Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0529

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0529

Улаанбаатар хот

 

 

 

Иргэн В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч В.Рэнцэндорж нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны дарга Л.Болормаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баасандаш нарын гаргасан давж заалдах гомдлоор иргэн В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нар 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3 дугаар тогтоолын В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, В.Рэнцэндоржийг 2 дугаар тойрогт, В.Сүррагчааг 20 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр:

“Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.4, 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсгийг баримтлан В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, В.Рэнцэндоржийг 2 дугаар тойрогт, В.Сүррагчааг 20 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны дарга Л.Болормаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баасандаш нар дээрх шийдвэрийг зөвшөөрч 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “...Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.4, 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсгийг баримтлан В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, В.Рэнцэндоржийг 2 дугаар тойрогт, В.Сүррагчааг 20 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасугай” гэжээ. Шүүхийн энэ шийдвэр хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн 6 дугаар хуудасны 32 дугаар мөрөнд “...Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд ялтай байдлыг тодорхойлж өгсөн. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т “тэнсэн хянан харгалзсан,...хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” этгээд ялгүй болохоор, харин хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2, 78.2.3, 78.2.4, 78.2.5 дахь хэсгүүдэд ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш ялтай байдлын хугацаа тоологдох бөгөөд энэ хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, засарч хүмүүжсэнээ зан байдал, үйл ажиллагаагаараа баттай нотолсон бол шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно. Өөрөөр хэлбэл тэнсэн харгалзах хугацаанд ялтайд тооцогдохоор байна” гэж шүүх үзжээ.

Гэтэл Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-д “тэнсэн хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заажээ. Нэхэмжлэгч В.Сүррагчаа, В.Рэнцэндорж нар нь Говь-Алтай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 23/А дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт В.Сүррагчаад оногдуулсан 3 жил 3 сарын, В.Рэнцэндоржид оногдуулсан 3 жил 2 сарын хорих ял тус бүрийг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзан, хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсан.

Нэхэмжлэгч В.Сүррагчаа, В.Рэнцэндорж нарын хувьд хянан харгалзах хугацаа 2016 оны 8 дугаар сард дуусахаар байсан. Энэ хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй бол Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан ялгүй болсон гэж үзэхээр байгаа, В.Сүррагчаа, В.Рэнцэндорж нарын хянан харгалзах 1 жилийн хугацаа дуусахаас өмнө 2015 оны өршөөлийн хууль гарч хянан харгалзах хугацаа өршөөгдсөн боловч ялгүйд тооцох хугацаа өршөөлд хамрагдсан талаар тодорхойлолт Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвөөс ирээгүй юм. Тэр албан бичиг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. 2015 онд гарсан Өршөөлийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг 6.1.2-т заасан хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг” гэж хууль тогтоогч заажээ.

Өөрөөр хэлбэл хянан харгалзах хугацаа дуусахаас өмнө өршөөлийн хуульд хамрагдсан бол хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг өршөөхөөр тусгагдсан байна. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан хугацаанаас өмнө өршөөлийн хуульд хамрагдсан бол хянан харгалзах үлдсэн хугацаа өршөөгдөж, харин хянан харгалзах хугацааны үлдсэн хугацаа нь ялтайд тооцох хугацаанд орж байна гэж үзэхээр байна. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсгийг өршөөлийн хуульд хамрагдсан бол ялтай байдал дууссан гэж тайлбарлажээ. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан хянан харгалзах хугацаа дууссан бол ялтай байдал арилахаар тусгагдсан байна. Харин Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан хугацаанаас өмнө өршөөлийн хуульд хамрагдсан бол хянан харгалзах үлдсэн хугацаа нь ялтайд тооцох хугацаанд орж байна. Тиймээс ч хууль тогтоогч өршөөлийн хуульд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг, хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг гэж заан хуульд оруулжээ.

Тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шүүгч Б.Саранчимэгээс шүүгч Э.Золбадрахад шилжүүлэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.5, 25.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн мөн хэрэг шилжүүлэхдээ шүүгчийн зөвлөгөөн хийгээгүй. Хавтаст хэрэгт хэрэг шилжүүлсэн тухай тогтоол байхгүй талаар шүүгчээс тодруулахад “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар утсаар зөвлөгөөн хийсэн. Тогтоол албажиж гараагүй байгаа. Энэ бол шүүхийн дотоод зохион байгуулалт” гэсэн.

Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д “Ерөнхий шүүгч товлон зарлаж, удирдан явуулах” гэж заасан байна. Шүүх, шүүгч өөрөө хууль зөрчиж, шүүхийн практикт гарч байгаагүй процессын алдаа гаргасан байна. Шүүгчдийн зөвлөгөөнийг утсаар хийх журам байхгүй юм. Тухайн үед Ерөнхий шүүгч Ш.Баттогтох Архангайд явж байсан, утас нь холбогдохгүй байсан, шүүгч Б.Саранчимэг Улаанбаатар хотод байсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах хууль, хэрэг шилжүүлэх журам зөрчин хэргийг тогтоол гараагүй байхад авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Хариуцагч Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны дарга Л.Болормаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шүүж шүүгч Б.Саранчимэгээс шүүгч Э.Золбадрахад шилжүүлэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.5, 25.3 дахь хэсэгт заасныг зөрчин хэрэг шилжүүлэхдээ шүүгчдийн зөвлөгөөн хийгээгүй, хавтаст хэрэгт хэрэг шилжүүлсэн тогтоол гараагүй байхад Э.Золбадрах шүүсэн. Шүүгчээс хэрэг шилжүүлсэн тогтоол хавтаст хэрэгт байхгүй талаар тодруулахад “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар утсаар зөвлөгөөн хийсэн бөгөөд тогтоол албажиж гараагүй шүүхийн дотоод зохион байгуулалт” гэсэн.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25.3-т “Шүүгчдийн зөвлөгөөнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч товлон зарлаж, удирдан явуулах бөгөөд тухайн шүүхийн шүүгчдийн олонхын саналаар шүүгчдийн ээлжит бус зөвлөгөөнийг зарлан хуралдуулж болно” гэж заасан. Иймээс шүүгч хууль зөрчсөн шийдвэр гаргаж процессын алдаа гаргасан гэж үзэж байна. Шүүгчдийн зөвөлгөөнийг утсаар хийх хууль, журам байхгүй. Тухай үед Ерөнхий шүүгч Б.Баттогтох Архангайд явж байсан, утас нь холбогдохгүй, шүүгч Б.Саранчимэг Улаанбаатар хотод байсан.

Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрахыг хууль, журам зөрчсөн үйлдэл гаргасан байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвөөс 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нарт “Ялгүй” гэсэн тодорхойлолт гаргаж өгснийг нэхэмжлэгч нар 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчээр бүртгүүлэхэд шаардагдах бусад баримт бичгийн хамт аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн байхад Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “...Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т “нэр дэвшигчийн бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч”, 154 дүгээр зүйлийн 154.3.4-т “ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх”, 158 дугаар зүйлийн 158.1.2-т “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэж үзэн Монгол Ардын намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2, 20 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсанаар нэхэмжлэгчдийн Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиар олгогдсон сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарласан байна.

Хууль зүйн сайдын 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/12 дугаар тушаалаар “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар” болон “Ялтай эсэх талаар лавлагааны тодорхойлолтын загвар”-ыг тус тус баталсан, энэ дагуу шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн лавлагааны сан бүрдүүлж, лавлагаа олгох ажлыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төв эрхлэн гүйцэтгэхээр байх бөгөөд тус төвөөс “ялгүй” гэсэн тодорхойлолтыг өгсөөр байхад аймгийн Сонгуулийн хороо нэхэмжлэгчдийн “ялгүйд тооцогдсон” эсэхэд дүгнэлт өгч хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлсэн болох нь шүүхэд гаргасан бичгийн тайлбар, давж заалдах гомдолд дурдсанаар тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д зааснаар “шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулах авах”, 157.7-д зааснаар “нэр дэвшигчийг бүртгэхдээ ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгах” эрхтэй болохоос бус дээрх байдлаар эрх бүхий байгууллагаас гаргасан “ялгүй” гэсэн тодорхойлолтод дүгнэлт өгөх эрх хуулиар олгогдоогүй болно. 

Мөн зааврын 38-д “...иргэний ялтай эсэх лавлагааг тодорхойлолтоор гаргаж өгөхдөө тухайн иргэний ялгүй болох хугацаа дууссан, шүүхээр шийтгэгдсэн ял нь цагаатгагдсан, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан бол ял шийтгэлгүй гэсэн лавлагааг гаргах өгнө” гэж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 15/227 дугаар албан бичигт “...тус төвийн лавлагааний сангаас Монгол Улсын 14-өөс дээш насны бүх иргэдийн ял шийтгэлтэй эсэх, ял шийтгэгдэж байсан эсэх, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хугацаа дууссан эсэх талаарх лавлагааг олгож байгаа...” гэсэн зэргээс дүгнэхэд тус төвөөс иргэн В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нарыг ялгүй болохыг тодорхойлсныг хариуцагчийн тайлбарт дурдсанчлан “...ялгүйд тооцогдох хугацаа буюу Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасны дагуу ялтай байдал дуусаагүй” гэж үзэхгүй.

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 15/1117 дугаар бичигт ч “...2015 онд батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нар ялгүй болсон” болохыг тодорхойлсон байх тул Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.4-т заасан “ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэгчдийг буруутгах боломжгүй юм.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн шүүгчийн зөвлөгөөний 30 дугаар тогтоол тус тус хэрэгт авагдсан, уг хуралдаанаар хэргийг Б.Саранчимэг шүүгчээс Э.Золбадрах шүүгчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн, тогтоолд Ерөнхий шүүгч болон бусад шүүгч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хэрэг шилжүүлэх журам зөрчсөн, тогтоол гараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлын үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр давж заалдах гомдол гаргасныг тус шүүх 22-ны өдөр хүлээн авч, улмаар шүүх хуралдааны товыг хариуцагчид 7 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдсэн боловч аймгийн Сонгуулийн хорооны дарга Л.Болормаагаас ууц, нурууны эмчилгээ хийлгэж байгаагаас автомашинаар хол замд явж чадахгүй, шүүх хуралдаанд заавал өөрийн биеэр оролцох хүсэлтэй тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг 8 дугаар сарын 4-ний өдөр, мөн Монголын Өмгөөлөгчийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Мөнхболдыг сонгож эрх зүйн туслалцаа авахаар болсон талаар 5-ны өдөр тус тус факсаар мэдэгдсэнийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-ын “маргааныг шуурхай, үндэслэлтэй шийдвэрлэх” зарчим, 115 дугаар зүйлийн 115.5 дахь хэсэгт “Сонгуулийн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан бол хүлээн авсан өдрөөс хойш 21 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан зэргийг харгалзан үзэж хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангалгүйгээр маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Б.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН