Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

       Нэхэмжлэгч: Тус аймгийн Есөнбулаг сумын иргэн *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: *********************** *******д  холбогдох сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 03 дугаар тогтоолын *******, ******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, *******ийг 2 дугаар тойрогт, *******г 20 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын  20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.                           

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч *******, ******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* аймгийн ************** нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан 03 дугаар тогтоолдоо сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3, 154 дүгээр зүйлийн 154.3.4, 158 дугаар зүйлийн 158.1.2.-д нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсвэл хуурамч, ял шийтгүүлж байсан бол ялгүйд тооцсон байх, нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн заалтуудаар бүртгэхээс татгалзсан байсан. Бид сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-д заасан бүх бичиг баримтыг хуулийн хугацаанд бүрэн бүрдүүлж өгсөн, материалаа хуурамчаар бүрдүүлсэн зүйл байхгүй. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.4-д заасан ял шийтгүүлж байсан бол ялгүйд тооцсон байх шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж илт хууль бус, бидний сонгогдох эрхийг хязгаарласан ажиллагаа болсон гэж үзэж байна.  Учир нь биднийг сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 21-ий өдрийн шийтгэх тогтоолоор 1 жилийн тэнсэн харгалзах хугацаагаар шийтгэгдсэн бөгөөд “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар 11-ны өдрийн хуулийн 6.1.2-д зааснаар тэнсэн хянан харгалзах хугацааг өршөөлд хамруулж хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн бид энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж шаардлагатай мэдээлэл, ял шийтгэлгүй тухай тодорхойлолт лавлагааг бүрэн авч нэр  дэвшигчээр бүртгүүлэхдээ өгсөн болно. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.4-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон тухай, ялгүйд тооцогдсон байх гэсэн заалт байгаа. Үүнийг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Мэдээлэл, технологийн төвөөс тодорхойлолт авснаар энэ бол эцэслэж тогтоогдох бөгөөд хуулинд зааснаас илүү нотлох баримтыг гаргаж өгөх үүрэг хүлээхгүй.

  Хууль зүйн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/12  тоот тушаалаар батлагдсан зааврын 26 дугаар зүйлд “Лавлагааны сан нь Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, тогтоосон эрх зүйн актаар иргэний ялтай эсэхийг судлан үзэх шаардлагатай эрх зүйн зохицуулалтын хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагаас албан бичгээр тавьсан хүсэлтийг судлан үзэж лавлагааг гарган өгнө” гэж байгаа. Мөн зааврын 34 дүгээр заалтад “Зааврын 26 дугаар зүйлд зааснаар эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу ялтай эсэх лавлагааг зөвхөн тодорхойлолтоор олгоно” гэж заасан.  37 дугаар зүйлд нь “Иргэний ялтай эсэх тодорхойлолт нь олгосон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Энэ хугацаа нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хугацаанд хамаарахгүй” гэж байгаа. Бид бүхэн 2016 оны 05 дугаар сарын 05-нд эрх бүхий байгууллагаас албан ёсны тодорхойлолтыг авч өгсөн. Мөн “Энэ зааврын 26 дугаар зүйлд зааснаар эрх бүхий байгууллагаас хүссэн иргэний ялтай эсэх лавлагааг тодорхойлолтоор гаргаж өгөхдөө тухайн иргэний ялгүй болох хугацаа дууссан, энэ нь Монгол  Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасан ялтай байдлын хугацаа нь дууссан бол. Хоёрдахь нь шүүхээр шийтгэгдсэн ял нь цагаатгагдсан. Гуравдугаарт Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд хамрагдсан бол ял шийтгэлгүй гэсэн лавлагааг гаргаж өгнө” гэж байгаа. Ер нь шүүхээр ял шийтгэгдсэн этгээдийн лавлагааны сан бүрдүүлж, лавлагаа олгох ажлыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төв л эрхлэн гүйцэтгэнэ. Өөр хаанаас ч эрхлэн гүйцэтгэх үүрэг байхгүй. Тус зааврын 38 дугаар зүйлд “Хэрэв Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасан ялтай байдлын хугацаа нь дууссан бол, мөн шүүхээр шийтгэгдсэн ял нь цагаатгагдсан бол, Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд хамрагдсан бол ял шийтгэлгүй гэсэн лавлагааг гаргаж өгнө” гэсэн заалт байгаа.

  Монгол Улсын 14-ээс дээш настай бүх иргэдийн ял шийтгэлтэй эсэх, ял шийтгэгдэж байсан эсэх, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хугацаа дууссан эсэх талаарх лавлагааг олгож байгаа болно гээд маш тодорхой заасан. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтална” гэж заасны дагуу орон нутагт ажиллаж байгаа тухайн нутаг дэвсгэрт сонгуульд нэр дэвшиж байгаа иргэний ял шийтгэгдэж байсан эсэх, ялтайд тооцогдож байгаа эсэх, Өршөөлд хамрагдсан эсэх лавлагааг орон нутгийн Цагдаагийн байгууллагад уламжилсаны дагуу лавлагааны сангаас албан ёсны лавлагааг гаргаж хүргүүлэх болно гэж маш тодорхой зааж өгсөн байгаа учраас энэ заавар, тоотын дагуу тодорхойлолтоо авсан, тодорхойлолтыг хэд хэдэн удаа авсан. Шүүхийн явцад шүүхээс лавлагаа, тодорхойлолтоор авсан. Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн бол төрийн албан хаагч нар байгаа. Улсын Их Хурлын болон Орон нутгийн сонгууль улс орон даяар явагдаж байна. Хүний ялтай, ялгүй эсэх асуудлаар Сонгуулийн хороо шийдвэр гаргаж шүүхийн байгууллагын өмнө нотлох гэж байгаад гутарч, харамсаж байна. Сонгуулийн хуульд зааснаар өнөөдөр Монгол Улсын хэмжээнд Улсын Их Хурлын болон Орон нутгийн сонгуульд оролцож байгаа бүх этгээд энэ ял шийтгэлгүй гэсэн тодорхойлолтоор ялгүй гэдгээ нотолж байгаа. Гэтэл өнөөдөр Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны төрийн албан хаагч нар ялгүй шийтгэлгүй хүнийг ялтай болгож нэр дэвшүүлэхгүй шийдвэр гаргаад байгаа нь улс төрийн агуулгатай байна. Өнөөдөр Сонгуулийн саналын хуудас хэвлэгдчихсэн, сурталчилгааны ажил явагдаж байна. Тэр дундаа шүүхийн энэ маргаанаас бол 2 тойргийн сонгуулийн нэр дэвшигчдийн асуудал хүндэрсэн байна. Иймд аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 03 дугаар тогтоолын *******, ******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлага бол аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тогтоолын *******, ******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, *******ийг Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар тойрогт, *******г ****** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20 дугаар тойрогт бүртгүүлэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэсэн байгаа. Энэ дээр бүртгэж авахдаа энэ хоёр хүн нь материалаа дутуу, хуурамчаар бүрдүүлсэн гэж тайлбарлаж байгаа ч энэ нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар сонгогч нэрээ бүртгүүлэхдээ мөрдөх журмууд байгаа. Энэ журмаас харахад Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгэгдэж байсан бол ялгүй болсон, ялгүйд тооцогдсон бол гэх шаардлага орж ирж байгаа. Энэ заалтыг нотлохын тулд Цагдаагийн ерөнхий газраас тодорхойлолтоо гаргаж өгсөн. Энэ тодорхойлолтоос өөр ялтай байдлыг нотлох баримт байхгүй. Уг тодорхойлолт нь ял шийтгэл үгүй гэж байгаа. Үүнээс өөр тусдаа зүйл нэхээд байх шиг байна. Ялтай байдал нь яаж хэзээ дууссан, ялтай байдал нь дууссан талаарх баримтаа өгөөгүй гэж байна. 

 Тэгвэл Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.4-т Энэ хоёр хүний ялтай байдал нь дууссан бол хэзээ ямар байдлаар дууссан талаар нотлох баримтыг шаардаагүй байна. Ингээд энэ хоёр хүний тодорхойлолтоос өөр ялгүй байдлыг нотлох баримт байхгүй юм. Энэ хоёр хүний тодорхойлолт нь дутуу, хуурамч гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн материалын 63, 104 дүгээр хуудсанд байгаа Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн тодорхойлолт болон Хууль зүйн сайдын журам батлах заавар дээр маш тодорхой заагаад өгчихсөн байгаа бөгөөд энэ хүмүүсийн ялтай байдлыг судлах эрх бүхий байгууллага нь энэ хоёр хүнийг судалж үзээд Өршөөлийн тухай хуульд хамрагдаж ялтай хугацаа нь дууссан гэж үзээд ял шийтгэл үгүй гэсэн тодорхойлолтыг гаргаж өгөөд мөн тайлбараа ирүүлсэн байгаа учраас энэ асуудал дээр маргаад байх зүйлгүй. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тогтоолын *******, ******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, *******ийг Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар тойрогт, *******г Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20 дугаар тойрогт бүртгүүлэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж өгөх шийдвэрийг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна.

  Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******* нь аймгийн сонгуулийн хорооны даргаар сонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дугаар тогтоолоор томилогдсон . Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас  2 буюу 20 дугаар тойргуудад нэр дэвшихээр материалаа ирүүлсэн *******, ******* нарын баримт бичгийг хүлээн аваад 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Хуульд заасан нэр дэвшигчдэд  тавигдах шаардлага хангаагүй нь хуулийн 154.3.4-д ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх гэсэн баримт бичиг байхгүй байсан. Та хоёрын үйлдсэн гэмт хэрэг бол Эрүүгийн хуулийн хүндэвтэр гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн хүндэвтэр гэмт хэрэг гэдгийг Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Хүндэвтэр гэмт хэрэг үйлдээд дахин гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-т заасан ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор шинээр гэмт хэрэг үйлдээгүй бол...” хуулинд бичсэн байгаа. Цагдаагийн байгууллагын н.Энхжаргал хурандаагийн ирүүлсэн бичиг дээр Өршөөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэг гэж байгаа. Энэ заалтад “хорих ял тэнссэн хүний хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг...” гэж байгаа. Гэтэл энэ дээр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял, мөн 1 жилийн тэнсэн харгалзах хугацааг л Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болсон байгаа. Гэтэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар хугацаа нь Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэргийн 5 жилийн хугацаа нь хэвээр байгаа бөгөөд зөвхөн ялыг нь өршөөсөн байна гэдгээр энэ бичиг ирсэн. Мөн нэхэмжлэгч нар Захиргааны хэргийн шүүхэд бүртгэсэнгүй гэх асуудлаар хандахаас өмнө 5 жилийн ялын хугацааг дууссанаа нотлохыг эрмэлзээгүй.

 Өнөөдрөөс яг 1 сарын өмнө сонгуулийн хорооны бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсан. Энэ хооронд шүүхэд хандаад 5 жилийн ялын хугацаагаа дууссан талаар нотлох хугацаа байсан. Тэгэхээр Захиргааны хэргийн шүүхэд Цагдаагаас ирсэн тодорхойлолтоо бариад энэ хүмүүсийн хувийн хэрэгт ийм зүйлээр шийтгэгдээд ялаа эдлээд ирсэн гэх зүйлийг дурдсан байсан. Түүнийг Сонгуулийн хороо нягтлан шалгах үүргийн хүрээнд нягтлан шалгаад албан тоот гаргадаг эрх бүхий субьектүүдээс нь хандаж тодруулга авсан. Уг тодруулгадаа 6.1.2  гэж тодорхой заасан. Өршөөлийн тухай хуулийн 6.1.1 гээд биччихсэн байсан бол ямар ч асуудал байхгүй энэ хүмүүсийг бүртгэхээс өөр аргагүй. Тэгэхээр энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандах биш Эрүүгийн хэргийн шүүхэд, эсхүл Улсын дээд шүүхэд хандахаас биш Цагдаагийн ерөнхий газар хууль тайлбарладаг субьект биш. Таны үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүн чинь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 гэж байгаа. Энэ чинь хүндэвтэр гэмт хэргийн зүйл заалт. Гэтэл 3,2 жилээр хорих ял байсныг 1 жил харах байдлаар тэнссэн. Яг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1.2-т 3,2 буюу 1 жилийн тэнсэн харгалзах ялыг тэр чигээр нь өршөөлд хамруулсан байгаа бөгөөд үлдсэн хүндэвтэр гэмт хэргийн бүрэлдэхүүний 5 жилийн буюу Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн ял эдэлж дууссанаас хойшхи 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол гэж байгаа. Тэгэхээр цагаан дээр хараар ингээд биччихсэн байгаа учраас татгалзах шийдвэр гаргахад хангалттай үндэслэл болсон гэж үзэж байна гэв.

   Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 12-ны 17 цагаас өмнө нам эвслийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн материалыг авсан. Энэ материалыг аваад Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д зааснаар “аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороо нь нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авч, хүлээн авсанаас хойш 5 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” 5 хоногийн дотор нэр дэвшигчдийн баримт материалыг нягтлан шалгаад нягтлан шалгах явцад Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т “нэр дэвшигчид бүртгэхийг шаардах хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.4 “ял шийтгүүлж байгаагүй, ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх”, мөн 158 дугаар зүйлийн 158.1.2-т “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр хассан байгаа. Яагаад энэ үндэслэлээр хассан бэ гэвэл Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны 13 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтад нэр дэвшигчийн товч мэдээлэл, 12 дугаар хавсралтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн сонгох сонгуульд нэр дэвшигчийн намтар гэж байгаа. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны 13 дугаар тогтоолоор батлагдсан маягтын дагуу “нэр дэвшигчид материалаа бүрдүүлэхдээ алдаагүй, үнэн зөв, цэвэр мэдүүлнэ” гэж байгаа. Тэр битгий хэл утасны дугаар орхисон байхад л маягтын дагуу бөглөгдөөгүй гэж үзэж байгаа. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны 13 дугаар тогтоолын 12 дугаар хавсралт дээр ял шийтгэл хүлээж байсан эсэх, ял шийтгэл хүлээж байсан бол шийтгэгдсэн зүйл анги, шийтгэлийн огноо, дугаар, ялтай тооцох хугацаа дууссан огноо гэж байгаа. Энэ хэсэгт Эрүүгийн хуулийн 181.1, 181.2.1,181.2.5- д заасан зүйл ангиар 2015 оны 08 дугаар сарын 21-нд 1 жилийн хугацаатайгаар тэнсэн харгалзах ялаар шийтгэгдэж 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6, 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 06-нд ялтайд тооцох хугацаа дуусгавар болсон гэж байгаа. Хэрэв маягтад зааснаар үнэн зөв бичсэн бол ялтай байдлын хугацаа дуусгавар болсон талаар шүүхийн шийдвэр, тогтоол байхгүй. Тэгэхээр маягтад ийм материал байгаа гэж дурдчихаад хавсаргаагүй гээд он сараа тавьсан байгаа. Хэрвээ энэ материал байхгүй бол энэ дээр бичигдсэн зүйлийг хуурамч гэж үзнэ. 2016 оны 03 дугаар сарын 23-ны 13 дугаар тогтоолын 12 дугаар хавсралт дээр энэхүү намтарт иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргаж, намтараа үнэн зөв үйлдсэн байна гэж. Намтраа үнэн зөв үйлдсэн бол холбогдох баримтаа үнэн зөв бүрдүүлэх ёстой. 2015 оны Өршөөлийн хуулийг бодвол тайлбаргүй гарсан байгаа.

  Шүүхийн практикт ялгүйд тооцогдсон байх ялгүй тооцогдсон хугацааг шүүхээс тогтоодог бөгөөд эсхүл цагаатгагдсан гэж байгаа. Ялгүйд тооцогдсон гэдгийг Улсын дээд шүүх, холбогдох газраас тогтоол, шийдвэр гарч холбогдох баримтаа Сонгуулийн хороонд ирүүлээгүй гэж үзэж байгаа. Нэр дэвшигч нарт тавигдах шаардлага маань ял эдэлж байгаагүй, ял эдэлж байсан бол ялгүй болсон, ялгүйд тооцогдсон байх гэж нэг зүйл дээр 3 үндэслэл байгаа. Сонгуулийн тухай хуульд баримт бичгийг нөхөн бүрдүүлж өгнө гэх зүйл байхгүй. Мөн нөхөн бүрдүүлүүлэх эрх хэмжээ байхгүй. Өөрсдөө холбогдох баримтуудаа тухайн цаг хугацаандаа бүрдүүлж өгөх, нөхөн бүрдүүлж, нэр дэвшүүлэхгүй гэж Сонгуулийн тухайн хуулийн 159 дүгээрт заасан байгаа. Дээрх хүмүүс улс төрд орох  гэж байсан бол үүнийгээ тооцоолоод холбогдох шүүх, Улсын дээд шүүхээс, бусад шүүхүүдээс энэ талаараа тайлбарлаад ялгүйд тооцогдсон байх гэсэн тогтоол, шийдвэр, захирамжуудаа гаргуулах талаар тооцсон байх ёстой.

   Бидний маргаад байгаа зүйл нь Сонгуулийн тухай хуулийн Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу материалаа бүрдүүлж өгсөн. Бид нар 158 дугаар зүйлийн 158.1.3-т “нэр дэвшигчид бүртгэхийг шаардах хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.4 “ял шийтгүүлж байгаагүй, ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх”, мөн 158 дугаар зүйлийн 158.1.2-т “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж байгаа. Түүнээс сонгох, сонгогдох эрхийг зөрчөөд, боогоод байгаа асуудал биш. Тодорхойлолтыг хуурамч гэсэн зүйл байхгүй уг тодорхойлолтондоо ингээд заагаад л ирчихсэн байвал болох байсан. 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1 “Дор дурдсан хугацааг хэрэгсэхгүй болгоно”. 6.1.1 “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй байх хугацаанаас үлдсэн хугацааг”, 6.1.2 “Хорих ялыг тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг”. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн тодорхойлолт дээр 2015 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т гэж зааснаар өршөөгдөж ялгүй болсон. Тэгэхээр хорих ялаас тэнсэгдсэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг гэхээр тэнссэн ялын үлдсэн хугацааг өршөөсөн. Харин Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг гэхээр 6.1.1 гээд тодорхойлолт нь хүрээд ирчихсэн байсан бол асуудалгүй. Хуурамч биш дутуу тодорхойлолт ирсэн.  Энэ хэдийн бүрдүүлсэн материал нь дутуу ирсэн байгаа. Хавтаст хэргийн 128 дугаарт энэ тодорхойлолт байгаа. Энэ асуудал яригдаад манайх Сонгуулийн тухай хуульд зааснаар лавлагаа авахад Өршөөлийн тухай хуулийн 6.2 дахь хэсэгт зааснаар ялгүй л болсон гэж ирсэн. Хуулинд бол 6.1.1 гээд ирчихсэн байсан бол ялгүйд тооцох хугацаа байхгүй болчихож байгаа. Тэнсэн дээр бол хүндэвтэр гэмт хэргээс буюу гэмт хэргийн зүйл ангиас хамаарч ялгүйд тооцогдох хугацаа тооцогдож байгаа.                                                                                              

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

       Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нараас гаргасан тайлбар зэргийг үндэслэн *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  Нэхэмжлэгч *******, ******* нар нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж, аймгийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичигт 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ********************** *******ын гарын үсэгтэй регистрийн дугаар ********* ******* ял үгүй, регистрийн дугаар ************ ******* ял үгүй гэсэн тодорхойлолтыг хавсаргаж хүргүүлсэн байна.

Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3 “нэр дэвшигчийн бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч”, 154 дүгээр зүйлийн 154.3.4 “ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх”, 158 дугаар зүйлийн 158.1.2 “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” Монгол Ардын Намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2, 20-р тойрогт нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн *******, ******* нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Иймд шүүх нэр дэвшигчээр бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг дутуу, эсхүл хуурамч, ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх гэж заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд ялтай байдлыг тодорхойлж өгсөн. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т “тэнсэн хянан харгалзсан, ... хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” этгээд ялгүй болохоор, харин хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2, 78.2.3, 78.2.4, 78.2.5 дахь хэсгүүдэд ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш ялтай байдлын хугацаа тоологдох бөгөөд энэ хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болохоор зохицуулж өгсөн байна. Дээрхи хуулийн заалтаас үзэхэд тэнсэгдсэн ялтан шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, засарч хүмүүжсэнээ зан байдал, үйл ажиллагаагаараа баттай нотолсон бол шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно. Өөрөөр хэлбэл тэнсэн харгалзах хугацаанд ялтайд тооцогдохоор байна.

  2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2.хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг гэдэгт Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т заасан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, өршөөн хэлтрүүлснээр шүүхээс тэнсэж хянан харгалзсан этгээд ялгүй болохоор байна.

  Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний 23/А шийтгэх тогтоолоор *******, ******* нарт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар *******г 3 жил 3 сарын хугацаагаар, *******ийг 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял тус бүрийг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж,  засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсан.

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Захиргааны хяналт зогсоох тухай тогтоол гаргаж, *******, ******* нарыг 1 жилийн хугацаатай тогтоосон захиргааны хяналтыг зогсоосон /хх-ийн 8, 11 хуудас/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвөөс 2016 оны 06  дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “...******* /ДЭ77102114/,  ******* /ДЙ79092615/ нарыг ял шийтгэгдсэн эсэхийг Лавлагааны сангаас шалгахад ... 2015 онд батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болж, *******, ******* нар ялгүй болсон байна” гэсэн 15/1117 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар *******, ******* нар нь  2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамрагдаж, тэнсэн хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдож байна.

 Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний А/12 дугаар Заавар батлах тухай  тушаалаар “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар”-ын 1 дүгээр хавсралтаар, ялтай эсэх лавлагааны “Тодорхойлолт”-ын загварыг 2 дугаар хавсралтаар баталсан байна.

 Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох зааврын 2-т шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн лавлагааны сан бүрдүүлж, лавлагаа олгох ажлыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төв эрхлэн гүйцэтгэнэ, зааврын 3-т Мэдээлэл, судалгааны төвийн Лавлагааны сан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр урьд ял шийтгэгдсэн болон ялтай эсэх лавлагааг шуурхай гаргаж өгөх үүрэгтэй, зааврын 26-д Лавлагааны сан нь Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актаар иргэний ялтай эсэхийг судлан үзэх шаардлагатай эрх зүйн зохицуулалтын хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагаас албан бичгээр тавьсан хүсэлтийг судлан үзэж лавлагааг гарган өгнө, зааврын 34-т Энэ зааврын 26 дугаар зүйлд зааснаар эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу ялтай эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор олгоно, зааврын 38-д Энэ зааврын 26 дугаар зүйлд зааснаар эрх бүхий байгууллагаас хүссэн иргэний ялтай эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор гаргаж өгөхдөө тухайн иргэний ялгүй болох хугацаа дууссан /Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг/, шүүхээр шийтгэгдсэн ял нь цагаатгагдсан, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан бол “Ял шийтгэлгүй” гэсэн лавлагааг гаргаж өгнө гэж зааснаар Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд иргэний ялтай эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллагын хүсэлтээр урьд ял шийтгэгдсэн, ялтай эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор гаргаж өгөх бөгөөд энэ үүргийг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төв эрхлэн гүйцэтгэхээр зохицуулсан байна.

  Монгол Улсын Хууль зүйн сайдын А/12 дугаар тушаалаар баталсан Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох зааварт заасны дагуу ялтай эсэх лавлагааг Цагдаагийн ерөнхий  газрын Мэдээлэл, технологийн төвөөс нэхэмжлэгч *******, ******* нарыг ял үгүй гэсэн тодорхойлолт гаргаж өгсөнөөр ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон нь нотлогдож байна гэж шүүх үзлээ.          Иймд хариуцагч нарыг шүүх хуралдаанд гаргасан “...ялгүй байдал нь бүрэн нотлогдохгүй, бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг дутуу, эсхүл хуурамч” гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.4 “...ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” гэж зааснаар *******, ******* нарын ялтай байдал нь тогтоогдохгүй байх тул Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан *******, ******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарыг нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

*******, ******* нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг тус тусдаа төлсөн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран нэхэмжлэл гаргасан этгээд тус бүрээр тэмдэгтийн хураамж төлүүлэх шаардлагагүй гэж үзэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасны дагуу илүү төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгч нар буцаан олгож шийдвэрлэлээ.

      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.4, 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсгийг баримтлан *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан *******, ******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, *******ийг 2 дугаар тойрогт, *******г 20 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай. 

      2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасны дагуу илүү төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.  

      3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛБАДРАХ