээс хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 58,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00994 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гаас 58,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1251 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00994  дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.12-ны өдрийн 1251 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.03-ны өдрийн 102/ШШ2020/00994 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.06.12-ны өдрийн 1251 дүгээр магадлалаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь тогтоогдоогүй, гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2, 189 дүгээр зүйлийн 189.1, 123 дугаар зүйлийн 123.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Учир нь талууд анхнаасаа 40 хувийн гүйцэтгэлтэй ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй, баригдаж буй орон сууцыг худалдаж, худалдан авахаар тохиролцсон бөгөөд энэхүү хэлцлийг хуулиар хориглоогүй ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд харилцан тохиролцож хэлцэл хийсэн. Иргэний хуулийн 243-261 дүгээр зүйлд худалдах-худалдан авах гэрээг заавал бичгийн хэлбэрээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, Улсын бүртгэлд бүртгүүлэх талаар тусгайлан зохицуулаагүй бөгөөд талууд уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар огт маргаагүй зэргээс үзвэл дээр дурдсан Иргэний хуулийн зохицуулалтын дагуу хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

4.2. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь “Боорчи” ХХК-тай 2008 оноос хойш барилгын материал нийлүүлж бизнесийн харилцаатай явж ирсэн бөгөөд тус компани 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т зарим бараа, материалын үнийг төлөөгүй өр төлбөртэй,  үүссэн өр төлбөрөө тооцон Хан-Уул дүүрэгт байрлах 100,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг ашиглалтад ороогүй орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцсон. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь энэхүү хэлцэл буюу арилжааны гэрээний дагуу олж авсан шаардах эрхээ хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д шилжүүлэх хүсэлтийг “Боорчи” ХХК-д гаргаснаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж улмаар 2015.07.03-ны өдөр орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг “Боорчи” ХХК-тай байгуулсан байдаг. Мөн түүнчлэн дээрх 2 ширхэг орон сууцны үнээс 2016.12.02-ны өдөр 30,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 70,000,000 төгрөгийг 2016.12.20-ны өдрөөс өмнө төлөхөө илэрхийлсэн баримт хэргийн 12 дахь талд авагдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх гомдлыг хангахгүй орхихдоо “Боорчи” ХХК болон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарын хоорондын төлбөр тооцоо нийлсэн акт, зарлагын баримтууд авагдсан боловч уг баримтуудаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” “Боорчи” ХХК-аас өр авлагадаа орон сууц авч, хариуцагчид худалдсан болох нь нотлогдохгүй, уг баримтуудыг хэрэгт хамааралтай гэж үзэхгүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасныг хэрэглээгүй. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь “Боорчи” ХХК-аас авлагатай болох нь тодорхой харагдаж байгаа бөгөөд хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн ““,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ээс “Боорчи” ХХК-аас авлагадаа 2 ширхэг байрыг авсан талаар” хүсэл зоригоо тодорхой илэрхийлсэн баримт хэргийн 11 дэх талд авагдсан. Хариуцагчийн нөхөр гэрч Ш.Батдэлгэр мэдүүлэгтээ ““,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийг бид Нараа гэж дууддаг. Нараа “Боорчи” ХХК-аас мөнгөө авч чадахгүй байна гээд дутуу баригдсан байрнаас 2 байрны гэрээг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн нэр дээр шилжүүлж авсан. “Зараад мөнгийг нь өгье гэж шилжүүлж авсан” гэдгийг би мэдэж байгаа” гэж мэдүүлсэн байдаг.

4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр 2020.04.02-ны өдрийн нэмэлт тайлбартаа “2015 оны 07 дугаар сард “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” “Боорчи” ХХК-аас авлагаа авч чадахгүй байна. Тэдний барьж байгаа байрнаас 100,000,000 төгрөгийн байр ашиглалтад орохоор нь зараад мөнгийг нь өгөөрэй гээд өгсөн юм” гэж, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020.04.03-ны өдрийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа “2015 оны 07 дугаар сард “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” “Боорчи” ХХК-аас авлагаа авч чадахгүй байна. “Боорчи” ХХК надад 100,000,000 төгрөгийн байр өгсөн гэж хэлсэн. Тэгээд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ээс энэ байрыг авсан...” гэж мэдүүлсэн. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн хүсэлтийн дагуу “Боорчи” ХХК-аас авах ёстой байсан 2 ширхэг дутуу баригдсан орон сууцыг орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээгээр шилжүүлж авсан болохыг хариуцагчийн нөхөр гэрч Ш.Батдэлгэр шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрдөг, ба байрны гэрээг шилжүүлж аваагүй, цааш нь худалдан борлуулаагүй, байрны үнийг бид төлсөн гэх зэргээр огт эсэргүүцэж маргаагүй. Гагцхүү ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой төлбөр тооцоог суутган тооцно гэж маргасан байтал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасныг хэрэглээгүй бөгөөд талуудын маргаанаас хальсан дүгнэлт хийж орон сууцны барилга баригдсан эсэхийг тодруулаагүй нь нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй гэж огт үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шударга шүүхээр шүүлгэх эрхийг ноцтой зөрчсөн.

4.4. Давж заалдах шатны шүүх “ “Боорчи” ХХК нь иргэн Ц.Баярсайхан, Х.Оргил нартай 2015.08.21, 2015.10.18-ны өдрүүдэд орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д худалдсан үйл баримт тогтоогдсон байна гэж хэргийн нөхцөл байдлыг огт ойлгоогүй буруу дүгнэсэн. Учир нь цаг хугацааны хувьд дээрх 2 иргэнтэй “Боорчи” ХХК-ийн байгуулсан орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-тай байгуулсан гэрээнээс хойш буюу “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” болон “Боорчи” ХХК-ийн хооронд 2015.07.03-ны өдөр байгуулагдсан байдаг. Харин “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ээс орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээгээр шилжүүлж авсан 2 ширхэг орон сууцыг Ц.Баярсайхан, Х.Оргил нарт шилжүүлэх замаар худалдаж 100,000,000 төгрөгийг бүрэн олж авсан бөгөөд Х.Оргил нь 2 өрөө орон сууцны үнэ болох 60,000,000 төгрөгийг “Боорчи” ХХК-д бус харин “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д 2015.09.14-ний өдөр төлсөн болох нь Сүхбаатар дүүргийн 2018.07.30-ны өдрийн 181/ШШ2019/01649 дүгээр шийдвэрээр тогтоогдсон байдаг. Хэрэгт авагдсан баримтууд нь бүгд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд бөгөөд хариуцагч талаас нэг ширхэг ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй байтал шүүх хэрэгт авагдсан баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоогоогүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ээс хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 58,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь сантехник, угсралтын “Боорчи” ХХК-аас авлагадаа авсан Хан-Уул дүүргийн 15-р хороо, Туул гол гудамж, 48 айлын орон сууцнаас 45.09 м.кв 2 өрөө байр, 31.88 м.кв 1 өрөө, нийт 2 байрыг 2015.07.03-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь төлбөрийг 2016.04.01-ний дотор төлж дуусгахаар баталгаа гаргасан. Гэтэл энэ хугацаанд байрны төлбөр бүрэн төлөгдөөгүй, 2016.12.02-ны үед “30,000,000 төгрөгийг төлж, үлдэх 70,000,000 төгрөгийг 2016.12.20-оос өмнө төлнө, хугацаандаа төлөхгүй бол хүү төлнө” гэж тохирсон. Үүнээс хойш “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарын тооцоогоор 12,000,000 төгрөг төлсөн. Иймд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гаас үлдэх 58,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, түүний нөхөр Ш.Батдэлгэр, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нар эртний танилууд юм. 2015 оны 07 дугаар сард “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь “би “Боорчи” ХХК-аас авлагаа авч чадахгүй байна, надад 100,000,000 төгрөгийн байр өгсөн, ашиглалтад орохоор нь зараад мөнгийг нь өгөөрэй” гэсэн. 2015 оны 08 дугаар сард “Комфорт” ХХК нь Багахангай дүүрэгт цэвэрлэх байгууламж барьж байсан, тэр ажлыг Ш.Батдэлгэрээр хийлгэж ажлын хөлсийг тухайн байрны мөнгөнд суутгахаар тохиролцсон байдаг. Гэтэл явцын дунд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” мөнгөө нэхээд байсан болохоор 45,000,000 төгрөг өгч, 55,000,000 төгрөгийн тооцоо үлдсэн. Ш.Батдэлгэрийн ажлын хөлс 118,848,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” авсан. Харин Ш.Батдэлгэр 118,848,000 төгрөгөөс 55,000,000 төгрөгийг хасаад 63,848,000 төгрөгийг авах ёстой гэдэг. Иймд нэхэмжилж байгаа 58,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь “Боорчи” ХХК-тай орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, дээрх орон сууцнаас 2 өрөө 39 тоот сууцыг 60,000,000 төгрөгөөр, 1 өрөө 40 тоот сууцыг 40,000,000 төгрөгөөр авахаар тохирсон, харин “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь тогтоогдоогүй, ... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ийн баримтаас үзвэл худалдах-худалдан авах гэрээ хийхээр тохироогүй, нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхтэй гэх үндэслэлгүй, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь “Боорчи” ХХК-тай байгуулсан орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын 03/115 тоот гэрээгээ Ц.Баярсайханд, 02/115 тоот гэрээгээ Х.Оргилд шилжүүлж, тус тусдаа гэрээ хийсэн байх ба Х.Оргил, “Боорчи” ХХК-ийн хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, хэрэгт авагдсан “Боорчи” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарын хоорондын төлбөр тооцоо, тооцоо нийлсэн баримт, зарлагын баримтууд нь энэ хэрэгтэй холбоогүй...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн.

10. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодруулаагүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл муутай болжээ.

11. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “худалдах-худалдан авах гэрээний дагуу” гэж тодорхойлж байгаа боловч шаардлагын үндэслэлээ “... “Боорчи” ХХК-д нийлүүлсэн барааны үнийн оронд авахаар тохиролцсон хоёр орон сууцыг тус компаниас худалдан авах, өөрийн нэр дээр шилжүүлэх, 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож, баримт үйлдсэн, үүнээс 30,000,000 төгрөгийг бэлнээр, хожим нь 12,000,000 төгрөгийг харилцан тооцож төлсөн, хариуцагч уг хоёр байрыг бусдад зарж, мөнгийг нь авсан тул зөрүүг нь шаардаж байна...” хэмээн холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас үүнийг үгүйсгээгүй, харин “өөрийн нөхөр Ш.Батдэлгэрийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд суутгахаар тохиролцсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэсэн агуулгатай тайлбар өгч, татгалздаг ч түүнийгээ нотлоогүй, нэхэмжлэгчийн зүгээс уг тайлбарыг нь үгүйсгэж байна.

12. Гэтэл хоёр шатны шүүх “талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй” хэмээн нэхэмжлэлийг шууд үгүйсгэж байгаа нь учир дутагдалтай, өнгөц дүгнэлт гэж үзэхээр байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх, хариуцагч өөрийн гаргасан “баталгаа” (хавтаст хэргийн 11, 12 дахь талд)-ны хүрээнд шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх, тодруулбал, маргаан бүхий хоёр орон сууцыг “Боорчи” ХХК-аас бодит байдал дээр худалдаж авсан, эсхүл бусдад зуучилсан, улмаар төлбөрийг нь авсан эсэх, мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүхийн шийдвэрт (хавтаст хэргийн 53-55 дахь талд) “...орон сууцны үнэ 60,000,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь “Боорчи” ХХК-тай 2015.07.03-ны өдөр байгуулсан 02/115 тоот гэрээний дагуу  мөн өдөр “Боорчи” ХХК-д төлсөн болох нь ... нотлогдсон...” гэж дүгнэсэн нь ямар учиртай болох, яагаад хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь тухайн төлбөрийг нэхэмжлэгчид бус харин “Боорчи” ХХК-д шилжүүлсэн зэрэг үйл баримтыг талуудыг мэтгэлцүүлэх замаар бүрэн тодруулсны үндсэн дээр зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг эргэлзээгүйгээр зөв тодорхойлох шаардлагатай.

13. Ийнхүү хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд эцэслэн дүгнэлт хийх боломжгүй тул “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах”-аар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах, мөн “шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ үү” гэсэн хариуцагч талын тайлбарыг хүлээн авах боломжгүй.

14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00994 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1251 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 447,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ 

                                     ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                              Д.ЦОЛМОН

                                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД