Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01336

 

Д.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/01075 дугаар шийдвэртэй

Д.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч “МЭ” ХХК-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбадрах, хариуцагчийн төлөөлөгч Г.Батсүх, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбадрах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МЭ” ХХК-тай Д.Б миний бие 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Орон сууц барилгыг захиалан бариулах” 6 тоот гэрээ байгуулсан болно. Гэрээний 1.1-т 2016 оны 01 дүгээр улиралд гэрээнд заасан орон сууцыг барьж гүйцэтгэн хүлээлгэн өгнө гэж заасан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар “МЭ” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй, Д.Б намайг хохироож байна. Орон сууц захиалгын гэрээний төлбөрийг гэрээний 2-т зааснаар байрны 1 м.кв талбайн үнэ 2 800 000 төгрөг, нийт үнэ 212 044 000 төгрөг барилгын материалаар 100 хувь төлөгдөж тооцоо дууссан гэж тохиролцож гэрээг байгуулсан бөгөөд байр хүлээн авагчаас шалтгаалах ямар нэгэн төлбөрийн үлдэгдэл байхгүй болно. Түүнчлэн тус гэрээний 1.1-т зааснаар 2016 оны 1 дүгээр улиралд гэрээнд заагдсан орон сууцыг барьж гүйцэтгэн хүлээлгэж өгнө гэж заасан хэдий ч тус үүргээ гүйцэтгээгүй байна. Дээрх гэрээний төлбөрийг иргэн Д.Б миний бие “МЭ” ХХК, “И Си Си” ХХК болон “ТОТС” ХХК, “Ди Би Эн” ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-гээр зохицуулсан бөгөөд “МЭ” ХХК нь бараа бүтээгдэхүүн хүлээж авснаа баталж байр хүлээн авагчтай хүчин төгөлдөр хэлцэл байгуулсан. Иймд орон сууц барилгыг захиалан бариулах 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6 тоот гэрээний дагуу Нейшнл парк хотхоны 1 дүгээр байр 2 дугаар орц 5 давхар 70 тоот хаягт байрлалтай 75.73 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Батсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани “МЭ” ХХК, “И Си Си” ХХК, “ТОТС” ХХК болон “Ди Би Эн” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-гээр уг асуудлыг зохицуулсан. Хэдийгээр 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан тохиролцсон боловч барилгын материал нийлүүлэх үүрэгтэй “Ди Би Эн” ХХК буюу иргэн Д.Б нь гэрээний үүргээ “ТОТС” ХХК-д бараа материалаа “И Си Си” ХХК, “МЭ” ХХК-д нийлүүлээгүй юм. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ” болон мөн өдрийн №6 тоот “Орон сууц барилгыг захиалан бариулах гэрээ”-г баталгаажуулсан боловч уг гэрээний 6.1-д зааснаар захиалагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул “МЭ” ХХК болон “И Си Си” ХХК хариуцлага хүлээх үндэслэлгүй болно. Иймд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний хариуцлагыг “ТОТС” ХХК хариуцах болохоор “МЭ” ХХК болон “И Си Си” ХХК нь холбогдохгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч “МЭ” ХХК /рд:5217105/-д холбогдох Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, Нэйшнл парк хотхоны 01 дүгээр байр, 2 дугаар орц, 5 давхар, 7 тоотод байршилтай, 75.73 м.кв талбайтай, 212 044 000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 218 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбадрах давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Гэрээний дагуу “Ди Би Эн” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зарлагын баримт үйлдэж “ТОТС” ХХК-д 155 650 00 төгрөгийн бараа, материалыг нийлүүлж мөн 28 197 000 төгрөгийг “ТОТС” ХХК-ийн Хаан банкан дах 5003929023 тоот дансанд “Бартерийн байрны үнийн зөрүү” утгаар 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлж нийт 183 847 000 төгрөгийн төлбөр тооцоог хийж гүйцэтгэсэн байна. Гэсэн хэдий ч тухайн орон сууцыг иргэн Д.Б нь өөрийн эзэмшил ашиглалтандаа авсан зүйлгүй, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр хүлээж аваагүй бөгөөд хууль ёсны эрх ашиг зөрчигдөж хохирсоор байна. Нэхэмжлэгч талаас шүүхэд хүргүүлсэн дараах нотлох баримтад төлбөрийг “ТОТС” ХХК-д шилжүүлсэн болон төлбөр тооцоо дууссан нь тодорхой харагдах бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад тухайлан дурдсан байдаг. Нэхэмжлэгч талаас тухайлан баримтуудыг гарган өгч, нэхэмжлэлд болон шүүх хурал дээр дээрх асуудлаар тухайлан тайлбар өгсөн байхад баримтаар няцаагаагүй гэдэг нь хэрэгт ач холбогдол бүхий үндсэн үйл баримтын нотлох баримтыг үнэлээгүй, түүнчлэн уг дүгнэлт нь утга агуулгын хувьд ойлгомжгүй тайлбар болсон гэж үзэж байна. “ТОТС” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “МЭ” ХХК-д хүргүүлсэн албан бичигт Д.Бээс бараа материалыг хүлээн авснаа зөвшөөрч үүрэг гүйцэтгэхээ уламжилсан байдаг. Түүнчлэн хавтаст хэргийн 8 дахь талд авагдсан “Ди Би Эн” ХХК болон “ТОТС” ХХК хооронд хийгдсэн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 155 650 000 төгрөгийн бараа материал хүлээж авсан зарлагын баримт болон нэхэмжлэхэд “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-г байгуулж гарын үсэг зуран баталгаажуулсан тус компанийн менежер Я.Батболд, Н.Орхон нар хүлээн авч баталгаажуулан гарын үсгийг зурсан байдаг. Хавтаст хэрэгт уг цахилгаан шат нийлүүлэхтэй холбоотой ямар ч баримт авагдаагүй, өөрөөр хэлбэл уг цахилгаан шат нийлүүлэх үүрэгт нэхэмжлэгч Д.Б болон “Ди Би Эн” ХХК огт оролцоогүй байхад нийлүүлсэн бараа материалыг цахилгаан шат нийлүүлэх асуудалд холбогдуулан тайлбар гаргасныг шүүх тусгаарлан ойлгоогүй дүгнэлт хийсэн байна. Мөн хариуцагч талаас шүүхэд хүсэлт гарган гэрчээр “ТОТС”” ХХК-ийн захирал Н.Орхон болон Г.Энхээ нарыг гэрчээр оролцуулахаар болсон хэдий ч Н.Орхоноос татгалзан Г.Энхээг гэрчээр оруулсан байдаг. Тухайн гэрчийг орохоос өмнө нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээдийг гэрчээр оролцуулдаг, хэрэгт авагдсан баримтуудад Г.Энхээгийн оролцоо огт байхгүй тул гэрч болж чадахгүй, чадахаар бол нотлох шаардлагыг тавьхад хэргийн оролцогч болон шүүхээс үл ойшоож тухайн этгээдээс гэрчийн мэдүүлэг авсан. “МЭ” ХХК, “И Си Си” ХХК, “ТОТС” ХХК, “Ди Би Эн” ХХК, иргэн Д.Б нарын хооронд байгуулагдсан ямар ч хэлцэлд Г.Энхээ оролцоогүй. Шүүхээс бодит байдалд гэрээний үүрэг, нөхцөлүүд хэрэгжээгүй гэж үзсэн нь нотлох баримтыг үнэлээгүй болохын зэрэгцээ худалдах, худалдан авах гэрээний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарласан. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт “Худалдах худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол" "тохиролцох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно” гэсэн байна. “МЭ” ХХК, Д.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ”Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ” нь худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтаар байгуулагдсан бөгөөд гэрээнд үнийг тодорхой зааж, 100 хувь бараа материалаар төлөгдсөнийг талуудын гарын үсэг болон тэмдгээр баталгаажуулсан байдаг. Гэтэл Иргэний хуулийн 243, 244 дүгээр зүйлүүдийг үндэслэснээ тайлбарласан зүйлгүй буюу тухайн зохицуулалтууд нь хэрхэн биелэгдээгүй талаар тодруулаагүй байна. “МЭ” ХХК, иргэн Д.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ”Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-г Иргэний хуулийн 243, 244 дүгээр зүйлүүдэд зааснаар тайлбарлан гэрээнд заасан зохицуулалт болон хуульд заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, үндсэн дүгнэлтэд ямар хууль тогтоомж ашигласан нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн хуульд заасан зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “МЭ” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, Нейшнл парк хотхоны 1 дүгээр байр 2 дугаар орц, 5 давхар 70 тоот хаягт байрлалтай 75.73 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...”МЭ” ХХК, Д.Б нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 6 тоот гэрээ”-г заажээ.  

Хэрэгт “МЭ” ХХК /захиалагч/, “И Си Си” ХХК /гүйцэтгэгч/, Д.Б нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр Нейшнл парк хотхоны 1 дүгээр байр 2 дугаар орц, 5 давхар 70 тоот хаягт байрлалтай 75.73 м.кв талбай бүхий 2 өрөө байрны үнийн төлбөрийг гэрээт хугацаанд төлөх, гүйцэтгэгч орон сууцыг 2016 оны 1-р улиралд барьж гүйцэтгэж хүлээлгэн өгөх, байрны 1 м.кв талбайн үнэ 2 800 000 төгрөг нийт үнэ 212 044 000 төгрөг, барилгын материалаар 100% төлөгдөж тооцоо дуусна гэж бичжээ. /хх.5-7/

Мөн “МЭ” ХХК, “И Си Си” ХХК, “Ди Би Эн” ХХК нь “ТОТС” ХХК, Д.Б нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан, уг гэрээгээр “И Си Си” ХХК нь “МЭ” ХХК-ийн захиалгаар Баянзүрх дүүрэг, 12 хорооны нутаг дэвстгэрт Нейшнл парк орон сууцны хотхоны барилгын ажлыг гүйцэтгэх,

- “ТОТС” ХХК нь Нейшнл парк орон сууцны хотхоны барилгын ажилд шаардлагатай барилгын материал тоног төхөөрөмжийг “МЭ” ХХК болон “И Си Си” ХХК-д бэлтгэн нийлүүлэх бөгөөд “МЭ” ХХК болон “И Си Си” ХХК нь уг барилгын материал, тоног төхөөрмжийн үнэ 212 044 000 төгрөгийг “ТОТС” ХХК-д төлөх,

-“Ди Би Эн” ХХК нь бараа, бүтээгдэхүүн “ТОТС” ХХК-д нийлүүлэх бөгөөд “ТОТС” ХХК нь уг бараа бүтээгдэхүүний үнэ 155 650 000 төгрөгийг “Ди Би Эн” ХХК-д төлөх,

- “МЭ” ХХК болон “И Си Си” ХХК нь Нейшнл парк хотхоны 1 дүгээр байр 2 дугаар орц, 5 давхар 70 тоот хаягт байрлалтай 75.73 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Д.Бийн өмчлөлд шилжүүлж “МЭ” ХХК болон “И Си Си” ХХК-ийн “ТОТС” ХХК-ийн “Ди Би Эн” ХХК-д төлөх 155 650 000 төгрөг бүрэн төлөгдсөнд тооцох,

- Д.Б нь энэхүү гэрээний 2.1-д заасан орон сууцны үнэ болон 2.2-т заасан төлбөрийн зөрүү 56 394 000 төгрөгийг “ТТОС” ХХК-д төлөх,

- “МЭ” ХХК болон “И Си Си” ХХК-ийн энэхүү гэрээний 2.1-д заасан орон сууцыг Д.Бд шилжүүлэхтэй холбоотой харилцааг тэдгээрийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ээр зохицуулахаар тус тус тохиролцсон байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд “ТОТС” ХХК нь “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр 229 515 150 төгрөгийн үнэ бүхий цахилгаан шатыг хариуцагч “МЭ” ХХК-д бэлтгэн нийлүүлэхээр, “Ди Би Эн ХХК” /нэхэмжлэгч Д.Б хувьцаа эзэмшигч/ нь “Бараа материал солилцох гэрээ”-гээр  155 650 000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг “ТОТС” ХХК-д нийлүүлэхээр, хариуцагч “МЭ” ХХК “Орон сууц захиалгын гэрээ”-ээр нэхэмжлэгч иргэн Д.Бд Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, Нэйшнл парк хотхоны 1 дүгээр байр, 2 дугаар орц, 5 давхар, 7 тоотод байршилтай 75.73 м.кв талбайтай, 212 044 000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг  шилжүүлэхээр, “ТОТС” ХХК нь “Ди Би Эн” ХХК-иас “Бараа материал солилцох гэрээ”-ний дагуу 155 650 000 төгрөгийг, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээнд заасан орон сууцын үнийн зөрүү 28 197 000 төгрөг нийт 212 044 000 төгрөгийг иргэн Д.Бээс хүлээн авахаар тус тус тохиролцсон байна.

Нэхэмжлэгч Д.Б “ТОТС” ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 155 650 000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг нийлүүлж, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны 5003929023 дансанд 28 197 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх.8/ Хариуцагч “МЭ” ХХК-д “ТОТС” ХХК нь “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр 229 515 150 төгрөгийн үнэ бүхий цахилгаан шатыг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Талуудын хооронд байгуудсан “Хамтран ажиллах гэрээ”-ний үүргээ биелүүлж “ТОТС” ХХК нь “МЭ” ХХК-д гэрээнд заасан цахилгаан шат нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээнд тусгагдсан нөхцөл бодитоор хэрэгжээгүй тул хариуцагч нь Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, Нэйшнл парк хотхоны 1 дүгээр байр, 2 дугаар орц, 5 давхар, 7 тоотод байршилтай, 75.73 м.кв талбайтай, 212 044 000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг иргэн Д.Бд шилжүүлээгүй, нэхэмжлэгч дээрх орон сууцны үнийг хариуцагчид төлөөгүй, хариуцагч нэхэмжлэгчид орон сууц хүлээлгэн өгөх үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хуулийн заалтыг оновчтой баримтлаагүй байх тул уг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.