Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2020/01075

 

 

 

 

  2020            03           31                                            101/ШШ2020/01075

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  “М Э Г Л” ХХК-д холбогдох

Өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны *******угаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Г.*******, өмгөөлөгч Ц.*******, гэрч Г.*******, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “М Э Г Л” ХХК-тай Д.Б  миний бие 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 6 тоот Орон сууц барилгыг захиалан бариулах гэрээ байгуулсан болно. Гэрээний 1.1-т “2016 оны 1 дүгээр улиралд гэрээнд заасан орон сууцыг барьж гүйцэтгэн хүлээлгэн өгнө гэж заасан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар “М Э Г Л” ХХК гэрээний үүргээ ямар нэгэн байдлаар биелүүлээгүй, тайлбар мэдэгдэл ирүүлсэн зүйлгүй байр хүлээн авагч Д.Б  намайг хохироож байна.

 Орон сууц захиалгын гэрээний төлбөрийг гэрээний 2-т зааснаар байрны 1м.кв талбайн үнэ 2,800,000 төгрөг, нийт үнэ 212,044,000 төгрөг барилгын материалаар 100 хувь төлөгдөж тооцоо дууссан гэж тохиролцож гэрээг байгуулсан бөгөөд байр хүлээн авагчаас шалтгаалах ямар нэгэн төлбөрийн үлдэгдэл байхгүй болно. Түүнчлэн тус гэрээний 1.1-т зааснаар 2016 оны 1 дүгээр улиралд гэрээнд заагдсан орон сууцыг барьж гүйцэтгэн хүлээлгэж өгнө гэж заасан хэдий ч тус үүргээ гүйцэтгээгүй байна.

Дээрх гэрээний төлбөрийг иргэн Д.Б  миний бие “М Э Г Л” ХХК, “ И СС” ХХК болон “Т” ХХК, “Д Б Э” ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр зохицуулсан бөгөөд “М Э Г Л” ХХК нь бараа бүтээгдэхүүн хүлээж авснаа баталж байр хүлээн авагчтай хүчин төгөлдөр хэлцэл байгуулсан. Иймд Орон сууц барилгыг захиалан бариулах 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6 тоот гэрээний дагуу БЗД, 12 хороо талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани “М Э Г Л” ХХК, “ И СС” ХХК, “Т” ХХК болон “Д Б Э” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр зохицуулсан бөгөөд “М Э Г Л” ХХК нь бараа бүтээгдэхүүнийг хүлээн авснаар урьдчилан гэрээлсэн. Хэдийгээр 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан тохиролцсон боловч барилгын материал нийлүүлэх үүрэгтэй “Д Б Э” ХХКбуюу иргэн Д.Б  нь гэрээний үүргээ “Т” ХХК-д бараа материалаа “ И СС” ХХК, “М Э Г Л” ХХК-д нийлүүлээгүй юм. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ” болон мөн өдрийн №6 тоот Орон сууц барилгыг захиалан бариулах гэрээг баталгаажуулсан боловч уг гэрээний 6.1-д зааснаар захиалагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул “М Э Г Л” ХХК болон “ И СС” ХХК хариуцлага хүлээх үндэслэлгүй болно. Иймд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний хариуцлагыг “Т” ХХК хариуцах болохоор “М Э Г Л” ХХК болон “ И СС” ХХК нь холбогдохгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б  хариуцагч “М Э Г Л” ХХК-д холбогдуулан БЗД,  хаягт байрлалтай 75.73 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “М Э Г Л” ХХК–ийн захирал Г.******* нэхэмжлэгч “******* ХХК” нь/захирал Д.Б / “ Т” ХХК-д бараа материал нийлүүлэх, “ Т” ХХК-нь манай компанид цахилгаан шат нийлүүлсэн үнийн дүнд орон сууц бартераар авсан орон сууцыг иргэн Д.Б д өгөхөөр харилцан тохиролцож “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Гэвч “ Т” ХХК манай компанид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манайх орон сууц өгөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хавтас хэрэгт авагдсан баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

“*******” ХХК-ийн захиалгаар Баянзүрх дүүрэг, *******угаар хороо, ******* парк хотхоны барилгын ажлыг “ И СС” ХХК гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгч 2010 оны 01 дүгээр сард ашиглалтад оруулжээ.

“М Э Г Л” ХХК, “ И СС” ХХК, “ Т” ХХК, “Д Б Э” ХХК, иргэн Д.Б  нар харилцан тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулжээ.

Уг гэрээгээр:

“ Т” ХХК нь “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр 229,515,150 төгрөгийн үнэ бүхий цахилгаан шатыг хариуцагч “М Э Г Л” ХХК-д бэлтгэн нийлүүлэхээр, /хх-ийн 63-68 дугаар тал/

“Д Б Э” ХХК/нэхэмжлэгч Д.Б  хувьцаа эзэмшигч/ нь “Бараа материал солилцох гэрээ”-гээр  155,650,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг “ Т” ХХК-д нийлүүлэхээр, /хх-ийн 9 дүгээр тал/

Хариуцагч “М Э Г Л” ХХК “Орон сууц захиалгын гэрээ”-гээр нэхэмжлэгч иргэн Д.Б д БЗД, 12 хорооод байршилтай 0,5 м.кв, 212,044,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг  шилжүүлэхээр, /хх-ийн 5-7 дугаар тал/

“ Т” ХХК нь “Д Б Э” ХХК-иас “Бараа материал солилцох гэрээ”-ний дагуу 155,650,000 төгрөгийг, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээнд заасан орон сууцын үнийн зөрүү 28,197,000 төгрөг нийт 212,044,000 төгрөгийг иргэн Д.Б ээс хүлээн авахаар тус тус хүлээжээ./хх-ийн 11 дүгээр тал/

Нэхэмжлэгч Д.Б  “ Т” ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 155,650,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны ******* дансанд 28,197,000 төгрөгийг шилжүүлж, Орон сууц захиалгын гэрээний дагуу хариуцагч “Монголиан энд глобал лоёрс” ХХК-иас БЗД, 12 хороо талбайтай, 212,044,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэн авахаар тус тус тохиролцжээ./хх-ийн 8 -9 дүгээр тал/

 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан "Хамтран ажиллах гэрээ”-ний агуулгаас үзэхэд гэрээнд оролцогчдын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д “Арилжааны гэрээгээр тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.”, энэ хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-д “Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно” гэж зааснаар арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

“Д Б Э” ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн бичигдсэн “Зарлагын баримт”–д “ Т” ХХК-д сальфетка нэг бүрийн 3750 төгрөгийн үнэ бүхий 40 хайрцаг нийт 45,980,000 төгрөгийн, электрод-4мм нэг бүрийн 5500 төгрөгийн үнэ бүхий 74,745,000 төгрөгийн, электрод-3мм нэг бүрийн 5500 төгрөгийн 34,925 төгрөгийн нийт 155,650,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус компанийн Хаан банкны ******* дансанд 28,197,000 төгрөгийг Д.Б  тушаажээ./хх-ийн 8 дугаар тал/

“ Т” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “М Э Г Л” ХХК-д “Хамтран ажиллах гэрээ”-д тусгасан бараа материалыг нийлүүлэх боломжгүй болсон тул “Орон сууц захиалгын гэрээ”, “Хамтран ажиллах гэрээ”-г цуцлах, иргэн Д.Б ээс 155,650,000 төгрөгийн бараа материал дансаар 28,197,000 төгрөгийн төлбөрийг барагдуулах болно” гэсэн албан тоотыг хүргүүлснийг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй./хх-ийн 62 дугаар тал/

Хариуцагч “М Э Г Л” ХХК-д “Т” ХХК нь “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр 229,515,150 төгрөгийн үнэ бүхий цахилгаан шатыг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын болон гэрч Г.*******гийн “Бид 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр манай компани “М Э Г Л” ХХК-д цахилгаан шат нийлүүлж бартераар 75.73 м2 талбайтай орон сууц авч, иргэн Д.Б д худалдахаар тохирсон. Манай компани нь цахилгаан шат худалдан авах урьдчилгаа 30 хувийн мөнгийг олохын тулд Д.Б ийн “Д Б Э” ХХК-иас “Т” ХХК-д 155,650,000 төгрөгийн бараа материал нийлүүлэх үүргийг хүлээсэн боловч үүргээ гүйцэтгээгүй юм. Харин Д.Б ээс манай компанийн дансанд 28,197,000 төгрөг орж ирсэн. “Д Б Э” ХХКманай компанид 155,650,000 төгрөгийн бараа материал хүлээлгэн өгсөн гэсэн зарлагын баримт бичигдсэн боловч тэдгээр барааг нэг контейнерт битүү чихсэн хаана юу байгаа нь мэдэгдэхгүй байсан болохоор би хүлээж аваагүй, данс тооцоог авчир гэсэн шаардлага тавьсан. Бидний дунд зуучилж байсан Д.Б ийн найз гэх н.Бадрах гэдэг залуу нь бичиг баримт авч яваад дахиж уулзаагүй, энэ асуудлаар дахин ерөөсөө яриагүй өнөөдрийг хүрсэн. 155,600,000 төгрөгийн барааг “ Т” ХХК хүлээж аваагүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, 244 дүгээр зүйлийн 244.1-д “Худалдах худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тохиролцох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно” гэж заажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Орон сууц барилгыг захиалан бариулах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1-д байрны 1 м.кв талбайн үнэ 2,800,000 төгрөг нийт үнэ 212,044,000 төгрөг барилгын материалаар 100 хувь төлөгдөж тооцоо дууссан” гэж урьдчилан тохирсон атлаа бодит байдалд “ Т” ХХК нь “М Э Г Л” ХХК-д гэрээнд заасан цахилгаан шат нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээнд тусгагдсан нөхцөл бодитоор хэрэгжээгүй тул хариуцагч нь БЗД, 12 хороо талбайтай, 212,044,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг иргэн Д.Б д шилжүүлээгүй, нэхэмжлэгч дээрх орон сууцны үнийг хариуцагчид төлөөгүй, хариуцагч нэхэмжлэгчид орон сууц хүлээлгэн өгөх үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б  нь БЗД, 12 хорооталбайтай, 212,044,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцын үнийг хариуцагч “М Э Г Л” ХХК-д төлсөн гэдгийг баримтаар нотлоогүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б ийн нэхэмжлэлтэй хариуцагч  М Э Г Л” ХХК-д холбогдох БЗД, 12 хороод байршилтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,218,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ