Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 01305

 


 

 

2020 оны 04 сарын 24 өдөр                          Дугаар 102/ШШ2020/01305                            Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ц.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  МОХН УБТЗ Н  холбогдох,

 

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 338 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон 13 дахь сарын цалин, мөн цалингийн зөрүүнд нийт  42,440,935 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, С.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

       

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Б нь Улаанбаатар Төмөр Замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 228 тоот тушаалаар Дархан Цэрэгжүүлсэн хамгаалалтын салаан даргаар томилогдон ажилласан. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 58 дугаартай тушаалаар Ц.Бг салаан даргын үүрэгт ажлаас чөлөөлж, харуулын ахлахаар томилон ажиллуулж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр албаны даргын дугаар 207 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлан ажлаас халсан.

 

Энэхүү шийдвэрийг Ц.Б нь эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/шш2017/02070 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024 дугаартай магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ц.Бг Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын ажилд эгүүлэн томилсон. Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлж, Ц.Бг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын ажилд эгүүлэн томилсон.

 

Ийнхүү Ц.Б нь ажилдаа буцаан томилогдож ажлаа хийгээд 10 гаруй хоногийн хугацаа өнгөрч байтал 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-469 дугаартай тушаалаар миний ажлын орон тоог цомхотгож, улмаар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 338 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

 

            Иймд шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалин олговорт 38,383,361 төгрөг гаргуулан, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

2. 2017 он, 2018 он, 2019 оны 13 дугаар сарын цалинд нийт 3,000,000 төгрөг гаргуулах,

3. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн цалингийн зөрүүнд 1,057,574 төгрөг гаргуулах,

4. Ажил олгогч байгууллагын буюу Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 338 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах,

5.Ц.Бг Дархан-Уул аймаг дахь Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн харъя Дархан цэрэгжүүлсэн хамгаалах тасгийн шинээр бий болсон харуулын ахлахын орон тоонд эсхүл түүнтэй адилтгах ажилд эгүүлэн томилуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Б Улаанбаатар Төмөр Замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 58 тоот тушаалаар Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын ажлаас чөлөөлөгдсөн. Тэрээр энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2017 онд шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б ажлаас үндэслэлгүй халагдсанаар ажил олгогчийн зүгээс түүнд цалин олголгүй эрх нь зөрчигдсөн болохоо мэдсэн, мэдэх боломжтой байсан үеэс буюу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024 тоот магадлалаар түүний ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэснээс хойш 3 сарын дотор буюу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотор хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад хандах эрхтэй байсан. Ц.Б ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас эрхэлж байсан ажилдээ эгүүлэн тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь шүүх эцэслэн шийдвэрлэх үед энэ талаар мэдсэн бөгөөд тийнхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад хандаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.

            “УБТЗ”-ын дарга нь эрх бүхий байгууллагаас өөрт шилжүүлсэн эрхийн дагуу бүтцийн өөрчлөлтийг хийж, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-469 тоот тушаалаар Улаанбаатар Төмөр Замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын 1 орон тоог хассан. Орон тоо хасагдах гэдэг нь тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгодог. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч хуулиар олгосон эрхийн хүрээнд өөрийн санаачлагаар ажилтанг ажлаас чөлөөлөх журамтай байдаг. Энэ зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргийн дагуу нэхэмжлэгч Ц.Бд энэ тухай нэг сарын өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдэж гарын үсэг зуруулж баталгаажуулсан байдаг. МОХН УБТЗ Н-ийн дүрмийн 17-ийн “з”-д зааснаар нийгэмлэгийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдаж, ажилчдад олгох хөдөлмөрийн хөлсний системийг тогтоох, орон тооны жагсаалт, албан тушаалын цалинг батлах, өөрчлөх эрх хэмжээ нь МОХН УБТЗ Н-ийн ерөнхий хороонд байдаг. Энэхүү хорооны 2009 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн хурлаар хурлаар, МОХН УБТЗ Н-ийн даргад замын хэмжээний орон тооны жагсаалтыг батлах, дотоод бүтэц, зохион байгуулалтыг бие даан өөрчлөлт /хасах, нэмэх/ хийх эрхийг шилжүүлэн олгосон байдаг. Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын тасгийг Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн харьяанд нэгтгэж үйл ажиллагааг боловсронгуй болгох, улмаар Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын тасгийн даргын ажлын орон тоог хасах шалтгаан нь ажлын чиг үүргийг давхцсан буюу Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын анги нь Дархан, Цайдам болон ТЗ-ын аж ахуйн нэгжүүдийн гал түймрийн аюулгүй байдал хариуцан ажилладаг бөгөөд тус ангийн галын мэргэжлийн ангийн харьяанд Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааг шилжүүлэн нэгтгэж, нэг удирдлагаар хангах зорилгоор Салаан даргын орон тоог цомхотгсон болно.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага агуулгаараа ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь ажил олгогчоос тухай ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эрх зүйн үр дагавар бүхий акт, хэм хэмжээ байхыг шаардана. Гэтэл нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод буй өөрийг нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон А-469 тоот тушаалыг хүчингүй болгуулах талаар шаардлагадаа илэрхийлээгүй байгаа нь гаргаад буй шаардлагын агуулгад нийцүүлэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч МОХН УБТЗ Н-т /цаашид “УБТЗ” гэх/ холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 338 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт болон 13 дахь сарын цалин, мөн цалингийн зөрүүнд нийт 42,440,935 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалин олговорт болон  2017 он, 2018 он, 2019 оны 13 дугаар сарын цалинд нийт 41,383,361 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14833 дугаартай  захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн. /хх-21 тал/.

 

Гэтэл нэхэмжлэгч Ц.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох тухай буюу Дархан-Уул аймаг дахь Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн харъя Дархан цэрэгжүүлсэн хамгаалах тасгийн шинээр бий болсон суурин ахлахын орон тоонд эсхүл түүнтэй адилтгах ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх тус нэхэмжлэлд шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01317 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан./хх-111 тал/.

 

Улмаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02197 дугаартай захирамжаар дээрх иргэний хэргүүдийг нэгтгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн цалингийн зөрүүнд 1,057,574 төгрөг гаргуулах, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 338 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлжээ./хх-69,104,200,226 тал/.

 

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалин олговорт 38,383,361 төгрөг гаргуулах,  энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх,  2017 он, 2018 он, 2019 оны 13 дугаар сарын цалинд нийт 3,000,000 төгрөг гаргуулах, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн цалингийн зөрүүнд 1,057,574 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч Ц.Б нь Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 228 дугаартай тушаалаар Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргаар томилогдон ажиллажээ./хх-8 тал/.

 

            Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 52 дугаартай тушаалаар Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, мөн өдрөөс эхлэн Ц.Бг тус албаны харуулын ахлахаар томилон ажиллуулж байгаад Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 207 дугаартай шийдвэрээр ажлаас халсан байна. /хх-7, 9 тал/.

 

Улмаар нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/02070 дугаартай шийдвэрээр Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 52 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ц.Бг Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ./хх-11-20тал/.

 

Улмаар хариуцагч байгууллага нь энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2019 оны 09 дүгээр  сарын 25-ны өдөр 276 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Ц.Бг Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын ажилд эгүүлэн томилжээ./хх-10 тал/.

           

Нэхэмжлэгч нь 2017  оны 04 дүгээр сарын 04-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл харуулын ахлахын ажлын байранд ажилласны цалингийн зөрүү, 2017 оны 09 дүгээр сарын 13-аас шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилох хүртэл хугацаа буюу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг, 13 дахь сарын цалинд нийт 42,440,935 төгрөг гаргуулахаар шаардахдаа үндэслэлээ ...үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсаны цалингийн зөрүү болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацааны цалинг шаардаж байна.. .гэж тайлбарлаж байна.

           

Хариуцагч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ... Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах 3 сарын хугацаа өнгөрсөн... гэж тайлбарлаж байна. 

 

Нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт зааснаар шүүх харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажилтан өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэжээ.

            Нэхэмжлэгч  Ц.Бг үндэслэлгүйгээр харуулын ахлахын ажилд шилжүүлж, улмаар үндэслэлгүйгээр ажлаас халсан болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02070 дугаартай шийдвэрээр тогтоогдсон байх бөгөөд энэ өдрөөс эхлэн өөрийн цалин хөлс авах эрх зөрчигдсөн болохыг мэдэх ёстой байсан гэж үзнэ.

           

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан байх бөгөөд энэ хугацаанаас өмнөх 3 сарын дотор буюу 2019 оны 08 дугаар 12-ны өдрөөс  хойшхи хугацааны өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй байна.

           

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдлын шаардлага гаргах хугацааг өнгөрүүлсэн байна.  

           

Иймд нэхэмжлэгч 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилсэн байх тул 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх ажлын 33 өдрийн цалинг нэхэмжлэх эрхтэй байна.

           

Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын сарын үндсэн цалин 1,076,250 төгрөг болох нь хариуцагч байгууллагын цалингын нягтлан бодогчийн гаргасан тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд 1 өдрийн ажлын дундаж цалин 50,058 төгрөг байна. Үүнийг ажлын 33 өдрөөр тооцон 1,651,914 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй./хх-224 тал/.

 

            Харин  ажилгүй байсан хугацааны цалинд нэхэмжилснээс үлдэх 36,731,447 төгрөг, 13 дахь сарын цалин 3,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн цалингийн зөрүү 1,057,574 төгрөг, нийт 40,729,021 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэжээ.

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн шийдвэрээр Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болохыг тогтоож, түүнийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх тул Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа хэвээр үргэлжилж байна гэж үзнэ.

 

            Иймд ажил олгогч нь Ц.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй байх тул 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            2. Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 338 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж, Дархан-Уул аймаг дахь Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн харъя Дархан цэрэгжүүлсэн хамгаалах тасгийн шинээр бий болсон харуулын ахлахын орон тоонд эсхүл түүнтэй адилтгах ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 338 дугаартай тушаалаар Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салаан даргын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр  Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд уг тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Хамтын гэрээний 3.14, Замын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-469 дугаартай тушаалыг үндэслэл болгосон байна./хх-109 тал/.

 

            Хариуцагч  “УБТЗ”-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-469 дугаартай тушаалаар Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын 1 орон тоог 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хассан байна./хх-108 тал/.

 

            УБТЗ-ын  дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “з” заалт болон Ерөнхий хорооны 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр хурлын протолын 10.6 дахь заалтад зааснаар УБТЗ-ын бүтэц орон тоо батлах, түүнд өөрчлөлт оруулах нь замын даргын эрх хэмжээнд хамаарч байх бөгөөд уг А-469 дугаартай тушаал нь хууль зөрчиж гарсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоодоогүй, уг тушаалын хүчин төгөлдөр байдалд нэхэмжлэгч маргахгүй байх тул “УБТЗ”-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-469 дугаартай тушаалыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 338 дугаартай тушаал гарч, нэхэмжлэгч Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй байна./хх-133-124, 204-216 тал/.

 

            Иймд хэрэгт авагдсан баримтаар Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 338 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

            Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт Ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон  бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр, ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэжээ.

 

            “УБТЗ”-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-469 дугаартай тушаалаар Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын 1 орон тоо хасагдсан боловч 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр НЗРВ албан тушаалтай Ч.Цогт-Очирын болон ВОХРе гэх албан тушаалтай  Д.Хадбаатар гэх хүний болосруулсан саналын дагуу Замын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А-05 дугаартай тушаалаар Дархан Цэрэгжүүлсэн Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааг Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид нэгтгэж, Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн харъя дархан дахь цэрэгжүүлсэн хамгаалтын тасаг болгон өөрчилж, уг тасагт харуулын ахлахын 2 орон тоог нэмсэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна./хх-164-169,187-190, 122,123 тал/

 

Хариуцагч нь шинээр нэмэгдсэн харуулын ахлахын ажлын байранд З.Батчулуун гэдэг хүнийг томилон ажиллуулж байгаа гэх тайлбарыг гаргаж байх боловч  хэрэгт авагдсан Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 286 дугаартай тушаалаар З.Батчулууныг Салхит цэрэгжүүлсэн хамгаалах ангид харуулын ахлахаар томилжээ./хх-169 тал/

 

Хэрэгт авагдсан баримтаар Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн харъя Дархан дахь цэрэгжүүлсэн хамгаалтын тасагт шинээр нэмэгдсэн харуулын ахлахын орон тоонд шинээр нэмж хүн аваагүй байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Б уг ажлын байранд тэнцэхгүй гэх шалтгаан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ц.Бгийн ажлын байр байгууллагын бүтцээс хасагдсан байхад түүнд адил чанарын ажлын байр санал болгох боломжтой байсан хэрнээ санал болгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасын зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Бг Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн харъя Дархан дахь цэрэгжүүлсэн хамгаалтын тасгийн харуулын ахлахын ажилд томилохыг хариуцагчид байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч МОХН УБТЗ Н-ээс 1,651,914 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагас үлдэх 40,789,021 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хариуцагч МОХН УБТЗ Н-т даалгасугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бг Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн харъя Дархан дахь цэрэгжүүлсэн хамгаалтын тасгийн харуулын ахлахын ажилд томилсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,799 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бд олгож, хариуцагч МОХН УБТЗ Н-ээс улмын тэмдэгтийн хураамжид 100,580 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Х.ЭНХЗАЯА