Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00896

 

Л.Баярмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/00999 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1324 дүгээр магадлалтай,

Л.Баярмаагийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононтамир, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд:  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.06-ны өдрийн 181/ШШ2018/02540 дугаартай шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч болох Лувсангэрэл овогтой Баярмаа /РД: Х072030167/ надаас 53,493,150 төгрөгийг гаргуулан Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Баянзүрх дүүргийн, XXV хороо, XIII хороолол, 71 дүгээр байр 202 тоот, улсын бүртгэлийн Ү-2204090733 дугаартай, 43.62 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд гүйцэтгэх ажиллагаа явуулж, хөрөнгийг төлбөрт хураан авсан. Ингээд 2020.01.15-ны өдөр хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилуулах хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан. 2020 оны 01 сарын Шинжээчийн дүгнэлтээр миний хөрөнгийг үнэгүйдүүлэн 97,352,600 төгрөгөөр үнэлгээ тогтоогоод худалдан борлуулахаар болоод байна. Миний үл хөдлөх хөрөнгө нь хотын төвд байршилтай, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх байр бөгөөд зах зээлийн үнэ нь худалдааны төв сайт болох Unegui.mn дээрээс үзвэл 125,000,000-150,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Хөрөнгийг үнэлүүлэх талаар мэдсэн боловч хэт бага үнэлснийг зөвшөөрөхгүй байгаа юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг 2020.01.27-ны өдөр гардаж авсан байдаг. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэл гаргаж байна. Баянзүрх дүүргийн, XXV хороо, XIII хороолол, 71 дүгээр байр 202 тоот, улсын бүртгэлийн Ү-2204090733 дугаартай, 43.62 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлэн 97.352.600 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэт доогуур байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.12.06-ны өдрийн 02540 дугаар захирамжаар Л.Баярмаагаас 53,493,150 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Л.Баярмаагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204090733 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн XXV хороо, XIII хороолол, 71 дүгээр байрны 202 тоот, 43,62 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу үнэлгээ тогтоож 2020.01.27-ны өдөр үнэлгээг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэгт гардуулж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргах хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт: 2018.12.06-ны өдрийн 02540 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу иргэн Л.Баярмаагаас нийт 53,493,150 төгрөгийг Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрөө төлөөгүйн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу үнэн зөв явагдаж, барьцаа хөрөнгийн үнэлгээг өгөөгүй учраас барьцаа хөрөнгийг хөндлөнгийн шинжээч томилж үнэлүүлэхээр шийдвэрлэсэн. Үнэлгээгээр 97,352,600 төгрөг гарсан. Гэтэл төлбөр төлөгч нь уг мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2020.02.13-ны өдөр гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/00999 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн XXV хороо, XIII хороолол, 71 дүгээр байрны 202 тоотод байрлах 43,62 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1324 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/00999 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга нь ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цаашид шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзсан. Үүнээс шалтгаалан шүүх хуралдааны өмнөх өдөр буюу 2020.04.15-ны өдөр нэхэмжлэгч Л.Баярмаа нь надад итгэмжлэл олгосон байдаг. Хэрэгт шинээр оролцож байгаа учир хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Гэтэл уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Л.Баярмааг төлөөлөн оролцож байсан Б.Батчимэгийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, 30 минутын хугацаагаар шүүх хуралдаан хойшилсон, ... гэж заагаад хэргийг шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон учир хэргийн талаар бүрэн ойлголттой гэж шүүх үзэж 30 минутанд хэргийн материалтай танилцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тусдаа эрх зүйн зохицуулалттай байдаг. Хэргийн материалд авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нотлох баримтуудын хэсгийг би мэдэж байж болох боловч нэхэмжпэлийн шаардлага, хариу тайлбар, бусад нотлох баримтыг би мэдэх боломжгүй юм. Энэ нь ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3-т заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн байна. Талууд хэргийн материалтай бүрэн танилцсаны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хэрэгжих боломжтой юм. Иймд хэргийн материалтай 30 минут танилцаад талууд мэтгэлцэж, цаашлаад нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах боломжгүй болгож, хэргийн материалтай танилцаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.2-ыг зөрчиж байна.

Ингээд шүүхийн дээрх үйлдлээс үзэхэд хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзээ төрсөн учир ИХШХШТХ-ийн 91 дүгээр зүйлийн 911.3-т заасны дагуу шүүгчээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Гэтэл шүүгч шүүх хуралдааныг дахин 30 минутын хугацаатайгаар хойшлуулсан. Үүнийг шүүхээс тайлбарлахдаа ...ерөнхий шүүгч дээд давхарт өрөөндөө байгаа тиймээс шууд шийдвэрлэнэ. гээд хойшлуулсан. Гэтэл татгалзан гарах асуудлыг хүлээн авах эсэхийг ИХШХШТХ-ийн 92 дугаар зүйл 92.4-т заасны дагуу шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж шийдвэрлэдэг. Үүнд хэр их хугацаа зарцуулахыг шүүх мэдэх боломжгүй, татгалзан гарах хүсэлтийг хангах, эс хангах нь тодорхой бус байтал шүүх хуралдааныг дахин 30 минут хойшлуулж байгаа нь ерөнхий шүүгчийн эрх хэмжээнд халдаж, ИХШХШТХ-ийн 5 дугаар зүйлийн 5....т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.01.31-ний өдрийн 4/3308 дугаартай захирамжаар анхны дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлсэн боловч энэ талаар шуудангийн баримт, гарын үсэг байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. 2020.01.08-ны өдөр Баянзүрх дүүргийн, XXV хороо, XIII хороолол, 71-202 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204090733 дугаартай, 43.82м.кв тайлбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хураан авсан байдаг. Ингэхдээ 2 хөндлөнгийн гэрч оролцуулсан. Гэтэл хөндлөнгийн гэрч нарын нэг болох Б.Нямлхагва нь надтай хамт ажилладаг, ажил үүргийн холбоотой байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т заасныг зөрчсөн байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Баярмаа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн XXV хороо, XIII хороолол, 71 дүгээр байрны 202 тоот, 43,62 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна.

Л.Баярмаагийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Л.Баярмаагаас 53,000,000 төгрөг гаргуулан Капитрон банк ХХК-д олгох, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн XXV хороо, XIII хороолол, 71 дүгээр байрны 202 тоот, 43,62 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02540 дүгээр захирамж гарсан, төлбөр төлөгдөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

Барьцааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь хуульд заасан журмын дагуу битүүмжилж, хураан авч, үнийн саналыг авахад төлбөр төлөгч, төлбөр авагч нар шинжээчээр үнэлгээ тогтоолгох саналыг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нь 2020.01.17-ны өдрийн 66 дугаар тогтоолоор Баян модот ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянзүрх дүүргийн XXV хороо, XIII хороолол, 71 дүгээр байрны 202 тоот, 43,62 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 97,352,600 төгрөгөөр тогтоожээ.

Нэхэмжлэгч нь ... хөрөнгийг хэт бага үнээр үнэлсэн. Unegui.mn сайтад 125,000,000-150,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

Барьцаа хөрөнгөд үнэлгээ хийлгэх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд ...хэргийн материалтай 30 минут танилцаад талууд мэтгэлцэж, цаашлаад нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах боломжгүй болгож, хэргийн материалтай танилцаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.2-ыг зөрчиж байна.

...татгалзан гарах хүсэлтийг хангах, эс хангах нь тодорхой бус байтал шүүх хуралдааныг дахин 30 минут хойшлуулж байгаа нь ерөнхий шүүгчийн эрх хэмжээнд халдсан... мэдэгдэл хүргүүлсэн шуудангийн баримт, гарын үсэг байхгүй... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т заасныг зөрчсөн гэсэн нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой нь ижил агуулгатай байна.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдлын талаар дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/00999 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1324 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН