Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01338

 

 

Ш.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/01413 дугаар шийдвэртэй

Ш.Сын нэхэмжлэлтэй хариуцагч ЖДҮСд холбогдох

ЖДҮСгийн захирлын 2019 оны Б/49 болон Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.С, түүний өмгөөлөгч О.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учралбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 4 дүгээр сард бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Уг бүтцийн өөрчлөлтөөр миний хариуцан ажиллаж байсан Тамгын хэлтсийн чиг үүргийг 2 тусдаа хэлтэст хувааж, Захиргааны хэлтэс, Хууль, тусгай активын хэлтэс болгосон ба уг хэлтсийн дарга нарыг гаднаас авчран томилсон. Сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дүгээр тушаал гарч намайг ажлаас чөлөөлж байгаа тухай тушаалыг танилцуулсан. Дээрх ажлаас чөлөөлсөн тушаал нь илт хууль бус шийдвэр байх тул миний бие дор дурдсан үндэслэлүүдээр тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчлийг гаргаагүй. Сангийн захирлын 2019 оны 3 дугаар сарын Б/06 тоот тушаалаар ажилтан надад сахилгын зөрчил ногдуулсан байдаг бөгөөд иргэн Д.Мөнхзулын шүүх хуралд ялагдахад өөрийн удирдлагад ажиллаж байсан мэргэжилтнийг мэргэжил арга зүйгээр хангаж, ажиллаагүй гэх үндэслэлээр арга хэмжээ авсан байсан. Гэтэл надад бүхэл бүтэн 9 сарын дараа өөрийн удирдлагад ажиллаж буй мэргэжилтнийг удирдлагаар хангаж ажиллаагүй, хяналт тавиагүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтыг зөрчсөн. Уг зөрчлийг гаргасан болоод илэрснээс хойш 9 cap өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулж буй нь өөрөө хууль бус бөгөөд энэхүү тушаалыг ажил олгогч өөрийн санаачилгаар хууль зөрчиж гаргасан нь намайг сахилгын зөрчил давтан гаргасан гэх Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн 1 зөрчлийн үндэслэл болох боломжгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалын тушаалд намайг Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4.19.14 дэх заалтуудыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээний дээрх заалт нь ноцтой зөрчил гэх заалт боловч тус заалтын яг ямар зөрчил гаргасныг тодорхой тусгаагүй буюу энэ тодорхойгүй. Иймд ЖДҮСгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн хууль бус юм. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын баталсан ЖДҮСгийн дүрэмд сангийн албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах болоод цуцлах нь Сангийн захирлын эрх хэмжээ байдаг тул хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хувьд сайдаас хамааралгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой байгууллага юм. Иймд Миний бие сантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болохоос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд эсхүл яамтай байгуулаагүй тул сайдын зүгээс арга хэмжээ авах чиглэл өгсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс сангийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцаа нь гагцхүү Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр цуцлагдах тул сайдын албан бичгийг үндэслэн халсан нь хууль бус юм. Жижиг, дунд уйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 тоот тушаал нь Сангийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тухайд Сангийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад, нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй" гэж заасан. Гэтэл дээрх зохицуулалтыг зөрчиж, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ажил тарж байх цаг хугацаатай давхцуулан тушаалыг уншиж өгсөн бөгөөд өнөөдрийн дотор ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан. Би өнөөдрийг хүртэл яг ямар алдаа дутагдал гаргасан, ямар мэдээллийг нуун дарагдуулсан зэргээ мэдээгүй явж байна. Иймд ЖДҮСгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын Б/06 тоот тушаал болон 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгуулах, тус сангийн Захиргаа, хүний нөөц, санхүүгийн хэлтсийн Ахлах мэргэжилтнээр буюу өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч ЖДҮС, тус сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учралбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.С нь Сангийн ажилтнуудыг зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, мэргэжил арга зүй, чиг үүргийн удирдлагаар хангаж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас санд их хэмжээний өр авлага үүсгэж, ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг нуун дарагдуулах замаар удирдлагаас шийдвэр гаргахад саад учруулсан, зээлдэгч нартай дур мэдэж шүүхийн шатанд 5 зээлдэгчээс нэхэмжилсэн их хэмжээний алдангиас татгалзаж санд их хэмжээний хохирол учруулсан. Мөн 2016 оны 12 дугаар сарын байдлаар 2009-2016 оны хооронд сангаас нийт 303 иргэн, аж ахуй нэгжид бодлогын зээл олгосон бөгөөд тэдгээрээс 289 зээлдэгч энгийн төлөлттэй, 5 иргэн, аж ахуй нэгжийг шүүх рүү шилжүүлсэн, 1,07 тэрбум төгрөгийн зөрчилтэй байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар гэхэд нийт зөрчилтэй зээлдэгчийн тоо 5-аас 135 болж, нийт хуримтлагдсан зөрчлийн хэмжээ 15,5 тэрбум төгрөг болтол өссөн байна. Энэ нь дээрх албан хаагч нь албан үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүйн улмаас тухай бүрт зээлийг төлүүлэх арга хэмжээ аваагүй шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан, шүүхэд дур мэдэн их хэмжээний алдангиас татгалзсан, барьцаа хөрөнгийн үнэлгээг санаатайгаар бууруулсан, эрх бүхий албан тушаалтны хувьд хяналт тавьж ажиллаагүй байна. Хоёр. Нэхэмжлэгч Ш.С нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн /тухайн үед Ш.С нь Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан/ Сангийн захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/06 тоот тушаалд бичгээр гаргасан тайлбартаа "... Д.Мөнхзулын асуудал дээр Тамгын хэлтсийн дарга өөрийн удирдлаган дор ажиллаж байгаа хүнээ зөв удирдан чиглүүлээгуй гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээхэд бэлэн байна... гэсэн нь нэхэмжлэгч тал өөрийн ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагад ажиллаж байсан ажилтнуудаа мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн болох нь харагдаж байна. Хэдийгээр Д.Мөнхзул нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан боловч уг хэрэг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Мөн одоогийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцэцэг нь 2019 оны 02 дугаар сард одоогийн албан тушаалд томилогдсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан cap, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн байдаг тул Б.Батцэцэг нь томилогдон ирснийхээ дараа буюу дээрх үйлдлийг илрүүлсэн даруйд нэхэмжлэгч Ш.Ст сахилгын шийтгэл ногдуулсан учир дээрх хуулийн хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан ЖДҮСгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны Б/06 болон Б/49 дугаартай тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ш.Сыг ЖДҮСгийн Захиргаа хүний нөөц, санхүүгийн хэлтсийн захиргааны ахлах мэргэжилтэний ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 12 967 756.5 төгрөгийг хариуцагч ЖДҮСгаас гаргуулж, нэхэмжлэгч Ш.Ст олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч ЖДҮСгаас улсын тэмдэгтийн хураамжид 222 434 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учралбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэг Ш.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Б/49 дугаартай тушаалаар цуцласан. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4. “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан”, ЖДҮСгийн захирлын Б/06 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 05 дугаар сарын 23-ны 01/2002 дугаартай албан тоотыг тус тус үндэслэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... сахилгын шийтгэл ногдуулж байгаа тухай ажилтанд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна...”, "... Ш.С нь 6 дугаар сард е-мэйл хаягаар цалингийн хүснэгт ирсэнээр мэдсэн...” гэжээ. Анхан шатны шүүүх хэргийг шийдвэрлэж, нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг буюу нэхэмжлэгч талын байр суурьнаас хандаж шийдвэрлэсэн. Учир нь сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн ажилтанд мэдэгдсэн эсэх асуудал дээр талууд өөр өөр байр суурьтай байсан, мөн нэхэмжпэгч Ш.С нь тухайн үедээ өр барагдуулах аяны урамшуулал авч байсан учир нэмэгдэл цалин авч, цалин хөлс нь өөр өөр байсан талаар шүүх хуралдааны үед мэдүүлсэн. Шүүх хэргийг тал бүрээс нь хянан шийдвэрлэхийн тулд сахилгын шийтгэл ногдуулсан хугацааны цалингийн бодолт, суутгал хийсэн эсэх талаар баримтыг шүүхийн санаачлагаар гаргуулан авч хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хэрэг ач холбогдол бүхий нотлох баримтгүйгээр хэргийг нэг талын байр сууринаас шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч Ш.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа"... сахилгын шийтгэл ногдуулна гэж надад хэлж байсан...” хэмээн мэдүүлсэн байдаг. Хоёр. Ш.С нь Сангийн ажилтнуудыг зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, мэргэжил арга зүй, чиг үүргийн удирдлагаар хангаж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас санд их хэмжээний өр авлага үүсгэж, ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг нуун дарагдуулах замаар удирдлагаас шийдвэр гаргахад саад учруулсан, зээлдэгч нартай дур мэдэж шүүхийн шатанд 5 зээлдэгчээс нэхэмжилсэн их хэмжээний алдангиас татгалзаж санд их хэмжээний хохирол учруулсан. Мөн 2016 оны 12 дугаар сарын байдлаар 2009-2016 оны хооронд сангаас нийт 303 иргэн, аж ахуй нэгжид бодлогын зээл олгосон бөгөөд тэдгээрээс 289 зээлдэгч энгийн төлөлттэй, 5 иргэн, аж ахуй нэгжийг шүүхрүү шилжүүлсэн, 1,07 тэрбум төгрөгийн зөрчилтэй байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар гэхэд нийт зөрчилтэй зээлдэгчийн тоо 5-аас 135 болж, нийт хуримтлагдсан зөрчлийн хэмжээ 15,5 тэрбум төгрөг болтол өссөн байна. Энэ нь дээрх албан хаагч нь албан үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүйн улмаас тухай бүрт зээлийг төлүүлэх арга хэмжээ аваагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан, шүүхэд дур мэдэн их хэмжээний алдангаас татгалзсан, барьцаа хөрөнгийн үнэлгээг санаатайгаар бууруулсан, эрх бүхий албан тушаалтны хувьд хяналт тавьж ажиллаагүй байгаа талаар хариуцагч байгууллагын зүгээс нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч анхан шатны шүүхээс тушаалын үндэслэлд заагаагүй асуудлаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцсэн гэж дүгнэсэн. Дээрх нотлох баримтууд нь нэхэмжлэгчийг ажпын хариуцлага алдсан, мэдээллийг нуун дарагдуулж, удирдлагаас шийдвэр гаргахад саад учруулсан зэргийг нотлож буй хэрэпг чухал ач холбогдол бүхий баримт юм. Гэтэл анхан шатны шүүүх хэргийг шийдвэрлэж, нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг буюу нэхэмжлэгч талын байр суурьнаас хандаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн  шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ш.С нь хариуцагч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд холбогдуулан ЖДҮСгийн захирлын 2019 оны Б/49 болон Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1-5, 40-41/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮСгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар тамгын газрын дарга Ш.Ст албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа нэхэмжлэгч Ш.Сыг өөрийн удирдлагад ажиллаж байсан мэргэжилтнийг мэргэжил арга зүйгээр хангаж, ажиллаагүй зөрчлийг гаргасан гэж заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.Ст сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 9.3-т заасан ажиллагааг явуулсан эсэх нь тодорхойгүй, тушаалд заасан зөрчлийг хэрхэн шалгасан, уг асуудлыг хэлэлцсэн эсэх, нэхэмжлэгчээс энэ талаар тайлбар авсан эсэх нь тогтоогдохгүй байх тул Б/06 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй болно.

Нэхэмжлэгч Ш.Сын сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг 2019 оны 6 дугаар сард мэдсэн гэсэн тайлбарыг хариуцагч байгууллага үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй, ажил олгогч байгууллагаас ЖДҮСгийн хөдөлмөрийн дотоод журмын 9.2-т заасан журмын дагуу ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тухайгаа мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх эргэлзээгүй баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн ажил олгогч буюу ЖДҮСгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 тоот тушаалаар ажил олгогч байгууллага ажилтанг ажлаас халахдаа Хөдөлмөрийн  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон хөдөлмөрийн гэрээ дотоод журмын зохих заалтуудыг баримтлан захиргаа хүний нөөц, санхүүгийн хэлтсийн захиргааны ахлах ажилтан Ш.Сыг ажлаас нь халсан байна. /1хх.12/

Ажил олгогч байгууллага ажилтанг халсан үндэслэлээ “...сангийн хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж сангаас 2016, 2017, 2018 онуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлийн олголт, эргэн төлөлтөд удирдах албан тушаалтны хувьд хяналт тавьж ажиллаагүйн улмаас одоогийн байдлаар 31.5 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн авлага үүсгэж төсөв, санхүүгийн хариуцлага сул, зөрчил гаргах боломж бий болгосон, сангийн ажилтнуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй, ажил үүрэгтэйгээ холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулах замаар удирдлагаас шийдвэр гаргахад саад учруулсан, гүйцэтгэх албан тушаалтанд зохих ажлыг шаардлага гаргахад саад учруулсан, гүйцэтгэх албан тушаалтанд зохих ажлыг шаардлага, зааварчилгаа өгөх зэргээр үр дүнг тооцож тайлагнаж байгаагүй, өр барагдуулах ажлыг хуулийн хүрээнд хугацаа алдалгүй зохион байгуулаагүй” гэсэн үндэслэл заажээ.

 Дээр дурдсан үндэслэлүүдээс үзэхэд 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дугаартай тушаалд заасан зөрчлүүд хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас уг тушаалын үндэслэлийг нотлох зорилгоор тушаал гарснаас хойш хийсэн аудитын дүгнэлт зэргийг ирүүлсэн баримтууд хэрэгт авагджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нөхцөлүүдийн аль нэг нь тогтоогдсон байхыг шаарддаг.

Иймд анхан шатны шүүх ажил олгогч нэхэмжлэгч Ш.Сын хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж 2019 оны Б/49 болон Б/06 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...2016 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар гэхэд нийт зөрчилтэй зээлдэгчийн тоо 5-аас 135 болж, нийт хуримтлагдсан зөрчлийн хэмжээ 15,5 тэрбум төгрөг болтол өссөн байна” гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүх зөв тооцож, ажил олгогчоос 12 967 756 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох” журмын 7 дахь заалттай нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.