Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01335

 

А.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00993 дугаар шийдвэртэй

А.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 82 500 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Мийн А.Бөд холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Б.Мийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: А.Б нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б.Мтэй зээлийн гэрээг бичгээр байгуулж, 50 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор зээлүүлсэн. Мөн барьцааны гэрээ байгуулж Баянгол дүүргийн 12-р хороо, 6 дугаар бичил хорооллын 17-р байрны 61 тоот 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч нь зээлийг 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр бүрэн барагдуулахаар тохирсон ч төлөөгүй. Иймд Б.Мээс зээл 50 000 000 төгрөг, 10 хувийн хүү 5 000 000 төгрөг, алданги 27 500 000 төгрөг нийт 82 500 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 17 дугаар байрны 61 тоот 3 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлдэгч, зээлдүүлэгч талуудын хооронд эрх, үүрэг үүсээгүй. А.Б нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкин дахь өөрийнхөө 5114248096 тоот данснаас 50 000 000 төгрөгийг Н.Мягмаржаргалын 5752043088 данс руу зээл гэсэн утгаар шилжүүлсэн. Энэ нь дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон. Н.Мягмаржаргал нь А.Бийн данс руу 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5 350 000 төгрөг, 9 дүгээр сарын 16-нд 14 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн эгч Н.Лхагвасүрэнгийн өмчлөлийн 04-47 ДАХ улсын дугаартай Ланд крузер 80 маркын машиныг 15 000 000 төгрөгт тооцож шилжүүлсэн. Нэхэмжлэгч машиныг худалдаж авсан гэж байгаа ч Н.Лхагвасүрэн нь бичгээр өгсөн тайлбартаа төлбөрт өгсөн талаар бичсэн байдаг. Энэ байдлаас үзэхэд талуудын хооронд барьцааны болон зээлийн гэрээ хийгдсэн Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэжээ.

Хариуцагч Б.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А.Б , Б.М нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Гэвч зээлдүүлэгч нь зээлдэгчид бэлнээр болон дансаар мөнгө шилжүүлээгүй. Иймд зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюун-Эрдэнэ сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулдаг өдөр Ж.Мөнхбаатар нь А.Бтэй 3 өрөө байр барьцаалаад 50 000 000 төгрөг зээлье гэж ярьсан. Судалж үзэхэд 6-р бичилд байрлалтай 3 өрөө байсан тул 50 000 000 төгрөг хүрэхгүй байсан. Тэгээд нэмж Тоёота кемри машин барьцаалъя гэсэн. Нотариат дээр Б.М гэрээ хийх гэж ирэхэд машины гэрчилгээ өөр хүний нэр дээр байсан бөгөөд талийгаач нөхрийн нэр дээр байдаг, 7 хоногийн дараа өв нээгдэх гэж байгаа гэсэн. А.Б Б.Мтэй гэрээгээ хийгээд мөнгөө шилжүүлэх гэтэл данснаас 50 000 000 төгрөг гарахгүй, бэлнээр өгчих гэсэн. Ингээд Мөнхцэцэг мөнгөө Мягмаржаргалын дансаар авсан. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 211 дугаар зүйлийн 211.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасны дагуу А.Б нь Б.Мийн нэрлэж заасан хүний дансанд мөнгө шилжүүлсэн нь үүргээ гүйцэтгэсэнд тооцсон, мөнгөө бэлнээр авсан гэж бичиж өгсөн. Б.М нь ямар зээлийн гэрээ байгуулснаа мэдэж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Батмөнхийн Мөнхцэцэгээс 30 975 000 төгрөг гаргуулж Алтансүхийн Баянмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 51 525 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б.М нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205005346 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 12-р хороо, 6 дугаар бичил хорооллын 17-р байрны 61 тоот 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт зааснаар А.Б, Б.М нарын хооронд 2019 оны 06-р сарын 20-ны өдөр байгуулсан 1403 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн Б.Мийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 662 575 төгрөг, хариуцагчаас төлсөн 407 950 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Мээс 312 825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Бөд олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Б, хариуцагч Б.М нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэн шийдвэрлэсэн боловч, зээлдэгч талын үүргийн гүйцэтгэлийг хангасан талаар дүгнэхдээ нотлох баримтыг бүрэн дүүрэн шинжлэн судлаагүй гэж үзэж байна. Үүнд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2 350 000 төгрөг, 3 000 000 төгрөгийг Н.Мягмаржаргал өөрийн данснаас “баатраас хүү” гэж шилжүүлсэн, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 14 000 000 төгрөгийг АТМ-ээс шилжүүлсэн нь Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогджээ. Харин гэрч Мөнхбаатар дээрх мөнгийг бид 2 хамт зээлсэн 40 000 000 төгрөгийн зээлд төлсөн, өөрөө сүлжээгүй газар ажиллаж байсан учраас Мягмаржаргалаар үүргийг гүйцэтгүүлсэн талаар мэдүүлдэг боловч, Ж.Мөнхбаатар, А.Б нарын хооронд байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд Н.Мягмаржаргал оролцоогүй, Ж.Мөнхбаатарын төлбөрт ямар нэг үүрэг гүйцэтгэх үүрэггүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Н.Мягмаржаргалын хувьд Баянмөнхийн данс руу 2 350 000, 3 000 000 төгрөг шилжүүлэхдээ “баатраас хүү” гэж бичиж шилжүүлсэн байтал Мөнхбаатарын өмнөөс үүрэг гүйцэтгэх үүрэггүй гэж дүгнэж байгаа нь тодорхой нотлох баримтыг илт үгүйсгэж дүгнэсэн шийдвэр болсонд гомдолтой байна. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Лхагвасүрэнгийн өмчлөлийн 04-47 ДАХ дугаартай машиныг Мөнхцэцэгийн 15 000 000 төгрөгийн төлбөрт тооцож шилжүүлсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тухайн машиныг хэдий худалдах худалдан авах гэрээ байгуулж авсан боловч, Мягмаржаргал, Мөнхбаатар нар нийлж, Баянмөнхөөс 40 000 000 төгрөг хүүтэй зээлж, зээлийн гэрээг Мөнхбаатар өөрийн нэрээр байгуулснаар Баянмөнх зөвхөн үүрэг хүлээсэн мэтээр харагдаж байна. Гэвч үнэн хэрэгтээ Мягмаржаргал, Мөнхбаатар нар нийлж мөнгө зээлээд Мөнхбаатар өөрийн үүргээ Мягмаржаргалаар дамжуулан гүйцэтгүүлж, Мягмаржаргал өөрийн үүрэгтээ эгч Лхагвасүрэнгийнхээ нэр дээрх тоёота ланд круйзер 80 маркийн машиныг 15 000 000 төгрөгийн өр төлбөрт тооцож өгсөн нь гэрч Мөнхбаатарын мэдүүлгээр нотлогддог. н.Лхагвасүрэнгээс Баянмөнхөд шилжүүлсэн машиныг Мөнхцэцэгийн төлбөрт өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байгаа тул гомдолтой байна. Дээрх нөхцөл байдал болон бусад хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтыг шинжлэн судалж, давж заалдах шатны шүүх бодит нөхцөл байдалд нийцүүлэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжпэлийн шаардлага болох 82 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч тал буюу зээлдүүлэгч нь зээлдэгч Б.М Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу 50 000 000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй юм. А.Б нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкин дахь өөрийн 5114248096 тоот данснаас 50 000 000 төгрөгийг Н.Мягмаржаргалын Хаан банкны 5752043088 тоот данс руу шилжүүлсэн байна. Энэ нь хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банкны дэлгэрэнгүй хуулгаар “Баянмөнх зээлэв” гэж утгатай шилжүүлсэн. Мөн Н.Мягмаржаргал нь тус шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “тухайн зээлийн мөнгө болох 50 000 000 төгрөгийг авч, ашиглан улмаар А.Бийн 5114248096 тоот данс руу 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн өр төлбөрт тооцон нийт 5 350 000 төгрөг, мөн оны 9-р сарын 16-нд 14 000 000 төгрөг, 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн төрсөн эгчийн 04-47 ДАХ улсын дутаартай Ланд круйзер 80 маркийн автомашиныг 15 000 000 төгрөгт тооцож өгсөн гэх бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн байна. Гэхдээ “зээл авах” хүсэл сонирхол Б.Мт эсвэл иргэн Н.Мягмаржаргалд байсан эсэх талаарх дүгнэлтийг гэрч нарын мэдүүлэгүүд болон бичгийн бусад нотлох баримтуудад тулгуурлан шүүхээс дүгнээгүй байгаа нь нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй. Зээлийн гэрээний зүйлийг Н.Мягмаржаргал хүлээн авдаг, зээлийн өр төлбөрийг буцаан Н.Мягмаржаргал А.Бөд төлдөг. Харин шүүхээс “...зээлдүүлэгч нь Б.Мтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхдээ Н.Мягмаржаргалын дансанд шилжүүлсэн, энэ нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т ... тооцно гэсэн заалттай нийцжээ...” гэж тайлбарласан нь шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Гэрээний талуудын үүрэг биелүүлэх харилцааг хуулиар нарийвчлан тогтоосон атал хэрэг маргаан хянан шийдвэрлах ажиллагаанд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Тусгай харилцааг зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно.” гэж заасныг агуулгын хувьд зөрчсөн байна гэж үзэж байна. Анх Н.Мягмаржаргал нь бусдаас зээл авах хэрэгцээ шаардлагын улмаас танил Мөнхбаатараар дамжуулан А.Бтэй уулзаж, зээл авах санал тавьсан, барьцаа хөрөнгө шаардлагатай болсны дагуу өөрийнхөө найз Б.Мийг гуйсан үйл баримт нь Мөнхцэцэгт зээл авах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүйг нотлох бөгөөд энэ нь “Зээлийн гэрээний” хэлцэл хүчин төгөлдөр байх, улмаар гэрээнд гарын үсэг зурсан нь хэлцлийн агуулгыг эндүүрсэн гэх нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд, хариуцагч Б. Мөнхцэцэгээс 30 975 000 төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөнөөс шаардлагыг хангуулах тухай анхан шатны шүүхийн 993 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх ийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 82 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг,   хариуцагч эс зөвшөөрч “зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах”-аар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Зохигчид 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 50 000 000 төгрөгийг, сарын 10%-ийн хүүтэй, нэг сарын хугацаатайгаар зээлэхээр тохиролцжээ. /хх 6/

 

Хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээж аваагүй” гэж,  нэхэмжлэгч А.Б “хариуцагч Б.Мийг зээл авсан болохоо илэрхийлж бичгийн баримт үйлдсэн, зээлийн мөнгийг түүний өгсөн дансанд шилжүүлсэн” гэсэн тайлбаруудыг тус тус гаргаж маргажээ. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Н.Мягмаржаргалын “Хаан банк” ХХК-ийн дипозит дансны хуулгаас үзэхэд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 50 000 000 төгрөгийг Н.Мягмаржаргалын данс руу “Баянмөнх зээлэв” гэсэн утгатай шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх.20/

 

Анхан шатны шүүх зээлдүүлэгч  2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны 5752043088 тоот Н.Мягмаржаргалын эзэмшлийн дансанд 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн, мөнгө хүлээн авснаа зээлдэгч хүлээн зөвшөөрч бичгийн баримт үйлдсэн гэсэн дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн нэрлэн заасан Н.Мягмаржавын дансанд зээлийн мөнгийг шилжүүлсэн гэж үзнэ.

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргаж байгаа боловч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

 

 Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 эх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Талууд гэрээндээ хүү тохирч, гэрээгээр бичгээр байгуулсан байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалттай нийцжээ. 

 

Анхан шатны шүүх хариуцагч Б.М зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн 50 000 000 төгрөг, хүүгийн 5 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

 Хэрэгт нотлох баримтаар авагдсан Н.Мягмаржаргалын данснаас нэхэмжлэгчийн дансанд “баатраас хүү” гэсэн агуулгаар 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2 350 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 14 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, Н.Лхагвасүрэн, А.Б нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл болох  Ланд крейзэр-80 маркийн автомашиныг 15 000 000 төгрөгт тооцож зээлийн төлбөрт тооцож өгснийг тус тус үндэслэн хариуцагчийн төлөх зээлийн үүргээс нийт 34 350 000 төгрөгийг хасч хариуцагчаас 20 650 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Талууд гэрээний 3.7-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байх бөгөөд шүүх талуудын тохиролцоог үндэслэн алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 10 375 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

 

 Нэхэмжлэгч А.Б нэхэмжлэлийн нэг шаардлагаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

 Анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.