Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01324

 

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/00999  дугаар шийдвэртэй

Л.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтамир, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, Д.Мөнхзул, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02540 дугаартай шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч болох Л.Б надаас 53,493,150 төгрөгийг гаргуулан Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71 дүгээр байр 202 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204090733 дугаартай, 43.62 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд гүйцэтгэх ажиллагааг оруулж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж, хөрөнгийг төлбөрт хураан авсан. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилуулах хүсэлтийг НШШГГт гаргасан. 2020 оны 01 дүгээр сарын Шинжээчийн дүгнэлт-ээр миний хөрөнгийг үнэгүйдүүлэн 97.352.600 төгрөгөөр үнэлгээ тогтоогоод худалдан борлуулахаар болоод байна. Миний үл хөдлөх хөрөнгө нь хотын төвд байршилтай, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх байр бөгөөд зах зээлийн үнэ нь Монголын худалдааны төв сайт болох Unegui.mn дээрээс үзвэл 125,000,000 төгрөгөөс 150,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Хөрөнгийг үнэлүүлэх талаар мэдсэн боловч хэт бага үнэлсэнийг зөвшөөрөхгүй байгаа юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гардаж авсан байдаг. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэл гаргаж байна. Баянзүрх дүүргийн, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71 дүгээр байр 202 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204090733 дугаартай, 43.62 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө-ийг үнэгүйдүүлэн 97.352.600 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02540 дугаар захирамжаар Л.Бгаас 53,493,150 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Л.Бгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204090733 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71 дүгээр байрны 202 тоотод байрлах 43,62 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу үнэлгээ тогтоож 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үнэлгээг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэгт гардуулж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргах хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэдсэн төлөөлөгч Д.Мөнхзул, Г.Энхтайван нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02540 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу иргэн Л.Бгаас нийт 53,493,150 төгрөгийг Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрөө төлөөгүйн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу үнэн зөв явагдаж, барьцаа хөрөнгийн үнэлгээг өгөөгүй учраас барьцаа хөрөнгийг хөндлөнгийн шинжээч томилж үнэлүүлэхээр шийдвэрлэсэн. Үнэлгээгээр 97,352,600 төгрөг гарсан. Гэтэл төлбөр төлөгч нь уг мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71 дүгээр байрны 202 тоотод байрлах 43,62 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга нь ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цаашид шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзсан. Үүнээс шалтгаалан шүүх хуралдааны өмнөх өдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Л.Б нь надад итгэмжлэл олгосон байдаг. Хэрэгт шинээр оролцож байгаа учир хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Гэтэл уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “..шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Л.Бг төлөөлөн оролцож байсан Б.Батчимэгийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, 30 минутын хугацаагаар шүүх хуралдаан хойшилсон” гэж заагаад хэргийг шийдвэрлэсэн байдаг. Талууд хэргийн материалтай бүрэн танилцсаны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хэрэгжих боломжтой юм. Иймд хэргийн материалтай 30 минут танилцаад талууд мэтгэлцэж, цаашлаад нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах боломжгүй болгож, хэргийн материалтай танилцаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг зөрчиж байна. Шүүхийн дээрх үйлдлээс үзэхэд хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзээ төрсөн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасны дагуу шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасан. Гэтэл шүүгч шүүх хуралдааныг дахин 30 минутын хугацаатайгаар хойшлуулсан. Үүнийг шүүхээс тайлбарлахдаа “...ерөнхий шүүгч дээд давхарт өрөөндөө байгаа тиймээс шууд шийдвэрлэнэ” гэж хойшлуулсан. Гэтэл татгалзан гарах асуудлыг хүлээн авах эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж шийдвэрлэдэг. Үүнд хэр их хугацаа зарцуулахыг шүүх мэдэх боломжгүй, татгалзан гаргах хүсэлтийг хангах, эс хангах нь тодорхой бус байтал шүүх хуралдааныг дахин 30 минут хойшлуулж байгаа нь ерөнхий шүүгчийн эрх хэмжээнд халдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 4/3308 дугаартай захирамжаар анхны дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлсэн боловч энэ талаар шуудангийн баримт, гарын үсэг байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр “Баянзүрх дүүргийн, 5 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71-202 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204090733 дугаартай, 43.82 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх”-ийг хурааж авсан байдаг. Ингэхдээ 2 хөндлөнгийн гэрч оролцуулсан. Гэтэл хөндлөнгийн гэрч нарын нэг болох Б.Нямлхагва нь надтай хамт ажилладаг, ажил үүргийн холбоотой байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гаргасан байна. /хх.1-3, 20/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02540 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 71-202 тоотод байрлах 43.62 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх.6-7/

Нэхэмжлэгч Л.Б шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг төлж барагдуулаагүй байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 04045 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болсон байна. /хх.23/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 226/19280575 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 71-202 тоот орон сууцыг битүүмжлэн хураасан байна. /хх.27/

 Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 71-202 тоотод байрлах 43.62 м.кв талбайтай орон сууцын үнэлгээг тогтоолгохоор санал гаргасан байх тул НШШГГ 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгөнд үнэлгээ тогтоолгохоор “Баян Модот” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хх.31-32/

“Баян модот” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн №ҮЗХҮ-20/02 тоот хөрөнгийн үнэлгээний тайландаа “...хөрөнгийн чанар, өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг нарийвчлан тогтоосны үндсэн дээр тус үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 97 352 600 төгрөгөөр тогтоосон болно” гэсэн дүгнэлт хийсэн, дээрх ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцсэн байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд өмчлөгч буюу нэхэмжлэгч Л.Б “...үл хөдлөх орон сууцыг хэт бага үнээр үнэлсэн, 125 000 000-150 000 000 төгрөгийн үнэтэй байгаа” гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

НШШГГ нь шинжээч томилж барьцааны хөрөнгийг үнэлүүлсэн, үүнтэй холбоотойгоор албадан дуудлага худалдаа зохион байгуулах болсон талаарх 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/2399 тоот мэдэгдэл, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4/3308 тоот тогтоол зэргийг төлбөр төлөгч Л.Бд баталгаат шуудангаар хүргүүлсэн талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагджээ. /хх.42-43/

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгож байсан, шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэж байсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.