Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 435

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй,

НХТЕТГ-т холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Г.Банзрагч

                                                  Х.Батсүрэн

                                                  Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                        Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:          Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.Солонгын барилгын гадна шугамын трассыг миний өмчлөлийн газрыг дайруулан баталсан захиргааны акт үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.Солонгын барилгын гадна шугамын трассыг миний өмчлөлийн газрыг дайруулан баталсан илт хууль бус захиргааны актын улмаас учирсан 60 сая төгрөгийн хохирлыг гаргуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0293 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0438 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Б.Анхбаяр нар,

Нэхэмжлэгч Х.Б-ын өмгөөлөгч Б.Анхбаяр, А.Мөнх-Өлзий нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0293 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М.Солонгын барилгын гадна дулааны шугамын байгуулалтыг баталсан актыг шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэж, хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М.Солонгын барилгын гадна дулааны шугамын байгуулалтыг баталсан акт нь илт хууль бус акт болохыг тогтоож шийдвэрлэжээ.щ

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0438 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0293 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Х.Б-ын өмгөөлөгч Б.Анхбаяр, А.Мөнх-Өлзий нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Х.Б-Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 293 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 438 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. Х.Б- нь шүүхэд “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.Солонгын барилгын гадна шугамын трассыг миний өмчлөлийн газрыг дайруулан баталсныг илт хууль бус болохыг тогтоолгож, үүний улмаас учирсан хохирол 60 сая төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийнх нь өмчлөлийн газар дээгүүр дулааны шугамын трасс баталж, улмаар гүйцэтгэхдээ ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, зөвшөөрөл авалгүйгээр өмчлөх эрхэд нь халдсан нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож, хариуцагч болон гуравдагч этгээдээс ч үүнийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

5. Гэтэл анхан шатны шүүхээс шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хальсан гэж үзэн, нэгэнт баригдсан шугамын зургийг дахин гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон ба ингэснээрээ тухайн шийдвэр гаргасан нь бодит байдал дээр хэрхэн хэрэгжих, нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргээгдэх нь тодорхойгүй хэвээр үлдэж байна. Мөн “хохирол гаргуулах тухай” нэхэмжлэлийг шаардлагыг шийдвэрлэлгүйгээр хэлэлцэхгүй орхисон ба үүнийг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М.Солонгын барилгын гадна дулааны шугамын трассыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Х.Б-ын өмчлөлийн газрыг дайруулан баталсны улмаас шугам тавигдсан газар, түүний хамгаалалтын бүс гэхчилэн газраа бүрэн хэмжээгээр нь ашиглаж, үр шимийг нь хүртэх боломжгүй болж, улмаар үнэлгээ нь буурч хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байхад уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй болсон. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эсвэл хэрэгсэхгүй болгох эрхийг зааж өгсөн тул хэргийн тухайд дүгнэх боломжтой. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэх эрх, захиргааны эрх зүйн маргаан мөн эсэхийг тодруулах шаардлагатай гэжээ. Гэтэл уг маргаан нь захиргааны байгууллага болох Нийслэлийн Хот төлөвлөлт. ерөнхий төлөвлөгөөний газраас зургийг баталгаажуулан шугам тавих эрх олгосноос үүдсэн тул захиргааны шүүхийн харьяалах маргаан мөн төдийгүй, өмнө нь уг хэргийг шийдвэрлэн дахин хэлэлцүүлэхээр буцаасан Улсын Дээд шүүхийн тогтоолд нэхэмжлэл гаргах үед маргаан бүхий газрыг өмчлөх эрхтэй байсан, тухайн эрхдээ үндэслэн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг тогтоолгохоор марган эрхтэй болохыг дурдаж өгсөн байдаг. Мөн шүүхээс хийсэн маргаан бүхий газрын үзлэг болон бусад зургуудаас М.Солонгын барилга нь бусдын газраар хүрээлэгдээгүй, нийтийн шугамыг ашиглах боломжтой болох нь тогтоогддог.

6. Иймд, дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг зөв дүгнэж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 19 дүгээр гудамжны 34Б тоотын 271.0 м.кв газар нь нэхэмжлэгч Х.Б- болон Э.Цоморлиг, Д.Эрдэнэчулуун, Э.Гандөш, Э.Гантулга нарын 5 иргэний өмч байгаа, тухайн газар өмчлөгчид нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар худалдах худалдан авах гэрээ”-гээр 271 м.кв газраа 80 сая төгрөгөөр болон иргэн Д.Чинцогтод худалдаж, Д.Чинзоригт газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ.

10. Шүүхэд зөвхөн Х.Б- нэхэмжлэл гаргасан, бусад газар өмчлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор түүнд олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүйг шүүх анхаараагүй, зөвхөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар шүүгчээс тодруулсан асуултад “...манай хүүгээс надад олгосон итгэмжлэлийн хугацаа дуусаад 1 жилээр сунгуулсан...” гэх нэхэмжлэгчийн хариулт тусгагдсан байна.

11. Нэхэмжлэгч Х.Б- нь “...Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.Солонгын барилгын гадна шугамын трассыг өөрийн нь өмчлөлийн газрыг дайруулан баталсан захиргааны акт үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгож, үүний улмаас учирсан 60 сая төгрөгийн хохирлыг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

12. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтуудаас үзвэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 47 дугаар дугаар тогтоолоор Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд, дэд бүтцийн шугам сүлжээнд ойр байрлалтай Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийн гэр хорооллыг орон сууцны 7 дугаар хороолол болгон хөгжүүлэх “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” батлагдсан байна.

13. Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/29 тогтоолын 2.2 дахь хэсэгт заасны дагуу тус хорооллыг хэсэгчилсэн дэд бүтцэд холбон тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний “В” хэсэгчилсэн талбайн төсөл хэрэгжүүлэгчээр “Бэрэнлэнд девелопмент” ХХК шалгарсан, энэ төлөвлөлтийн байршилд гуравдагч этгээд иргэн М.Солонгын барихаар төлөвлөгдсөн барилга орж төсөл хэрэгжүүлэгчтэй харилцан тохиролцож өмчлөлийн газартаа барилга барих тухай хүсэлтээ Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гаргаж, улмаар уг газарт барилга барих боломжтой гэж хариуцагч байгууллага үзэн 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 333/2014 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг олгосон байна.

14. Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий гадна дулааны шугамын байгуулалтын зургийг баталсан учир нэхэмжлэгч Х.Б- "... миний газар өмчлөх эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэлгүй байхад хариуцагч нар барилгын гадна шугамын трассыг зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг маань дайруулан баталсан...” гэж, хариуцагч “...зөвшөөрөл нь хуулийн дагуу олгогдсон, ...М.Солонгын барилгын гадна дулааны шугам дайрч өнгөрөх бүх газар өмчлөгчтэй зөвшилцсөн...” гэж маргажээ.

15. Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нотлох баримтыг бүрдүүлж, захиргааны актыг илт хууль бусад тооцох хуульд заасан үндэслэл байсан эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх бүрэн боломжтойгоос гадна маргаж байгаа захиргааны акт хэрэгжиж дууссан байгааг анхааралгүйгээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “...шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн,...” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

16. Хэрэгт М.Солонго нь Х.Б-ын хашаанд сууж байсан Ц.Баярсайхантай харилцан тохиролцож зөвшөөрөл авч, 2,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн, уг мөнгийг Ц.Баярсайханаас Х.Б- авсан талаарх гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтууд авагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “...200 сая төгрөгөөр зарагдах боломжтой байсан газраа 80 саяар хямд зарж хохирсон...” гэж хохирол 60 сая төгрөгийг мөн гаргуулахаар нэхэмжилжээ.

17. Дээрх баримтуудад үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхой болгох, захиргааны ямар акт, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг зайлшгүй тодруулах, түүний зөрчигдсөн гэх ямар эрх хэрхэн сэргээгдэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол захиргааны байгууллагын холбогдох шийдвэр, эсвэл иргэн М.Солонгын үйл ажиллагаанаас болж зөрчигдсөн болохыг болон хохирлын тооцоог хэрхэн бодитой гаргасан эсэхийг тодруулж, холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

18. Өмнө нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлал, тогтоолд заасан тодорхой ажиллагааг анхан шатны шүүх бүрэн гүйцэтгээгүйг давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлээ болгосон нь буруу биш болно.

19. Дээр дурдсанаар хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0438 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ