Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2020/01413

 

 

 

 

 

 

 

 

                                2020        04         24  

   101/ШШ2020/01413

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ш.С нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж холбогдох

 

Жгийн захирлын 2019 оны Б/49 болон Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учралбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билэгт нар оролцов. 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ш.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Жд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 3 дугаар сарыг хүртэл хугацаанд Гэрээ, хэлцэл хариуцсан мэргэжилтэнгээс Захиргаа, хууль эрх зүйн албаны дарга, Тамгын хэлтсийн даргын албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байсан. 2019 оны 02 дугаар сард Сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Батцэцэг томилогдсон ба 2019 оны 4 дүгээр сард бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Уг бүтцийн өөрчлөлтөөр миний хариуцан ажиллаж байсан Тамгын хэлтсийн чиг үүргийг 2 тусдаа хэлтэст хувааж, Захиргааны хэлтэс, Хууль, тусгай активын хэлтэс болгосон ба уг хэлтсийн дарга нарыг гаднаас авчран томилсон. Бүтцийн өөрчлөлт хийгдэж байхад Б.Батцэцэг захирал надад “чамтай хамтран ажилласан 2 сарын хугацаанд чи надад их түшиг тулгуур болж ажилласан, цаашид чамтай хамтран ажилламаар байна, тиймээс “Захиргаа, хүний нөөц, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн”-ээр ажиллах ажлын санал тавьж байна гэж хэлсэн тул миний бие Захирлын хэлсэн үгэнд итгэн, хэл ам хийлгүй, байгууллагын цаашдын үйл ажиллагаа, эрх ашгийг хүндэтгэн үзэж уг саналыг нь хүлээн авсан. Ингээд 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн миний бие дээрх албан тушаалд шилжин ажилласан. Санд ажилласан 2 жил гаруй хугацаандаа миний бие нэг ч удаа ажлын халиуцлага алдаж байсан удаагүй бөгөөд ажилдаа идэвхи, санаачлага гаргаж, өөрийн удирдлагад байсан албан тушаалтнуудын ажлыг зөв удирдан чиглүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б/49 дүгээр тушаал гарч намайг ажлаас чөлөөлж байгаа тухай тушаалыг танилцуулсан. Дээрх ажлаас чөлөөлсөн тушаал нь илт хууль бус шийдвэр байх тул миний бие дор дурдсан үндэслэлүүдээр тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэгт. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчлийг гаргаагүй тухайд: Уг заалтыг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлөхөд хуулийн дараах хоёр урьдчилсан нөхцлийн аль нэгийг ажилтан зөрчсөн байх ёстой. Үүнд:

- Ажилтан хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан байх шаардлага. Улсын Дээд шүүхийн зөвлөмжийн 2.4 дэх хэсэг болон Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.4 дэх хэсэгт “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно, Сахилгын зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай. Тухайлбал: сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна” гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл сахилгын зөрчлийг 6 сараас 1 жилийн хугацаанд 2 удаа ажилтан гаргасан байх ёстой боловч миний бие ажлын хариуцлага алдаж, сахилгын зөрчил гаргаж байсан удаагүй. Сангийн захирлын 2019 оны 3 дугаар сарын Б/06 тоот тушаалаар ажилтан надад сахилгын зөрчил ногдуулсан байдаг бөгөөд Иргэн Д.Мөнхзулын шүүх хуралд ялагдахад өөрийн удирдлагад ажиллаж байсан мэргэжилтнийг мэргэжил арга зүйгээр хангаж, ажиллаагүй гэх үндэслэлээр арга хэмжээ авсан байсан. Гэтэл тус маргаанд 2018 онд Хуулийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Должинсүрэн итгэмжлэлээр оролцсон бөгөөд өөрийн буруутай үйлдлийн улмаас анхан шатны шүүхэд нотлох баримт дутуу гаргаж өгсөн тул ялагдсан тухай 2018 оны 6 дугаар сард анхан шатны шүүх хуралдааны дараагаар Сангийн тухайн үеийн удирдлагуудад мэдэгдэж, иргэн Д.Мөнхзулыг ажилд нь эгүүлэн авахыг хүссэн байдаг. Гэтэл надад бүхэл бүтэн 9 сарын дараа өөрийн удирдлагад ажиллаж буй мэргэжилтнийг удирдлагаар хангаж ажиллаагүй, хяналт тавиагүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтыг зөрчсөн. Уг зөрчлийг гаргасан болоод илэрснээс хойш 9 cap өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулж буй нь өөрөө хууль бус бөгөөд энэхүү тушаалыг ажил олгогч өөрийн санаачилгаар хууль зөрчиж гаргасан нь намайг сахилгын зөрчил давтан гаргасан гэх Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн 1 зөрчлийн үндэслэл болох боломжгүй. Үүнийг сахилгын зөрчилд тооцох хууль зүйн үндэслэлгүйгээс гадна өөр бусад байдлаар сахилгын зөрчил хүлээхүйц хэмжээний алдаа, дутагдал болоод ажлын хариуцлага алдсан үйлдэлийг миний бие огт гаргаж байгаагүй.

- Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан байх шаардлага. Мөн Улсын Дээд шүүхийн зөвлөмжийн 2.4 дэх хэсэг болон Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.4.2 дахь хэсэгт “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж тайлбарласан байдаг. Тайлбараас үзэхэд “ноцтой зөрчил" нь нэгт заавал хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж тусгагдсан зөрчлийг ажилтан гаргасан байх, хоёрт, ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон байх гэсэн шаардлага байна. Харин ажлаас чөлөөлсөн тушаалын тушаах хэсэг болоод 1 дэх хэсгүүдэд намайг Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4.19.14 дэх заалтуудыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээний дээрх заалт нь ноцтой зөрчил гэх заалт боловч тус заалтын яг ямар зөрчил гаргасныг тодорхой тусгаагүй буюу энэ тодорхойгүй. Харин Хөдөлмөрийн дотоод журамд 4.19.14 дэх заалт буюу сангийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг цаг, тухай бүрд нь өөрт байгаа мэдээллийн баазад үндэслэн гаргаж өгч байсан ба мэдээлэл нуун дарагдуулсан үйлдэл огт гаргаж байсан удаагүй. Иймд Жгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн хууль бус юм.

Хоёр. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 01/2002 дугаартай албан тоотыг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тухайд:

Ж нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг бөгөөд өөрийн харьяа байгууллагын үйл ажиллагаанд оролцох сайдын эрх хэмжээ, түүний хязгаарлалтыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан Засгийн газрын гишүүний бүрэн эрхээр тодорхойлдог. Үүнд, сайд нь сангийн захирлыг томилж, дүрмийг батлах эрхтэй ба түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийн журмыг баталж, төсвийг хуваарилах эрх олгосон байдаг. Сайд нь сангийн захирлыг томилдог бол, томилогдсон сангийн захирал нь сайдын баталсан бүтцэд тохируулан сайдаас хараат бусаар, бие даан сангийн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, томилох болон чөлөөлөх бүрэн эрхтэй. Нөгөөтэйгүүр, ЖДҮХсан нь 9070002081 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 5290082 регистрын дугаартай 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдэж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын баталсан Жгийн дүрэмд сангийн албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах болоод цуцлах нь Сангийн захирлын эрх хэмжээ байдаг тул хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хувьд сайдаас хамааралгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой байгууллага юм.

Иймд Миний бие сантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болохоос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд эсхүл яамтай байгуулаагүй тул сайдын зүгээс арга хэмжээ авах чиглэл өгсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс сангийн албан хаагчдын Хөдөлмөрийн харилцаа нь гагцхүү Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр цуцлагдах тул сайдын албан бичгийг үндэслэн халсан нь хууль бус юм.

Гурав. Жижиг, дунд уйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 тоот тушаал нь Сангийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тухайд:

Сангийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад, нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй" гэж заасан. Гэтэл дээрх зохицуулалтыг зөрчиж, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ажил тарж байх цаг хугацаатай давхцуулан тушаалыг уншиж өгсөн бөгөөд өнөөдрийн дотор ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан. Дотоод журамд зааснаар тушаалын үндэслэлийг тайлбарлаж өгөх үүрэгтэй боловч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй нь Үндсэн хуулиар олгосон иргэний өөрийгөө илэрхийлэх, тайлбарлах, өмгөөлөх суурь эрхийг маань зөрчсөн гэж үзэж байна. Би өнөөдрийг хүртэл яг ямар алдаа дутагдал гаргасан, ямар мэдээллийг нуун дарагдуулсан зэргээ мэдээгүй явж байна.

Иймд Жгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын Б/06 тоот тушаал болон 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгуулах, тус сангийн Захиргаа, хүний нөөц, санхүүгийн хэлтсийн Ахлах мэргэжилтнээр буюу өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж, тус сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учралбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.Сын нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Нэхэмжлэгч Ш.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Нийт санд ажилласан 2 жил гаруй хугацаандаа миний бие нэг ч удаа ажлын хариуцлага алдаж байсан удаагүй бөгөөд ажилдаа идэвхи санаачлага гаргаж, өөрийн удирдлагад байсан албан тушаалтнуудын ажлыг зөв удирдан чиглүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байсан...” гэжээ. Ш.С нь Сангийн ажилтнуудыг зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, мэргэжил арга зүй, чиг үүргийн удирдлагаар хангаж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас санд их хэмжээний өр авлага үүсгэж, ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг нуун дарагдуулах замаар удирдлагаас шийдвэр гаргахад саад учруулсан, зээлдэгч нартай дур мэдэж шүүхийн шатанд 5 зээлдэгчээс нэхэмжилсэн их хэмжээний алдангиас татгалзаж санд их хэмжээний хохирол учруулсан. Мөн 2016 оны 12 дугаар сарын байдлаар 2009-2016 оны хооронд сангаас нийт 303 иргэн, аж ахуй нэгжид бодлогын зээл олгосон бөгөөд тэдгээрээс 289 зээлдэгч энгийн төлөлттэй, 5 иргэн, аж ахуй нэгжийг шүүх рүү шилжүүлсэн, 1,07 тэрбум төгрөгийн зөрчилтэй байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар гэхэд нийт зөрчилтэй зээлдэгчийн тоо 5-аас 135 болж, нийт хуримтлагдсан зөрчлийн хэмжээ 15,5 тэрбум төгрөг болтол өссөн байна. Энэ нь дээрх албан хаагч нь албан үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүйн улмаас тухай бүрт зээлийг төлүүлэх арга хэмжээ аваагүй шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан, шүүхэд дур мэдэн их хэмжээний алдангиас татгалзсан, барьцаа хөрөнгийн үнэлгээг санаатайгаар бууруулсан, эрх бүхий албан тушаалтны хувьд хяналт тавьж ажиллаагүй байна.

Хоёр. Нэхэмжлэгч Ш.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...өөрийн удирдлагад байсан албан тушаалтнуудын ажлыг зөв удирдан чиглүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байсан" гэх боловч 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн /тухайн үед Ш.С нь Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан/ Сангийн захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/06 тоот тушаалд бичгээр гаргасан тайлбартаа "... Д.Мөнхзулын асуудал дээр Тамгын хэлтсийн дарга өөрийн удирдлаган дор ажиллаж байгаа хүнээ зөв удирдан чиглүүлээгүй гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээхэд бэлэн байна...” гэсэн нь нэхэмжлэгч тал өөрийн ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагад ажиллаж байсан ажилтнуудаа мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн болох нь харагдаж байна. Мөн нэхэмжлэлд “...Сангийн захирлын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/06 тоот тушаалаар ажилтан надад сахилгын шийтгэл ногдуулсан байдаг бөгөөд иргэн Д.Мөнхзулын шүүх хуралд ялагдахад өөрийн удирдлагад ажиллаж байсан мэргэжилтнийг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаагүй гэх үндэслэлээр арга хэмжээ авсан байдаг ...”, “... гэтэл надад бүхэл бүтэн 9 сарын дараа өөрийн удирдлагад ажиллаж буй мэргэжилтнийг удирдлагаар хангаж ажиллаагүй, хяналт тавиагүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалт зөрчсөн...” гэжээ. Хэдийгээр Д.Мөнхзул нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан боловч уг хэрэг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Мөн одоогийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцэцэг нь 2019 оны 02 дугаар сард одоогийн албан тушаалд томилогдсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан cap, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн байдаг тул Б.Батцэцэг нь томилогдон ирснийхээ дараа буюу дээрх үйлдлийг илрүүлсэн даруйд нэхэмжлэгч Ш.Ст сахилгын шийтгэл ногдуулсан учир дээрх хуулийн хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.С нь хариуцагч Жд холбогдуулан Жгийн захирлын 2019 оны Б/49 болон Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

            Хариуцагч Ж нь Ш.Ст сахилгын шийтгэлийг хуулийн хугацаанд ногдуулсан, удирдах албан тушаалтны хувьд бусад ажилчдад хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, сангаас олгосон зээлийг төлүүлэх арга хэмжээ аваагүй, үндэслэлгүйгээр алдангиас татгалзсан зэрэг үндэслэл зааж, сахилгын зөрчил давтан гаргасан, мөн ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жгийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар Ш.С нь Тамгын хэлтсийн даргаар томилогдсон байна.

 

            Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А-96 дугаартай тушаалаар Жгийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, Ш.С нь Захиргаа хүний нөөц, санхүүгийн хэлтсийн захиргааны ахлах мэргэжилтнээр томилогдсон байна.

 

            Нэхэмжлэгч нь Жгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/06 дугаартай тушаал болон 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах ...-аар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн, уг хугацааг хэтрүүлсэн нь дор дурьдсаны дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч Ш.С нь тус шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад заасан хугацааны дотор хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шүүх 7 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2019/19122 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцаасан, улмаар уг захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШТ2019/00605 дугаартай тогтоолоор захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

            Ш.С нь нэхэмжлэлээ 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь зүйтэй, энэ нь хуульд нийцнэ.

 

            Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, ... сангийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус үндэслэн “Тамгын хэлтсийн дарга Ш.С нь өөрийн хариуцаж буй хэлтсийн мэргэжилтний ажил үүргийг хянах, зөвлөгөө өгөх, удирдан чиглүүлэх, удирдлагаар хангах үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас иргэн Д.Мөнхзулын нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэрэгт ялагдах нөхцөл байдлыг бий болгосон байх тул албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан” байна.

 

            Сангийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.2-т “Сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийн харьяалах хэлтсийн санал авч, Захирлын тушаалаар ногдуулна. Уг шийдвэрийг ажилтанд мэдэгдэнэ” гэж заасны дагуу хариуцагч нь журмын 9.1-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулж байгаа тухай ажилтанд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

            Түүнчлэн дээрх тушаалыг хариуцагч нь нэхэмжлэгчид тушаал гарсан өдрөө танилцуулсан гэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй, харин Ш.С нь 6 дугаар сард емэйл хаягаар цалингийн хүснэгт ирснээр мэдсэн гэж тайлбарлаж байх бөгөөд тэрээр 2019 оны 3 дугаар сард 1,028,877 төгрөгийн цалин, 4 дүгээр сард 1,616,062 төгрөгийн цалин буюу 4 дүгээр сараас цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж эхлэх байтал цалин нь өмнөх сараасаа нэмэгдсэн дүнтэй байгаагаас үзэхэд ажилтанд уг тушаалын дагуу арга хэмжээ авсан эсэх, тушаалыг ажилтанд танилцуулаагүй болох нь энэхүү нөхцөл байдлаар тогтоогдож байна.

           

            Өөрөөр хэлбэл Ш.С нь дээрх тушаалаар авсан сахилгын шийтгэлийг 2019 оны 6 дугаар сард мэдсэн гэсэн тайлбар нь үндэслэлтэй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

            Жгийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 9.1-д “Ажилтан нь үйл ажиллагаандаа хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн эсхүл албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, ... хариуцсан ажлын чиглэлээр мэдээ тайлан буруу гаргасан нь байгууллагын тайлан балансад сөргөөр нөлөөлсөн, дотоод журмаар хүлээсэн үүргээ зөрчсөн эсхүл хориглосон үйл ажиллагаа үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон, ажлын хариуцлага алдсаны улмаас байгууллагад ноцтой хохирол учруулсан, байгууллагын хөрөнгө, санхүүгийн баримтыг зориулалтын бусаар ашиглаж, шамшигдуулсан тохиолдолд тухайн зөрчлийн шинж, байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасны дагуу Ш.Ст албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасан дээрх арга хэмжээг ажил олгогч нь авч буй тохиолдолд мөн хуулийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан хугацааг баримтлах ба Ж нь энэхүү хуульд заасан хугацааг хэрхэн баримталсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Нөгөөтэйгүүр Тамгын хэлтсийн дарга Ш.С нь өөрийн хариуцаж буй хэлтсийн мэргэжилтний ажил үүргийг хянах, зөвлөгөө өгөх, удирдан чиглүүлэх, удирдлагаар хангах үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас иргэн Д.Мөнхзулын нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэрэгт ялагдах нөхцөл байдлыг бий болгосон гэх үндэслэлийн хувьд хэрэгт энэ талаар бичгийн баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанаар Д.Мөнхзулын нэхэмжлэлтэй иргэний хэрэг 2018 оны 6 дугаар сард анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн гэх ба уг шүүхийн шийдвэр хэзээ хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь баримтаар тогтоогдохгүй, хуулийн 131.2-т заасан хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна.

 

            Хөдөлмөрийн дотоод журмын 9.3-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж зааснаар ажил олгогчийн зүгээс энэхүү ажиллагаа явуулсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. 

 

            Эдгээрээс үзэхэд тушаалд заасан зөрчлийг хэрхэн шалгасан, нэхэмжлэгчид энэхүү зөрчилтэй холбоотой асуудлаар танилцуулж, хэлэлцсэн эсэх, Ш.Саас үүнтэй холбоотой тайлбарыг авсан зэрэг нь тогтоогдохгүй байх тул Б/06 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмаа зөрчсөн байна.

 

            Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь хэсгийн “к” заалт,  ... сангийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.19.14 дэх заалт, Жгийн захирлын Б/06 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 01/2002 дугаартай албан тоотыг тус тус үндэслэн Ш.Сыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

            Дээрх тушаалаар Захиргаа хүний нөөц, санхүүгийн хэлтсийн захиргааны ахлах мэргэжилтэн Ш.С нь өмнө хашиж байсан албан тушаал болох тус сангийн Тамгын хэлстийн даргаар ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдаж хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж, сангаас 2016, 2017, 2018 онуудад хөнгөлөлттэй нөхцлөөр зээлийн олголт, эргэн төлөлтөнд удирдах албан тушаалтны хувьд хяналт тавьж ажиллаагүйн улмаас одоогийн байдлаар 31,5 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн авлага үүсгэж төсөв, санхүүгийн хариуцлага сул, зөрчил гаргах боломж бий болгосон, сангийн ажилтнуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй, ажил үүрэгтэйгээ холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулах замаар удирдлагаас шийдвэр гаргахад саад учруулсан, гүйцэтгэх албан тушаалтанд зохих ажлыг шаардлага, зааварчилгаа өгөх зэргээр үр дүнг тооцож тайлагнаж байгаагүй, өр барагдуулах ажлыг хуулийн хүрээнд хугацаа алдалгүй зохион байгуулаагүй гэж үзжээ.

 

            Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь хэсгийн “к” заалтын хувьд хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан бол гэсэн байх бөгөөд   ... сангийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.19.14 дэх заалтын хувьд “Ажил үүрэгтэйгээ холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулах замаар удирдлагаас шийдвэр гаргахад саад учруулж, цаг алдуулсан бол” ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохоор заасан байна.

 

            Хэрэгт авагдсан баримтаар дээрх хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.19.14 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Жгийн захирлын Б/06 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хувьд дээр дүгнэсний дагуу хууль зүйн үндэслэлгүй Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмаа зөрчсөн байх тул энэхүү тушаалыг үндэслэсэн нь үндэслэлгүй ба хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гэж үзэх үндэслэлгүй юм.

 

            Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 01/2002 дугаартай “Хариуцлага тооцох тухай” албан тоотод “... 2016, 2017, 2018 онуудад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон хөнгөлөлттэй зээлүүдээс одоогийн байдлаар 31,5 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн авлага үүссэн зэрэг төсөв, санхүүгийн зөрчил гаргасан, санхүүгийн хариуцлага сул, зээлийн эргэн төлөлтөнд хяналт тавьж ажиллаагүй нь хариуцан ажиллаж байсан удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудын үйл ажиллагаатай шууд холбоотой ... гээд ... сангийн холбогдох албан хаагчдад хууль, журамд нийцүүлэн хариуцлага тооцож, алдаа дутагдлыг дахин гаргуулахгүй байх нөхцөл бүрдүүлж ажиллах нь зүйтэй гэжээ. 

 

            Дээрх “Хариуцлага тооцох тухай” албан тоот нь Улсын Ерөнхий прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5/12 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн байгууллагаар хамтран явуулах тогтоолын дагуу Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн мөрдөгч нараас 13 хэргийг тусгаарлан мөрдөн шалгах ажиллагаа явуулж Мөрдөн байцаагчийн мэдэгдлийг үндэслэсэн байна.

 

            Энэхүү агуулгаар буюу Ш.Сын зээлдэгч нартай дур мэдэж, өөрийн ашиг сонирхол эсхүл хэн нэгний нөлөөллөөр шүүхийн шатанд их хэмжээний алдангиас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулсан гэх үйлдэлд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

 

            Дээр дурьдсан үндэслэлүүдээс үзэхэд 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дугаартай тушаалд заасан зөрчлүүд хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас уг тушаалын үндэслэлийг нотлох зорилгоор тушаал гарснаас хойш хийсэн аудитын дүгнэлт зэргийг ирүүлсэн, мөн тушаалын үндэслэлд заагаагүй асуудлаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж буй нь хуульд нийцэхгүй юм.

 

            Иймд Жгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад дүрэм, журамд зааснаар хууль зүйн үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй байна. 

 

            Ш.Сыг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн ба тэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн тул дараахи байдлаар тооцох нь зүйтэй байна. 

 

            2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нийт ажлын 219 хоног байна.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж зааснаар дундаж цалин хөлсийг 2019 оны 3, 4, 5 дугаар сард авсан цалингаас тооцоход дундаж цалин нь 1,273,091 төгрөг гарч байх ба ажлын 21.5 өдөрт хуваахад 1 өдрийн цалин хөлс нь 59,213.5 төгрөг гарч байх бөгөөд үүнийг ажилгүй байсан 219 хоногоор тооцоход 12,967,756.5 төгрөг гарч байна.

 

Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлага гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар энэхүү шаардлага нь үндэслэлтэй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Жгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны Б/06 болон Б/49 дугаартай тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ш.Сыг Жгийн Захиргаа хүний нөөц, санхүүгийн хэлтсийн захиргааны ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 12,967,756.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                              

ТОГТООХ нь:

    

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан Жгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны Б/06 болон Б/49 дугаартай тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ш.Сыг Жгийн Захиргаа хүний нөөц, санхүүгийн хэлтсийн захиргааны ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 12,967,756.5 /арван хоёр сая есөн зуун жаран долоон мянга долоон зуун тавин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Жгаас гаргуулж, нэхэмжлэгч Ш.Ст олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Жгаас улсын тэмдэгтийн хураамжид 222,434 /хоёр зуун хорин хоёр мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ