Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 79

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Их ам 25 дугаар гудамжны 1а  тоотод оршин суух, Жантекей А.С /РД: /

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 13 дугаар гудамжны 211в тоотод оршин суух, Ители Д.Х /РД: /-д холбогдуулан

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.С, хариуцагч Д.Х, нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.Хтэй 2012 онд танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүү Х.Айрат төрсөн. Бид 2020 оны 01 дүгээр сараас эхлэн тус тусдаа амьдарч байна. Сүүлийн үед нөхөр  Д.Хийн зан ааш өөрчлөгдөж хэл амаар доромжилж, олон хоногоор алга болж ирээд хардаж, байнга архи ууж, амгалан тайван амьдрахад хэцүү болсон. Одоо бид цаашид хамт амьдрахгүй. Иймд эцэг Д.Хээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2012 онд танилцан, хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүү Х.Айрат төрсөн. Бид хамт амьдарч эхэлсэн цагаас хойш хоорондоо таарч тохирохгүй байх болсон. А.С маргаж муудах болгондоо намайг удам муутай гэж хараан, гэрээсээ хөөдөг байсан учир явдаг. Мөн миний эцгийг алуурчин, охин дүүг маань янхан гэж хэл амаар доромжилдог. Би энэ бүхнийг дэвчиж ирсэн. Одоо бол хамт амьдарч чадахгүй. Харин хүү Х.Айрат миний хүүхэд мөн тул маргах зүйлгүйгээр хүүхдийн тэтгэлэг төлнө. Харин хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж баймаар байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.С хариуцагч Д.Хид холбогдуулан тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан.

 

Хариуцагч Д.Х 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Х.Айратын эцэг мөн болохоо зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг төлнө гэсэн. Харин хүүхдийн асрамжийн талаар маргаж шаардлага гаргаагүй болно.

 

Шүүх нэхэмжлэгч А.Саулегүлийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д хуульчлан заасан. Иймээс зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар сайн дураар тохиролцоогүй бол нэхэмжлэгч А.С хүү Х.Айратыг тэжээн тэтгэх үүрэг бүхий этгээд болох хариуцагч Д.Хээс тэтгэлэг шаардах эрхтэй.

 

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч А.С, хариуцагч Д.Х нар 2012 онд танилцсан, хамтран амьдрах хугацаанд буюу 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүү Х.Айрат төрж эцэг Д.Хийн овог, нэрийг авсан байна.

 

Одоо хүү Х.Айрат эх А.Саулегүлийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа болох нь хүү Х.Айратын №1110006201 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, “Суврага Налайх” АЭМТөвийн хүүхэд эрүүл бойжиж байгааг тодорхойлсон тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-4-6/

 

Нэхэмжлэгч А.С, хариуцагч Д.Х нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг болохыг Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан. Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Х.Айратыг эцэг Д.Хээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Мөн зохигчид хүү Х.Айратыг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.

 

Хариуцагч Д.Х нь бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч А.С нь хүү Х.Айратад зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Д.Х зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч А.Саулегүлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.050 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Хээс 37.050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Сд олгов.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Х.Айратыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан хүү Х.Айратыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ители Д.Хээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Д.Хээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч А.Саулегүлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.050 /гучин долоон мянга тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Хээс 37.050 /гучин долоон мянга тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Сд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 З.ТҮВШИНТӨГС