Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00737

 

 

Г.У гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/00880 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1333 дугаар магадлалтай,

Г.У гийн нэхэмжлэлтэй,

“К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох,

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүссэн үүрэгт 34,285,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.У  нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан 34,285,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Ш” ХХК-аас татгалзаж, хариуцагч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан 34,285,500 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/00880 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 446 дугаар зүйлийн 446.1.3-т заасныг баримтлан хариуцагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 34,285,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.У д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 329,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.У д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1333 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/00880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч Кны эрх хүлээн авагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Г.У гийн нэхэмжлэлтэй “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 183/ШШ2020/00880 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.22-ны өдрийн 1333 дугаартай магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Г.У  нь түүний дансан дахь мөнгийг шилжүүлэх зөвшөөрлийг урьдчилан, гэрээний үндсэн дээр олгосон байдлыг зөв дүгнэж чадаагүйн улмаас хууль хэрэглээний алдаа гаргасан. Тодруулбал: К, Г.У , “Ш” ХХК нарын хооронд 2012.06.26-ны өдөр байгуулсан 97 тоот “Орон сууцны захиалгын гэрээ”-ний 5.2.1-д “Банк нь захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд орон сууц худалдан авахаар байгуулсан гэрээнд заасны дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг хянаж, Захиалагчийн орон сууц худалдан авахад шаардагдах хөрөнгийг Гүйцэтгэгчийн Кин дахь харилцах дансанд хугацаанд нь шилжүүлэх”-ээр тохиролцсон бөгөөд энэ гэрээнд Г.У  гэрээний нэг тал болон оролцсон.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 34,291,492.55 төгрөгийг К захиран зарцуулаагүй харин “Ш” ХХК нь өөрийн Кин дахь 2000015684 тоот дансанд шилжин орж ирсний дараа захиран зарцуулсан байдлыг зөв дүгнэж чадаагүй. Тодруулбал: “Ш” ХХК-ийн Кин дахь 2000015684 тоот харилцах дансанд 2013.08.26-ны өдөр У  ГАНБААТАР байрны урьдчилгаа төлбөр 34,285,500 төгрөг, БОЛОТБЕК БАЙТАЛОВ байрны урьдчилгаа төлбөр 23,553,000 төгрөг, БАТСҮХ ГАНБААТАР байрны урьдчилгаа төлбөр 17,298,000 төгрөг, ДАВААСҮРЭН ГАНБААТАР байрны урьдчилгаа төлбөр 9,085,500 төгрөг тус тус шилжин орж нийт үлдэгдэл 84,235,577.09 төгрөг болсон ба үүнээс 35,951,760 төгрөгийг Арматурын үнэ утгаар Баян сангийн далай ХХК-ийн Хаан банкны 5064576370 тоот дансанд шилжүүлж, 300 төгрөгийг бэлэн бус шимтгэлд суутгаж, үлдэгдэл 48,283,517.09 төгрөг үлдсэний 48,200,000 төгрөгийг ЦГ64071513 тоот регистрийн дугаартай Алтанхуяг Лантуу гэсэн утгатайгаар чекээр зарлага гарган авсан байдаг.

Банкны эрх хүлээн авагчаас банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг 2019.04.22-ны өдрөөс эхлэн 2019.06.20-ны өдрийг хүртэл тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг ирүүлэх маягтын загварыг баталж нийтэд өдөр тутмын сонингоор дамжуулан мэдээлсэн.

Нэхэмжлэл гаргаж байгаа этгээд нь тогтоосон загварын дагуу нэхэмжлэлийг ирүүлэх бөгөөд тогтоосон загварын дагуу нэхэмжлэлийг гаргасан этгээдэд нэхэмжлэл загварын доод хэсгийг таслан үлдээж байсан.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Г.У  нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан 34,285,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Ш” ХХК-аас татгалзаж, хариуцагч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан 34,285,500 төгрөгийг гаргуулахаар шаардаж, үндэслэлийг ...хариуцагч байгууллага эзэмшигчийн зөвшөөрөлгүй дансанд байсан мөнгөн хөрөнгийг авсан гэж тайлбарлажээ.

7. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...”К” ХХК, Г.У , “Ш” ХХК нарын хооронд 2012.06.26-ны өдөр байгуулсан 97 тоот “Орон сууцны захиалгын гэрээ”-ний 5.2.1-д “Банк нь захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд орон сууц худалдан авахаар байгуулсан гэрээнд заасны дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг хянаж, захиалагчийн орон сууц худалдан авахад шаардагдах хөрөнгийг гүйцэтгэгчийн Кин дахь харилцах дансанд хугацаанд нь шилжүүлэх”-ээр тохиролцсоны дагуу гүйлгээг хийсэн гэсэн тайлбар гаргасан байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 34,285,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

9. Хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүхүүд маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Ш” ХХК, иргэн Г.У , Б.Энхтөр нар 2012.06.17-ны өдөр Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Итгэл хотхоны 108 айлын орон сууцны 37 тоотын 76,19 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулахаар, 1 м.кв талбайн үнийг 1,350,000 төгрөгөөр тооцож, Г.У  нийт 102,856,500 төгрөг төлөхөөс 22,856,500 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 80,000,000 төгрөгийг “К” ХХК-ийн зээлээр төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-6-7/

11. Мөн, “К” ХХК, Г.У , “Ш” ХХК нарын хооронд 2012.06.26-ны өдөр байгуулагдсан Орон сууцны санхүүжилтийн гэрээгээр “К” ХХК нь нэхэмжлэгч Г.У д, орон сууц худалдан авахад шаардагдах 80,000,000 төгрөгийг зээлдүүлэх, мөн “К” ХХК, Г.У  нарын хооронд 2012.06.26-ны өдөр байгуулагдсан “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-гээр орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,350,000 төгрөг байхаар, орон сууцны үлдэгдэл төлбөрийн 80,000,000 төгрөгт банк зээл олгохоор тохиролцсон байна. /хх-10-13/

12. Түүнчлэн, “Ш” ХХК, “К” ХХК нарын хооронд 2012.03.06-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээгээр борлуулж буй байрны 1 м.кв талбайн үнийг банкны ажилчдад 1,800,000 төгрөг гэж тусгаж, захиалагч “К” ХХК нь 19 байр захиалсан үйл баримтууд тогтоогджээ.  

13. Хоёр шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч Г.У  нь “Ш” ХХК-ийн Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт барьсан 108 айлын орон сууцнаас 76,19 м.кв талбай бүхий орон сууцыг худалдаж авахаар “К” ХХК-ийн ажиллагсдын орон сууцны зээлд хамрагдаж, орон сууцны нэг м.кв-ыг 1,350,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон гэж зөв дүгнэсэн байна. 

14. Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3-т төлбөр тооцоо гүйцэтгэгч харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх үүрэгтэй гэж заасан. Хэргийн баримтаар 2013.08.26-ны өдөр Г.У гийн эзэмшдэг “К” ХХК дахь 2000022281 тоот данснаас түүний зөвшөөрөлгүйгээр байрны урьдчилгаа гэх утгатай 34,285,500 төгрөгийн шилжүүлэг хийсэн нь тогтоогджээ.

15. Хоёр шатны шүүх хариуцагч банк нь нэхэмжлэгчийн данснаас 34,285,500 төгрөгийг шилжүүлэхдээ данс эзэмшигч Г.У гийн зөвшөөрлийг авснаа нотлоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн данснаас мөнгө шилжүүлэхдээ данс эзэмшигчийн зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж дүгнэн, хариуцагч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 34,285,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

16. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/00880 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1333 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА