Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01333

 

Г.Угийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/00880  дугаар шийдвэртэй

Г.Угийн нэхэмжлэлтэй хариуцагч Кид холбогдох бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүссэн үүрэгт 34 285 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Кинд ажиллаж байхдаа “Ш” ХХК-ийн барьсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 81 дүгээр байрны 37 тоот 76,19 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 мкв талбайг 1 350 000 төгрөгөөр тооцож нийт 102 856 500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2012 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Ш” ХХК-тай 41 тоот захиалгын гэрээг байгуулсан. Худалдан авагчийн зүгээс захиалгын гэрээний дагуу орон сууцны төлбөрөөс 22 856 500 төгрөгийг бэлнээр төлж үлдэгдэл 80 000 000 төгрөгийг “К” ХХК-тай 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр №417 тоот “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ” байгуулан 80 000 000 төгрөгийг 25 жилийн хугацаатай, сарын 1%-ийн хүүтэй зээлж гүйцэтгэгч “Ш” ХХК-д орон сууцны төлбөрөө төлж, захиалсан орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэн, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Кны зүгээс дээрх нөхцөлөөр ажилтнууддаа орон сууцны зээл олгож байсан бөгөөд миний “Ш” ХХК-аас худалдан авсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 81 дүгээр байрны 37 тоот 76.19 мкв талбайтай 2 өрөө орон сууцны 1 м.кв талбайн үнийг 450 000 төгрөгөөр нэмэгдүүлж 1 800 000 төгрөг болгож, зөрүү 34 285 500 төгрөгийг төл, үгүй бол байраа буцааж өг гэдэг шаардлагыг тавьсан. Миний бие хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан орон сууцаа алдахгүйн тулд банкны шаардсан 34 285 000 төгрөгийг К дахь өөрийн харилцах дансанд байршуулсан. Худалдан авсан орон сууцны үнийг бүрэн төлсөн атал зээл олгосон банк, гүйцэтгэгч барилгын компанитай хамтран худалдан авсан орон сууцны үнийг зохиомлоор өсгөж, орон сууцны захиалгын гэрээнд аливаа байдлаар өөрчлөлт оруулаагүй атал иргэн надад хууль бус шаардлага тавьж үндэслэлгүйгээр 34 285 000 төгрөгийг надаас авч хохирол учруулсан. Нэхэмжлэгчийн “К” ХХК нэхэмжлэгчийн 2000022281 тоот данснаас 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 34 285 500 төгрөгийн зарлагын гүйлгээг хийхдээ данс эзэмшигч буюу Г.Угийн зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийсэн, уг зарлагын буюу мемориалын баримтад Г.Угийн гарын үсэг зурагдаагүй байгаа нь уг баримтаас харагддаг. Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3 дахь хэсэгт “харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх” үүрэгтэй гэж заасан. Иймд төлбөр тооцоо гүйцэтгэгч буюу банк нь Г.Угийн зөвшөөрөлгүйгээр түүний харилцах данснаас гүйлгээ хийж хохирол учруулсан гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэснийг үндэслэн 34.285.500 төгрөгийг “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.У нь “Ш” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Баянгол дүүргийн 5 дугаар 10 дугаар хороолол, 81 дүгээр байрны 37 тоотод 76,19 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 мкв талбайг 1 350 000 төгрөгөөр тооцон нийт 102 856 500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2012 оны 6 сарын 17-ны өдөр манай компанитай 41 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Захиалагчийн зүгээс захиалан бариулсан орон сууцны төлбөр болох 102 856 500 төгрөгийг гүйцэтгэгч “Ш” ХХК-д бүрэн төлж барагдуулсан бөгөөд гүйцэтгэгч уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр гарган өгснөөр талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон. 2012 оны 6 дугаар сарын 17-ны өдөр манай компанитай 41 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах талаар талуудаас аливаа байдлаар хүсэлт гаргаагүй бөгөөд гүйцэтгэгч талаас 41 тоот гэрээний үүргээ зөрчөөгүй, захиалагч талаас аливаа байдлаар орон сууцны мкв талбайн үнэ нэмэгдсэн талаар нэмж мөнгө аваагүй болно. Кны зүгээс хэд хэдэн барилгын компанитай хамтарч ажиллаж байх хугацаандаа ажилтнууддаа хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгох бодлого барьж ажилтнууддаа 100% зээл олгодог үйл байдал байсан ба дараа нь орон сууцны мкв талбайн үнийн зөрүү гэж их хэмжээгээр мөнгө нэхэж авдаг, нэр дээр нь зээл олгодог нөхцөл байдал гарч байсан гэжээ.

 

Хариуцагч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр шүүхэд гаргасан тайлбартаа: “К” ХХК-аас Г.Уд олгосон орон сууцны зээл нь Кинд Банкны эрх хүлээн авагч томилогдохоос өмнө буюу 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнөх хугацаанд “МИК ОССК ХХК”-д ТЗКА МИК 6 дугаар багцаар худалдагдсан байсан. Банкны эрх хүлээн авагч томилогдсонтой холбоотойгоор “МИК ОССК ХХК нь 2019 оны 5 дугаар сард Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлөөс өөрийн бүх зээлийн хувийн хэргийг татан авсан ба дансны хуулгаас харахад 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээл хаагдсан байна. Нэхэмжлэгч Г.У нь нэхэмжлэлд “банкны шаардсан 34 285 500 төгрөгийг К дахь өөрийн харилцах дансанд байршуулсан” гэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Г.Угийн Кин дахь 2000022281 тоот харилцах /депозит/ дансны хуулгаас үзэхэд 15 305 000 төгрөгийг байршуулсны дараа банк 80 000 000 төгрөгийн зээл олгож дансны үлдэгдэл 95 305 000 төгрөг болсон ба үүний 94 900 000 төгрөгийг банк “Ш” ХХК-ийн Кин дахь 2000015684 тоот харилцах дансанд шилжүүлжээ. Үүний дараа 7 556 500 төгрөгийг 2000022281 тоот харилцах /депозит/ дансанд байршуулсныг “Ш” ХХК-ийн Кин дахь 2000015684 тоот харилцах дансанд шилжүүлжээ. Үүнээс хойш тус харилцах дансны үлдэгдэл 5000 төгрөг байсан ба Г.У 201З оны 8 дугаар сарын 12-ны өдөр 18 286 100 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 11 542.79 төгрөг, 1 700 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 440 000 төгрөгөөр тус тус орлого хийж нийт үлдэгдэл нь 18 731 100 төгрөг болсон ба банк 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дахин 95 990 000 төгрөгийн зээл олгож, нийт үлдэгдэл нь 114 721 100 төгрөг болжээ. Энэ үлдэгдлээс 80 429 607.45 төгрөгийн өмнөх зээлийн үлдэгдлийг хааж 34 291 492.55 төгрөгийн үлдэгдлийг 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Ш” ХХК-ийн Кин дахь 2000015684 тоот дансанд “байрны урьдчилгаа төлбөр” утгатайгаар шижүүлжээ. К, Г.У, “Ш” ХХК нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 97 тоот “Орон сууцны захиалгын гэрээ”-ний 5.2.1-д “Банк нь захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд орон сууц худалдан авахаар байгуулсан гэрээнд заасны дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг хянаж, захиалагчийн орон сууц худалдан авахад шаардагдах хөрөнгийг гүйцэтгэгчийн Кин дахь харилцах дансанд хугацаанд нь шилжүүлэх”-ээр тохиролцсоны дагуу гүйлгээг хийсэн байна. “Ш” ХХК нь өөрийн Кин дахь 2000015684 тоот дансанд шилжин орж ирсэн 34 291 492.55 төгрөгийг захиран зарцуулсан болох нь уг дансны хуулгаас тодорхой харагдаж байна. “Ш” ХХК-ийн Кин дахь 2000015684 тоот харилцах дансанд 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ундармаа байрны урьдчилгаа төлбөр 34 285 500 төгрөг, Болотбек байрны урьдчилгаа төлбөр 15 553 000 төгрөг, Батсүх байрны урьдчилгаа төлбөр 17 298 000 төгрөг, Даваасүрэн байрны урьдчилгаа төлбөр 9 085 500 төгрөг тус тус шилжин орж нийт үлдэгдэл 84 235 577.09 төгрөг болсон ба үүнээс 35 951 760 төгрөгийг Арматурын үнэ утгаар Баян сангийн далай ХХК-ийн Хаан банкны 5064576370 тоот дансанд шилжүүлж, 300 төгрөгийг бэлэн бус шимтгэлд суутгаж, үлдэгдэл 48 283 517.09 төгрөг үлдсэний 48 200 000 төгрөгийг ЦГ64071513 тоот тегистрийн дугаартай Алтанхуяг Лантуу гэсэн утгатайгаар чекээр зарлага гарган авсан байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 446 дугаар зүйлийн 446.1.3-т заасныг баримтлан хариуцагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 34 285 500 /гучин дөрвөн сая хоёр зуун наян таван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Боржигон овогт Ганбаатарын Ундармаа /ФБ86083061/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 329 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Уд олгож шийдвэрлэсэн байна. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...”К” ХХК, Г.У, “Ш” ХХК нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 97 тоот “Орон сууцны захиалгын гэрээ”-ний 5.2.1-д “Банк нь захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд орон сууц худалдан авахаар байгуулсан гэрээнд заасны дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг хянаж, захиалагчийн орон сууц худалдан авахад шаардагдах хөрөнгийг гүйцэтгэгчийн Кин дахь харилцах дансанд хугацаанд нь шилжүүлэх”-ээр тохиролцсон. Банк тус гэрээгээр урьдчилан хүлээсэн үүргийн дагуу 34 291 492.55 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Ш” ХХК-ийн Кин дахь 2000015684 тоот дансанд “байрны урьдчилгаа төлбөр” утгатайгаар шилжүүлжээ. “Ш” ХХК нь өөрийн Кин дахь 2000015684 тоот дансанд дансанд шилжин орж ирсэн 34 291 492.55 төгрөгийг захиран зарцуулсан болох нь уг дансны хуулгаас тодорхой харагдаж байна. Тодруулвал, “Ш” ХХК-ийн Кин дахь 2000015684 тоот харилцах дансанд 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ундармаа Ганбаатар байрны урьдчилгаа төлбөр 34 285 500 төгрөг, болотбек байталов байрны урьдчилгаа төлбөр 23 553 000 төгрөг, Б.Ганбаатар байрны урьдчилгаа төлбөр 17 298 000 төгрөг, Д.Ганбаатар байрны урьдчилгаа төлбөр 9 085 500 төгрөг тус тус шилжин орж нийт үлдэгдэл 84 235 577.09 төгрөг болсон ба үүнээс 35 951 760 төгрөгийг Арматурын үнэ утгаар “Баян сангийн далай” ХХК-ийн Хаан банкны 5064576370 тоот дансанд шилжүүлж, 300 төгрөгийг бэлэн бус шмтгэлд суутгаж, үлдэгдэл 48 283 517.09 төгрөг үлдсэний 48 200 000 төгрөгийг ЦГ64071513 тоот регистрийн дугаартай Алтанхуяг Лантуу гэсэн утгатайгаар чекээр зарлага гарган авсан байдаг. Г.У нь мөнгийг шилжүүлэх зөвшөөрлийг урьдчилан, гэрээний үндсэн дээр олгосон байсан гэж үзэх үндэслэлтэй байсан. Хоёр банкны эрх хүлээн авагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг ирүүлэх маягтын загварыг баталж нийтэд өдөр тутмын сонингоор дамжуулан мэдээлсэн. Нэхэмжлэл гаргаж байгаа этгээд нь тогтоосон загварын дагуу нэхэмжлэлийг ирүүлэх бөгөөд тогтоосон загварын дагуу нэхэмжлэлийг гаргасан этгээдэд нэхэмжлэл загварын доод хэсгийг таслан үлдээж байсан. Г.У нь тогтоосон хугацаанд Банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэлийг ирүүлээгүй болно. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан.  

Нэхэмжлэгч Г.У нь “К” ХХК дахь эрх хүлээн авагчаас 34 285 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч байгууллага эзэмшигчийн зөвшөөрөлгүй дансанд байсан мөнгөн хөрөнгийг авсан” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч хариуцагчаар “Ш” ХХК-ийг татсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Кийг татсан байна. /хх.42/

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Ш” ХХК, иргэн Г.У, Б.Энхтөр нар 2012 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, Баянгол дүүрэг, 5-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Итгэл хотхон орон сууцны хорооллын 37 тоотын 76,19 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулахаар, 1 м.кв талбайн үнийг 1 350 000 төгрөгөөр тооцож, Г.У нийт 102 856 500 төгрөг төлөхөөс 22 856 500 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 80 000 000 төгрөгийг “К” ХХК-ийн зээлээр төлөхөөр харилцан тохирч гэрээ байгуулсан байна. /хх-6-7/ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.  

“К” ХХК, Г.У, “Ш” ХХК нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “Орон сууцны санхүүжилтийн 97 дугаартай гэрээ”-ээр К нь нэхэмжлэгч Г.Уг орон сууц худалдан авах, бариулахад шаардагдах 80 000 000 төгрөгийг зээлдүүлэх, /хх-8-9/ мөн “К”  ХХК, Г.У нарын хооронд байгуулагдсан ажиллагсдын орон сууцны зээлийн 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 417 тоот гэрээгээр 1 м.кв нь 1 350 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны төлбөрт үлдэгдэл 80 000 000 төгрөгийн зээлийг олгохоор тохирсон үйл баримт тогтоогджээ /хх-10-13/.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.У нь “Ш” ХХК-ийн Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт барьсан 108-н айлын орон сууцны байрнаас худалдаж авахаар “К” ХХК-ийн ажиллагсдын орон сууцны зээлд хамрагдаж, 76,19 м.кв талбай бүхий орон сууцны нэг метр квадратыг 1 350 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон байна гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.  

Мөн хэрэгт “Ш” ХХК, “К” ХХК нарын хооронд 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээгээр борлуулж буй байрны 1 м.кв талбайн үнийг банкны ажиллагсдад 1 800 000 төгрөг гэж тусгаж, захиалагч “К” ХХК нь 19 байр захиалсан байна /хх-84-85/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

Дээрх гэрээ нь нөхөж байгуулагдсан гэрээ болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, хариуцагч байгууллага уг гэрээг нэхэмжлэгч Г.Уг орон сууцыг худалдаж авах үед байгуулсан болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

“К” ХХК-д Г.Угийн эзэмшдэг 2000022281 тоот данснаас 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байрны урьдчилгаа гэх утгатай 34 285 500 төгрөгийг 2000015684 тоот данс руу шилжүүлсэн, уг мөнгө орсон данс нь “Ш” ХХК-ийн данс болох нь мемориалын баримт, “К” ХХК-ийн төлбөрийн баримтаар тогтоогджээ. /хх-22, 59, 105/

  Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3-т төлбөр тооцоо гүйцэтгэгч харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч байгууллага нэхэмжлэгч Г.Угийн данснаас 34 285 500 төгрөгийг шилжүүлэхдээ данс эзэмшигч Г.Угийн зөвшөөрлийг авснаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар нотлогдохгүй байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн данснаас мөнгө шилжүүлэхдээ хууль зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч “К” ХХК дахь эрх хүлээн авагчаас 34 285 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 466.1.3-т заасантай нийцсэн байна гэж дүгнэлээ. 

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.