Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01369

 

 

Х.Жийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104/ШШ2020/00150 дугаар шийдвэртэй

Х.Жийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Ад холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан зардал 4 630 705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа явах зорилгоор хариуцагч Н.Агийн өмчлөлийн 89-25 УНҮ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашинд суусан. Налайх дүүргээс Улаанбаатар хот орох замдаа зам тээврийн осолд орсон. Шүүх Н.Аг зам тээврийн осол гаргасны улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ ослын улмаас аарцаг ясны хугарал, зүүн дунд чөмөгний ил хугарал, баруун тохойд цус хугаралт, зүүн хөлийн булчин задарч, биеийн хөлний хэсэг газар, гарын тохой ил шарх ихтэй амь насанд аюултай хүнд гэмтэл авсан. Надад учирсан гэмтлийн улмаас 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр, 7 дугаар сарын 07-ны өдөр, 7 дугаар сарын 23-ны өдөр нийт 3 удаа хагалгаанд орж, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэртээ байнгын сахиуртай хэвтэрт байсан. Нөхөр маань байнга асарч байгаа болохоор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байна. Би удаан хугацаанд хэвтэрт байсан болохоор шарх эдгэрэхгүй удсан. Иймд байнга сэргээн засах эмчилгээ хийлгэх хэрэгтэй болсон тул бариа засал, эм, тан уух зэрэг физик эмчилгээ хийлгүүлж байна. Харин хариуцагч Н.А эрүүгийн шүүх хурал болохоос хэд хоногийн өмнө эмчилгээний зардалд 2 957 504 төгрөг өгсөн. Би олон сар хэвтэрт болон тэргэнцэртэй, хүний асрамжид байсан. Одоо хоёр суга таягтай явж байгаа ч өвдөг нугаларахгүй, хөлийн өсгий ямар ч хөдөлгөөнгүй болсон тул хүний тусламжгүйгээр өөрөө босч, сууж чадахгүй байна. Цаашид хагалгаанд орж, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Би дандаа эмчийн заавар зөвөлгөөгөөр эм, тан авч уусан. Энэ бүхэн хэрэгт өгсөн миний эмчлүүлэгчийн картан дээр бичээстэй байгаа. Би Н.Агаас өмнөх эмчилгээний зардалд авсан мөнгөөрөө одоо хэрэглэсэн эм, тариагаа авсан. Энэ зардлаа нэхэмжилж байна. Үүнд: эм, тарианы зардал болон хэрэглээний зардал нийт 3 098 850 төгрөг болсон. Мөн би эмчид үзүүлэхдээ өөрөө явж чадахгүй тул хувийн унаанд шатахуун хийсэн 415 000 төгрөгийг шаардаж байна. Үүнээс гадна би Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн өндөр хүчдэл түгээх төвийн Дэд станцад ээлжийн монтёроор орж дагалдан хийж байгаад сарын дараа жинхлэх ёстой байсан. Тухайн үед би ажилласан хоногийн цалин 402 236 төгрөг авсан. Харин үндсэн цалин 520 000 төгрөг байсан. 2019 оны 11 дүгээр сард цалин нэмэгдэж, 546 286 төгрөг болсон. Гэтэл гэмтлээс болоод 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Байгууллага өвчтэй байх хугацаанд миний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлж байсан. Харин цалин өгч байгаагүй. Би хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан тул группт орсон. 2019 оны 11 дүгээр сараас эхлэн  сард 174 000 төгрөгийн тэтгэвэр авч байна. Иймд 2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сарын цалингийн зөрүү 1 116 855 төгрөг бүгд 4 630 705 төгрөгийг хариуцагч Н.Агаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.А шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуулийн шаардлага хангасан, үндэслэл бүхий баримтын хүрээнд 2 100 000 төгрөгийн хохирлыг зөвшөөрөх боломжтой гэсэн. Хариуцагч Н.А эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болохоос өмнө нэхэмжлэгчид эмчилгээний  зардал, цалин гэж нийт  2 468 000 төгрөг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч Х.Ж 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнөх баримтуудыг шүүхэд өгч хохирол нэхэмжилсэн байна. Тухайлбал, тэргэнцэр, тохой таягыг группт орсон хүмүүст үнэгүй олгодог. тул нэхэмжлэгч Х.Ж мөнгөөрөө худалдан авсан байсан ч буцааж авч болох тул хохирол гэж тооцох боломжгүй. Мөн нэмэлтээр авч хэрэглэсэн нэмэлт бүтээгдэхүүн нь Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөлгүй, монгол хэл дээр орчуулагдаагүй, сүлжээний бүтээгдэхүүнүүд байна. Үүнээс гадна нэхэмжлэгч Х.Ж ердийн үед хэрэглэх хоол, хүнс, ахуйн хэрэглээний зүйлийг шаардсан. Энэ нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй. Иймд би хариуцагч Н.Агаас итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд  нэхэмжлэгч Х.Жэд 2 500 000 төгрөг төлөхөөр эвлэрч болно. Харин нэхэмжлэгч Х.Ж эвлэрэхгүй гэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас эмчийн заавар зөвөлгөөгөөр, эмийн сангаас авсан эм, тарианы зардлаас 1 500 000 төгрөг, зайлшгүй гарсан бусад зардлаас шатахууны зардал 415 000, гадил 2 414 төгрөг, улаан лооль 4 684 төгрөг, кагоми жүүс 6 879 төгрөг, ариун цэврийн цаас, салфетка 21 750 төгрөг, ариун цэврийн хэрэглэл 9000 төгрөг, салфетка 3000 төгрөг, бээлий салфетка нойлын цаас 28 270 төгрөг, нийт 75 997 төгрөг, 3 сарын цалингийн зөрүү 600 000 төгрөгийг тус тус зөвшөөрч байна. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Мөр Нямдаваагийн Амарсанаагаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан зардал 4 040 099 /дөрвөн сая дөчин мянга ерэн ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шеруши Хажмухааны Жулдызэд олгож, нэхэмжлэлээс 590 606 /таван зуун ерэн мянга зургаан зуун зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Х.Ж улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.Агаас улсын тэмдэгтийн хураамж 79 591.58 /далан есөн мянга таван зуун ерэн нэгэн төгрөг, тавин найман мөнгө/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд “...иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа ...эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь Н.Ад холбогдуулан гэм хорын хохирол болон цалин нэхэмжилсэн нэхэмжпэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжпэлийг тус шүүхэд гаргасан. Мөн нэхэмжпэгчийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/шцт/321 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтад цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсаар байтал цаашид гаргах төгрөгийг гаргаж байгаа зөрчсөн. Гэвч нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт Н.Агийн өгсөн мөнгөөр “тэргэнцэр .авсан гэж тайлбарлаж байхад шүүх гаргаж шийдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй”, мөн хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй тал бүрээс нь үнэлнэ”, “Ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр олгоно гэж тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүх үүнийг анхааралгүй шийдвэрлэсэн. Иймд тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 104/ШШ2020/00150 шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Х.Ж хариуцагч Н.Ад холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан зардал 4 630 705 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгах зардлаас эмчилгээний зардал 1 500 000 төгрөг, шатахууны зардал 415 000, дэлгүүрээс худалдан авсан барааны үнэ 75 997 төгрөг, 3 сарын цалингийн зөрүү 600 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчийн буруутай ажиллагааны улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлоо арилгуулна” гэж заажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н.А нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өглөө 7 цагийн орчимд Төв аймгийн Зуун мод сумын 4 дүгээр багийн нутагт Налайх дүүргээс Зуунмод явах чиглэлд 89-25 УНҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас Х.Ж, Б.Даваасүрэн нарын биед хүнд, Т.Үүрцайхын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болохыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/321 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоожээ. /хх.5-18/

Хариуцагч Н.А нь нэхэмжлэгч Х.Жэд, уг ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан болох нь хэргийн баримт, зохигчдын  тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.Жийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Жийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд түүний эмчилгээнд хэрэглэсэн 2 432 244 төгрөгийн эмийн баримтуудыг үнэлж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан заалттай нийцжээ.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалингийн зөрүүг нэхэмжилж, нотлох баримтаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д дэд станцын ээлжийн монтёроор ажилж орсон тушаал, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/674 дугаар тушаал, Улаанбаатар хот Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0213491 дугаартай акт тус тус шүүхэд гаргасан байна.

Шүүх нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцож хариуцагч 1 116 858 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн шүүх хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрсөн 490 997 төгрөгийг гаргуулахаар тооцсон нь буруу биш байна.

Иймд анхан шатны шүүх Н.Агаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан зардал 4 040 099 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Жэд олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.