Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 590

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар, 

хохирогч: М.Төрбат,

шүүгдэгч: Ж.Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т т холбогдох эрүүгийн 1705 0008 80131 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Булган аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэрэгжилгүй, “АПУ” ХХК-д ачигч ажилтай, сард 500 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, аав, ээж, ахын хамт оршин суух, ял шийтгэлгүй, Т .

 

Шүүгдэгч Ж.Т  нь 2017 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кензо” нэртэй баарны гадна талд М.Төрбатыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ж.Т  мэдүүлэхдээ:

Би тухайн өдөр согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан юм. Гэхдээ болсон асуудлыг ойлгох чадвартай байсан. Төрбат ахыг цохих болсон шалтгаан нь би Төрбат ах манай найз Цогбаатарыг зодоод байна гэж ойлгосон юм. Гэтэл Төрбат ах маргааныг салгаж байсан юм билээ. Хохирогч Төрбатыг би нэг удаа цохьсон бөгөөд түүний биед учирсан гэмтлийг би учруулсан. Эмчилгээний зардалд 790 000 төгрөг өгсөн. Би “АПУ” ХХК-д 2017 оны 8 дугаар сараас хойш ажиллаж байгаа ба ажилд ороод удаагүй байна. Сард 500 000-600 000 төгрөгийн цалинтай. Ажилд орсоноос хойш 6 сар болбол цалингийн зээл авах боломжтой болох тул үлдэгдэл хохирлыг зээл авч, бүрэн төлж барагдуулна. Миний буруу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-М.Төрбат мэдүүлэхдээ:

Т  залуу хүүхэд тул өөрийн гэм бурууг ойлгож, цаашдаа анхаараарай. Хохирлын хувьд сар болгон тодорхой хэмжээгээр мөнгө төлөхөөр Т тэй тохирсон. Т ийн ар гэрийн амьдрал нь ч гэсэн тааруу юм байна. Миний эрүү зүгээр болсон. Би эрүүндээ учирсан гэмтэлтэй холбоотойгоор хагалгаа хийлгэсэн. Хагалгааны зардал 1 280 000 төгрөг болсон. Би эмчилгээний зардлаа өөрөө гаргаад, дараа нь Т т гаргасан зардлаа хэлээд одоогийн байдлаар 790 000 төгрөг авсан байгаа. Би нийт 2 600 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 600 000 төгрөгийг аваад дараа нь дахин 190 000 төгрөг авсан юм. Үлдэгдэл мөнгийг Т  надад тодорхой хугацаанд төлөхөө амласан. Мөн Т ийн ээж нь надтай уулзсан. Үлдэгдэл хохирлыг төлнө гэдэгт итгэж байна, Надад гомдол санал байхгүй  гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ:

...би тамхи татах гээд гарсан. Гадаа гарахад нэг залуу шатан дээр намайг мөрлөсөн. Би эргэж хараад “та нар жаахан хүүхдүүд байна. Зүгээр бай” гэж хэлээд цаашаа явсан. Миний араас Гураваа гарч ирсэн. Гэтэл нөгөө 3 залуу араас гарч ирээд “чи хэн юм бэ” энэ тэр гээд маргасан. Тэр үед араас Төрөө гарч ирсэн бөгөөд  би  тэр 3 залуугийн нэгтэй заамдалцсан. Гэтэл Төрөө “больцгоо” гээд салгах гэсэн чинь Т  гэх залуу Төрөөг цохиод унагаасан. Тэгээд би газар унасан Төрөөг босгоход түүний амнаас нь цус гарчихсан байсан. Тэр Т  гэх залуу шууд Төрөөг цохиод, эрүүг нь хугалсан байсан. Тухайн үедээ бид нар Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн гэжээ.  (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Ганбаяр мэдүүлэхдээ:

...манай найз нар гадагшаа тамхи татах гээд гарцгаасан. Тэр үед би Төрбат гэх залууг юунаас яаж маргалдсаныг мэдээгүй. Нэг мэдэхэд Т  маргаж байгаад цохиод унагаасан. Тэгээд хамгаалагч нар салгасан. Т  шанаа руу нь 2 удаа цохьсон. Харин Төрбат гар хүрч чадаагүй гэжээ. (хэргийн 35-36 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Золзаяа мэдүүлэхдээ:

...Би найз Ганбаяртай тухайн өдөр “Кензо” нэртэй бааранд үйлчлүүлж байгаад тамхи татах гээд гарч байхад танихгүй 2 залуу  “мөнгө байна уу” гэсэн. Тэгэхээр нь Ганбаяр бид хоёр жаахан маргалдаж байгаад цаашаа явсан. Гэтэл ард Цогтбаатартай маргалдаж байх үед Т  гарч ирсэн. Т  гарч ирээд маргалдаж байснаа нэг залууг /Төрбат/ цохиод унагачихаар нь Ганбаяр бид хоёр гүйж ирээд, Т ийг салгаад аваад явсан. Тэр үед намайг харахад Т  Төрбатыг 1-2 удаа цохьсон гэжээ. (хэргийн 37-38 дугаар хуудас)

 

      Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 9220 тоот дүгнэлтэд:

1. М.Төрбатын биед эрүү ясны хугарал, тархи доргилт, хамар эрүүний зөөлөн эдийн няцрал цус хуралт, хоёр тохойд зулгаралт гэмтэл тогтоогдпоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 18 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ж.Т  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ж.Т  нь 2017 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кензо” баарны гадна талд М.Төрбатыг ямар ч шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, тархи доргилт, хамар эрүүний зөөлөн эдийн няцрал цус хуралт, хоёр тохойд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Төрбат, гэрч Д.Бат-Эрдэнэ, С.Ганбат, Б.Золзаяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 9220 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан байна.

 

Хохирогч М.Төрбат нь өөрт учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой зардлын талаар нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй байна.

Харин хохирогч М.Төрбат нь 2 600 000  төгрөгийг шүүгдэгч Ж.Т өөс нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчтой 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл  хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, төлбөр барагдуулах гэрээ байгуулж, Ж.Т  2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар хохирогч М.Төрбатад 790 000 төгрөгийг төлжээ. Ж.Т  нь үлдэгдэл 1 810 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны дотор төлөхөө илэрхийлсэн болно.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Хохирогч М.Төрбат нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Т ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ж.Т  нь торгох ялыг 3 сар /гурав сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.Т  1 810 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогчид төлөх үүргийг даалгасугай.

 

6. Хохирогч М.Төрбат нь энэ хэргийн улмаас учирсан хүндэвтэр гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Т  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН